Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Айл бүрт энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид дундаа өрнөж буй. Тавгийн идээний хэвийн боов, чихэр жимс, ууц, бууз банш, ирсэн зочдын гарыг цайлгах бэлэг сэлт гээд базаах зүйл мундахгүй их.

 

Ингэхээр жилийн хамгийн их мөнгө зарцуулдаг баяр бол яах аргагүй сар шинийн баяр болж таарч байгаа юм. Ах дүү, хамаатан саднаараа цуглардаг ганц баяр болохоор ч тэрүү айл бүр л аятайхан том ууцаар ширээгээ чимэх гэж их мөнгө зарлагадана. Сар шинийг элбэг дэлбэг угтвал тэр хирээр ирэх жилдээ өнгөтэй өөдтэй явна гэсэн бичигдээгүй хууль бидний амьдралд үйлчилдэг болохоор тэр биз. Гэхдээ жил бүр олны нүдийг орой дээр нь гаргах шахдаг зүйл бол ууцны үнэ ханш.

Тиймээс ч манай сонины сурвалжлах баг Цагаан сарын тавгийн идээг чимэх цагаан идээ, хэвийн боов хийгээд хонины ууц, үхрийн өвчүүний үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.

Хонины ууц дундаж нь 120-150 мянган төгрөгийн үнэтэй байна

Бидний зорин очсон эхний газар бол махны худалдааны төвлөрсөн зах “Хүчит шонхор”. “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тарган хонины ууц байна”, “Дундговийн тарган сайхан ууц байна” хэмээн өөрийн зарж буй малын махны амт шимт, тарганыг нь магтах малчид, махны ченжүүдээр зах дүүрчээ. Биднийг очиход өглөөний 09.00 цаг болж байв. Тиймээс ч хүйтний жаварт зарим малчид нь бээрч зогсох бөгөөд хурдхан махаа борлуулаад буцахыг хүсч буй нь илт. Энэ үед хамгийн том ууц 190 мянга, арай бага нь 170, 160 мянга, дундаж нь 120-150 мянга гэсэн ялгамжтайгаар худалдаалагдаж байсан юм.

Түүнчлэн, жижиг сүүлтэй туранхай гулууз мах кг нь 3500-3800 төгрөгөөр зарагдаж байв. Харин үдээс хойш болоход хамгийн том ууц нь 350-400 мянга, дундаж нь 120-200 мянгын үнэд хүрэх нь тэр. Өглөө эрт ирсэн малчдын зарим нь буцаж, худалдан авагчид нэмэгддэг энэ үеэр ууцны үнэ ийнхүү өсч байлаа. Ченжүүд даам гарч эхэлсэн нь энэ. Настангуудын баярын ширээг чимэглэх том ууц зөвхөн “Сар шинийн ууц” гэдэг үзэмжээрээ шүдлэн үхрийн дайтай үнэлэгдэж буй нь энэ. Угтаа жингээр нь тооцвол эдгээр ууц хамгийн ихдээ 40 кг жин татах байсан болов уу. Харин үүнийг кг-ийнх нь үнээр бодвол 152 мянга орчим төгрөг болно.

Гэтэл энэ мөнгөөр ердөө дундаж хэмжээтэй ууц авах нь. Жаахан дэгсдүүлж хэлбэл, хонины мах кг нь 3800-тай байгаа энэ үед “хонины мах бишээ, ууц болохоороо ийм үнэтэй байгаа юм” гэж хэлж буйтай адил сонсогдож байгаа биз. Өнгөрсөн жил ч гэсэн хонины ууц 300-400 мянга хүрч байсан удаатай.

Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй хямд байсан ч, сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд тарган хонины ууцны үнэ буурсангүй. Харин үхрийн өвчүүний хувьд хэмжээгээр нь бус кг-аар худалдаж байлаа. Ширээн дээр тавихад тарган ууц сайхан харагдах ч, дараа нь идэхэд үхрийн өвчүү нь амттай байдаг гэх хүн ч бий. Тэгвэл “Хүчит шонхор” зах дээр үхрийн өвчүү кг нь 6000-7000 байх бөгөөд жингээсээ шалтгаалаад, 40-150 мянгын хооронд байлаа.

