Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудыг баталсан үйл явцтай холбогдуулаад зарим нэр бүхий гишүүд амаараа мууг тунхаглаж эхэллээ. Хөвсөргөн, хөөргөн авир нь тэдний эдийн засгийн талаарх онолын мэдэгдэхүүнийг ил талдаа гайхуулж буй мэт харагдавч далдад агуулагдах чанадын санаархал нь хэн нэгний хүсч буй ирээдүйг бүтээхийн төлөөх геополитикийн ашиг сонирхлыг тунхаглаж байна. Гэвч үүнийгээ төрийн түшээд гадарлаж байгаа хэрнэ ийнхүү дуугарч байна уу? эсвэл гэнэдээд өөрийн мэдэлгүй ярьчихав уу? Гэнэдсэн гэж сэтгэвэл М. Батчимэг мэтийн гишүүний хувийн анкетийг харахад ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, шинжээч зэргээр ажиллаж байсан нь гэнэдэх ч багадахаар бусдын сонирхлыг харж, мэдэрч чадахуйц гэдгийг нь нотолчихно. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгсөн ярилцлагандаа энэ удаагийн УИХ-ыг тараахыг шаардаж, уриалав. Энэ уриалга яагаад заавал Ц. Элбэгдорж ерөнхийлөгчийн “Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавьсаны маргаашнаас эхлэн гарав гэдэг нь түүний итгэл үнэмшил дүүрэн бүхий хэлэх үгсэд эргэлзэх шалтгааныг бий болгож буй хэрэг.
 
 
Шуудхан хэлэхэд түүнийг ерөнхийлөгчийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тиймээс М. Батчимэгийн хэлж буй санааны цаана Ц. Элбэгдоржийн санаа ч их бага хэмжээгээр хавчуулагдсан нь нууц биш. Ерөнхийлөгч УИХ-ыг тараахыг хүсч байна. Юуны төлөө тэр үүнийг хүсч байна вэ? Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан, хоёр ч дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнд дотоодын улс төрд тоглолт хийх боломж наанадаж дөрвөн жилээр хязгаарлагдаж байгааг мартаж үл болно. Эх орноо өмгөөлөн боссон нь шоронд хатаж, элгэн садныг нь цөлмөх гэсэн нь өршөөгддөг цөвүүн цагийн дүрийг тэрээр бүтээж буй үест парламентыг тараах санаархал нь газар шороо, эх нутгийнхаа төлөө гэж бодож амжвал том эндүүрэл болно. Цахиагийн хүү ерөнхийлөгчөөр ажиллаж буй сүүлийн зургаан жилд Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдалд заналхийсэн хэд хэдэн удаагийн үйлдлүүд тохиосон байдаг юм. Энэ эрсдлийн гол сэжүүр нь Тавантолгойгоос эхлэлтэй.
2006.12.13 Өдрийн сонин
“ЭРДЭНИЙН ХУВЬ” нийтлэл…
… “Таван эзэнтэй Тавантолгой” гэж манай анхны Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэр таван эзний дөрөв нь ойролцоогоор Тавантолгойн ордын нэг хувийг ашиглаж, нэг эзэн нь 99 хувийг нь лицензээр эзэмшиж байгаа бололтой юм. Тэр нэг эзэнд нь нэг хувийг үлдээх үү, нэг хэсэг хувь үлдээх үү гэдэг нь УИХ-ын шийдэх асуудал. Ямар ч байсан том хувь тэдэнд ногдох боломжгүй, Том хувь авах гэвэл том зодоон л болно. …Тавантолгойг төрийн өмч гэх нь бий, ард түмний өмч гэх нь  бий. Газрын хэвлийн баялаг бол төрийн өмч, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бас Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй гэжээ. Тэгвэл товчоор нийгмийн ардчилсан тогтолцоотой улсад төрийн эрх мэдэл гэдэг нь ард түмний эрх мэдэл. Төр гэдэг нь ард түмэн өөрөө. Тиймээс Тавантолгойг төрийн мэдэлд авна гэдэг бол ард түмний мэдэлд авна гэсэн санаа болохоос аль нэг даргын мэдэлд авна гэсэн үг биш. Эндээс ард түмний Тавантолгойг ард түмэн өөрөө мэдэх ёстой гэсэн гаргалгаа гарч ирж байна….Манай бас нэг зовлон бол улс төрчид нь бизнес ярьдаг, бизнесүүд нь улс төр ярьдаг болсонд байна. Баялагаа нийт иргэд нь биш улс төрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг…” гэж 2006 онд Ц. Элбэгдорж бичиж байлаа.
 
