Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхээр анх удаа зөвлөлдлөө
2016/02/24
Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи хамтран “Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг өнөөдөр /2016.02.24/-нд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцож, “Инновацийг дэмжих нь”, “”Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зарим боломж”, “Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил”, “Хөрөнгө оруулалт босгосон туршлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.
Зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хүнд үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн гаргасан санаачлагыг бид бодлогын хүрээнд дэмжиж байна. Аж үйлдвэрийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Шинжлэх ухаан үйлдвэрлэлгүй бол үр ашиг муутай зүйл болж хувирна. Тиймээс ч дэлхийн шилдэг шинэ, технологийг эрж хайх, түүнийг оновчтой ашиглахын тулд аж үйлдвэр-шинжлэх ухааны нягт уялдаа холбоог хангах хэрэгтэй. Хэдийгээр манай эрдэмтэд оновчтой олон санал, санаачлагыг гаргадаг боловч үйлдвэрлэлд төдийлөн амжилттай нэвтэрдэггүй. Тэдний санал, санаачлагыг нь бодит ажил хэрэг болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарцыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлага байна. Үүний тулд бид Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиа өөрчилж, хаврын чуулганд өргөн барихаар зэхээд байна. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн салбарын оновчтой хамтын ажиллгааны эхлэл нь хүнд үйлдвэрийн салбарт тавигдах ёстой. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд яригдаж буй томоохон төслүүд болох ган төмөрлөг, зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрс хийжүүлэх, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэхэд салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэшсэн инженер, техникийн ажилчид хэрэгтэй. Үүнийгээ бид ярих гэж, зөвлөлдөх гэж энд цуглаад байна” хэмээн онцлов.
Салбарын стратегийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбартай хамтарна
Аж үйлдвэрийн сайд зөвлөгөөнийг нээж үг хэлсний дараа талууд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн юм. “Аж үйлдвэрийн яам-Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд аж үйлдвэр, технологийг хөгжүүлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, бизнесийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төр шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөл бүхий Үндэсний хороо, зөвлөл зэрэг байгууллагыг оновчтой хэлбэрээр бий болгож, санал, мэдээлэл солилцох, инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн энэ үеэр “Аж үйлдвэрийн яам-ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Ц.Буянцогтоо нар гарын үсэг зурсан юм. Санамж бичигт аж үйлдвэрийн салбарын стратегийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, салбарын кластер, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтрахаар тусгасан байна.
Д.Баттогтох: Өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр монголчуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
/Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга/
-Аж үйлдвэрийн бодлого ямар зураглалаар хөгжих юм бэ гэдгээ бид өнгөрсөн хугацаанд тодорхойллоо. Энэ хүрээнд таван жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны стратегийг батлуулаад ажиллаж байна. Эхний таван жилд бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах улмаар импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилт тавин ажиллаж байна. Ойрын хугацаанд бид хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг урагшлуулах бодлогыг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, зэс, өнгөт металл, нефть, химийн чиглэлийн үйлдвэрүүд хөгжих ёстой. Холбогдох шийдвэрүүд Засгийн газраас гарсан. Тиймээс энэ салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх юм, одоо яригдаж буй томоохон төслүүдээ хэрхэн урагшлуулах талаар бид эрдэмтэн, судлаачид, багш нартай хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголчууд цаашид технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэлийг эрхэлж байж өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр технологийн агууламж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Д.Рэгдэл: Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар хэлэлцлээ
/Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич/
-Зөвлөгөөн үр дүнтэй арга хэмжээ болж байна. Учир нь анх удаа эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, төрийн захиргааны төв байгууллагынхан хамтраад аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар хэлэлцэж байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэр шинжлэх ухаангүй бол харанхуй юм. Шинжлэх ухаан аж үйлдвэргүй бол үндэслэлгүй” гэж хэлсэн нь үнэн юм. Манай улсад аж үйлдвэрийн хөгжихгүй байгаа нь шинжлэх ухааныг оролцуулахгүй байгаатай холбоотой. Үйлдвэрлэлийг цэвэр бизнес болгож хараад байна. Харин Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Энэ цаг үед дээрх холбоог хэрхэн бэхжүүлэх шийдэлд хүрэхэд өнөөдрийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой. Дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүд, том компаниуд судалгаа, шинжилгээндээ 6-7 тэрбум ам.доллар зарцуулдаг. Гэтэл Монгол Улс судалгаандаа 15-16 сая ам.доллар зарцуулж байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Тиймээс ч шинжлэх ухаан- судалгаа, шинжилгээ- үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна.