Эдийн засаг хүчээ авах шинж алга
2015/12/03
Монгол улсын эдийн засаг хэзээ хөл дээрээ босох вэ гэх асуултыг тээгчид олон байна. Он гараад эдийн засаг дээрдэж, төгрөг чангараасай. Алийн болгон ноён ногоонд дарлуулж эдийн засгаа хумуулж байхав. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас нэг ам.долларыг 1995 төгрөгтэй тэнцүүллээ. Арилжааны банкууд 1988-1992 төгрөгөөр авч, 1997-2000 төгрөгөөр зарж байгаа юм. Харин валют арилжааны төвүүдэд 1996-аар аваад 1998 төгрөгөөр борлуулж байна.
Улсын маань эдийн засаг хүчээ авахаа болилоо гээд хэлчихэд буруутахгүй биз ээ. Үүнийг ч эдийн засагчид олонтаа хэлж буй. Ирэх оны төсвөө батлахдаа иргэд рүү л чиглэсэн таналт хийсэн болохоос дорвитой хэмнэх горимыг хийгээгүй. Мөн ирэх он гараад төсвийн тодотголоо хийгдэх нь ойлгомжтой болсон. Энэ талаар эдийн засагч Даваадорж " Төсвийг харахаар хувь хүмүүсийн орлогод шууд нөлөөлж болох хэсэгт таналт хийгээд байна. Тухайлбал, цалин, ажилчдын тоог бууруулах байдлаар. Энэ бол зөв арга биш. Эдийн засаг, улс орны хөгжил иргэндээ чиглэсэн байх ёстой. Гэтэл эдийн засгийн өсөлтийг хуурай тоо болгохын тулд хийгээд байгаа нь нөхцөл байдлыг сайжруулахгүй ээ" гэж өөрийн зүгээс үнэт зөвлөгөөгөө өгсөн байх юм.
Гэтэл манай нөхдүүд эдийн засагчдын үгийг сонсох тэнхээ алга бололтой. 2016 оны төсвийн орлого 7 их наяд 19.9 тэрбум төгрөг, зардлага 7 их наяд 954.4 тэрбум төгрөг байхаар батлагдсан юм. Харин алдагдал нь 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувьтай байхаар баталсан. Энэ нь 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр илүү үзүүлэлт болж байгаа юм. Гэхдээ хөрсөн дээр буугаад ирэхээрээ жил жилийн төсөвт тодотгол хийдэг.
Түүнчлэн цалингаа нэмэхгүй гэх. Угтаа цалинг нэмж байж гэмээн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр босно. Үүнээс харахад эдийн засгийн цикл задрах боломжгүй болчихоод байгааг харж болно. Үүнээсээ улбаалж нөгөөх ноён долларын ханш өснө. Долларын ханш өндөр байвал гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой.
шаабар · 2015/12/03
Болдогсон бол цалин тэтгэвэр нэмэгдвэл мөнгөний эргэлт сайжирч татварт орох мөнгө нэмэгдмээр санагдах юм. Эдийн засаг хүнд байгаа нь илт боллоо. Лав л хэдэн гавьяатууддаа сар бүр өгдөг хэдэн төгрөг зогсчих шиг боллоо. Сувилалд явах амралтанд амрах үед тодорхой хувийг нь халамжаас өгдөг бас тасалдчихлаа. Цаашдаа юу зогсохыг бүү мэд. Дарга нар маань зөвхөн татвар хураамж нэмэхээс өөр арга мэддэггүй бололтой юм.