“Оюу толгой” компанийн далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум өчигдөр болж өнгөрлөө. Тус форумд Монгол, БНХАУ, Австрали, Канад, Чех, БНСУ, АНУ-ын 600 гаруй компанийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл өгч гадаад дотоодын компаниудыг хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгчээ.

“Оюу Толгой” компанийн далд уурхайн төслийн санхүүжилтийг энэ сарын сүүлчээр бүрдүүлэх төлөв гарчээ. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны зургадугаар сараас эхлэх товтой байна. Төлөвлөгөөгөөр хөрөнгө оруулалтын нийт зардал 6.8 тэрбум ам.доллар байхаас 4.7 тэрбум нь далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болж орох юм. Үлдсэн нь урсгал хөрөнгө оруулалтын зардал болон хөрөнгө оруулалтад ногдох татвар юм байна.

“Оюутолгой” болон бусад ордуудыг ашиглавал уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтой хэмээн "Оюу толгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй хэлсэн юм. Тэрбээр “Далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлснээр маш олон төрлийн бизнесийн боломжууд гарна. Тухайлбал, барилга бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин, бараа материал хангамжийн үйлчилгээг нэрлэж болно. Далд уурхайн бүтээн байгуулалтад Монголын компаниудыг түлхүү оролцуулж хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээв.

Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллавал дэлхийд эхний гуравт орох зэсийн орд болно гэсэн тооцоог гаргасан байдаг.

Далд уурхайн бүтээн байгуулалтад 2013 оноос эхэлж хагас тэрбум ам.доллар зарцуулсан нь төлөвлөгөөнөөсөө 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байсныг Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг шалган тогтоосон юм. Ингээд мөн оныхоо наймдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалт зогссон. Хувь нийлүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард болсон Дубайд болсон уулзалтаар зардал энэ хэмжээгээр хэтэрсэнийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Оюу толгойн” уурхайн нийт баялгийн 80 хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүндээ байдаг. Энэ хүдрийг далд уурхайн аргаар олборлох аж.

 

Т.Буянаа