Баярлаж, наадамлаж байх хойгуур Монгол Улсын маань төсвийн алдагдал эхний хагас жилд 500 гаруй тэрбум төгрөгт хүрчихэж. Цаашдаа энэ янзаар явбал, оны эцэс гэхэд дахин 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэдгийг Сангийн яамнаас мэдээлж буй. Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл байдал бүрдээгүй ч цаашид нөхцөл байдал сайжрахгүй бол тодотгохоос өөр аргагүй гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын төсвийн нийт алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэх ёсгүй. Гэхдээ энэ оны төсөвт тодотгол хийж, Хөгжлийн банк болон Улсын төсвийн зарлагуудыг нэгтгэснээр алдагдлыг 5 хувь буюу 1.2 их наяд төгрөгт хүргэсэн. Энэ утгаараа төсвийн алдагдал одоохондоо тийм ч айдаст автахаар хэмжээнд хүрээгүй гэж хэлж болох. Нөгөөтэйгүүр 1.2 их наяд төгрөгийн алдагдлын ихэнх буюу бараг 800 орчим тэрбум нь зөвхөн Хөгжлийн банкнаас механикаар санхүүжүүлж буй зардлууд болж байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны зардлыг хасч тооцвол энэ онд төсвийн алдагдал 400 орчим тэрбум төгрөгөөс хэтрэх учиргүй юм.

 

Сангийн сайдын мэдээлж буйгаар орлогын бүрдэлт 88 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ Сангийн яамны төвшинд Засгийн газрын тогтоолоор төсвийн тэвчиж болох зардлуудыг хумих шийдвэр гаргажээ. 

 

Монгол Улсын 2015 оны төсвийг тодотгосноор орлого 6.6 их наяд төгрөг, зарлага 7.8 их наяд төгрөг болсонХарин төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Батлагдсан төсвөөр бол ердөө 35 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд гаргана. Сангийн яамнаас 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг вексел гарган санхүүжүүлж, дуусаагүй барилгуудын асуудлыг шийдэх болсноо зарлалаа. Ингээд векселийн санхүүжилтийг давхар тооцвол төсвийн хөрөнгө оруулалт 190 гаруй тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Энэхүү векселийн зардлыг нэмж тооцвол, алдагдал механикаар 660 тэрбум төгрөгт хүрэх нь. Дээрээс нь орлогын бүрдэлт хангалтгүй байвал он дуустал төсвийн нөхцөл байдал тун хүндрэхээр байна.  

 

Он гарсаар нүүрсний зах зээлд олигтой өөрчлөлт гараагүй, мөн зэсийн үнэ буурч эхэлснээр цаашдаа төсвийн алдагдал эрс нэмэгдэх бодит эрсдлийг бий болголоо. Цааш энэ янзаар явбал, төсвийн байгууллагуудын цалинг тавих, тэтгэвэр, халамжийн мөнгүүдийг ч өгөхөд хүндрэлтэй болно гэх мэдээлэл гараад байна. Ямартай ч Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ямар ч тохиолдолд цалин, тэтгэврийг тавьж чадахгүй хүртэл хэмжээнд хүрэхгүй” хэмээн мэдэгдсэн.

 

Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг биш. Одооноос дутагдах орлогыг хэрхэн санхүүжүүлэх асуудалд анхаарах ёстой байх. Засгийн газраас төсвийн орлогыг бүрдүүлж, зарлагыг санхүүжүүлэх зорилгоор гадаад улсын зах зээлд нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар болсон. Үүнээс одоогийн байдлаар БНХАУ-ын зах зээл дээр нэг тэрбум юань буюу 160 гаруй сая ам.доллартай тэнцэх бондыг гаргаад байна. Мөн Ерөнхий сайд АНУ-д айлчлах хүрээндээ Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Үлдсэн 800 гаруй сая ам.долларын бондыг ойрын хугацаанд, зах зээлийн тааламжтай үеийг ашиглан гаргана гэдгийг Сангийн яам мэдэгдэж байгаа.

 

Урьд өмнө нь төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор Сангийн яам дотоодын зах зээл дээр өндөр хүүтэй үнэт цаас, бонд гаргадаг байсан. Энэ нь эргээд төсвийн зарлагын өрийн үйлчилгээний хэсэгт томоохон дарамт болох нь бий. Тиймээс энэ оноос дотоодын зах зээл дээр бонд, үнэт цаас гаргахыг бууруулахаар болсон. Энэ хүрээнд дотоод зах зээл дээр гаргасан бонд, үнэт цаасны өрийн үлдэгдэл энэ оны эхэн үеийнхтэй харьцуулахад 50 гаруй хувиар буураад байна. Өөрөөр хэлбэл, цаашдаа дотоодын зах зээл дээр өндөр үнэтэй бонд гаргахгүй

 

Харин гадаад зах зээл дээр боломж байна. Хэрэв 800 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд, үнэт цаас гаргаад, хөрөнгө татчихвал төсвийн алдагдал хяналтаас гарна гэж айх хэрэггүй болно.

 

Л.Энхдэлгэр  

www.eagle.mn