Монголын Эдийн Засгийн Форум хэмээх ТББ-ын ЕНБД-ын ажлыг 2012 онд аваад 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумын хуралдааныг зорин Швейцарын Давос хотод очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар ахалж манай улсын ихэнх топ бизнес эрхлэгчид баг болон явсан юм.

Очсон хүн бүр тэндээ хэдэн өдөр томоохон хуралдаануудад оролцоод их л сэтгэл өндөр хүмүүс эх орондоо ирцгээсэн. Монголд ирээд хэн хүнгүй телевизээр гарч ямар амжилттай хуралд оролцсноо магтан сайшааж эхэлсэн. Энэ талаар үргэлжлүүлэн яриад байвал хүн муулсан хэрэгт орох байх. Дэлхийн асуудлыг хэлэлцэж буй чуулган сайхан болох нь мэдээж. Гэхдээ голлох шийдвэрээс хол, Монголын нэрээр явж, дипломат зангаар инээмсэглэж инээмсэглэж ирчихээд, хурлын сүрээр Монголчууддаа цэцэрхээд яах ч билээ дээ.

Энэ үеэс би Монголын эдийн засгийг Монголчууд бид удирдаад байна уу эсвэл өөр хэн нэгэн удирдаад байна уу гэж өөрөөсөө асуух болсон юм. Бусдаар толгойгоо мэдүүлсэн айл урагшилж байсан түүх бий билүү. Байдаг бол азтай л юм. Гэвч бид л лав биш.

Дэлхийн нийт бүтээгдэхүүний 80 хувь, олон улсын худалдааны 70 хувийг, гадаад хөрөнгө оруулалтын 70-90 хувь нь бидний хэлдэгээр баян орнуудын мэдэлд байна. Тэд энэ балансаа буулгахыг хүсэхгүй. Хэрэв тэдний энэ харьцаа буухгүй бол бидэн шиг хөгжиж байгаа орон хэзээдээ өөдлөх болж байна аа?.

Хөгжингүй, баян орнууд юугаар, хэнээр дамжуулж энэ их баялагийг хянадаг вэ? Товчхондоо “нүгэлт гурав” гээд нэрлэчихэж болно. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага.

Яагаад Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгуулага нүгэлт гурав болж байна вэ?

Тэртээ 1944 онд АНУ, Англи хоёр нийлж олон улсын эдийн засгийн тогтолцоог хянах зорилгоор АНУ-ын Нью Хэмпшир мужийн амралтын газар болох Бреттон Вуудст анхны хурлаа хийж, ОУВС-г үүсгэн байгуулжээ. Энэ байгууллага хөгжиж буй орнуудад төлбөрийн тэнцлийн хямарлыг дефляцгүйгээр давахад туслах зорилготой гэж өөрийгөө танилцууллаа. Чулуу олдтол гөлөг хөөрхөн гэж 30-аад жилийн турш хүч, туршлага хуримтлуулж гэмгүй ажиллав. Бас л алсын бодол шүү.

