Н.Энхбаярыг хамгаалахаар Ерөнхийлөгчийн хоригийг гацаав уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх асуудалд завсарлага авснаар хоригийг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоног хүртэл хойшилсон юм. 
Ингэснээр завсарлага дууссаны дараа дахин ээлжит бус чуулган зарлахаар болсон билээ. АН, МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Хэрвээ хоригийг хүлээж авбал хууль бүхэлдээ хэрэгжих боломжгүй болно гэж үзэж буй билээ. Тиймээс ч “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Авлигатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэн дээрх асуудлаар завсарлага авсан юм. 
Ингэснээр Өршөөл үзүүлэх хууль долоо хоногоор гацлаа. Хэлэлцүүлгийн үеэр З.Баянсэлэнгэ гишүүн “Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу”  хэмээсэн юм. 
 Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэг бүрчлэн тасалж тавьсан. Бичиг үсэг тайлагдсан хүнд ойлгомжтой” хэмээсэн нь гишүүний уур бухимдлыг төрүүлж, Ерөнхийлөгчийн зөвлөхийг байнгын хорооны танхимаас хөөхөд хүртэл хүргэсэн юм. Тодруулбал, З.Баянсэлэнгэ гишүүн “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач” хэмээн ихэд бухимдсан. 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрх баригч бүлэг энэ асуудлаа яриач. Нэг нь завсарлага аваад явчихлаа. Одоо байтлаа суллагдах гэж байгаа ялтнуудыг хүртэл барьцаалдаг болох нь. Өвөл болох гэж байна. Өвлийн хувцас тавьж өгөхөөс эхлээд асуудал байна. Өршөөлийн ажил сар үргэлжилдэг процесс.  Ерөнхийлөгчийн хоригийг гоочлоод байх юмгүй. 9.1.3 гэдэг зүйл чинь 4.1, 4.7 хоёртоо хоёуланд нь орчихсон. Энэ хаалтаа хийгээд суллах хүмүүсээ хурдан сулла. Юм болгон дээр барьцаалж, гаарч болохгүй.  Удах тусмаа чинэрээд хэрэг төвөг гарах гээд асуудал үүснэ. Ер нь яагаад энэ амьдралаа бодож болдоггүй юм бэ. Арай дэндэж байна. Тэвчээр барагдаж байна. Аймаар юм хийсэн чинь үнэн шүү дээ, та нар. Аймаар юмны эсрэг тэмцэх гэж би УИХ-д сууж байгаа юм. Намайг баалах хэрэггүй. Намайг үг хэлүүлэхгүй гэж бодож байсан юм бол ийм хууль гаргах хэрэггүй шүү дээ. Ийм заваан хуйвалдаан болж байхад би Сайханбилэгийг энэ хуулийг татаж ав гээд дийлээгүй. Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй. Өршөөлийн хуулиар 1000-1200 хүн суллагддаг юм. Энэ хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ард түмэндээ тусал” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 
Тэгвэл эвслийн бүлэг завсарлага авсан нь үндсэндээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөлд хамруулах хүсэлтэй байгаатай холбон тайлбарлах хэсэг ч байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Цагдаа, Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага сөрөг байр суурьтай нөхдөө шалгаад сэжигтэн болгоод сурчихсан. Энэ улс төрийн зөрчил, хэлмэгдлээс гарах ганц арга зам нь Өршөөлийн хууль. Үнэндээ хээл, хахуулийн хэргээр хоригдож байгаа 40 орчим хүн байгаа шүү дээ. Гэхдээ бүх авлига, хээл хахуулийн хэргийг шалгах ёстой. “Чингис бонд”, “Самурай бонд”-ын зарцуулалтыг ч шалгах ёстой. Одоо 1500 хүний шоронг 40 гаруй тэрбум төгрөгөөр барьж байна. Энэ бол 40 цэцэрлэг барих мөнгө. Ял эдлэж байгаа 2020 хүнийг өршөөгөөд суллалаа гэхэд 20 цэцэрлэг барих мөнгө сул роод ирнэ. Н.Энхбаярын хэрэгт энэ хэрэг ямар ч хамаагүй. Хамгийн гол нь гарсан хэрэгт бүх анхаарлаа хандуулах бус гэмт хэрэг ялангуяа авлига, албан тушаалын хэрэг гарахаас сэргийлэх нь зүйтэй” гэх байр суурийг илэрхийлсэн байгаа юм. Ямартай ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэрхэх эсэх нь ирэх долоо хоногт шийдэгдэхээр боллоо. 
 

Г.НАРАН 


 

Эх сурвалж http://www.info.mn