УИХ-ын дарга З.Энхболдын санаачилсан ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөг хүртэл нэг тийш болж чадахгүй Монгол Улсын хэмжээнд орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим айл өрх байгаагийн 64 мянга нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа талаар Монголын ипотекийн корпорацийн мэдээлэлд дурдагджээ. Эндээс орон сууцны хэрэгцээ, 8 хувийн ипотекийн зээл ямар эрэлттэй байгааг анзаарч болно.

 

8 хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орохоор урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байсан Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд амьдардаг иргэн А зээлийн хүүг 5 хүртэл бууруулна, урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр Засгийн газар баталгаа гаргаж 10 хувь болгоно гэсэн улс төрийн амлалтаас үүдэж өдгөө томоохон хүлээлт дунд амьдарч байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд 10 хувийн урьдчилгаа төлбөр, 5 хувийн зээлийн аль аль нь шийдэлд хүрсэнгүй. Цаашид ч шийдэгдэх эсэх нь бүрхэг. Харин энэ завсар хүлээлт л харин хэвээр байсаар байна.

 

байгаа учир зээлд хамрагдахаар урьдчилгаа төлбөрөө бүрдүүлчихсэн иргэн А шиг хүмүүс өдгөө 8 хувийн зээлдээ ч хамрагдаж чадахгүй байгаа талаар олноор гомдоллох болов. Мөн үүний зэрэгцээ барилгын салбар хүнд байдалд орж, зах зээл дээр олон байрны борлуулалт зогссон талаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярьж байна. Тодорхой жишээг Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхоны, “10 хувийн урьдчилгаа төлбөр, хүү бууруулах сургаар иргэдийн дунд маш их хүлээлт үүсээд байна. Үүнээс болж энэ өвөл орон сууц огт борлогдсонгүй, хүмүүс ч 8 хувийн зээлдээ хамрагдаж чадсангүй. Төр засгийн зарим шийдвэрээс үүдэж барилгын салбар хүнд байдалд ороод байна. Ипотекийн зээлийг дахин сэргээсэн ч өмнөхөөсөө хамаагүй хүндрэлтэй болсон” хэмээн ярьснаас харж болно.

 

Хүү буурч магадгүй гэсэн иргэдийн хүлээлт, горьдлогод хаврын чуулган хариулт өгч чадахгүй нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. Учир нь З.Энхболдын ярьсан 8 хувийн хүүг 5 хувь болгож бууруулах асуудлыг арилжааны банкууд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлээд эхэлчихлээ. Үүнийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатын “Ипотекийн зээл одоо үргэлжилж байна. Санхүүжилт хийсэн нөхцөлд цаашдаа ч үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааг өөрчлөх ямар ч боломжгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа” гэсэн ярианаас тодорхой ойлгож болно.

 

Ипотекийн зээлийг 5 хувь болгохыг арилжааны банкууд нэгэнт дэмжихгүй гэдгээ илэрхийлээд эхэлсэн энэ тохиолдолд 5 хувийн зээл хий хоосон амлалт төдий үлдэх нь. Шинжээчдийн зүгээс эдийн засаг хямралтай байгаа манай өнөөгийн нөхцөлд 5 хувь гэдэг бол анхнаасаа үл гүйцэлдэх утопи төлөвлөгөө гэдгийг бичиж байсан.

 

Түүнчлэн арилжааны банкууд 5 хувийн зээлийг дэмжихгүй байгаагийн цаад шалтгаан нь тус зээлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус байгаад оршиж байгаа бололтой. 2013 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн 8 хувийн зээлийг анх санхүүжүүлэхдээ Төвбанк зах зээл дээр их хэмжээний цаасан мөнгийг хэвлэж банкуудад тараасан талаар эх сурвалжууд өгүүлдэг. Улмаар энэ мэт аргаар хэсэг хугацаанд зээлийг санхүүжүүлсний эцэст Чингис, Самурай бондын тодорхой хэсгээр үргэлжлүүлэн амь торгоосон аж.

 

Арилжааны банкуудын зүгээс Монголбанкинд санхүүжилтийн эх үүсвэрээ шийдээд өгчих юм бол 5 хувийг хүлээн зөвшөөрч болох юм гэдгээ илэрхийлээгүй биш илэрхийлжээ. Гэсэн ч Монголбанк санхүүжилт дээр гацсан бололтой. Эдийн засагчдын таамаглаж байгаачлан санхүүжилтийг шийдэх хоёр арга зам байгаа бөгөөд үүнийг нэг нь өмнөх удаагийнх шиг Төвбанк цаасан мөнгө ихээр хэвлэж арилжааны банкуудад тараах. Энэ тохиолдолд зах зээлд гажуудал үүсч ам.доллартай харьцах төгрөгийн ханш улам сулрах эрсдэл бий гэдгийг тодотгож байгаа юм. Өөр нэг арга нь гадны эх үүсвэрээс дахин бонд босгох буюу Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх замаар 5 хувийн зээлийн санхүүжилтийг шийдэх арга замууд байгаа гэнэ. Гэхдээ энэ хоёрын аль нь ч зөв арга зам биш гэдгийг давхар тодотгосон.

 

Товчхондоо нөхцөл байдал нэг иймэрхүү. Тэгэхээр цаашид ч хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхой бус байгаа ипотекийн хүүг бууруулах, урьдчилгааг 10 хувь болгоно гэх мэт улс төрийн популист амлалтаасаа одоо З.Энхболд, З.Баянсэлэнгэ нар “Уучлаарай иргэдээ бид боломжгүй зүйл амлажээ” гэж хэлээд сонгууль угтсан улстөржилтөө зогсоох хэрэгтэй байна. Зах зээл дээр их хэмжээний эрэлт, хүлээлт байгаагаас хойш энэ цаг үед харин эрх баригчид 8 хувийн зээлээ урт хугацаандаа хэрхэн тогтвортойгоор үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал дээр илүү анхаарал хандуулвал зохилтой мэт.

 

Гэхдээ 8 хувийн зээлийг үргэлжүүлж олгохдоо Ипотекийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй юм. Тухайлбал, 80 м.кв-аас доош орон сууцанд ипотекийн зээл олгоно гэсэн зааг хязгаарыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд барилгын зах зээл дээр борлогдохгүй түгжигдсэн 80 м.кв-ээс дээш зай талбайтай эзэнгүй орон сууцууд эзэнтэй болох нөхцөл бүрдэнэ. Ингэж чадвал уналтад ороод буй барилгын салбарыг төрийн зүгээс бодитоор дэмжсэн алхам болж, эдийн засагт цус сэлбэгдэнэ.

 

Р.Улам-Оргих

bolod.mn