Эдийн засаг хүндэрсэн үед хэмнэлтийн горимд шилжиж, мөнгөний хатуу бодлого явуулах ёстой гэсэн үзэл Монголчуудын итгэл үнэмшилд хэвшин тогтоод олон оныг үджээ. Энэ итгэл үнэмшлээрээ төсөв гэхээр л бага байх, төр гэвэл жижиг байх, төрийн албан хаагч гэвэл тарчиг байх, халах бол хамгийн түрүүнд хэлмэгдэнэ гэсэн ойлголт бичигдээгүй хууль мөрдөгдөх нь холгүй болжээ. Угтаа бол төр том болж сунах, жижиг болж агшихаас илүүтэй чухал асуудал нь төсвийн философи. Филсофитой байж зорилго тодорхой, цаг үедээ зохицсон, үр өгөөжтэй болж чадна. Гэтэл бидмэдэмхийрч, нэг нь нэгдсэн системийн гараас нь зуурч үглээд, нөгөө нь хурууг ньсонжоод, нэг нь хөлийг ньтайрдгаасаа болж урагшаа алхахгүй, хойшоо уначихгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн хэцүүхэн төсөвтэй жил бүр тулдаг боллоо.

Хэмнэлт цэгээ олсон уу?

Энэ удаагийн төсөв ёстойл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв болжээ. Хүн бүр л халагдах 3000 төрийн албан хаагчдын араас халаглаж, тэдгээр төрийн албан хаагчид ипотекийн зээлтэй байгаад санааширч, төсөв энэ чигээрээ явбал ажилгүй хүмүүс Ардчилсан намд гомдоллож эхлэх тухай ч ярьцгааж байна. Угаас нэг их наядын алдагдалтай яваа төсвийг хоёрхон тэрбум төгрөгөөр хэмнэх гэж хамаг амьтныг ажлаас нь халах гарц олж харсан нь Шийдлийн Засгийн газрын шийдэл гэхэд хачирхмаар.Халах 3000 хүний цалинг бодоод үзвэл нийт улсын төсөвийн 0.0001 хувьдч хүрэхгүй мөнгө.

Засгийн газар төсвийг дөрвөн дугуйнаас хоёр, хоёроос нэг,нэгээс тал дугуй болгон гэж цавчихдаа эдийн засаг хүнд байгаа гэх ганц л үгээр тайлбарлаж байна. Тайлбарыг хэнч үгүйсгэхгүй.Үнэхээр хүнд байгаа.Гадны хөрөнгө оруулалт мэлхий шээсний хэмжээнд 400-хан сая доллар. Уул уурхай, барилга гээд мөнгөний эргэлтийн гурван гол салбарын хоёр нь зогссон.Хүн бүхэн байгаа мөнгөө гаргахгүй мөнгөний урсгал царцсан.Үлдсэн жаахан мөнгө нь хурдан эргэлдэж байгаа гэдэг нь үнэндээ хүмүүс нэг газраас мөнгө аваад нөгөө газартаа өрөө дараад байгаатай холбоотой.Г эхдээ ийм байна гээд шууд хэмнэнэ гэдэг хандлагаа бид үеийн үед бариад байх уу. Мэдээж хэрэггүй зүйлийг хэмнэхэд буруу зүйл үгүй.Аймаг бүрт угталтын хаалга барих, жилдээ ганц наадмаар ашигладаг стадион шовойлгох, ойн баяр угтаж ойролцоох уулан дээрээ бурхан багшийн, эсвэл Чингис хааны хөшөө босгох зэргийг хойш нь тавих учиртай.Гэхдээ хэмнэх зүйл, хэмнэхгүй зүйл гэж бас байна аа. Жишээлхэд, дугаар хорооны иргэн Дорж төлбөртэй телевизийн суваг, шинэ загварын Iphone утсыг нэг удаа хойш нь тавьж болно.Гэхдээ хэмнэнэ хэмнэнэ гээд хүүхдээ сургуульд явуулахгүй байж болохгүйтэй л адил.Тиймээс хэмнэх, хэмнэхгүйн тухай ярьж мэтгэхээсээ урдаар хэмнэснээр ямар зүйл өөрчлөгдөх, хэмнэхгүй байснаар юунд хүрэх гээд байгаагаа бодох нь хамгаас чухал.

Төсөв юуны тулд оршдог вэ?

Тиймээс бид улсын төсөв юуны тулд оршин байдаг, ямар зорилгод үйлчилдэг болохыг бодолцож үзэх хэрэгтэй. Төлөвлөж, төсөвлөж, төрийн бүхэл бүтэн аппарат юуны төлөө ажиллаж байгаа юм бэ?