Худалдагч нь хэн байхаас хамаарч, кг-ийг нь 4000 төгрөгөөр зарах тохиолдол байсныг дурьдах хэрэгтэй. Биднийг очиход 11.6 кг жинтэй үхрийн өвчүүг нэгэн хосууд 40 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Тиймээс яриа сайтай хүн үхрийн өвчүүг 40 мянга хүртэл нь буулгаж авч чадах аж. Түүнчлэн баярын бууз, баншаа хийх жижиглэнгийн махны үнийг сонирхвол хонины нэг килограмм цул мах 5000, ямаа 4000, үхэр 6600, адууных 3000-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хонины ястай мах нэг килограмм нь 4000-4200, үхрийнх 6000 төгрөг, адууных 4800-5000 төгрөгийн үнэтэй байсан юм.

 

Саран хэлбэртэй ааруул кг нь 12000…

“Хүчит шонхор” зах дээр цагаан идээ борлуулах тасаг бий. Тэнд шар тос, өрөм, хорхой ааруул гээд бүх л төрлийн цагаан идээ байх аж. Тус тасагт хорхой ааруул кг нь 12000, шар тос кг нь 8000, сүүн хурууд кг нь 15000, өрөм 8000, голланд шар тос 4000, мөн янз бүрийн хэлбэр хэмжээтэй тавгийн идээн дээрээ чихрийн оронд хэрэглэх ааруул 8000 төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн үед хот, хөдөөгийн айл өрхүүд тавгаа хэвийн боовоор бус, ааруулаар засах болсон.

Тэгвэл саран хэлбэртэй ааруул кг нь 12000 төгрөгийн үнэтэй байна. Энэ төрлийн ааруулны таван ширхэг нь нэг кг болно. Ингэхээр тавагаа гурван үеэр засах залуу гэр бүлийн хувьд багаар бодоход 15 ширхэг ааруул орно гэж тооцвол 36 мянга орчим төгрөгөөр тавгийн идээгээ засах боломжтой юм билээ. Цагаан идээний хувьд “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зэрэг захуудад яг адил үнээр худалдаалагдаж байсан юм. Мөн хэвийн боовны үнэ ч адилхан байв.

Тус хоёр захад Гандангийн шар тостой гааланжуур хэвийн боов 2500, Хишигийн хур 1800, Гандангийн ширхэнцэг 2600, АМДЭ 2000, Өнхрүүш 1300, Суман гүний Өлзий 2300, бамбууш үйлдвэрийн хэвийн боов 2800, Тахилын хэвийн боов зургаан ширхэг нь 7500 төгрөгийн үнэтэй байна. Улмаар 15 ширхэгээс дээш хэвийн боов авсан тохиолдолд нэг ширхэг суурь еэвэн дагалдах аж. “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зэрэг захаар явж, мах, хэвийн боов, цагаан идээний үнэ судалсны дараа бид томоохон их дэлгүүр, худалдааны төвүүдийн өмнө нээгдсэн сар шинийн баярын идээний үзэсгэлэнг зорилоо.


 

Ааруулаар зассан тавгийн идээ дундаж ууцны үнэтэй тэнцэнэ

“Скай” их дэлгүүрийн гадна хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь тус дэлгүүрийн гадаа талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байгаа юм. Энд ихэвчлэн Архангай аймгийн Тариат, Чулуут сумын цагаан идээ худалдаалагдаж байв. Тухайлбал сүүтэй, аарцтай янз бүрийн хэлбэр дүрс оруулж хийсэн ааруул, шар тос, тогооны өрөм, хайлмаг, сүү, аарц зэргийг худалдаалж байв. Цагаан идээ бүхэн хажуудаа амталгаатай байх аж. Энэ талаар худалдагч М.Пүрэв “Сүүлийн үед олон худалдааны төвүүд нээгдсэн. Үүнээс болж хүмүүст илүү олон газраас сонголт хийх боломж нээгдсэн.

Тэр хэрээр худалдан авагчаа алдах тохиолдол ихэссэн. Бид амталгаа явуулснаар өөрийн бүтээгдэхүүний чанарыг сурталчлаад зогсохгүй, үйлчлүүлэгчдэд амталж үзээд таалагдвал авах боломжийг нээж өгч байгаа. Нөгөө талаар үйлчлүүлэгчээ алдахгүй байх давуу талтай” гэв. Худалдагч бүр тус үзэсгэлэнг сонирхож ирсэн хүн бүрт “Амталж үзээд аваарай, Энэ нь сайхан амттай шүү” зэргээр өөрийн цагаан идээг сурталчилна. Энд “Хүчит шонхор” зах дээр 8000 төгрөгийн үнэтэй байсан тогооны өрөм 10 мянга болж, чихэртэй ааруул 12-13 мянгын хооронд байх юм. Харин кг нь 15 мянган төгрөгийн үнэтэй байсан сүүн ааруул 22 мянга, еэвэн ааруул 15 мянга, шар тос 9000, аарц 3000, сүү 3000, хайлмаг 10 мянга төгрөгийн үнэтэй байлаа. Мөн ааруулаар зассан тавгийн идээ ч зарагдаж байсан.

