Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох асуудал сараар хойшлов
2016/03/03
“Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдвээр өчигдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ асуудалд Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд хариулт өгсөн юм. Түүнчлэн Монголын ахмадын холбоо, Стратеги судлалын хүрээлэн, Их дээд сургуулийн багш, судлаачид ч зээлийн хүүний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 64 мянган өрх байна
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 42 мянган иргэнд 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор нийт 77 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас дээр дурдсан 40 гаруй мянга нь шинээр орон сууцтай болсон байна. Үлдсэн хэсэг нь дунджаар 18 хувийн хүүтэй зээлээ найман хувийн хүү рүү шилжүүлжээ. Таван хувь болгон бууруулахад 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Монголбанкнаас Засгийн газар болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа аж. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон шилжүүлэх ажлыг энэ сард бэлэн болгож хийнэ гэж байсан ч ирэх сар хүртэл хойшлуулжээ. Учир нь, УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хуульчлах юм байна.
Таван хувь болгон бууруулахад 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Монголбанкнаас Засгийн газар болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа
Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаас зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх буй аж. Үүнээс зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Тиймээс зээлийн хүүг 5 хувь руу бууруулах ажлыг дөрөвдүгээр сард хийхээр болсон байна.
Гэхдээ Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Ипотекийн зээл үргэлжилж байна. Санхүүжилт хийсэн нөхцөлд цааш үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааг өөрчлөх ямар ч боломжгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байна” гэлээ.
120 мянган малчин 222.7 тэрбум төгрөгийн зээлтэй байна
Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянга нь арилжааны банкнаас малчны зээл авчээ. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17,411 харилцагч байдаг байна. Үлдсэн 103 мянга орчим малчин өрх ХААН банкинд 180 тэрбум төгрөгийн зээлтэй.
Засгийн газраас малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж эхлээд буй. Энэ ажлын хүрээнд малчны зээлийн жилийн дундаж хүү Төрийн банкинд 29.5 хувь байсныг 18 болгож бууруулаад байгаа юм. Тэтгэвэр болон цалингийн зээл 18 хувьтай байхад хөдөө, хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын зээл өндөр байгаа нь шударга бус гэж үзжээ. Тэгэхээр бусад банкууд ч мөн малчдын зээлийн хүүгээ бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг хэлж байв.
Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянга нь арилжааны банкнаас малчны зээл авчээ.
Энэ талаар ХААН банкны гүйцэтгэх захирал Норихито Като “ХААН банкны хувьд малчдын зээлийн хүүгээ хоёрдугаар сарын 26-нд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр 18 хувиар олгох шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь малчдын зээлийг шилжүүлж байна гэсэн үг биш. Тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломж олгож байгаа. ХААН банкны хувьд малчдын зээлийн ихэнх хувийг нуруун дээрээ үүрч явдаг. Малчдын зээл нь байгаль, цаг уурын үзэгдлээс хамааралтай байдаг эрсдэлтэй зээл гэдгийг онцолмоор байна. Малчид маш ухаантай хүмүүс. Тэд цаг уурын нөхцөл байдлаа сайн мэддэг учир эрсдэлээ тооцож түүндээ яг таарсан зээлээ авч, эргүүлэн төлдөг. ХААН банк малчны зээлээ шууд 18 хувь болгох боломжгүй. Гэхдээ цаашид зах зээлийн эерэг нөхцөл байдал бий болвол мэдээж бууруулахад бэлэн” гэлээ.
Малчид маш ухаантай хүмүүс. Тэд цаг уурын нөхцөл байдлаа сайн мэддэг учир эрсдэлээ тооцож түүндээ яг таарсан зээлээ авч, эргүүлэн төлдөг.
Тэтгэврийн зээлийн онцлог, эрсдлийн түвшин зэргээс хамааран зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж арилжааны банкуудын зүгээс мэдэгддэг. Гэтэл тэтгэвэр бол өндөр настай ахмадуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө болохоос биш нэн тэргүүнд зээлийн барьцаа болох эх үүсвэр бол биш. Тэгээд ч тэтгэврийн зээлийн хөрөнгө нь ахмадуудын нийгмийн баталгааг хангахаас илүүтэй гэр бүлийн бусад гишүүдийн шаардлагатай хэрэгцээг хангах хөрөнгийн эх үүсвэрт ашиглагдаж, ахмадуудын хэвийн амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Тэтгэвэр барьцаалж зээл олгосон ч зээлийн эргэн төлөлтийн хэмжээ сард авч байгаа тэтгэврийн 10-20 хувиас хэтрэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэлээ.
Т.Буянаа
Зочин · 2016/03/04
Ипотекийн зээлээ 5% болгооч яагаад хойшлоод б.на
Зочин · 2016/03/03
Ipotekiin zeeliig 5 huvi bolgovol ard irgediiin tatvaraas l teriig banknuudad nuhuj tulnu. Tsaashilval chanargui zeeliin hemjee nemegdej surug nuluu ch ediin zasagt bolj bolno. (2008 ond USA-d bolson shig). sain muug n sain tungaaj baij hiih heregtei. Barilgiin salbaruud zaragdahgui bairuudaa zarahiin tuld ih lobby hiij baigaa baihdaa. 5 huvi bolgoh gej.
zochin · 2016/03/03
Ipotekiin zeeliig xurdan 5% bolgoxiig xvsch baina.Ter ved ni zeelee xuutsulduj bairand oroxoor songoltoo xiigeed baij bainaa.
Иргэн · 2016/03/03
Ипотекийн зээлээ хурдан 5 % болгож ард иргэдийн амьдралд нэмэр болж, барилгын компаниудаа хөдөлгөөнд оруулаач ээ.
zass · 2016/03/03
ger horoolliin hursun deer l oron suuts barihgui bol hichneen humuus bairand orood ene utaa arilahgui l dee
XZ · 2016/03/03
АРД ТҮМНИЙГ ШУЛСАН БАНК