Засгийн газар эмх, цэгцэндээ ороод удаагүй байтал дараагийн Засгийн газрын сураг дуулдах болов. УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнөөс ийм бор шувуу ниссэн бөгөөд дараагийн Ерөнхий сайд хэн болох талаарх таамгийг хүртэл гаргаад амжжээ.

Тодруулбал, Ч.Сайханбилэгийн дараа Ерөнхий сайд болох хүн нь УИХ-ын гишүүн, Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байх гэнэ. Энэ долоо хоногийн улс төрийг улайсгаж мэдэх энэ мэдээллээр дараагийн Засгийн газрын хар зураг ерөнхийдөө бэлэн болжээ. Тэр зургаар бол Ерөнхий сайд нь С.Эрдэнэ гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байх гэнэ. Тэгэхээр Засгийн газрыг УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракц авах нь.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шийдлийн Засгийн газрыг ирэх арваннэгдүгээр сард унагаж магадгүй гэх. Засаг унагах тоглолтын гол сценарийг УИХ-ын дарга З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч бичиж буй сурагтай. Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар ихэд сүлбэлдэх болсон бөгөөд тэд нийлж хэн, хэндээ ашигтай улс төрийн ажиллагаа явуулж байгааг хүмүүс харж байгаа. Нэг нь Өршөөлийн хуулиар улс төрд орж ирэхээр зүтгэж буй бол түүнд нь тусалж замыг нь тавих ажлыг УИХ-ын дарга З.Энхболд хийж байна гэж олон нийт шүүмжилж байна. МАН-ын зургаан гишүүдийг огцруулахаас эхэлсэн тус тоглолт Ч.Сайханбилэгийг огцруулж өрнөнө. Харин дараа нь З.Энхболд Засгийн газрын эрх мэдлийг авч байж дуусч магадгүй юм.

АН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хаших ёстой. Гэтэл одоо өөр, өөр хүн тус албан тушаалуудад сууж байгаа. Тэгэхээр З.Энхболд Ерөнхий сайдаа ч намын даргаа ч авах их холын санаархалтай нуугдаж буй талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Ерөнхийдөө замаа засчихсан учраас одоо Засгийн газрыг унагах амархан болсон биз. Үндсэн хуулийн цэцийг 150 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” машин болон 300 гаруй сая төгрөгөөр хахуульдсан баримттай, нотолгоотой хэрэгт унаад буй Засгийн газар одоо тун ярвигтай байдалд орчихлоо. Дээрээс УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээний асуудлаас болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл боловсруулаад гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлчихсэн. Уг бичигт нь нийт 11 гишүүн гарын үсэг зурчихсан байгаа. Одоо нэмээд 8 гишүүн гарын үсэг зурчихвал Ерөнхий сайдыг огцруулах эрх зүйн боломжтой болно. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар нэг л хэлэлцээд эхэлбэл асуудал хаашаа ч эргэж мэднэ. Үндсэндээ Ерөнхий сайд унах магадлал тун өндөр байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс болж сөрөг хүчин МАН-ын ихэнх гишүүд Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдсэн. МАН-ын 26 гишүүн дээр нэмээд бусад намаас цөөн хэдэн гишүүн нэгдвэл тэгээд л асуудал буруугаар эргэж мэднэ. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн бариад хэлэлцүүлэх гэж байна. Энэ мэт Засгийн газрыг тайван байлгахгүй хүмүүс олон байна. Энэ бол удахгүй Засгийн газрыг унагахын дохио.

Мөн Н.Энхбаяр яаж, ийж байгаад АН-ынхантай нийлж Өршөөлийн хуулийн авлига, албан тушаалын заалтуудыг авч хаяхгүйн төлөө бүх зүйлийг хийнэ. Харин дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын унагалцсан шангаа хүртэж дахин Засгийн газарт багатаж, шингэж гэж зүтгэх биз. Эвсэл задрах сураг, ирэх сонгуулийн чимээ гээд Засгийн газрыг ганхуулах зүйл чамгүй байгаа бололтой.

Т.Сар

http://www.24tsag.mn