Ээлжит бус чуулган завсарлахад ердөө хоёр хоног үлдээд байх мөчид Өрөөшлийн хууль батлагдлаа. Энэ хугацаанд Өршөөлийн хуулийг эцэслэн батлахаар байнгын хороод, нэгдсэн хуралдаан тэр чигтээ тун чиг идэвхтэй ажилласан гэж болно. Өчигдөр бүр 20:00 цаг хүртэл чуулган сунжирч эцэслэн баталжээ.

Өршөөлийн хуулийн жинхэнэ үйлчлэх цэг

Яг  энэ өдрүүдэд олон гэр бүл, ээж, аавуудын дунд  хүлээлт үүсэж, хорих ангиуд тэр чигтээ битүү чимээ чагнаж буй. Үүнийг ч буруутгах үндэслэлгүй. Хоригдлууд  дунд алдсан, гэм үйлдсэн нэгэн хэсэг  байхад хэдхэн төгрөг хулгайлаад арван жилийн ял хүртсэн, гудманд зодуулсан нэгэнд цагдаа дуудаж тусласныхаа төлөө гэмт хэрэгтэн болсон өчнөөн улсууд бий. Эрүүгийн хуулийн заалтуудыг эргэж харах  шаардлагатайг ийм шалтгаанаар ял авсан улсууд гэрчилдэг.

Өршөөлийн хуулиар хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт  хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 хувиаса дээш алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голчлон  ял хөнгөлүүлэх, суллагдах хүртэлх эрх эдэлнэ.

Түүнчлэн хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн  ял эдэл шийтгүүлсэн хүмүүс эдлээгүй үлдсэн ялынхаа хугацаагаа 50 хувь хөнгөлүүлэх заалт тусгагдсан талар эх сурвалжууд  мэдээлж байсан. Улмаармөрдөн байцаалтын шатанд эрүү үүсгэн шалгагдаж буй хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргүүд хэрэгсэхгүй болгох заалт Өршөөлийн хууль анхнаасаа тусгагдсан байсан.

Ингэснээр Монгол улсад хоригдож буй  8 мянга орчим хоригдлын гурван мянга нь суллагдаж, ял хөнгөлүүлэх хэлбэрт мөн тийм тооны улс хамаарна гэж тооцоод буй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хорих ангийн 350 орчим хоригдлын тал нь өршөөлөөр суллагдахаар байгаа юм. Энэ хэсгүүд нь үндсэндээ өршөөлийн хуулийн жинхэнэ үйлчлэх хүрээлэл юм.

Өршөөлийн хуульд хар тамхи, хүн амины хэргээр чанга дэглэмтүүдэд ял эдэлж буй хоригдлуудад үйлчлэх хүрээлэл тусгагдаагүй байдаг. Яг ийм үндэслэлээр эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмд ял эдэлж буй хоригдлууд  өршөөлийн хуулиуд дамнан гарах хугацаанд ялаа эдэлсээр байдгийг албаныхан онцолдог.

Өршөөлийн хууль өнгө төрхөө өөрчилсөн нь тодорхой болов

Өршөөлийн хууль  2013 оны долдугаар сард анх өргөн баригдаж байсан. Хоёр жилийнхээ ойноос өнгөрсөн хойноо  батлагдаж байна.  2009 онд  ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлснээс хойших өршөөл энэ сард хэрэгжиж эхлэх нь ээ.

Улстөрийн нам, эвсэлийн  20 орчим гишүүдийн оролцоотой  боловсруулагдаж байсан Өршөөлийн хууль анхандаа нэлээд цэвэр, жинхэнэ үйлчлэх хэсэг рүүгээ чиглэсэн байсныг эх сурвалжууд тодотгодог.

Энэ талаар яг өргөн баригдаж байх үед нь Ц.Оюунбаатар гишүүн  “Энэ хууль авлига авсан нөхдөд үйлчлэхгүй” гэж тов тодорхой мэдэгдсэн нь бий.  Гэтэл  саяхан АТГ-аас өршөөл батлагдсанаар бидэнд шалгах ердөө 10 хэрэг үлдэнэ гэх утгатай мэдээлэл хийгээд амжив. Учир юунд байна?

