Олонх засгаа унагах уу
2015/11/04
Ч.Сайханбилэг сайд Оюутолгойн гэрээг Дубайд очиж, нууцаар үзэглэснээс хойш түүнийг унагах улмаар Засгийн газрыг тараах талаарх яриа нэлээд хүчтэй яригдаж байсан ч намжаад байлаа. Харин сүүлийн өдрүүдэд Ч.Сайханбилэг сайдын танхим орших уу эс орших уу гэдэг нь эргэлзээтэй болж эхлэв.
Энэ удаад УИХ-д олныг бүрдүүлж байгаа АН-ынхны дотоод зодоон засгаа унагаж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Учир нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрынхан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр барьж хорьсон нь АН дотор шуурга дэгдээгээд байгаа сурагтай. Учир нь Б.Батзаяа бол Х.Баттулгын хүн. Тодорхой хэлбэл, түүний Төрийн нарийн бичгийн дарга хүртэл томорсон нь Женкогийн гавьяа гэх юм билээ. Б.Батзаяагийн хувьд эртнээс Женкогийн бие хамгаалагчаар ажиллаж ирснийг мэдэхгүй хүн цөөн. Тиймээс АН-ын үед Б.Батзаяаг барьж хорино гэдэг нь Х.Баттулгаар оролдож эхэлсэнтэй агаар нэг хэрэг. Тийм ч учраас АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаан ширүүхэн болж өнгөрснийг хэлэх хүн байна. Тодруулбал, шадарлаж явсан дүүг нь баривчлахтай зэрэгцэн тэрбээр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд руу залгаж уур бухимдаа илэрхийлсэн сурагтай. Тиймдээ ч бүлгийн хуралдаан дээр энэ байр сууриа улам бататган “Б.Батзаяаг баривчилсан нь над руу довтолж байгаа хэрэг. Энэ бол захиалгаар хийсэн баривчилгаа. Ингэж биеэ араас нь “хутгалаад” явах юм уу. Ийм ажлыг хийсэн хүнийг нь ч мэдэж байна. Ингээд яваад байя гэвэл явж болно” хэмээсэн байх юм.
Тэгээд ч улс төрийн хүрээнийхэн дунд Женкогийн хүнийг саатуулсан нь том “юм”-ны сэжүүрийг атгасан хэрүүл гэлцэж байна. Ийнхүү Х.Баттулга ууртай, бас намынхантай “алалцахад” бэлэн байгаа энэ үед шийдлийн Засгийн газрын хувь заяа бүрхэг болоод байгаа хэрэг. Төрийн томчууд нь дандаа АН-аас байгаа энэ үед өөрөөс нь өөрцгүй хүнийг баривчилсан учраас Г.Уянга гишүүний санаачилсан Ч.Сайханбилэгийг огцруулах албан бичигт Х.Баттулга ба түүний нөхөд /МоАХ/-ныхон гарын үсэг зурахыг үгүйсгэхгүй.
Харин засаг унах дараагийн сэжүүр нь Эвслийнхний гарт байна. Өөрөөр хэлбэл, тэд АН-ынхны урилгыг хүлээн авч засагт хамтарсан нь Н.Энхбаяр даргаа өршөөд хамруулж, “нэр цэвэр, мөр бүтэн” авч үлдэх гэсэн ганц санаа. Хэдийгээр тэдний энэ санаархал биеллээ олж, УИХ хаалттай хаалганы цаана Өршөөлийн хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илэхээр болсон ч Ерөнхийлөгч хориг тавьснаар эвслийнхний туйлын хүсэл ийнхүү талаар болсон. Эцсийн мөчид Н.Энхбаярыг “цэвэрхэн болгох” санаархал нь үл биелсэн тул эвслийнхэн ууртай байгаа. Тэр дундаа чуулганы индрээс “бөгс” хэмээн чанга дуугаар хашгирах З.Баянсэлэнгэ гишүүнээс авахуулаад засгийг унагахад буруудахгүй гэсэн бодолтой хүн эвсэлд олон бий.
Дээрээс нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга Д.Тэрбишдагва “УИХ хугацаанаасаа өмнө тарж, сонгууль явуулахад буруудах зүйлгүй” хэмээн хэлсэн нь тэртэй тэргүй хүүхдийн зулай шиг нимгэрсэн Засгийн газрын хувь заяаг улам ч бүрхэг болгов. Ийнхүү засаг унах уу эсвэл Засгийн задлах уу гэдэг яриа өрнөж эхэлсэнтэй холбогдуулан зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Д.Хаянхярваа: УИХ хугацаанаасаа өмнө тарахаас өөр гарцгүй болсон
Засаг хэрхэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ миний бие энэ Засгийн газрын үндсэндээ ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа. Яахав Г.Уянга гишүүн Оюутолгойтой холбоотойгоор Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилга гаргасан. Харин би тэр тогтоолд гарын үсэг зурахдаа тогтоол санаачилсан хүмүүсийн хэлээд байгаатай санал нэг байгаа. Дубайн гэрээн дээр хууль зөрчсөн асуудал бий. Нөгөө талаас орон нутгийн төвшинд хууль зөрчих ажиллагааг гааруулж байгаа нь Ерөнхий сайд өөрөө төр засгийг тогтворгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзсэн учраас огцруулах бичигт гарын үсэг зурсан. Яахав эвслийнхэн бол гарын үсэг зурна, засгийг унагаана гэж ярьж байна. Ер нь л нууц биш байна шдээ. Ямар нэгэн нууц хуйвалдаан энд явж байна шүү дээ. Хэрвээ эвслийнхэн засгаас гарсан ч яахав гэж байгаа бол байдал хүндэрнэ. АН-ынхан энэ УИХ-д олонхи биш. Тэгэхээр өөрсдөө засгаа бүрдүүлнэ гэвэл их л эмзэг засаг бүрдэж таарна. Ер нь эцсийн дүндээ УИХ, Засгийн газар чинь улсын өмнө хариуцлага хүлээж ажил хийх чадваргүй л болчихлоо шүү дээ. Ерөөсөө хамгийн зөв гарц нь УИХ хугацаанаас өмнө огцроод ээлжит сонгуулийг наашлуулж явуулах. Ээлжит бус биш ээлжит сонгуулийг нааш нь татаж явуулах нь л чухал болоод байна. Ээлжит бус гэж зарлаад зургаан сарын дараа дахиад сонгууль гэвэл хэтэрхий бужигнаан үүснэ. Тийм учраас бид хуулийн гарцаа харж байгаад УИХ-ыг тараах шийдвэр гаргавал ээлжит сонгуулийг нааш нь татаж явуулах хэрэгтэй. Үндсэндээ УИХ бол одоо олон асуудлыг шийдэж чадахааргүй болсон.