 
Ингэж эрдэнийн хувь ярьсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар 1.5 сая төгрөгийг, тэр дундаа нэг сая төгрөгийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдэлд МАН, АН-ынхан хүрсэн. Ингэхийн тулд С. Баяр, Ц. Элбэгдорж нар хэтэвчээрээ үерхсэн Түүний дараа жил нь Ц. Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдож, хамгийн түрүүнд гаргасан ноцтой шийдвэрүүдийн нэг нь ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчилэн баталсан явдал байлаа. Монгол улс аюулгүй байдлаа зөвхөн улс төр, дилломатын аргаар хамгаалах арга замыг тусгажээ. Цэрэг, тагнуулын үйл ажиллагааг улсынх нь хэмжээнд хэрэгцээ, шаардлагагүй болгон хувиргасан хүн нь Ц. Элбэгдорж. Гэтэл ирэх онд түүний санаачлагаар АСЕМ-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гэх. Улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, цэрэг хүчний ямар ч хүч чадал, нөөцгүй улс энэ хурлаас өмнө төрийн эрх барих дээд байгууллагаа тарааж хаяад дахин байгуулах талаар тэр хүзүүвчтэй нохойгоороо дамжуулан хуцуулж байгаа нь хачин жигтэй. Зохиомлоор үүсгээд байгаа өнөөгийн нөхцөл байдлаа угтсан шинэчлэлийг ҮАБ-ын үзэл баримтлалд тусгаж өгсөн нь ийнхүү М. Батчимэг мэт гишүүдийн үг хэлийг хууль эрх зүйн баримт бичгийн дагуу зөв үйлдэл гэж харагдуулах суурийг бүрдүүлсэн байж. Эрх мэдэлд амташсан хэрээ арван гурав нахиж байгаагийн үлгэрийг Ц. Элбэгдорж тэрлэж сууна. Урьд тэр Тавантолгойг ард түмэн өөрсдөө мэдэх ёстой гэх шиг ил харагдах гаргалгааг томъёоны эрхээр гаргаж ирсэн мэтээр цэцэрхэж суусан бол өнөөдөр Монгол төрийн эрхийн (ард түмний) эсрэг эсэргүү хэргийг өдөөж суугаа нь үндэсний аюулгүй байдал хэдийнэ алдагдсан гэдгийн баталгаа. Тавантолгой дахь ашиг сонирхлын бүлэглэлийнхний эрх ямбыг задгай тавих гэж хичээснийх нь ээлжит жүжиг. Тэр энэ асуудлаас олон түмний анхаарлыг холдуулахын тулд “Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавих, Н. Энхбаяртай мөнхийн өс зангидсан юм шиг хоржооныг гаргаж байна.
 
 
Ерөнхийлөгчийн хувиар түүнд УИХ-ыг тараах ямар эрх үүрэг байгаа вэ?
 
-Хуулиар олгогдсон эрхийн дагуу тэрээр парламентын даргатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр их хурлыг хугацаанаас нь өмнө тарааж болно. Гэвч энэ хувилбар нь бүтэл муутай, З. Энхболд Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч дээр Ерөнхийлөгчөөс эсрэг байр суурьтай байгаа тул зөвшилцөх боломжгүй. Тэгээд ч З. Энхболдын авир Ц. Элбэгдоржид салаавч өгчихөж чадах хэмжээний болтлоо тэлчихээд буй. Гэлээ гээд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналыг үл зөвшөөрсөн нь их хурлыг тараах саналаа чуулганд өргөн мэдүүлэхэд садаа болохгүй гэж хуулинд тусгасан ч бодит байдал дээр З. Энхболдын таалал мэдэж буй. 
 