Энэхүү тавгийн идээ 150-200 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд худалдагчид ч энэ жил нийслэлчүүд тус тавгийн идээг илүү их сонирхож байгааг ам уралдан ярьж байв. Харин хэвийн боовны худалдаа Скай их дэлгүүрийнхээ хоёрдугаар давхарт болж байна. “Өгөөж”, “Бамбууш”, “Суман гүн”, “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боовнууд худалдаалагдах бөгөөд 15 ширхэгээс дээш хэвийн боов авсан тохиолдолд суурь еэвэн дагалдуулж байлаа. Бидэнтэй уламжлалт ёс журмаа дагаж хэвийн боовоор тавгийн идээгээ засна гэсэн бодолтой хүмүүс ч таарч байлаа.

Тухайлбал, иргэн Б.Бямба “Манайхан цагаан идээнд тийм ч дуртай улс биш. Ер нь жил бүр хэвийн боовоор тавгийн идээгээ засч ирсэн. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн зүйлээр л тавгийн идээгээ засдаг болсон байна. Тухайн айлын сонголтоос л шалтгаалах байх. Манай гэр бүлийн хувьд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлал ёсоор хэвийн боовоор тавгийн идээгээ засна. Сая 15 ширхэг хэвийн боов авсан” гэсэн юм. “Талх чихэр” ХК-ийн үйлдвэрлэсэн хэвийн боов 2000, суурь еэвэн 3800-16.500 үнэтэй байсан. Харин “Бамбууш”, “Өгөөж” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов 1950-2600 үнэтэй зарагдаж байсан бол гүрмэл боов 2800 төгрөгийн үнэтэй байна.

Цагаан идээний хамгийн их сонголттой Тариат сумынхны үзэсгэлэн

“Скай” их дэлгүүрийн үзэсгэлэн худалдааг орхиж, Бөхийн өргөөний урд талд байрлах Архангай аймгийн Тариат сумын малчдын цагаан идээний үзэсгэлэнг зорилоо. Энд ч гэсэн хөл хөдөлгөөн ихтэй. Хажуудах хүнтэйгээ зөрөх зайгүй шахам бум бужигнаж, түм түжигнэж байна. Тариатынхны энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас хүссэн хэлбэр, өнгө төрхтэй цагаан идээгээ сонгон авах боломжтой юм билээ. Учир нь цагаан идээгээр юу хийж болохыг тэд үзэсгэлэнгээрээ харуулж чаджээ.

Монгол Улсын хамгийн олон малтай, ялангуяа хонь, үхрийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг аймгийн сум гэдэг утгаараа цагаан идээг ашиглан бидний төсөөлж ч байгаагүй янз бүрийн хэлбэртэй бүтээгдэхүүнийг хийсэн байлаа. Бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин, зүрхэн хэлбэртэй, цэцгэн хэлбэртэй, сүүн гээд төрөл бүрийн ааруул тэнд байна. Ааруулыг өнгөнд оруулж, цэцэгнээс эхлээд янз бүрийн хээг ч урласан байх аж. Зөвхөн ааруул ч гэлтгүй, хайлмагийг хүнсний будгаар өнгөнд оруулж, янз бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр борлуулж байсан юм. Тэнд ч гэсэн ааруулаар зассан тавгийн идээ худалдаалагдаж байна. Үнийн хувьд ч сонголттой. Тодруулбал, жижиг 21 ширхэг ааруулаар зассан идээ, суурь ааруултайгаа 60 мянга, 25 ширхэгээр зассан нь 70 мянга, харин том 25 ширхэг ааруулаар зассан идээ 150 мянга гэж байсан юм. Ааруулаар зассан тавгийн идээнээс сонголтоо хийх хижээл насны нэгэн эмэгтэйтэй бид таарлаа.

