Хажуу өрөөний түрээсийн үнэ буурч, нийтийн байрных өсчээ
2015/08/12
-10 мянган оюутныг дотууд байраар хангана-
Хичээлийн шинэ жил дөхөхөөр олон эцэг, эх оюутны сургалтын төлбөр, байрны төлбөр, хувцас хэрэглээг нь зохицуулахаар эдийн засгийн хүндхэн бэрхшээлтэй тулгардаг. Дундаж амьдралтай өрхийн хувьд энэ ачаалал нь зээл төлөөс л болж үлддэг нь бодит үнэн. Иймээс эцэг эхчүүд, хөдөө орон нутгаас ирэх оюутнуудад хэрэг болох үүднээс оюутнуудыг тойрсон хамгийн чухал асуудал болох амьдрах байрны үнэ ханшийн талаар судаллаа.
Энэ жил ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгссөн ньь оюутны дотуур байрны хүрэлцээнд сайнаар нөлөөлөх аж. Учир нь жил бүр их, дээд сургуульд суралцахаар 30-40 мянган оюутан нийслэлийг зорин ирдэг. Үүний 15-20 мянга нь хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд байдаг. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас 9-10 мянган оюутан ирнэ гэсэн тооцоо байна гэж Монголын оюутны холбооноос онцоллоо.
Манай улсын төрийн болон хувийн их, дээд сургуулийн ихэнх нь оюутны дотуур байртай байдаг. Харин зарим хувийн сургууль оюутны дотуур байргүй байх тохиолдол бий. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 43 оюутны дотуур байр ажиллах буюу нийт 10000 оюутанг хүлээж авах гэнэ. Тэгэхээр хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд, албан ёсны оюутны байрны тоон мэдээлэл хоёроос харахад дотуур байранд орж чадахгүй хүүхэд үлдэхгүй бололтой.
Харин оюутны байрны төлбөрийн хувьд сургууль тус бүр өөр ханштай байдаг. Тэгвэл одоогоор байрны төлбөрөө хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд энэхүү мэдээллээ энэ сарын 17-ноос эхлээд сургуулийнхаа цахим хуудсанд тавина гэж хэллээ. Өнгөрсөн жил оюутны дотуур байрны төлбөр 350-780 мянган төгрөгийн хооронд байжээ.
Нөгөөтэйгүүр оюутны хотхон буюу 1000 оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд эхлээд суралцаж буй сургуулиасаа байранд орох эрх байгаа эсэх талаар тодруулах ёстой. Хэрэв эрх үүссэн бол сургуульдаа өргөдлөө өгөх хэрэгтэй гэнэ. Тус хотхоны төлбөрийг тодруулсан ч Монголын оюутны холбооны зүгээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин өнгөрсөн жил нэг сарын байрны төлбөр нь 78,000 төгрөг байжээ. Тиймээс энэ ханшаа барихыг зорьж ажиллаж байна гэлээ.
Намар болж хөдөөнөөс нийслэлийг зорих оюутнууд ирэхээр түрээсийн орон сууцны үнэ огцом өсдөг жишиг бий. Энэ нь өмнөх жилүүдэд дотуур байрны хүрэлцээ муугаас хөлсний байрны эрэлд гардаг оюутнуудын гашуун туршлагаас эхтэй.
Хажуу өрөөний үнэ ханш /Нэг сар/
Байршлаасаа хамаараад нэг сарын төлбөр нь 200-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн доорх үнэд ус, тогны мөнгө ороогүйгээр тооцлоо. Тодруулбал,
-Гал тогооны өрөө 200-230 мянган төгрөг
-Том өрөө 270-350 мянган төгрөг
-00 тоот буюу “подваль” 200-300 мянган төгрөг
Зуны улиралд энэ үнээс 50-60 мянган төгрөгөөр хямд байсан ч оюутнууд ирэх сургаар хөлсний үнээ нэмчихжээ. Оюутнууд хамтаараа хажуу өрөө түрээслэх нь түгээмэл бөгөөд түрээслүүлдэг эздүүд нь өрөөндөө өөр хүмүүс дагуулж ирэхийг хориглож, шөнө оройтохгүй, чимээгүй байхыг шаарддаг байна. Шаардлага өндөртэй ч гэсэн орох оронгүй байснаас хамаг мөнгөө цуглуулаад ганцаараа ч гэсэн хажуу өрөө түрээслүүлэх цөөнгүй оюутнууд байдаг. Өөрөөр хэлбэл, хажуу өрөө түрээслэгч эзэд өндөр үнэ хэлж, дээрээс нь хатуу шаардлагатай байх аж. Хөлсний байрны хэрэглэгчид бүгд оюутнууд биш. Залуу гэр бүл, өөрсдийн орон гэрээ төвхнүүлж амжаагүй байгаа ажилчин анги ч багтдаг байна. Гэвч намар болж, оюутнуудын давалгаа хүч түрэн орж ирж, хөлсний байрны үнэ нэмэгдэхэд оюутнуудаас ч дутахгүй хүнд цохилтонд өнөөх залуус автдаг гэнэ.
Нийтийн байрны үнэ ханш /нэг сар/
Нийтийн байрны үнэ байршил болон доторх тохижилт, халаалтаасаа хамаараад янз бүрийн үнэтэй байна. Нийтийн байрнууд голдуу нам даралтын зуухаар халдаг бөгөөд өвлийн улиралд нүүрсний үнэ нэмэгдэж, зундаа үнэ нь буудаг. Тухайлбал, өвлийн улиралд доорх үнэ дээр 50,000 нэмж тооцдог гэнэ. Өнөөдрийн байдлаар зах зээлийн ханшийг нь сонирхвол,
Жузовийн музейн ойролцоо-250,000 /00, устай/
Чингис СООСЭ сургуулийн ойролцоо-250,000 /00, устай/
Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо-180,000
БЗД-ийн ойролцоо-120,000
Гэмтлийн эмнэлгийн ойролцоо-150,000
Баянбүрдын ойролцоо-140,000
Үүнээс харахад өнгөрсөн жилтэй харьцуулахад хажуу өрөөний түрээсийн үнэ буурч нийтийн байрны үнэ өсчээ. Энэ нь нийтийн байрны байршлууд хэдий хол байдаг ч хажуу өрөөнд байснаас дээр гэж үздэгээс болж байна. Сурвалжлага бэлтгэх явцдаа хэд хэдэн нийтийн байруудаар орлоо. Түрээслэгчээс түрээсийн мөнгөө авч л байгаа хойно цэвэрхэн тав тухай орчинд амьдруулах хэрэгтэй гэдгийг түрээслүүлэгч нарт анхааруулах нь зүйтэй биз. Үнэ өндөртөй, бохир сууцанд амьдрахыг хүсэх хүн байхгүй л болов уу.
Г.Мөнхгэрэл
http://www.newscom.mn/