Өнөөдөр МАН, МАХН-ын нэр бүхий 44 ахмад гишүүн тус хоёр намыг хамтарч ажиллан, УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэл болж оролцохыг уриалсан өргөх бичгийг М.Энхболд тэргүүтэй МАН-ын болон Н.Энхбаяр даргатай МАХН-ын удирдлагад гардууллаа.

Тэдний хүсэлтийг ч хоёр намын удирдлагууд хүлээн авч, өөр өөрийн байранд уулзсан юм.

Өргөх бичигт : "Манай орны улс төр, эдийн засагт тохиодож байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдалд МАХН, МАН-ын удирдлага хатуу дүгнэлт хийж, ажлын хариуцлага, зохион байгуулалтаа эрс сайжруулах шаардлагатай байна. Тиймээс үзэл бодол, үндэс нэгтэй МАХН, МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсч орох саналд ажил хэрэгчээр хандаж, албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

МАХН, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсч орох нь парламентад олонх болж, Хууль тогтоох засаглалын өрөөсгөл тогтолцоог өөрчлөх, улс, эх орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө үр бүтээлтэй хүчин зүтгэх боломжийг бий болно гэж бид үзэж байна” гэсэн байв.

 

Сонирхолтой нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд уриалгахан нь аргагүй хүлээн авч, ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө гэсэн юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр бүр уг асуудлыг ажил хэрэг болгоход хамтран ажиллана гэсэн хариу өгөв.

Өөрөөр хэлбэл намын ахмадууд сайхан сэтгэлийн үүднээс л уг ажиллагааг зохион байгуулаагүйг эх сурвалжууд өгүүлж байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж чадаагүй Н.Энхбаяр улс төрийн шинэ алхам хийж, АН-д бус МАН-ын улс төрийн хүч өгч, хамтран ажиллахаар шийдсэнээ улс төрийн хүрээнийхэнд мэдэгдэж буй нь энэ аж.

Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр МАН-ын сонгогчдоос авах саналыг бүтэн болгох замаар МАН-тай тохиролцохыг хүсэж байгаа юм байна. Эвсэл болсон тохиолдолд ч шунахгүй, квотын дийлэнхи нь МАН-д оногдоно гэсэн урьдчилсан яриа хүртэл яригдсан байна. МАН, МАХН-ыг эвсэл болгох уриалгыг Н.Энхбаярын ойр хавьд ажиллаж, хувийн бизнесийнх нь салбарыг удирддаг намын ахмад гишүүн зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

М.Гал