Энэ эмэгтэйг Н.Наранцэцэг гэдэг бөгөөд тэрбээр бидэнд “Манайх энэ жил ааруулаар идээгээ засахаар шийдсэн. Ааруулаар зассан таваг илүү цэвэрхэн бас дараа нь идэхэд ч амар. Хатаж, хөгцрөх асуудал гарахгүй. Би 150 мянгын идээнээс авсан. Бүрэн чимэглэсэн байсан” хэмээн хуучилсан.

Хэмжээнээсээ хамаарч 60-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх эдгээр тавгийн идээ бүрт нэг кг чихэртэй ааруул, өрөм дагалдуулна гэх худалдагчид ч таарч байлаа. Энэ үзэсгэлэнгээс уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд хэрхэн нийлүүлж байгааг харах боломжтой юм билээ.

Энэ үеэр бид үзэсгэлэнд оролцож буй Архангай аймгийн Тариат сумын малчин Ж.Намдагтай уулзсан юм. Тэрбээр “Энэ жил 300 кг ааруул зарахаар ирсэн. Одоо бараг дуусч байна. Энэ үзэсгэлэн малчдад өөрсдийн гол бүтээгдэхүүн болсон цагаан идээгээ борлуулах боломжийг олгодог. Хүмүүс энэ жил цагаан идээгээр тавгаа засах сонирхолтой байна. Бид ч гэсэн боломжийн үнээр худалдаж байгаа” гэв. Үзэсгэлэнд хорхой, буржгар, чипсэн ааруул 10-12 мянга, тогооны өрөм 10 мянга, тахилын идээ 10 мянга, амталсан тос 1500, хайлмаг 10 мянга, аарц 3000, Сүү 3000 төгрөгийн үнэтэй байна.

Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах цаг болжээ

“Дүнжингарав” худалдааны төвд “Нүнжигтэй цагаан сар 2016 экспо” үзэсгэлэн худалдаа эхлээд хоёр долоо хонож байгаа билээ. Тиймээс тус төвийг зорьсон юм. Биднийг очиход гаднаасаа эхлээд л хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь мэдрэгдэж байв. Учир нь гадаад талбай дахь машины зогсоол нь дүүрч, дотор нь худалдан авалт хийж буй зарим хүмүүст нь амрах сандал олдохгүй, сандал түшиж зогсч байлаа. “Дүнжингарав” худалдааны төв цагаан идээний үзэсгэлэнд зориулж нэлээд том талбай гаргасан байв.

Энд ихэвчлэн чихэр, хэвийн боовны худалдаа зонхилно. “Өгөөж”, “Талх чихэр”, “Суман гүн”, “Бамбууш”, “Тэнгэрийн хишиг” компанийн хэвийн боовнууд зарагдаж байсан юм. Тухайлбал, “Өгөөж” компанийн хэвийн боов 2100, суурь еэвэн 6-23 мянга, “Талх чихэр” компанийн “Атар” хэвийн боов 2000 төгрөг, “Түмэн насан” хэвийн боов 3500-4800, “Тэнгэрийн хишиг” компанийн зүсмэл хэвийн боов 2200, суурь еэвэн 5000-8000, “Алтайн хүү” компанийн гандангийн шар тостой самар, үзэм, шанз бурамтай суурь еэвэн 15 мянга, “Бамбууш” суурь еэвэн жижиг ком есөн мянга, том нь 15 мянган төгрөг. Нэг ширхэг хэвийн боов 2600, “Мөнх-Ундрам” хэвийн боов 2000, гүрмэл 2500 төгрөгийн үнэтэй байв.

Энд хэвийн боовны худалдаа зонхилж байсан учир хэвийн боов худалдан авсан хүмүүс олон байсан. Иргэн н.Батдорж “Бид жил болгон л хэвийн боов авч тавгийн идээгээ засдаг. Энэ жил ч мөн адил тэгнэ. Бид жил бүр л хамаатан садангаараа нийлж хэвийн боовоо худалдаж авдаг. Одоо ч гэсэн цуг явж байна. Бүгд нийлээд авчихбал амар байдаг. Олон дахин явахгүй. Жил бүр л хэвийн боовны үнэ адилхан байдаг. Тэгээд дагалдаж суурь еэвэн бэлгэлдэг. Ер нь цагаан сарын үеэр хэвийн боовоо сайн хямдруулж байвал зүгээр байна. Энэ чинь үндэсний баяр шүү дээ. Айл болгон л хэвийн боов авна. Тиймээс үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй” гэв. Сурвалжлага бэлтгэх явцад “Талх чихэр” зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгчид хэвийн боовоо үйлдвэрээс нь шууд гаргаж, баталгаат хүнсээр хэрэглэгчдээ хангахын тулд сав баглаа боодол дээр нь нэлээд анхаарсан нь харагдаж байв.