Ж.Батсуурь: Эдийн засаг хүндэрсний хариуцлагыг Засгийн газар үүрэх ёстой
-Ер нь улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа чухал цаг үед УИХ-ын зарим бүлэг эвслээс засаг унагахтай холбоотой санал, санаачилгаа зарим хэвлэлээр дайж байна л даа. Монгол Улсын эдийн засаг уруудан доройтож ард түмний амьдрал хүндэрсэнтэй холбоотой ажлын байр хомсдсон. Харин энэ бүхний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Тийм учраас улс төрийн энэ нөхцөл байдалд намын бүлгүүд дүгнэлт хийж, харилцан ярилцаж, улс орон ийм хүнд байдалд орсны хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдгийг ярилцах ёстой гэж харж байгаа. Уг нь АН, эвсэл хамтраад засаг барьж байгаа атлаа дотроосоо засагтай холбоотой асуудал ярьж эхэлж байгаа нь нөхцөл байдал хүндэрсний шинж тэмдэг. Ер нь төр барьж байгаа намын бүлэг эвслүүд зоригтойгоор бодит байдлыг олон нийтэд хэлж, өнөөдрийн хүнд байдалд хүргэснийхээ хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Ямар ч байсан одоо явж байгаа Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоол дээр миний бие гарын үсэг зурчихсан. Г.Уянга гишүүн бол Дубайн гэрээтэй холбоотойгоор огцруулах санаачилга гаргасан. Харин миний хувьд эдийн засаг үнэхээр доройтлоо, ард түмний амьдрал муудлаа. Дээрээс нь Засгийн газар чадамжгүй болсон учраас огцрох ёстой гэж үзэж байгаа юм. Ганцхан жишээ татахад 2012 оны сонгуулийн дүнг орон нутагт баталгаажуулаагүй байгаа зүйл олон байна шүү дээ.
Ц.Даваасүрэн: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа бүрхэг шүү
-УИХ унахгүй. Бие биенийгээ сүрдүүлэх гэсэн зүйлээс хэтрэхгүй. Засгийн газрын хувьд янз бүрийн улс төрийн зодоон гэхээсээ илүүтэй Дубайн гэрээний асуудлыг хөндөж байгаа. Одоогоор огцруулах бичигт 16 гишүүн гарын үсэг зураад байна. Оюутолгойгоос хүртэх ашиг 2023 оноос байсныг2037 болгож хойшлуулсан. Үүнд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Энэ үндэслэлээр Засгийн газрын асуудлыг ярина. Энэ нь тэр гэрээг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм. УИХ хугацаанаас өмнө тарлаа гэхэд энэ өвлийн хүйтэнд сонгууль хийнэ гэж юу байсан юм. Үүнийгээ март. Би УИХ тарахгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар цаашид байх эсэх нь эргэлзээтэй шүү. Оюутолгойн гэрээг муутгасан нөхцөл байдлыг залруулах нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцох явдал гэж үзэж байгаа.
М.Өнөржаргал
Зочин · 2015/11/04
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЭХЛЭЭД ЯМАРЧ ГЭМГҮЙ 3-4 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ТАЙ ТЭМЦЭЛ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА. МОНГОЛЧУУД АА. ШҮХ 88583399
жэнко · 2015/11/04
АН -ын хамгийн том алдаа Женког намдаа авсан явдал. Яандаа яана,.....
Зочин · 2015/11/04
Эртхэн огцорох хэрэгтэй ард Тумэн ийм чадамжгуй еерсдийн эрх ашгийн телее юу ч хийхээс буцахаа Байсан ухэхдэээ ухар буугаа гэдэг шиг л болж эхэлж Байна
шаабар · 2015/11/04
Үнэхээр бүтэхгүй байгаа бол цаг алдах хэрэггүй Ерөнхий сайд өөрөө санаачлага гаргаад огцорсон нь өлзийтэй төдийгүй иргэний зориг гаргасан нэр төртэй үлдэх магадлал бий. Гэхдээ сайн бодож шийдэх хэрэгтэй. Намын нэр хүнд тэртээ тэргүй унасан. Одоо улс орноо л бодох үлдсэн.