Энэ жилийн үдэлтийн шампанскны хөөс Үндсэн хуулийн өөрчлөлт болох нь гэж зарим нэг нь таамаглаж байсан ч Оюутолгой урдуур нь ороод ирэв.

Оны эхэнд шахуу Ерөнхий сайдын явуулсан А, Б сонголтын санал асуулгаар олны дэмжлэг авсан том төслүүдээ хөдөлгөөд бүсээ суллах хувилбар ингэж нэг оны өмнө ажил боллоо.

 

Олон ч талаар Монголд ашиггүй зардал нь өсөөд байсан урьдын алдаа эндлийг мянгантаа засч залруулсан тухай тайлбар учирлалтай нийтлэл бичлэгүүд хөвөрч, арай гэж эхлүүлсэн Мега төслөө нэр бүтэн хамгаалах хэвлэлийн үйл ажиллагаа ч онц зохион байгуулагдаж байна. Уурхайн гүнд далд олборлоно гэдэг нь газар доогуур шууд урсгаад баялгийг минь зөөх нь гэж зарим нэг нь сулхан дуугарсныг эс тооцвол Оюутолгойн гэрээг цавчих сэлэм эргүүлдэг хэсэг чимээгүйхэн харж байна.

 

Гадаад талдаа Оюутолгой дэлхийд зөвшөөрөгдсөн төсөл гэдгээ харуулж банкууд их мөнгө хаялаа. Мөнгөө хийчихээд сул хаячихгүй араас нь хянах тавилт бий болгох байх. Бидний амждаггүй, орхигдуулсан олон хяналтыг хөрөнгө оруулагч талд нөхөөд хийгээд байх ханьтай болсон гэж болохоор. Энэ яахав. Рио Тинтой зээлийн эрсдлээ хүлээгээд ажиллана биз. Бид ч бас одооноос баялгаа санхүүгийн урсгалтай нь хамт барьцаалсны хувьд хариуцлага хүлээж хүссэн ч эс хүссэн ч энэ төслийг унагаах бус сэхээж үр дүнтэй явуулахын төлөө зогсох нэг тал боллоо. Бид төслийн эсэргүүцэж унагаах гэвэл баялгаа банкинд алдах эрсдлийг нэмэгдүүлэх болж байна. Хандлагын том ялгаа гарсан гэсэн үг л дээ.

 

Урьд аргагүйдээ газраа ухуулж баялгаа зөөлгөж, ядрахдаа хувиа зээлээд идчихсэн “хөөрхий” нэг тал гэж сэтгэл дундуур гомдогчид их байлаа. Хөрөнгө оруулалт хөгжилд хүргэх талаар бол сонсохыг ч хүсдэггүй давхарга бий болох дөхсөн. Гэрээний 34 хувиа өр болгоод зээлж аваад хуваагаад цохьчихсон. Рио Тинто гэдэг нэг тал манай зэсийг ухаж зөөгөөд л. Бид яаж ч чадахгүй ард нь дэвхцээд л байгаа мэт төсөөлөл иргэдэд байлаа. Ийм байдал бодитой биш гэхэд Оюутолгой гацсанаар эдийн засаг амьсгал тасалдахыг бидэнд бодитой мэдрүүлсэн.

 

Одоо цааш дахин үзэлцэх нь 34 хувиа ашиггүй болгох байтугай их цамнаж төслийг царцаавал “гэрээ байнаа хөө” гээд дэлхийн банкууд заргаа хийхэд ордоо алдах эрсдлийг давхар хүлээх боллоо. Оюутолгойн урьдын урагшгүй гарааг бодохоор бүр зогсоогоод говиосоо гаргачихмаар байсан бол одоо хурдан гүний уурхайг ажиллуулж санхүүжилтийн зээлээ бүтээлчээр төлөхийг Рио Тинтогоос шахаж байх хэрэгтэй боллоо.