Тэр тусмаа “Талх чихэр” компанийн “Түмэн насан” хэвийн боов иргэдийн хувьд хүсэн хүлээдэг брэнд болсон нь илт байсан. Гэхдээ тус бүтээгдэхүүн ихэвчлэн нэрийн дэлгүүрээр худалдагддаг учраас “Талх чихэр” компанийн нэрийн дэлгүүр ачаалал ихтэй байгаа юм аж. Харин зарим компаниудын хувьд хэдэн сарын турш хөлдөөж хадгалж байгаад, сар шинэ дөхөхөөр худалдаанд гаргаж эхэлж буй зөрчил ч ажиглагдаж байсан юм. Тиймээс хэвийн боовны чанар, хадгалалт, баталгаанд анхаарал хандуулах цаг болжээ.

Айраг литр нь 4000 байна

Дүнжингарав худалдааны төв дээр цагаан идээний худалдаа цөөн байв. Ихэвчлэн Архангай аймгийн Тариат сумын ааруул, өрөм болон Говь-Алтай, Хэнтий аймгийн ааруулыг зарах ажээ. Ааруулаар зассан тавгийн идээ суурь ааруултайгаа 130-200 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Мөн хорхой ааруул, буржгар, чипсэн ааруул 13 мянга, харин сүүн ааруул 23 мянга, тогооны өрөм 12 мянга, ээзгий 4000, шар тос 12 мянга, хайлмаг 13 мянга, бяслаг 15 мянга гэж байсан юм.

Тус захын худалдагч н.Номин “Манай ааруул бүгд Архангай аймгийн Тариат сумын ааруул. Ер нь Тариат сумын ааруул хамгийн гоё амттай нь байдаг. Худалдан авалт сайн байгаа. Хүмүүс энэ жил ааруулаар зассан идээ их сонирхож байна” гэв. Энд Өвөрхангай аймгийн Хархорин сумын айраг нэг литр 4000, 10 литрээс дээш 3500 төгрөгийн үнэтэй байсан.

Тус захад ууц болон үхрийн өвчүүний тусгай тасаг байгаагүй. Харин чанасан өвчүү зарж байгаа ганцхан лангуу байлаа. Энд чанасан өвчүү килограммаасаа хамаарч 160-250 мянга байх аж. Мөн гахайн толгой 30-40 мянга, гахайн тагалцагийг 13 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Өвчүү сонирхсон үйлчлүүлэгчид “Өвчүү одоо авбал муудах уу. Дунд зэргийн хэмжээтэй байна уу. Хаана хадгалах вэ. Тагт дээр гаргаад тавьчихвал зүгээр үү” гэх зэргийг шалгааж, зөвлөгөө авч байлаа.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс цааш…

Энэ жил ууц, махны үнэ өнгөрсөн жилийнхийг бодвол арай л хямдхан байна. Харин иргэд хэвийн боовноос гадна цагаан идээ, ааруулаар таваг засах сонирхолтой болжээ. Гэвч цагаан идээ нэлээд үнэд орж. Малчид малынх нь мах хямдарсан болохоор “шарх”-аа нөхөх гэж цагаан идээнийхээ үнийг багагүй нэмж байгаа бололтой.

Бүр таваг засах иж бүрдэл болох 25 ширхэг ааруул, гурван өрөм л гэхэд 150-170 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гэхдээ бүгдээрээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд л цагаан сараа тэмдэглэчихье. Заавал ууц тавиад байх ч шаардлага бас байхгүй шүү дээ. Үхрийн өвчүү тавьчихаж болж байна.

Бүр ёсыг бодож мах чанаад, шүүс бэлтгэчихсэн ч болно. Цагаан сар хэдийгээр Монголын уламжлалт хамгийн том баяр ч гэсэн хэт туйлшраад, зассан идээ, тавьсан ууц, өрсөн архиараа өрсөлдөөд байх юм биш. Боломж боломжоороо тэмдэглээд, хэн хэнийгээ хөлдөө чирэлгүй баярлачихвал л барав. Үүнийг ч иргэд ойлгож эхэлсэн нь сурвалжлага буулгах явцад харагдаж байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү, Н.Батзаяа