Улсын төсөв бол нийгэм эдийн засгийн тулгуур болсон Макро эдийн засгийн үндсэн таван үндсэн зорилгыг хангах хоёр гол хөдөлгүүрийн нэг. Уг таван зорилго нь :

  1. Эдийн засгийн өсөлтийг хамгийн их байлгах
  2. Ажилгүйдлийг хамгийн бага байлгах
  3. Үнийг тогтвортой байлгах
  4. Төлбөрийн тэнцлийг тэнцвэртэй байлгах
  5. Төсвийн алдагдлыг хамгийн бага байлгах

 

Дээрх таван зорилгыг Монголын төрийн зүтгэлтнүүд, тэр тусмаа сайд нар бүгд цээжлээд, ханан дээрээ хадах хэрэгтэй мэт санагдах юм.Энэ таван зорилгыг тавууланг нь хангаж тоглолт явуулна гэдэг бараг боломжгүй.Харин тухайн улс орны хөгжлийн түвшин, зорьж буй зорилго, хүсэл тэмүүллээс шалтгаалж алийг нь чухалчилж үзэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.

Дээрх таван зорилгыг хэрэгжүүлэх хоёр үндсэн арга бий. Нэг нь мөнгөний бодлого, нөгөөх нь төсвийн бодлого.Мөнгөний бодлого эдийн засагт 100 хувь шууд нөлөөлнө, харин төсвийн бодлого улсын төсөвт тухайн эдийн засагт хэдэн хувь эзэлж байгаагаас шалтгаалж 50 орчим хувиар нөлөөлдөг.Тиймээс хэмжээ, нөлөөлийнх нь хувьд төсвийг макро эдийн засгийн дээрх таван зорилгыг хангах хоёр том хөдөлгүүрийн нэг гэж хэлээд байгаа юм. Төсөв нь нийт эрэлт, валютын ханш, худалдааны тэнцэл, инфляци, үйлдвэрлэл зэрэг амин чухал таван хүчин зүйлд шууд нөлөөлдөг учир тухайн орны эдийн засгийн өгсөж уруудах, унаж доройтохтой холбоотой.

Чухам юу нь чухал вэ?

Монголын эдийн засаг онолын хувьд хямраагүй мэт боловч амьдрал дээр тийм биш.Ягл шүдэнз зурвал дэлбэрхэд бэлэн шатахуун асгасан өрөө шиг байна. Гэхдээ хараахан гал авалцчихгүй байгаа нь үнэ тогтвортой байгаатай холбоотой. Дэлхий нийтэд түүхий нефтын үнэ унасаар байхад манайд бензиний үнэ яагаад буухгүй байна гэж ярих хүн бий. Гэхдээ үнэ буулгах биш энэ хэмжээндээ тогтвортой байлгах нь одоогийн засгийн гол зорилго болоод байна. Засгийн газар үүлэн чөлөөний нар шиг энэ үзэгдлийг овжин ашиглаж нилээд хэмжээний орлого төсөвтөө хуримтлуулж байгаа.

Харин энэ удаагийн төсөвтэй холбож үзсэн ч тэр, урт хугацааны бодлогоо харсан ч тэр өнөөдөр Монголд хамгийн ихээр анхаарах ёстой макро эдийн засгийн үзүүлэлт бол ажлын байрыг хадгалж үлдэх.Ажилтай хүн л хүнд цаг үеийн шүд зуун давж чадна. Ажилтай, орлоготой Монгол хүн гэх уриаг нь ард түмэн дэмжиж сонгосныг мартаж боломгүй. Гэтэл засгийн газар ажлын байрыг хадгалах биш харин цомхотгох бодлого барьж нилээд шүүмжлэл хүртлээ. Өөрөө бий болгоод, өөрөө тасдаж хаяад байхаар шүүмжлэгдэлгүй ч яахав.Үнэндээ Засгийн газрын айж байгаа гол зүйл нь эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах мөнгийг хаанаас олох вэ гэх асуулт.

  • Мөнгөө Төв банкнаас хэвлэхээр инфляц өснө. Ингэснээр юмны үнэ дагаж өсөөд нөхцөл байдал хүндэрнэ. Энэ нь явсаар тогтмол орлоготой дундаж хэсгийн амьдралд муугаар нөлөөлнө.
  • Мөн инфляци үргэлж 10-с доош байжл эдийн засаг өснө гэсэн хатуу итгэл үнэмшил.

Дээрх хоёр шалтгаан л хэмнэлт, хэмнэлт гэж Засгийн газрын чихэд шивнээд байх шиг.Гэтэл дээрх хоёр тайлбар онол дээрч, амьдралд ч өрөөсгөл.Үнэндээ тогтмол орлоготой хүмүүсийг хамгаалахын тулд инфляцыг бага байлгах нь тэдгээр хүмүүсийн ирээдүйн бүх орлогыг боомилж байгаа хэрэг.Нэг сая төгрөгийн цалинтай хүн ийм нөхцөлд хэдэн саяын орлоготой болохгүй.Хэмжээг нь хязгаарласан хайрцагт буй хүн байгаа жаахан юмаа арвижуулах биш хүргэх гэж л зүтгэж амьдрахболно. Ер нь бол хүмүүсийн ирээдүйн өсөн дэвжих тулах цэгийг нь төрийн төмөр нүүрээр өшиглөж унагах нь бүр ч том хямралын үндэс болох үндэслэлтэй.