 

Өнгөрсөн жилүүдэд Оюутолгой дээр хөрөнгө оруулагч тал гэрээгээр олж авсан нэг давуу талаа буюу зардлаа өсгөж түүнийгээ манай 34 хувийн өрийн дарамтад хамруулах ажлаа үнэхээр сүрхий амжуулсан байдаг. Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн тухай баримт ил болж байсан..Энэ нь Оюутолгойн гэрээнд сэтгэл дундуур мань мэт, нөгөө талаас баялгаа гаргахыг тууштай эсэргүүцэгч иргэдийн дургүйд хүч нэмж байсан. Хилийн цаана барьсан нэг дэд станцын шугамын зардлын 34 хувь нь мөн л Монголын талын хөрөнгө оруулалтын зардал болчихдог. Нутаг оронд өгсөн хандив ч зээл хөрөнгө оруулалт гэж бичигддэг байсан.

 

Дубайн гэрээнд энэ мэт дутуугаа нөхөж дундуураа дүүргэсэн тул одоо Оюутолгой хөдөлж байгаа гэж олон нийт ойлгож байгаа. Тийм байгаасай. Тийм байгаасай гэж байгаа нь одоо бид нэг тал. Хөрөнгө оруулагч маань мөнгө босгоход барьцааг нь гаргасан тал боллоо. Хэдэн мянган хувьсагчийг ойлгохын наана бид үүнийг л ойлгох хэрэгтэй болж байх шиг байна. Тийм болохоор нөгөө л хэлдэг энгийн үг. Өнгөрснөө битгий давтаарай л гэсэн нь дээр.

 

Гадаад талдаа санхүүжилт цэгцэрч хөрөнгө оруулагч шулуудаж өрмөө бариад гүн рүү орлоо. Дээш нь зэсээ гаргаад ирэх энэ зайнд олон зүйлийг авья гэж гүний уурхайгаас хэлүүлнэ. Үүнийг манай үндэсний үйлдвэр ААН-үүд нийлүүлж бүтээлч ашигтай ажиллах ёстой. Томоохон банкуудаас босгосон 4.4 тэрбум долларын санхүүжилтийг урьдын урьдчилгаа шиг тоолж аваад хуваагаад тараахгүй. Энэ нь чинь уурхайг босгох, олборлолт явуулахад зориулагдах зардал. Газрын гүнд их тоос, хөлс хүчээр буцалж их баялгийг эргэлтэд оруулах энэ төслийн дагалдах ажил гүйцэтгэл, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах замаар Монголчууд бид ажилтай орлоготой болох ёстой. Үүнийг даган өөр салбарууд өндийж, ядмагхан бүтэцтэй эдийн засагт шинэ бүтцүүд бий болох учиртай. Өрөө хурдан дарж 34 хувийн ашгаас иргэд бодитойгоор хүртэх хэрэгтэй.

 

Юун түрүүнд үндэсний үйлдвэрлэгчид ААН-үүдийг Оюутолгойн ажилд бэлтгэн нийлүүлэгчээр авч захиалгатай, орлоготой зах зээлтэй болгоно гэснээ л даруй ажил болгох хэрэгтэй. Оюутолгойд эхний байдлаар 100-аад Монгол ажилчин авах цаашлаад 3000 хүн ажилтай болох тухай яриа нь энэ том төслийн бяслагны нэг жоохон булан. Бид эндээс унасан байгаа олон салбаруудаа өндийлгөж амьсгаа нь тасалдсан эдийн засгаа аврах, бүр цаашлаад эдийн засгаа тэлэх хүлээлттэй байна. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ААН-үүд бүгд нийлээд далд уурхайн бяслагнаас хамтдаа томхон хазахын төлөө ажиллацгаа.

 

Дэлхийн 15 банк нийлээд амжилтай ашигтай ажиллах юм байна гээд 4.4 тэрбум долларыг Монголын минь говьд хаялаа. Барьцаанд нь орд маань, эргэлдэх мөнгөтэйгээ байгаа. Оюутолгойг одоо гацаах эрхгүй болсон байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/