Тариаланчдын төлөөлөл салбарын сайдтайгаа уулзлаа
2015/08/11
ХХААЯ-наас хоёр долоо хоногийн өмнө тариалан бүхий төвийн бүсүүдийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, зуншлагын байдал, таримал ургамал, хадлангийн ургацын ерөнхий байдалын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр энэ онд тариалсан буудайн талбайн хэдэн хувь нь ганд нэрвэгдсэн, улсын хэмжээгээр хэдий хэмжээний ургац авах боломжтой байгаа талаар урьдчилсан байдлаар тойм гаргажээ. Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана гэж аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас салбарын яамандаа мэдээлжээ. Ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай авна гэж төсөөлж буй.
Тэгвэл өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа газар тариалангийн төв болох Төв, Сэлэнгэ, Булган аймгуудын агрономичид, тариаланчдын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтаар тариалангийн ургацын өнөөгийн байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явц, цаашлаад гангийн нөхцөл байдалтай уялдуулаад намрын ургац хураалтад ямар технологи баримтлах талаар харилцан санал солилцож, хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ жилийн хувьд, нийт нутгаар гантай ч аймаг, сумдын хувьд өөр өөр байсан учраас ургацын болц ч харилцан адилгүй байгаа юм. Ийм учраас тариа хураалтын үеэр сум цаашлаад аж ахуй нэгжүүд техник, тоног төхөөрөмжөө тохируулан сайжруулж, болцоор нь ангилж хураах системд шилжүүлж, харилцан адилгүй технологийг барьж ажиллах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Агрономичдын хувьд, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2015 онд тариаланчдад олгосон зээл тусламжийг нэг жилээр сунгаж өгөх, борлуулалтад онцгой анхаарах, намрын тариа хураалтад ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг хөндөж байлаа.
Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Манай ургацын комисс орон нутгаас байнга авч, үүнийхээ дагуу асуудлуудыг цаг тухайд нь шийдэж байгаа. Түүнчлэн аймгуудын газрын дарга нар тариаланчид та бүхнээс мэдээлэл авч ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар 280 мянга орчим тонн орчим улаан буудай хурааж авна. Үүн дээр дутагдаж буй хүнсний улаанбуудай, үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхэд 80 тэрбум төгрөг, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум төгрөгийг Засгаас газрын хуралдаанаар шийдүүлсэн. Энд юуны түрүүнд дотоодынхоо тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авна. Ер нь цаг агаарын байдлаас байнга хамааралтай байхгүйн тулд сайн ургац авсан жил олсон хөрөнгөөрөө усалгаатай тариалангийн төхөөрөмж авах хэрэгтэй. Яамнаас үүнийг дэмжиж, гадаргын ус ашигласан тохиолдолд татвараас чөлөөлнө гэж Тариалангийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа. Урамшууллыг УИХ шийднэ. Буудайн үнийг сайд бус, зах зээлийн зарчмаар, фьючерс арилжааны дүнгээр тогтооно” гэлээ.