Өнөөдөр Монгол улс байгаа жаахан юмаа хүргэж ядан амь зогоох биш чадлын хэрээр дээш мацаж хямралаас гарах нь чухал.Иймээс улс орон маань макро эдийн засгийн нэгдүгээр зорилго эдийн засгийн өсөлтийг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй болж байна.Гэтэл инфляцаа бага байлгана гээд дайраад байвал ямарч сайхан хөтөлбөр хэрэгжүүллээ гээд мөнгө байхгүй, мөнгө байхгүй бол хөрөнгө оруулалт байхгүй болно. Хөрөнгө оруулалтгүй бол нөгөө гол дайсан хямралаасаа гарч чадахгүй. Энэ чинь бөхөөр бол мэххийлгүй тойрч гүйгээд торгуулиад байгаатай ижил. Дээрээс нь мөнгө байхгүй бол хүмүүс ажилгүй болж эдийн засаг урагшлах биш эхэндээ зогсох, яваандаа ухрах, уртдаа унах аюултай тулгарна.

Мөчлөг сөрөх бодлого...

Хэмнэнэ гэдэг хямралаас гарах арга биш гэдэг нь дэлхий нийтээр батлагдсан зүйл.Харин хямралаас гарахын тулд төр засаг зардалаа улам өсгөж, эдийн засгийн цусны эргэлтийг хангаж, ажлын байрыг хадгалж, болвол нэмж байх ёстой.Үүнийг мөчлөг сөрсөн бодлого гэдэг.АНУ-ын эдийн засгийн гол зорилгыг эрэмбэлвэл нэгдүгээрт ажлын байрыг хадгалж үлдэх явдал ямагт ордог.АНУ-ын холбооны нөөцийн сангийн үндсэн дүрэм (“The Federal reserve mandate”)-д: “The board of federal Reserve and The Federal Open Market Committee shall maintain long run growth of the monetary and credit aggregates commensurate with the economy long run potential to increase production so as to promote effectively the goals of maintain employment stable prices, and moderate long term interest rates” буюу “Ажил эрхлэлтийг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулахын зэрэгцээ урт хугацаанд хүүгийн түвшинг боломжийн хэмжээнд барихгэж тунхагласан байдаг.

Уншигч авхай та зохиолч Теодер Драйзерийн “Керри эгч” хэмээх адал сонин атлаа уярам түүхээр баялаг зохиолыг санаж байгаа байх.Гол баатар Керригийн хоёр дахь нөхөр өнөөдрийн Монгол шиг эдийн засгийн хямралд өртдөг.Тэрээр хэмнэх гэж бүх хүчээ шавхаж, түүнийгээ хамгийн зөв зам, өөр арга байхгүй гэж бат нот итгэдэг. Харамсалтай нь хэмнэх тусам байдал нь улам дордож, хэрэглээ нь уруудах тусам сэтгэл санаагаар унаж,ганцаардаж, өрөөний мухарт өдөржин зуухны ам сахин бодлогоширч суух болдог.Ингээд цаг хугацаа явах тусам дордсоор эцэстээ гудамжинд гардаг. Гэтэл “Керри эгч” зориг гарган жүжигчин болохоор шийдэж түүндээ цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулсан нь түүнийг од болгоно.Өөрийн давуу талдаа улам бүр хөрөнгө оруулах болж, тэр чинээгээрээ өсөн дэвжиж, Нью-Йоркийн хамгийн үнэтэй буудалд байрлаж, хамгийн тансаг үдэшлэгт уригдан аз од нь гийж амьдардаг.Гэтэл түүний харамч, салсан нөхөр нь Керригийн тансаг амьдралыг мэдэж уулзах гэсэн боловч шүтэн бишрэгчдийнх нь хөлд дарагдаж, сүйх тэрэгний хөтчид хөөгдөж, нойр хоолгүй алхасаар эцэстээсүүлчийн амьсгалаа хүйтэн гудманд татдаг.

Ерөөс хувь хүний хувьдч, улс орны хувьдч хямралаас хэмнэж, хэрэглээгээ танах замаар гардаггүй. Гэхдээ юугаа ч хамаагүй үрээд байж болохгүй.Харин бид хэн бэ, юу чаддаг, юугаараа бусадтай өрсөлдөж чадах юм бэ гэдгээ сайтар тодорхойлж, түүндээ хөрөнгөө зарсан шиг зарах ёстой. Иймээс “буруу хэмнэлт”-ээс зайлж, “зөв үрэлт” хийх нь Монголын төр засгийн үндсэн бодлого байх учиртай хэмээн мунхаглах юм.

 

Буянаагийн Ган-Очир