Монгол өтгөрүүлэгчийн туршилт амжилттай боллоо
2015/07/26
Судалгааны төвийн хамт олон сүүлийн үед баяжуулах үйлдвэрүүдэд эрчимтэй нэвтэрч буй хавтант өтгөрүүлэгчийн зарчмаар ажиллах туршилтын загварыг зохион бүтээж молибденийн баяжмал өтгөрүүлэх дамжилгад амжилттай туршлаа. “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаа 35 сая тоннд хүргэхээр техник технологийн шат дараатай шинэчлэлүүд хийж байна. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр өтгөрүүлэгчүүдээр дамжих булингын хэмжээ 15-20 хувиар өсөж, өтгөрүүлэгчийн ачаалал хэвийн хэмжээнээс хэтрэх төлөв ажиглагдаж байна. Мөн ирээдүйд олборлох хүдрийн ашигт эрдсийн мөхлөг жижгэрч илүү нарийн нунтаглалт шаардах бөгөөд энэ нь өтгөрүүлэх технологид хүндрэл үүсгэж болзошгүй. Иймээс өтгөрүүлэгчийн ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, өтгөрүүлэх процессыг боловсронгуй болгох шаардлагын үүднээс уг туршилт хийгджээ. Хавтант өтгөрүүлэгч нь ашиглалтын талбай бага шаардахаас ãàäíà өтгөрөх процесс налуу хавтангуудын хооронд явагддаг тул чөлөөт уналтын зай уламжлалт өтгөрүүлэгчийнхээс хэд дахин бага тул бүтээмж өндөртэй, Флокулянт найруулах камерийн тусламжтайгаар флокулянтын зарцуулалт, агуулгыг нарийн хянах, жигд тархаах боломжтой. Мөн цахилгаан энергийн зарцуулалт бага, энгийн хийцтэй ба компани өөрийн нөөц бололцоогоор үйлдвэрлэж хам баяжмал, зэс болон молибденийн баяжмалд ашиглаж буй уламжлалт өтгөрүүлэгчүүдээ шинэчлэх боломжтой төдийгүй бусад баяжуулах үйлдвэрүүдэд худалдаж болох давуу талтай аж. Туршилтын загварын үндсэн хийцийг хаягдал төмөр ашиглаж хийсэн бөгөөд Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсэгт молибдены баяжмал дээр туршихад уг өтгөрүүлэгч нь 7-9 хувийн хатуулагтай бүтээгдхүүнийг 38-40 хувь болтол өтгөрүүлж, үйлдвэрийн нийт молибденийн баяжмалын 25-30 хувийг боловсруулах хүчин чадалтай (135кг/цаг) нь батлагдсан байна.
Судалгааны төвийнхөн энэхүү ажилд тусалсан БФ-ийн хамт олонд талархал илэрхийлэв.