-Нөгөө нэг боломж нь ерөнхийлөгч гишүүдийг лоббидож, өөрсдөөр нь УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн бариулж болно. Ийм тохиолдолд “нүүрсчдийн нам”ын бүлэглэл идэвхижиж, Тавантолгойг залгихын төлөөх ашиг сонирхлын зөрчилдөөн чуулганы танхимд бүрдэх эрсдэлтэй. Маргалдаж, хэлцээд хэд хонох, магад их хурлыг тараалаа гэхэд дараагийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн явц хэдий хугацаагаар сунжрах гээд төрийн эрх барих дээд байгууллагыг дахин эмхлэх явцад л ард түмэн анхаарлаа хандуулж, Тавантолгой мартагдана. Яг ийм нөхцөл байдал руу түлхэх сууриа Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сүүдэрт халхагдаж байгаа бизнесийн бүлэглэлийнхэн тавьж эхэлжээ. Есөн жилийн өмнө Ц. Элбэгдоржийн бичсэнчлэн “баялагаа нийт иргэд нь биш улс төрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг” гэх үгс хэзээнээс сэтгэлээс тань арчигдаж эхэлсэн бэ гэдгийг түмэн олонд үнэнээр нь илчилчихээд луйврын аргаа үргэлжлүүлбэл илүү шударга тоглоом болох. Өөрийнх нь улигладаг үгээр бол. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, бэлэг тэмдэг. Даанч уруудах төрийн түшээдээс боолоос дээгүүр сэтгэх сэтгэмж, сэтгэлийг хүлээгээд цагийн гарз буюу.
 
 
Эртний нэгэн сударт Зургаан ужидын талаар тайлбарлан бичсэн нь бий. Зургаан ужид хэмээгч нэгдүгээрт архи, дэдэд өнгө, гуравт ав аян, дөрөвдүгээрт хөг дуу, тавд цэцэрлэг хүрээлэн, зургаад наадам хөөр. Энэ зургаан зүйлийн ужидын нэгэн зүйл нь хүний биед байх аваас улсын хаан бөгөөс улсаа алдмуй, гэрийн эзэд бөгөөс аж төрхөө алдаж хохирмуй хэмээн чангад сануулжээ.  Сая тоочсон зургаан ужидаас нэг нь бус нэлээд нь энэ төрийн түшээдэд буй нь улсаа алдахын мууг зөгнөх шиг. Өмнийн говийн хэвлийд ганц нүүрс гэх эрчим хүчний түүхий эд агуулагдаагүй. Яагаад БНХАУ Тавантолгой руу ингэтлээ улайрч байгаагийн цаадах учиг газар эхийн хэвлийтэй салшгүй холбоотой. Хятад улс эрчим хүчний найдвартай нөөц, хангамжтай байхын төлөө л улс орнууд руу уул уурхайн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь ч тэдний буруу биш, амьдрахын төлөөх тэмцэл. Хүчтэй нь хүчгүйгээ барж идэх нь хорвоогийн хууль. Харин бид, Монгол улс том гүрнүүдийн зодоонд ямар байр суурьтай оролцох вэ гэхийн нэгэн сэжүүр ньТавантолгой ч байж мэднэ. Харин Ц. Элбэгдорж суудлаасаа буух 2017 он хүртэл хэчнээн ногоон дэвсгэртэд сүнсээ худалдсаныг таахад бэрхшээлтэй. Ямар ч байсан тэр амташсан нэгэн гэдэг нь илэрхий. Амташсан хэрээ арван гурав дахидаг гэсэн ч үгтэй.
 
Сэтгүүлч  Э.ДӨЛГӨӨН