Өнгөрсөн лхагва гаригт Богд хан уулыг тахих ёслол болов. Гэтэл энэ үеэр хөгтэй, хөөтэй гэмээр нэгэн үйл явдал болсон нь олны дунд онигоо мэт яригдаж байна. Онигооноос ялгаатай нь бодит болсон үйл явдал юм.

Тухайн өдөр Богд уулыг тахихаар ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Төв аймгийн удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл гээд маш олон хүн Цэцээ гүний орой руу алхаж, мацаж гарсан байна.

Тэднийг Цэцээ гүний орой дээр гарч амсхийн зогсох зуур нисдэг тэрэг дээгүүр нь нилээн удаан эргэлдэж байгаад буужээ. Гэтэл тэр нисдэг тэрэгнээс нь ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл гэх мэт нөхөд бууж ирэн сүр, дуулиан болжээ.

Ерөнхийлөгч нь алхаж, хурган дарга нар нь нисдэг тэргээр ирсэн ийм нэг үйл явдал болж өнгөрсний дараа НИТХ руу хандсан олон нийтийн шүүмжлэл хүчтэй өрнөв.

Нэг цагт 900 орчим литр шатахуун хэрэглэдэг нисдэг тэрэгний цагийн хөлс нь 5-6 сая төгрөг. Дам яриагаар уг нисдэг тэргийг НИТХ –ынхан 12 сая төгрөгөөр түрээслэсэн гэх бөгөөд цасан шуурганаас болж агаарт хэд, хэдэн удаа эргэлдэж байж газарджээ. Нисдэг тэргээр ирсэн тэд хоёр хөлөөрөө дээшээ мацаж биеийн чилээгээ гаргасан хүмүүсийн хажууд тун даргархаг харагдсан гэсэн шүү.

Эдийн засаг хүндэрч ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн энэ үед Нийслэлийн дарга нар тансаглаж, мөнгөө үрж ядаж байгаагийн тод жишээ бол энэ. Ямар их тансаглал, үрж, ядсан мөнгө вэ? Улс орны төсөв, эдийн засаг хүндэрч иргэд хоолгүй хонох дээрээ тулж байхад НИТХ-ынхан л гэж хорвоогоос тасарсан хүмүүс.

Энүүхэн урд байрлах Цэцээ гүний орой руу алхаад гарч чадахгүй нисдэг тэрэг хөлсөлж байгаа нь тэдний тансаглал хэрээс хэтэрсний шинж биз. Ерөнхий сайд нь шатахуун их зарцуулдаг том машинаасаа татгалзахыг шаардаад байхад харин ч эсрэгээрээ нисдэг тэрэг хөлөглөдөг бөх зүрхтнүүд Нийслэлээс өөр газарт хаана ч алга. Тэдэнд татвар төлөгчдийн мөнгийг хайрлаж, гамнах ёс суртахуун байна уу ер нь. Эсвэл улиралд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг хүмүүст 12 сая төгрөгөөр нисдэг тэрэг хөлслөх нь юу ч биш санагддаг юм уу.

Саяхан, НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын асуудал сөхөгдөхөд НИТХ-ын даргаД.Баттулга “УИХ-ын гишүүд тойрогтоо төсвөөс мөнгө гаргуулж байхад бид яагаад болохгүй гэж. Үүнтэй л адилхан шүү дээ. Хотод олон зүйл хийж, бүтээмээр байна” гэсэн. Нэг төгрөгийг ч гэсэн хямгад хэмээн уриалж байсан НИТХ-ынхан алхаж мацахаасаа төвөгшөөн ганган дээлээ балиартуулна хэмээн хямгадсан мөнгөөрөө ийнхүү нисдэг тэрэг хөлсөлж.

НИТХ-ын төлөөлөгч бүр улирал тутам 27 сая төгрөгийг урамшуулал нэрээр авдаг. Тэгсэн мөртлөө дүүрэгтээ хийж гавьсан ажилгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалдаг. Бас өөрсдийн нэрэмжит наадам зохион байгуулдаг. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд төсвийн мөнгийг хайр, найргүй зардаг.

Бас болоогүй ээ. Монголыг төлөөлөх Элчин сайдын яам нь гадны улс оронд ажилласаар байхад Э.Бат-Үүл дарга Нийслэлийг төлөөлөх элчин сайдын яамыг Сөүл, Москвад давхар нээсэн гэнэ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр ярьж, шүүмжлээд авна лээ.

Жил бүрийн төсөв батлах үеэр Нийслэлийн засаг Э.Бат-Үүл Ерөнхий сайд, УИХ-ын даргад ил захидал бичиж, бөөн гомдол, цөхрөл болж байж олон сая төгрөгийг төсөвтөө суулгуулж чаддаг. Гэтэл уйлан дуугаран байж авсан мөнгөө ингэж зарцуулбал, үнэхээр хэрэг алга.

Т.Энхэлээ

Эх сурвалж: 24цаг.мн