Дэлхийн банк ч мөн адил. Хүйтэн дайны дараа Европийн колоноос гарсан орнуудад дэд бүтэцээ барьж босгоход тусламж үзүүлэх хэмээн зорилгоо тодорхойлж, “Сэргээн босголтын банк” нэртэйгээр байгуулагдсан. Гэвч 1980 оноос хойш хүчээ авч эхэлмэгцээ энэ хоёр байгууллагын анхны зорилго нь эрс хазайв. Энэ хазайлт өдгөө Монгол оронд хэлбэрэлтгүй мөрдөгдөж байна. ОУВС, Дэлхийн банк л гэхээр нэг л их сайхан зээл өгдөг байгууллага. Тэр зээлийнхээ нэрээр дуртай Монгол хүнээ, дуртай Монгол даргаа дээрэлхэнэ. ОУВС-ын зүгээс, танай Монголын төлбөрийн тэнцэлийн алдагдлын гол шалтгаан Монгол төрийн ухаалаг бус үрэлгэн тогтолцоонд байна гэнэ.Тиймээс та нар төрийн өмчит байгууллагаа хурдан хувьчил гэнэ. Төрөө муулж олон нийтээс оноо авдаг улс төрчид тэр үгийг нь тоть шиг давтаж өөрсдөө бодож олсон юм шиг телевизээр цэцэрхэнэ. Гадны төр засаг сайжирч, төлөвшиж болдог, харин Монголынх хэзээ ч сайжрахгүй юм шиг. Үүрд л шударга бус төртэй байсан юм шиг. Тэгээд АНУ, Хятад, Япон, Герман гэхээр тусгай одонд төрсөн онцгой төртэй юм шиг. Өөрсдийн шидсэн энэ бөмбөгөө тосож аваад ОУВС, Дэлхийн банк бүр гаарч өгнө гээч. “Та нар ардчилсан засгаа улам бэхжүүлэхийн тулд төвлөрлийг сааруул, төв банкны бие даасан байдлыг ханга, корпорацийн засаглалыг сайжруул, хүн амаа өсгө, үндэсний цөөнхөө харж үз, жендэрийн асуудалд анхаар...” гээд л. Энэ бүх шаардлагыг буруу гэхэд хэцүү. Намайг л лав банкнаас цалингийн зээл авахад баталгаатай орлогын эх үүсвэр, нийгмийн даатгалын шимтгэлээ шалгуул гэвэл юу ч хэлэхгүй. Гэтэл цаашлаад өглөө хэдэн цагт бос, эхнэртэйгээ эвтэй бай, спортоор долоо хоногт хэд хичээлэл тэгж байж ажлийн амжилт гаргана гээд тулгавал би л хувьдаа дургүйцнэ. Цаашлаад энэ бүх шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг долоо хоног бүр шалгана. Үүнийг зөвшөөрвөл зээлүүлсэн мөнгө эргэн төлөгдөх баталгаа болно гэнэ. Бид чинь тусгаар улс биз дээ?

ОУВС төсвийн алдагдал нэрийн дор Монгол төрийн бүх асуудалд хутгалдан орж Африк, Араб, Азийн зарим орон шиг болгох хүсэл нь арай л хэтрээд байх шиг. Үнэндээ ОУВС өөрөө яг тийм шударга засаглалтай юу? Шударга засаглал гэхээр нэг доллар нэг санал зарчимаар ажиллаж, сангийн хэдэн хувийг эзэмшиж байгаараа шийдвэрээ гаргахуу. Баян орнууд 60 хувийг эзэмшиж АНУ-л гэхэд хамгийн чухал 18 асуудлаар хориг тавих эрхтэй. Арга ч үгүй биз бидэнд туслах уриатайл болхоос угаасаа тэдний байгууллага юм чинь.

Энэ хоёр байгууллага Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд гаднаа дипломат төрхтэй, дотроо хатуу шаардлага тулгаж орно. Тэгээд өөрсдийнх нь үгийг авахгүй эх орныхоо талд зогсвол өрөөнөөс нь гараад ард түмнийх нь тунд нэр хүндийг нь унагах ажилдаа орно. Хамгийн түрүүнд Монголын судлаач нэртэй зарим тотьнуудад, “ядуурлыг бууруулж, өсөлтийг нэмэгдүүлэх хөлтөлбөрийг маань Монголын төр ойлгохгүй байна” гэж хэлнэ. Угтаа бол уг төсөл нь Монголын Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр. Ингээд зогсохгүй Монголын зарим ТББ-аар бууны нохой хийнэ. Хамтран ажиллаж байгаа нэртэй амыг нь барьж, хариуд нь санхүүжилт өгнө. Тэгээд өөрсдийн бодлогоо Монголын төр засгийн бодлого болгохыг зорьж, гол судлаачид гэж өөрийгөө өргөмжилдөг социалист сэхээтнүүдэд дамжуулна. Нөгөө хэд нь ч дуртай нь аргагүй шүүрч аваад өөрөө том судалгаа хийсэн болж цэцэрхэж гарна даа. Тэр судалгааг нь хагас ойлгосон ганц нэг гишүүд, ТББ, зэлэрсэн хэнээтнүүд цэнхэр дэлгэцээр бураад өгөхөөр зайлуул нөгөө муу төрийнх нь рейтинг ард түмнийхээ дунд газар дор ортол унана. Төр нь өөрийнхөө ретингийг буцааж өсгөх гэж ажилсаар сүүлдээ ажлийн биш ПР-ын бага болж хувирна.