Чуулганаар хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байх хугацаандаа уг хууль цагдаа, прокурор, ХЭҮК, АТГ, тагнуул гэхчлэн байгууллагуудаар явж  санал авсан гэж байгаа. Тэр үед өршөөлийн хуулийг  огт хэлэлцэх шаардлагагүй гэх саналыг нэг байгууллага өгөөгүй гэх. Гэтэл  хуулийн хүрээний  зах зухын мэдлэгтэй хүмүүс хүртэл ээлжит бус чуулганы хугацаанд шуудхан шуудхан байсан нь учиртай.

Тэгэхээр уг хууль ээлжит бус чуулганаар орохоосоо өмнөхөн  буюу хэлэлцэгдэх хугацаандаа дүр төрхөө эрс өөрчилсөн нь тодорхой болов

                   Малгайн дор багтагсад буюу Өршөөлд хулгайгаар хамрагсад хэн хэн байх бэ?

Ээлжит бус чуулган Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байх үеэр иргэний нийгмийн байгууллагууд “Эх орноосоо худалдсан, төрөөс хулгай хийсэн улсууд өршөөгдөх гэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд амжсан.

Энэ  хардлагыг батлах мэтээр АТГ-т  шалгагдаж буй 55 хэргийн 45 нь өршөөлд хамрагдана хэмээн тус газраас мэдээлсэн. Эдгээр 45 хэргийн улмаас улсад 12 тэрбум 243 сая төгрөг  учирчээ. Г.Дэнзэн нар улаан гэрлээр суллагдана гэдгийг өнөө өглөөхөн тус газраас дахин мэдээллээ.

Дээрээс нь АТГ-аас шалгагдсаны үндсэн дээр гэм буруутай нь тогтоогдож, ял авсан нөхдүүд улсад хичнээн тэрбумын хохирол учруулсан байж болох уу? Тэд өршөөлөөр гарч ирээд, улстөрийн намуудын халаас руу хичнээн төгрөг чихэх, тэр нь хэний мөнгө байж болох уу? зэрэг асуудлууд аюулын харанга дэлдэнэ.

Өршөөл ингэж улстөрийн намуудын  ирэх сонгуулийн зардлаа олох  зорилго бүхий мөнгө угаах хэрэгсэл  болсон нь эхнээсээ батлагдаж буй. Хаалттай дэгээр хэлэлцэгдэх хугацаанд хичнээн заалтууд цонхоор орж ирсэн нь удахгүй тодорхой болно.

Ямартай  ч одоо ил болсон заалтуудыг үндэслэн харахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр хянан хэлэлцэх шатандаа байгаа, хүндэвтэр болон хүнд ангилалд хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалтаар АТГ-т шалгагдаж байгаа Я.Батсуурь, Б.Энэбиш, Г.Дэнзэн, Н.Энхбаяр, Ш.Батхүү, Л.Гансүх, Д.Баярсайхан  нар хэрэг хаагдах нь.

Уг нь эдгээр улсууд мөрдөн байцаалтын шатанд албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан нь нэгэнт батлагдсаныг үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонссон МИАТ ХК-ийн экс удирдлагууд, АМГ-ын дарга асан Д.Батхуяг, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Ц.Батбаяр, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдорж нар ч мөн адил өршөөгдөж, эрх чөлөөтэй болохоор харагдаж байна.

Өршөөнө гэдэг уг нь сайн хэрэг. Гэхдээ өршөөл гэх энэ малгайн дор  төрөөс хулгай хийсэн, эх орноо гадныханд худалдахад хүрсэн мөн чанар, үйлдэлтэй улс багтахаар  зэхэж буй нь харамсалтай.  Түүнчлэн хорих ангиас наран гарч буй энэ олон хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлэх, цаашид гэмт хэрэгт өртөхгүй байх тал дээр ямар хяналт тавих, үзүүлэх дэмжлэг, ажлын байр гэхчлэн олон асуудал бийг санууштай. 

Ж.Мядагбадам