Өршөөл гэдэг ийм учиртай
2015/08/13
Өршөөлийн хуулийг баталлаа. Өчигдөр энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийг томилов. Урьдчилж тооцоолсноор 3000 орчим хүнд Өршөөлийн хууль үйлчилнэ гэж байгаа.
Төр төмөр нүүртэй гэдэг. Гэхдээ төр энэрэнгүй байх учиртай. Төрийн хууль, түүний нударгыг амссан, алдаж оносон хүмүүсийг эргээд иргэнээ болгож авдаг нь энэхүү Өршөөлийн хууль юм. Ингэдэг нь зөвхөн Монголын бус, дэлхийн жишиг ажээ.
Ерөөс өршөөл гэдэг хуулийн хэллэг нь эртний грекийн “amnesty” буюу “мартах, уучлах, өршөөх” гэдэг үгнээс гаралтай.
Хамгийн анх Өгөдэйг хаанаар өргөмжлөн залах үед гэмт хэрэг үйлдэж, ялд унасан этгээдүүдийг бүгдийг өршөөж байсан түүх бий ажээ. Харин социалист эрх зүйн систем нэвтэрч эхэлсэнээс хойш 1929 оноос тодорхой давтамжтайгаар Өршөөлийн хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлдэг болсон байх юм.
Анхны Өршөөлийн хууль 1929 оны долдугаар сарын 7-ны өдөр УБХ-ын тэргүүлэгчдийн “Өршөөл үзүүлэх тухай” тогтоол хэлбэрээр гарч байв. Зорилго нь “Ардын хувьсгалт эрхт засаг ба мөн Ардын засгийг анх байгуулснаас хойш эдүгээ арван жил болсон ойн баярыг үлгэрлэж тэмдэглэхийн тулд...” гэж түүхэнд тэмдэглэсэн байна.
Үүнээс хойш Ардын хувьсгалын 20, 30, 40 жилийн ойн баяраар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөн хэлтрүүлж байсан бөгөөд гол төлөв хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэйчүүдийн эдлэх ялыг өршөөдөг жишиг тогтсон байна. Энэ өршөөлүүд нь АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, Сайд нарын зөвлөлийн тогтоол гэх мэт эрх зүйн акт хэлбэрээр гардаг байжээ.
Ардчилсан хувьсгалаас хойш нийтдээ зургаан удаа Өршөөлийн хууль батлагджээ.
1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ-аар Өршөөлийн хууль батлав.
2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль батлав.
2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойшх тав дахь Өршөөлийн хууль батлагдав.
2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн хуулийг УИХ-аар хэлэлцэн батлав.
Ер нь Өршөөлийн хууль яагаад ийм ойрхон гарах болов? Энэ асуултын хариултыг хуульчид, улстөрчид нэг л “өнгө”-өөр тайлбарладаг. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2014 оны долдугаар сарын 6-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Үндсэн хуулиар Өршөөлийн хууль гаргах эрх УИХ-д нээлттэй. Хэн ч хориогүй. Яг гэмт хэрэгтэй холбоотой Өршөөлийн хууль яагаад ийм ойр давтамжтай гараад байна гэхээр одоо үйлчилж буй Эрүүгийн хуультай шууд холбоотой. Шорон байсхийгээд л дүүрээд байна шүү дээ. Шоронжсон улс гэж хэлээд байгаа шалтгаан ердөө л энэ. Гурван жилийн дотор Монголын шорон дүүрчихдэг. Ямар шалтгаанаар ингээд дүүрэв гэж харахаар ноцтой, аюултай гэмт хэргээс илүүтэй жижиг гэмт хэрэг анх удаа хэрэг үйлдсэн залуучууд ороод байдаг. Би сонирхолтой статистик хэлье. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн зургаан хувь нь л шоронд буцаж ордог. Тэгэхээр шорон дандаа шинэ хүнээр дүүрдэг. Энэ нь манай одоогийн Эрүүгийн хууль ерөнхийдөө хатуу, анх гэмт хэрэг хийсэн залуус руу хурц үзүүр гаргасан тийм л хууль гэдгийг илэрхийлээд байгаа юм” гэж байв.
Үнэхээр ч 2002 оны Эрүүгийн хуульд ялын бодлого хэт өндөр, чанга. Хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүй. Зарим тохиолдолд хорихоос өөр төрлийн ялыг сонгож ногдуулах боломжгүй тул хорих ял ногдуулалтын хэмжээ өмнөхөөс нэмэгдсэн гэдэг. Тиймээс манайхыг гадаад ертөнцөд хэт шоронжсон улс гэх нь бий.
Хуучин Эрүүгийн хууль үйлчилж байх үед жилд дунджаар 6000 орчим хүн хорих ял эдэлдэг байсан. Гэтэл 2002 оны хууль батлагдсанаас таван жилийн дараа буюу 2007 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 8829 хүн хорих ял эдэлсэн байна.
Үүнээс гадна төрийн төмөр нүүрийг ийн “хайлуулах” нь улс орны эдийн засгийн хувьд ач холбогдолтой байдаг байна. ШЕЗ-ийн удирдлагууд 2015 оны тавдугаар 27-нд сэтгүүлчидтэй уулзах үеэр тус зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа “...2012 онд манай улс 3000 хоригдолтой байсан. Одоо 8000 орчим болоод байна. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийн тоо өссөнд шүүгч биш хууль буруутай. 1996 оноос 2002 он хүртэл хэрэгжиж байсан хуулиар нийт шүүхээр шийдэгдэж байгаа хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь биеэр ял эдэлдэг байсан. Харин хуульчдын хар хууль гэж нэрлэдэг 2002 оны хуулиар нийт хэрэгтнүүдийн 77 хувь биеэр ял эдлэх болсон. Хорих ангиудын ачаалал хэтрээд ирсэн учраас нуулгүй хэлэхэд шоронгоо дундлах гэж 2006 онд Өршөөлийн хуулийг гаргасан. Мөн 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ялын хэмжээг найман жилийг тав, таван жилийн 3.5 болгож багасгасан” гэж байсан.
Энэ удаагийн Өршөөлийн хуульд 3000 орчим хүн хамрагдана. Судалгаагаар хоригдож байгаа ялтнуудын 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байдаг талаар мөн бичсэн байдаг. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг.
Нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас өгдөг байна. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой гэдгийг томоохон хуульчид, улстөрчид хэлж байна.
Түүнээс гадна энэ удаад өршөөлөөр суллагдсан хүмүүсийг эрх чөлөөтэй болсны дараа нийгмийн анхаарлыг хэрхэн тавих вэ гэдэг дээр ихээхэн анхаарсан гэж байгаа.
Ийн ардчилсан төрт ёсыг хэрэгжүүлж эхэлснээс хойшх зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль батлагдлаа. Төр тэднийг өршөөнө. Төмөр нүүрээ хайлуулдаг төрийн онцгой эрх энэ ажээ.
Б.ДАМДИН
Эх сурвалж:
ЛАЛАР · 2015/08/13
ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛСАН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛДАГ ЛАЛАРУУД ЮМ ДАА ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