Дэлхийн худалдааны байгууллага ч ялгаагүй. Дэлхийн худалдааны байгууллага гэж энэ бахархам нүсэр байгууллагын тухай анх би МУИС-н Оюутны Эрдэм шинжилгээний хуралд оролцож байхдаа сонсож байлаа. Тэр үед Монгол Улсаас 6000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох боломжийг ДХБ өгсөн гэж МУИС Олон улсын сургуулийн багш бахархам илтгэж билээ. Одоо бодоход мөн ч залж дээ. Учир нь Монгол оронд тухайн 6000 төрлийн нэр бүхий бараанаас аль нь ч байгаагүй бөгөөд үйлийн үртэй Үйлдвэр худалдааны яам байхгүй зүйлийн төлөө мөн ч их загнуулсан даа.

Тоглоомын дүрэм нь мөн адил шударга биш. ДХБ 1995 онд Худалдаа, импортын татварын ерөнхий хэлэлцээр нэртэйгээр 1986-1994 онд явагдсан Уругвайн хэлэлцээний үр дүнд байгуулагдсан юм. Гол зорилго нь баян орнуудад манайх шиг хөгжиж буй орны үүдийг нээж, хувцасыг тайлуулж шилэн болгож өгөх багаж хэрэгсэл төдий. Олон хүн ДХБ-ыг ОУВС болон Дэлхийн банкыг бодвол нилээд үг хэлэх боломжтой байгууллага гэдэг. Учир нь уг байгууллага “нэг улс нэг санал” нэртэй явдаг. Гэтэл үнэндээ санал хураалт гэж явагддаггүй бөгөөд цөөн тооны баян орнууд шийдвэрээ нөгөө алдарт Ногоон өрөөндөө гаргадаг.

2012 онд Шинэчлэлийн засгийн газар 1.5 тэрбумын бонд босгож зээл авсан. Авсан мөнгөнөөс 600 орчим сая доллар үйлдвэрийг дэмжих 888 төсөлд өгсөн. Мэдээж уг төслүүд дунд шаардлага хангахгүй төсөл байж болно. Гэхдээ л олон бодит төслүүд байсныг сайн санаж байна. Уг төслүүд дотроос олон хүн хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах төсөл дээр найдлага тавьж байлаа. Хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулдаг зарим компани ч зээл авсан. Зээл авч үйлдвэрээ томруулаад их л баяртай байгаа нь мэдээж. Гэтэл угтаа үйлдвэрлэсэн бараа нь бодит байдал дээр борлогдохгүй. Шалтгаан нь хятадаас илүү хямдхан бараа ороод ирнэ. Хятадын бараан дээр татвар нэмье гэхээр Монгол Улс ДХБ-ын гишүүн тиймээс импортын татвараа 30 хувиас дээш нэмэхийг хориглоно. Гэтэл одоогийн хөгжингүй орнууд гэгддэг Англи, АНУ, Герман, Франц гээд бүгд анх хөгжиж байхдаа дотоод зах зээлээ хамгаалж, импортын татвараа 50 хувьд хүргэж л байсан. Өнөөдөр тэд хөгжиж, эдийн засгийн дархлаатай болсон. Харин бид эдийн засгаа босгохын тулд, үндэсний үйлдвэрлэлээ босгохын тулд толгой мэдэн бодлого явуулж болохгүй. Энэ чинь ёстой ариун явдал уу.

Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж ардын маань үг байдаг. Өөрийн эрхээр явсан улс өнөөдөр зовсон ч алсдаа хөгжинө, хүний эрхээр жаргасан улс хоногтоо хоолтой ч алдсдаа ирээдүйгүй. Хар гэртээ хаан нь байсан хүн зогсолтгүй зүтгэвэл өөрийн гараар House болгодог, бор гэртээ богд байсан хүн мэдлэгт шамдвал хоёр гараараа Харш сүндэрлүүлдэг. Уудам дэлхийн ухаант олон гүрнээс мэдлэг чадвар, шилдэг технологийг гуйгаад өгөхгүй бол хулгайлаад ч гэсэн авах л хэрэгтэй. Харин насаар нь дарлаж сорно гэвэл хүчээр ирсэнийг ухаанаар, залиар ирсэнийг аргаар дарж урагшлах л ёстой.

 

 

Буянаагийн Ган-Очир