Дотоодын барилгын компаниас орон сууц худалдан авбал таван хувийн хүүтэй зээлд хамрагдана
2016/01/16
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр барилгын компаниудын захирал болон материал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан юм. Тэрээр хэлэлцүүлгийн эхэнд уулзалтынхаа зорилгыг танилцуулсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн ипотекийн зээл зогссон. Харин УИХ-аар уг зээлийг үргэлжлүүлэхээр хэлэлцэж буй. Мөн зээлийн хүүг бууруулж жилийн таван хувийн хүүтэй болгох талаар яригдаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан орон сууцны үнэ өсөх эсэх талаар хэлэлцүүлэг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга илтгэл тавихдаа “Ипотекийн зээлийг галт тэрэгтэй зүйрлэвэл ардаа чиргүүлтэй галт тэрэг гэсэн үг. Ипотекийн зээлийн араас барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгчид, тавилгынхан гээд маш олон салбарынхан явж байдаг. Барилга угсралтад л гэхэд 77 мянган хүн ажиллаж байгаа. Ипотекийн зээл зогссон нь дан ганц байр худалдан авах иргэдэд хамаатай асуудал биш. Барилгын бүхий л салбарт нөлөө нь мэдэгдэж байгаа” гэсэн юм. Тэрээр илтгэлийнхээ дараа барилгын компанийн захирлуудаас “УИХ-аас ипотекийн зээлийг шийдэх хамгийн сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 28. Тэр үед орон сууцны үнэ өсөх үү гэх асуулт иргэдийн дунд бий. Зээлийн хүүг бууруулах гэж байгаатай холбогдуулан зарим барилгын компаниуд эхнээсээ үнээ нэмээд эхэлчихэж. Зайсанд байдаг “Энхжин” гэж хорооллын үнэ нэг кв.м нь 1.9 сая байснаа зээлийн хүү буурах сургаар 2.3 сая болчихсон байна” гэлээ. Т
үүний хариултад Барилгын үндэсний ассоциаци болон компанийн захирлууд үнэ буурахгүй, харин ч зах зээл дээр байгаа бэлэн орон сууцтай компаниуд өрсөлдөөний журмаар үнээ буулгах ёстой гэсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Зээлийн хүүг бууруулж байгаа. Гэхдээ тодорхой шаардлага тавина. Жишээлбэл, гадны хөрөнгө оруулалттай, гадаад ажилтан цалинжуулж байсан барилгын компаниас зээл авбал найман хувийн хүү төлнө. Харин Монголд үйлдвэрлэсэн материал хэрэглэж байсан, монгол ажилтнаа цалинжуулж байсан дотоодын компанийн барьсан орон сууц худалдан авбал таван хувийн хүүтэй зээл олгоно” гэлээ. Харин барилгын компаниудын зүгээс ипотекийн зээл хэр урт настай байхыг асууж байв. Үүнд УИХ-ын дарга “Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэр эдийн засгийн суурь ухагдахуунаа үгүйсгэсэн, мөн олон мянган залуус байртай болох, дээр нь барилгын салбарт ажиллаж байгаа олон мянган залуусын эрх ашгийг хөндсөн шийдвэр байсан. Бид ипотекийн зээлийг АНУ-аас хуулбарлан авсан. АНУ тус зээлийг олгохдоо улс орон нь эдийн засгийн хямралтай байх үед эхлүүлсэн байдаг. Зээлийг хэрэгжүүлэхдээ 30 жилийн турш төрөөс нь санхүүжүүлсэн түүхтэй. УИХ Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль батална. Уг хууль батлагдсанаар тус сан 2.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй болох юм. Энэ нь эргээд Засгийн газраас иргэдэд өгөх ёстой өр болно. Нийгмийн даатгалын санд хуримтлуулж ирсэн шимтгэлийн тодорхой хувийг үе үеийн Засгийн газар өөр зүйлд ашигласан учраас тэр өрөө төлж санд 2.5 их наяд төгрөг хуримтлуулна” гэлээ. Уг төсөл дээр Монголбанк, Монголын ипотекийн корпораци менежмент хийн иргэдээ орон сууцтай болгох ажлыг арилжааны банкаар дамжуулан олгох ажээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга бизнесийн моргейжийн зээлийн талаар мэдээлэл өгсөн юм. Нэг ёсондоо бизнес эрхлэгчид банкны лизингээр тоног төхөөрөмж худалдан авч, барилгаа урт хугацааны моргейжийн зээлээр авах боломжтой болж байгаа ажээ. Уг зээлийг орон сууцныхтай адил буюу 20 жилийн хугацаатайгаар олгох юм байна.
С.АЛТАН
zochin · 2016/01/17
barilgiin vne byyrax tsag bolcon barilgiin kompanyyd xyamdxan zaxialga abch exelsen shvv dee Balilgiin kompanyydiig dampyyrlaas xamgaalaad ard tvmen vnetei oron syyts abch xoxirox ecgvi shvv Enxboldoo