Идэх хоол, хэрэглэх цахилгаангүй бол мянган наадмаар ч яах юм бэ
2015/07/31
Монголчууд бид анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой хаа байсан ардын хувьсгалын үеийн даншиг наадмыг сэргээж байна хэмээн хөөрцөглөж, төрийн албан хаагчдаа хоёр ч өдөр хагас ажиллуулан баярлаж цэнгэж байх энэ цаг үед Монгол Улсын гадаад өр 13.7 их наяд төгрөг болсон гэх мэдээ түглээ. Түүний ихэнх нь буюу 9.9 их наяд нь Засгийн газрын гадаад өр болж таарч байна. Засгийн газрын дотоод өр дотор бондын өр 3.7 их наяд байгаа бөгөөд энэ оны тавдугаар сараас хойш 2.7 их наядаар нэмэгдсэн дүнтэй байгаа юм Энэ нь Засгийн газрын гадаад, дотоод өр эрчимтэй өсч байгаагийн баталгаа болж байна. Үүний хажуугаар улсын төсвийн орлого бүрдүүлэлт төдийлөн сайн биш байгааг хэлэх хэрэгтэй. Энэ оны зургадугаар сард нэг тэрбум юань буюу 169 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас 164 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь өрийн хэмжээг тууштай нэмэгдүүлж байна Ийнхүү Засгийн газрын гадаад дотоод өр нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсвийн алдагдал оны эхний хагас жилийн байдлаар 500 тэрбум гаруй төгрөгт хүрчээ Импортын хэмжээ 30 хувиар багассан, гаалийн болон НӨАТ ын бүрдүүлэлт тасалдсан зэрэг нь төсвийн алдагдалд шууд нөлөөлснийг эдийн засагчид хэлж байгаа Эдийн засаг, санхүүгийн ийм хүнд байдалд орсон Засгийн газар сая “нойрноосоо сэрж өвөлжилтийн ажилд бэлтгэх улсын Онцгой комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулжээ.
Гэвч энэ нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж байна. Учир нь, тав зургадугаар сард ихэнх нутгаар түүний дотор газар тариалангийн бүсэд хэт халалт үүсч, хур бороо бага байснаас тариалсан улаанбуудайн 60-аас доошгүй хувийг алдаж болзошгүй хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тааж мэддэг таван хаан, тамшаалж иддэг тарлан бух биш болохоор ус, цаг уурчдыг буруутгах аргагүй. Тэд өнөөх урьдчилан танддаг, мэддэг төхөөрөмж нь юу гэж заасныг л хэлсэн хэрэг байх. Одоо наадмын дараагаас хэсэгчлэн орсон бороо хур тариалангийн талбайд үр нөлөөгөө үзүүлж, үлдсэн багахан хугацаанд хурмаст тэнгэр аятайхан ааштай байгаасай гэж залбирах л үлдэж байна. Ингэж гэмээнэ тариа будааны болц бага ч болов нэмэгдэж, арай ахиухан ургац хураах нөхцөл бүрдэж магадгүй талаар газар тариа- лангийн мэргэжилтнүүд хэлж, найдвар төрүүлж байгаа юм. Түүнээс гадна эрчим хүч, дулааны хангамж хэр хангалттай байж, нийслэлийн иргэд орон сууцандаа тохитой дулаахан өвөлжиж чадах эсэх тухай жилийн жилд яригддаг. Энэ жилийн хувьд цахилгаан дулааны шинэ эх үүсвэр V станц ашиглалтад орсноор нийслэлийн нэг хэсэг буюу Баянзүрх дүүргийн айл өрхүүд дулаанаар дутагдахгүй, тухтай өвөлжих боломж бүрдсэн. Харин нийслэлийнхний 80 гаруй хувийг дулаан, эрчим хүчээр хангадаг II, III, IV цахилгаан станц өнгөрсөн хугацаанд шинэчлэл өргөтгөл хийсэн ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж авах хэрэгтэй гэж шантаажилсаар төсвөөс дөрвөн тэрбум төгрөг гаргуулахаар болсон. 30-50 жилийн насжилттай дээрх станцуудыг иж бүрэн шинэчлэх юм уу дахин шинэ ДЦС байгуулахгүйгээр нийслэлийн хэрэгцээт дулаан, эрчим хүчийг хангах бололцоогүй болж байгааг анхаарах цаг болжээ. Дээрх станцуудад сүүлийн таван жилд зарцуулсан хөрөнгөөр дунд оврын, орчин үеийн техник технологи бүхий шинэ станц барих боломжтой байсан гэж салбарын зарим мэргэжилтэн хэлдэг. Хамгийн сүүлд буюу 1980-аад оны эхээр ашиглалтад оруулсан IV цахилгаан станцын хамт олон өнгөрсөн оны II улиралд 430 сая гаруй төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны эхний хагаст 3.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай ажлын тайландаа дурджээ. Үүний үр дүнд өр төлбөрөө барагдуулж, 100 тэрбум гаруй төгрөг болгож чадсан байна. Энэ нь өмнөхөөс хоёр дахин багассан үзүүлэлт юм. Тус станц 2001 оноос төрийн өмчит компани болж, хувьцааных нь 41 хувийг Эрчим хүчний яам, 39-ийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг юм байна. “Чингис” бондын хөрөнгөөс IV цахилгаан станц суурилагдсан хүчин чадлаа 123 мВт-аар нэмэгдүүлж, энэ оны II улиралд ашиглалтад оруулсан нь компанийн борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлжээ.
Гэвч олон жил хуримтлагдсан хур өр нь тэднийг “өөдийн бараа” харуулах болоогүй байна. Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 15-20 орчим хувийг ОХУ-ас импортолдог байсан бол өнгөрсөн жил 17 хувиар өссөн нь үүний баталгаа болж байна. Зөвхөн нийслэлд бодит байдал ийм байхад цаашдаа орон нутагт хийх томоохон бүтээн байгуулалтуудыг эрчим хүч, дулаанаар хэрхэн хангах нь тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, “Оюутолгой” компани гэхэд Хятадаас тасралтгүй эрчим хүчээр хангагдаж, жилдээ 100 сая ам.доллар зарцуулдаг гэх тоо байдаг. Үүнийг Тавантолгой дахь дулааны цахилгаан станцаас хангаж, валютын урсгалыг до тоод доо шингээх талаар ярилцаж тохиролцсон ч хараахан ажил хэрэг болж амжаагүй л байна
Энэ мэтчилэн дотоодын нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаа, эдийн засгийн голлох салбар барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн борлуулалт үйлдвэрлэл зогсонги байдалд орсонтой холбоотойгоор улсын төсвийн алдагдал байнга нэмэг дэж, оны эцэст 200-300 тэрбум төгрөгөөр өсөх магадлалтай гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Өнөөдөр арай өөдрөг, нааш- тай үзүүлэлттэй байгаа нь газрын тосны салбар. Тухайн салбараас олох орлого хоёр дахин нэмэгдсэн гэх таатай мэдээлэл байна. Тэд оны эцэст нэг тэрбум тонн газрын тос олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд улсын төсөвт 250 тэрбум гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсоныг Газрын тосны газраас мэдээлж байсан. Гэсэн ч газрын тос нь идэх хоол, өмсөх хувцас, хэрэглэх эрчим хүч биш болохоор олон нийтэд хүртээлтэй гол салбарынхаа өвөлжилтөд анхаарахгүй бол хатуу цагийн ам наашилсаар байна.
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж http://www.info.mn
erka · 2015/07/31
Ene ch estoi unun shu