Сургуульдаа явах ”зам”-аа өөрчилье
2015/08/14
Жил жилийн намрын хамгийн том дурсамжуудын нэг болдог 9 сарын нэгэн дөхөж, оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж эхэллээ. Нэгдүгээр ангид элсэгч зургаан настнуудаас эхлээд сурагч, оюутнууд бүгдээрээ хичээлийн хэрэгслээ бэлдэхэд тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгө гаргадаг. Хэвэндээ нэг л янзаараа гээд аманд орсон дуу эхэлдэг шиг намар намарт л эцэг эхчүүд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ өссөн талаар, нэг хүүхдээ сургуульд нь явуулахад хэр их мөнгө орж буй тухай, цаашлаад 3-4 хүүхэдтэй айл бол их хямралд өртөж буй талаар гомдоллодог.
Тэгвэл сургуульдаа явах энэ дүр зургийг өөрчлөхийг танд санал болгож байна. Эдийн засаг хямарч, байгаль орчин доройтож буй энэ үед мөнгөө хэмнэж, байгаль орчиндоо ч тус хүргэх нэгэн гэрэл харагдана. Энэ бол оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийг ХЭМНЭЛТТЭЙ өөрөөр хэлбэл ХОГНЫ МЕНЕЖМЕНТТЭЙ эхлүүлэх явдал юм. Ялангуяа ахлах ангийн сурагчид, оюутнууд энэ жилийн намрыг УХААЛАГААР эхлүүлбэл ямар вэ?
Ирэх жил хичээл номоо үзэхэд туслах ШИНЭ бүхнийг байгалийн шинэ нөөцөөр хийж буйг мартаж болохгүй. Олон сая суралцагчдын хэрэгцээг хангах гэж байгаль дэлхийгээс асар их хэмжээний мод таслаж, ус, эрчим хүч үрж, төдий хэрээр хог гарч байгаль дэлхийг хохироож байдаг.
Дүрэмт хувцас 60,000-100,000₮
Биеийн тамрын хувцас 30000-60000₮
Цүнх 30000-50000₮
Хичээлийн хэрэгсэл 40,000-60,000 ₮
Дээрх тооцоололд гар утас, компьютер зэрэг хэрэглээ оруулаагүй болно. Харин оюутнуудын хувьд сургалтын төлбөр байрны мөнгийг нэмэгдээд энэ тоо асар их гарна.
Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 101 их, дээд сургууль, коллежид 178.3 мянган оюутан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 76 төвд 42.8 мянган суралцагч, ЕБС-д 505.8 мянган сурагч суралцсан хэмээн БСШУЯ-ны 2014-2015 оны тайланд тэмдэглэжээ. Оюутнуудыг сурагчдын тоонд оруулаад багаар бодоход нийт 726900 суралцагч болж байна. Тэгэхээр өнгөрсөн жил суралцагчид 116-196 тэрбум төгрөг үрсэн аж. Харин бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн 2015 онд энэ тоо улам өсөх нь лавтай.
Тэгвэл булан тойроод намар хүлээж байгаа энэ үед хогийг багасгаж, мөнгөө хэмнэх олон арга бий.
1. Дахин хэрэглэ
Хичээлийн шинэ жил нь юуг дахин хэрэглэж болох вэ гэдгийг тодорхойлоход хамгийн тохиромжтой үе юм. Дуусаагүй бал, дэвтрээ үргэлжлүүлэх, хавтсаа арчаад хэрэглэх, хуучин цүнхээ засах, хуучин хувцсаа шинэтэй хослуулах гээд олон сонголт бий.
2. Ухаалаг худалдан авалт хий
Хүүхдүүддээ эсвэл өөртөө худалдан авах зүйлсийн жагсаалтыг маш нямбай гаргана. Тэдгээрээс дахин хэрэглэж болох зүйл байгаа бол хасна. Энэ нь таны шамбааралдсан хүмүүсийн дунд стресстэх хугацаа болон мөнгийг хэмнэх нь ойлгомжтой. Ухаалаг сонголт хийх тухай өөр нэгэн зөвлөгөө бол сэтгэлийн хөөрөлд автахгүй байх. Танд юу хэрэгтэй байна зөвхөн түүнийгээ л ав. Түүнчлэн эцэг эхчүүдийн 81 хувь нь сургуулийн анхны өдөр бүх зүйлийг нь бэлдэхийг илүүд үздэг гэсэн судалгааг “Монголын хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн төв”-ийн хамт олон гаргажээ. Харин та бүхнийг нэг өдөр биш аажимдаа хэрэгтэй болсон үед нь худалдан авбал мөн л ухаалаг сонголт болно.
3. Дахин боловсруул
Энэ удаад хогийн савны тухай бодлыг түр орхих хэрэгтэй. Гэхдээ энэ нь хогоо зориулалтын саванд хийхгүй байхыг уриалж байгаа хэрэг биш. Харин дахин боловсруулсан, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болгож байгаа юм. Дахин боловсруулах гэдэг нь цаас, хуванцараас хязгаарлагдахгүй. Та өөрөө цахилгаан хэрэгслээ ч “дахин боловсруулж” чадна.
4. Жилийн төлөвлөгөө гарга
Эхэлсэн газартаа бүү зогс. Экологид ээлтэй шийдвэрээ зуршил болгохыг хичээх хэрэгтэй. Тодруулбал, жилийн аль улиралд ямар хувцас худалдан авахаа, хэр удаан хэрэглэхээ, өдрийн хоол худалдан авахын оронд гэртээ хийгээд зөөвөрлөх тухай зэрэг олон төлөвлөгөө гаргаж болно. Мөн сургуульдаа явахдаа нийтийн тээврээр зорчих, дугуй унах, алхах зэрэг сонголтыг хийх боломжтой.
Эцэг эх, оюутан, сурагчиддаа сургуульдаа явах “зам”-аа өөрчлөхийг уриалж байна. Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй сонголт хийцгээе.
Д.Идэр
www.24tsag.mn