Ардчилсан намын лидерүүдийн хамгийн ойрын хүн нь заавал хэн нэгэн Гансүх байх учиртай ч юм шиг. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ийм нэртнүүдтэй л даамай нөхөрлөдөг, бас хамтран ажилладаг нь хувь заяаны давхцал болж байна.

Л.Гансүх Ерөнхий сайд асан, "Алтангадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийн найз бол түүний амидаа А.Гансүх нь МоАХ-ны дарга Х.Баттулгын анд, УИХ-ын дарга, "Шонхор”-ын удирдагч З.Энхболдын зөвлөх юм.

Л.Гансүх. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр 4.5 жилийн ял сонсов. Шүүх түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж, гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс олгохдоо улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Л.Гансүх шүүх хуралдааны сүүлчийн өдөр "Би улс төрийн золиос боллоо” хэмээн мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нь түүнийг улсад 3.6 тэрбум байтугай нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй гэж хэлсэн билээ.

Энэ нь Ерөнхий сайдын ажлаа өгөхдөө Н.Алтанхуягийн мэдүүлсэн "Албан тушаалыг нь булаахдаа нөхөрлөлөөр нь барьцаалдаг” гэх тайлбартай агаар нэг сонсогдсоор байгаа юм. Хэрэв АН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг Н.Алтанхуягаас булаах эрх мэдлийн төлөөх улс төр өрнөөгүй бол Л.Гансүхийн дутаасан 3.6 тэрбум төгрөг "гэрэлд цохиулахгүй” өнгөрч болох байсан гэх логик энд байна. Үнэхээр ч Н.Алтанхуягийг унагах улс төр явдгаараа явж, энэ хоморгонд "Нүүрс” хөтөлбөр өртсөн нь үнэн.

А.Гансүх. Түүнийг АН-ын нөлөө бүхий эрхэм Х.Баттулгын ивээл дор Зам тээврийн салбарыг хариуцсан яамны дэд сайд, сайдаар ажиллах хугацаандаа улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тухай мэдээллүүд сонинууд болон цахим ертөнцөөр хөвөрсөөр удлаа. А нь Л-ийнхээ, эсвэл Л нь А-гийнхаа замаар яваад байх шиг танил жим хөтөлнө. АН-д "Женко”-гийн "нөхөрлөлийг барьцаалах” улс төр явахаас нааш төмөр замын төслийн хөрөнгө хаачсан нь хуулийнханд падгүй ч юм шиг.

А нь Л-ийнхээ, эсвэл Л нь А-гийнхаа замаар яваад байх шиг танил жим хөтөлнө.

Ганцхан улс төрийн шалтгаанаар л мөрдөн байцаагчид төмөр замын төслүүдийн цоорхойгоор гоожсон их хэмжээний мөнгийг шалгах юм байна гэх "хүлээлт” төрж эхэлжээ.

А.Гансүхийг дэд сайд, сайдаар ажиллаж байх үеийн төмөр замын төсөлд Л.Гансүхийн "Нүүрс” хөтөлбөрөөс дутаасан 3.6 тэрбум төгрөгийн дэргэд түүнтэй харьцуулшгүй их, бүр хэдэн арав дахин нугалах толгой эргэм мөнгө яригдаж байна.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах явцад 500 км-ээс дээш урттай төмөр замын тээвэр хоёр талдаа 20 сая тн-ыг ачаалж зардлаа нөхдөгийг төмөрзамчид сайддаа сануулсаар байж. Энэхүү бодлогын ТЭЗҮ-ийг боловсруулсан "Маккинсэй” компанид 7.8 тэрбумыг улсын төсвөөс гаргаж өгсөн бөгөөд гадаадын нэр хүндтэй энэ байгууллага чухам яагаад Тавантолгой-Сайншанд-Баруун Урт -Хөөт-Чойбалсан-Эрээн цав, Хөөт-Бичигтийн 1100 км төмөр зам баригдах тохиолдолд нэг талдаа нүүрс, харин буцахдаа "тоос” зөөх тэнэг санааг зөвлөсөн хэрэг вэ.

"Маккинсэй” компани гэдэг нь олон улсад алдартай мөнөөх Mckinsey and Co мөн эсэх тодорхойгүй. Энэ нэрийн Со товчлолыг албан ёсоор "компани” гэж уншдаг бол А.Гансүх нарын гэрээ хийсэн компанийнхыг "консалтинг” хэмээдэг гэхээр "Маккинсэй” нь 7.8 тэрбум төгрөг тоншихоор нэр зээлдсэн компани байж болзошгүй.

