Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Б.М, н.Т нар иргэнийг зодсон хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Тодруулбал иргэн Д.Баатархүүг 2016 оны 03 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороонд байрлах дэлгүүрээс зурагт хулгайлсан хэрэгт сэжиглэж байхдаа хэрэг хүлээлгэх зорилгоор зоджээ. Энэ хэргийн улмаас иргэн Д.Баатархүүгийн эрүүний яс цуурч, хоёр гарын бугалга хөхөрч, зүүн гарын шуунд цус хурж, хоёр мөрний зөөлөн эд бяцралт үүсэн байна. Өнөөдөр энэ хэргийг Мөрдөн байцаах газрын тусгай субъектийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Энэ хэргийн талаар хохирогч Д.Баатархүү: “Ажил явдалтай байгаад хөдөөнөөс шууд ээжийндээ ирсэн. Бага насны олон хүүхэдтэй болохоор гэрээ галлаж халаах гээд дэлгүүрээс түлээ авсан. Тэр өдөр нь нүүрс авсан дэлгүүрт хулгай орсон юм билээ. Тэр хэрэгт намайг буруутгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахмад Б.Мижидсамдан,цагдаагийн дэслэгч н.Тулга нар 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн оройн 19 цагт гэрээс ирж цагдаагийн хэлтэст авчраад зодсон. Шөнө 01 цаг өнгөрч байхад намайг явуулсан. Цагдаагийн газрын үүдэнд гэрийнхэн байсан болохоор эргэж орж яагаад намайг зодсон талаар асуухад зодоогүй гэж хэлж байсан. Тэгтэл өглөө нь цагдаагаас машин гаргаж намайг дагуулж “Гялс” эмнэлэгт үзүүлж, зураг авхуулсан. Эрүүний яс хоёр газраа хугаралттай, зүүн гарын шуунд цус хуралттай, хоёр мөрний зөөлөн эд бяцралт зэрэг гэмтлүүд гарсан. Н.Тулга нь чи яасан гүргэр амьтан бэ гээд нүүр рүү оч манартал 2-3 удаа цохиод, өрөөнд байсан модон сандлаар баахан зодоод, цээж рүү нилээн хэд өшиглөсөн. Тэгээд цагдаагийнахмад Б.Мижидсамданнамайг куртикээ тайл гэхэд нь тайлаад өгсөн. Миний куртикээр өрөөнийхөө шалыг арчсан. Тэгээд гар ард нь гавлаад н.Тулга нь гараа хөдөлгөж чадахгүй болтол зодсон. Дараа нь бичлэг үзүүлээд зодоод байсан. Зодож байгаад Б.Мижидсамдан намайг доошоо харж хэвт гээд миний дээр гарч зогсоод гавтай гарыг өргөж, үенээс мултрах шахтал гөжсөн. Гөжиж байх хоорондоо цахилгаан бороохойгоор цахилгаанд цохиулсан. Бичлэгэн дээр миний орсон үе, хулгай гарсан үеийн цаг нь зөрөөд байгааг хэлэхээр ажил заадаг чи хэн бэ гээд зодоод байсан.”

Бид хохирогчтой уулзаж ярилцсаны дараа мэдээллийг тэнцвэртэй хүргэн зорилгоор цагдаагийн ахмад Б.Мижидсамдантай утсаар холбогдоход: “Би мэдэхгүй. Тийм юм ёстой мэдэхгүй, юу юм болдоо мэдэхгүй байна, наадахны чинь талаар” гэж хэлчхээд утсаа тасалчихсан. Дахин хэд хэдэн удаа залгахад бидний дуудлагыг аваагүй юм.

Энэхүү гомдлын дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад:“Энэ хэргийг Мөрдөн шалгах хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсээд шалгалтын ажил хийгдэж байгаа. Одоогоор тухайн цагдаа нарыг албанаас нь түр чөлөөлсөн байгаа. Иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажил үргэлжлүүлэн явагдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, кодыг зөрчсөн тохиолдолд албан шалгалтууд хийгддэг. Гарсан зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлж шалгалтын ажиллагаа хийгдэж явагддаг.” гэж мэдэгдэв.

Харин ажлаас чөлөөлөгдсөн гэгдээд байгаа цагдаагийн ахмад Б.Мижидсамдан, цагдаагийн дэслэгч н.Тулга нар өнөөдөр ажлаа хийсээр байна. Тодруулбал, тэдний ажилладаг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст очиход уулзахаас илтэд татгалзан, жижүүрийн цагдаагаар “Гадуур ажилтай тул байхгүй байна. Маргааш 11 цагт ир ” гэж хэлүүлсэн юм.

 

О.Номин

А.Баярмаа