Б.ШИРНЭН

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг хэд болгож бууруулах вэ гэдгийг Засгийн газар шийднэ. Гэхдээ энэ зээлийн хүүг 5 хүртэл хувь болгон бууруулах боломж бий гэж сөрөг хүчнээс бусад намууд мэдэгдэж, хамтарсан хуулийн төсөл өргөн барьсан. Улстөрийн хүчнүүд нэгэнт зээлийн хүүг бууруулах асуудлаар тохиролцсон тул Засгийн газар ч даруй зээлийн хүүг бууруулах байх гэсэн хүлээлт нийгэмд үүслээ. Тэгвэл өчигдрөөс иргэдийн сонирхож байсан Иргэний болоод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хэдийгээр Хуульзүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр дэмжсэн ч, цаана нь УИХ-ын болон байнгын хорооны гурван удаагийн хуралдаанаар орж, шийдэгдэх хуультай. Багцаагаар энэ нь хоёр долоо хоног. Үүний дараа 5 хувийн хүүтэй зээлийн дүрэм, журам гэсээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэнчлэн Сар шинийн өмнөхөн УИХ, Засгийн газар хамтарч байгаад ипотекийн зээлийг гацаанаас гаргаж магадгүй гэж горьдож болох нь.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гэж эцсийн зогсолт бийг мартаж болохгүй. Үндсэн хуульд Цэцийн шийдвэр эцсийнх байна гэж заасан тул хэнбугай ч, ямар ч шийдвэр, хууль гаргасан Цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд Үндсэн хуулийг хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэрийг ямар ч хуулиар засч, өөрчилж болохгүй. Харин Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх боломж бий. Тэгвэл өчигдөр УИХ-ын Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн Иргэний болоод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл нь Цэцийн шийдвэртэй дахин харшлах вий, гэсэн болгоомжлол бий боллоо.

Жишээ нь, нэмэлтээр
* Иргэний хуульд “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн нэмэлтийг
* Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн нэмэлтүүдийг тус тус оруулахаар болж байгаа юм.
Энэ нь банкны барьцаанд байгаа байраа зарах, түрээслэх, бусдад шилжүүлэх гээд аль нь ч байсан банкны зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй л гэсэн үг. Өмнөх шигээ арилжааны банкуудад таатай нэмэлтүүдийг хуульд оруулбал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох нь мэдээж л дээ. Гэвч ингэснээр ипотекийн зээлийн маргааныг УИХ ор мөргүй булшиллаа гэсэн үг огт биш. Тухайлбал, дээрх хуулийн нэмэлт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах талаарх зохицуулалтыг тусгаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг баталгаажуулах л зорилготой байгаа юм. Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал ч энэ агуулгаас гажихгүй тул иргэн өөрийн барьцаанд байгаа орон сууцыг худалдах, түрээслэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах бол банкнаас зөвшөөрөл авна аа л гэсэн үг шүү дээ. Яг өмнөх шигээ. Гэтэл эцсийн шийдвэрийг гаргасан Цэц ипотекийн зээлээр авсан орон сууцаа түрээслэх, зарах зэрэг нь өмчлөгчийн эрх, арилжааны банкинд хамаагүй гэж үзсэн байдаг. Цаад утгаараа тухайн орон сууцыг арилжааны банк ашиглаж болж байгаа юм бол иргэнд ч энэ эрх нь нээлттэй үлдээсэй гэсэн утгатай. Гэтэл Үндсэн хуульд нийцэж өөрчлөгдөх ёстой Иргэний болоод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн нэмэлтүүд Цэцийн шийдвэртэй шууд зөрчилдөж байгааг харж, уншиж болно. Тиймээс асуудал цаашид хэрхэн өрнөхийг тааварлах боломжгүй байгаа юм.

Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаас харахад ч энэ асуудал цаашид үргэлжилж магадгүй шинжтэй байсан юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийг “сумлаад” байгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн цэц шийдвэрийн үндэслэлээс гадна үр дагаврыг нь хардаг байх ёстой. Шийдвэрээ судалгаа, тооцоо, үндэслэлтэй гаргахаас өмнө үр дагавараа харах нь олон улсын Үндсэн хуулийн шүүхүүдэд тавигддаг стандарт шаардлага” гэж хэлнэ лээ. Өөрөөр бол, Үндсэн хуулийн цэц арилжааны банкууд зээлээ зогсооно гэдгийг урьдчилан хараад, Үндсэн хууль зөрчсөн гэх баримт сэлтээ дараагийн ээлжид үнэлэх ёстой байсан юм уу даа. Ингэж л ойлгогдож байгаа юм. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ “Үндсэн хуулийн маргааныг шийдэх процесст тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэн нэгний захиалгаар, хэн дуртай нь өргөдөл гаргаж, Үндсэн хуулийн цэц түүнийг нь гүйцэтгэдэг болчих вий. Үндсэн хуулийн асуудлаар маргаан үүсгэх субьект хэн байх вэ, гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэж Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслийн талаар сануулж байв.

Харин ипотекийн зээлийн гацааны асуудлаар буруутгагдаж байгаа МАН-ынхан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хоёр хуулийн төслөөс завсарлага аваад байсан юм. Тэдний завсарлага өчигдөр үдээс хойш дууссан ч ирц бүрдээгүй шалтгаанаар Хуульзүйн байнгын хороо Цэцтэй холбоотой асуудлыг хэлэлцэж чадаагүй билээ. Мөн энэ хуулийн төслийг “барьцаа” гэж харах улстөрчид байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар цэцийн гишүүдийн ажиллах нас 65 болно. Мөн зургаан жилээр томилогдсон цэцийн гишүүдийг дахин нэг удаа сонгох боломжтой зэргээр Үндсэн хуулийн цэц рүү “дайралт” хийх нь ихэсч байгаа гэх. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “Цэцийн гишүүдийг явуулж, өөрдсийн хүнийг томилох гэсэн улс төр” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурдсан байгаа юм. Нөгөөтэйгүүр, ипотекийн зээлийг сэргээх гэж буй хуулийн нэмэлт нь мөн л Үндсэн хуультай харшлах тул Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар “тохиролцож” байгаа гэх нь ч байна.

Ямартай ч, энэ маргаан арилжааны банкуудад болоод Засгийн газар, улс төрийн намуудад ихээхэн боломж олгосон үйл явдал боллоо. Зарим нь ч завшиж байх шиг байна. Жишээ нь, арилжааны банкууд хувийн бизнес эрхэлж байгаа мөртлөө “эрсдэлтэй” гэж үзээд зээлээ хаав. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэх дөхсөн тул Засгийн газар, УИХ ёстой буланд шахагдаж, зээлийн хүүг бууруулах, үргэлжлүүлэн олгоход шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг эрэлхийлж байна. Уг нь, Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийг арилжааны банкууд зогсоож, хүчин төгөлдөр байгаа шийдвэрийг эсэргүүцэх боломж зах зээлийн нийгэмд бараг байх ёсгүй үзэгдэл. Гэтэл арилжааны банкууд Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэж, УИХ-ын гишүүдийг хөдөлгөж чадлаа. Дээрээс нь урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ёстой амлалт зээлийн хүүг таван хувь болгох тухай дуулианд нам дарагдав. Найман хувийн хүүг л зургаа, бүр тав болгож байвал урьдчилгаа төлбөр ч өнгөрч, энэ нь ч ашигтай гэдгийг Засгийн газар, УИХ-ын гишүүд хэлж ярьж байгаа учраас тэр. Гэхдээ цэвэр эдийн засгийн харилцаа талаасаа бол 14 хувийн инфляцтай байхад гаргасан ипотекийн найман хувийн зээл өнөөдөр 2.9 хувийн инфляцтай байхад тав хүртэл хувь болж буурах боломжтой гэж үзэж байгаа юм. Ямартай ч, зээлийн хүүг тав болгочихвол чөтгөр байсан ч сонгоод өгий гэж байхад тээг болж ипотекийн зээлийг зогсоох зоригтон байна гэж үү.
Эх сурвалж: www.assa.mn