Манай төмөр замд өндөр үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гадаадын "акулууд” А.Гансүхийн үед олширсон юм. Санхүүгийн зөвлөх Би Эн Пи Парибас, GUGGENHEIM пүүсүүдтэй 2013 оны арванхоёрдугаар сард 1.4 сая ам.долларын гэрээ хийв. Техникийн зөвлөх Ди Би Аи-тай 2013 оны есдүгээр сард 6.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хуулийн зөвлөх Сидлеи Аустан, Эм Ди Эс-тэй 2013 оны тавдугаар сард 4.4 сая ам.долларын гэрээ хийжээ.

Гэвч өнөөг хүртэл тус төсөлд гадаадын ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй л байна. Тэд чухам юу зөвлөсөн нь тун бүрхэг. Харин "Монголын төмөр зам” компанийн өнөөгийн удирдлагууд "Самсунг”-тай хийсэн гэрээг нь "Хэт нэг талыг барьсан, Монголд ашиггүй ажил” гэж дүгнэж байна.

Үг, үсгийн "эндүүрлээр” нэр зээлдэх аргыг А.Гансүх "Маккинсэй”-гаас гадна "Самсунг” дээр хэрэглэсэн байх магадлал өндөр. "Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих 483 сая ам.долларын ажлыг "Самсунг Си Ти” компани тендергүйгээр авсан. Засгийн газарт энэ компаниа БНСУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг алдарт "Самсунг”-д өглөө гэж тайлбарласан. Гэтэл энэ нь жинхэнэ "Samsung CT Corporation” бус, хуурамч "Samsung C&TCorporation” болж таарав.

Энэхүү тендерээс болж Солонгосын талтай өмнө нь хэлцэлд оролцож байсан "Энержи ресурс” 60 сая ам.доллараар хохирч, ажлын хөлснөөс 100 орчим сая долларыг хэн хожсон нь тодорхойгүй үлдсэн байна. "Энержи ресурс”, "Samsung CT Corporation”-ы хооронд байгуулж байсан концессын гэрээг цуцлаагүй бол 2015 онд төмөр замаа ашиглаж эхлэх байсан бөгөөд 19 жилийн дараа төрд 51 хувь нь үнэгүй шилжих боломжтой байв.

"Энержи ресурс”, "Самсунг”-ийн тохиролцож байсан гэрээтэй харьцуулахад зөвхөн цаасан дээр л мөртэй үзэгдэх компанитай "Монголын төмөр зам” ТӨХК хийсэн гэрээг өнгөцхөн харьцуулахад олон сая доллар хэмнэсэн мэт боловч гэрээний дүнгийн задаргааг хартал 68.3 саяын барилга байгууламжийн ажил, дохиолол эрчим хүч, харилцаа холбооны 73.6 сая ам.долларын ажлууд хийгдээгүй юм.

Энэ бүхнийг тооцон үзвэл "Samsung C&T” компани "Монголын төмөр зам” ТӨХК-тай анх "Энержи Ресурс”-т өгч байсан үнийн дүнгээс 45 сая ам.доллараар илүү дүн бүхий гэрээ хийжээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эдийн засгийн үр ашиг бүрхэг байхад инженерийн судалгааг яаравчилж, геодези, геологийн ажил гүйцэтгэсэн үндэсний 16 компани дөрвөн жилийн ажлын хөлснийхөө 50 хувь буюу 2.95 тэрбум төгрөгийг авалгүй хохирчээ. Энэ мэтчилэн "туршилтын хөрс хуулах” гэх төмөр замын практикт байхгүй ажлыг "Транскон”, "Kэй Эйч Эн Ар” компаниудаар нийт 9.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон боловч мөн л хөлсийг нь төлөлгүй хохироосон байна.

"Монголын төмөр зам” ТӨХК-ийн тайлангаас үзвэл, "Чингис” бондын санхүүжилтээс 199.8 сая ам.долларыг "Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажилд зориулан "Samsung C&T” компанид төлжээ. Өнгөрсөн хугацаанд энэ мөнгөөр "Samsung C&T” доод бүтцийн ул шорооны ажил хийсэн гэж тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний компаниуд нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 66.3 сая ам.долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч "Sam-sung C&T” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар ажлаа зогсоогоод байна. Тэгэхээр 133.6 сая ам.доллар чухам яасан, хаачсаныг А.Гансүх мэдэх аж.

Б.ЭРДЭНЭ

Үндэстэн.мн