МоАХ-ы нэр бүхий гишүүд, дэмжигчид Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг огцрохыг шаарджээ. Тэд уг шаардлагадаа "Монголын Ардчилсан холбооны гишүүн байсан Д.Дорлигжав та эрх зүйт төртэй болохоор хөгжиж яваа Монгол Улсын Хууль зүйн сайдын ажлыг хийх эрх зүйн чадамжгүй байна.

 

Таны удирдлагад байгаа цагдаагийн албан хаагчид хүн зодох, тамлах үйл ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчдөг нь ил тод боллоо. Бид ийм ардчиллын төлөө тэмцээгүй. Бид ийм нийгмийг хүсээгүй. Ийм төртэй болох гэж зориогүй юм. Таныг сайн дураараа огцрохыг шаардаж байна!!! Хэрэв эс огцорвол бид дараагийн арга хэмжээг авах болно" гэжээ. Мөн МоАХ-ы нэр бүхий гишүүд өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг дэмжиж, уриалга гаргахаар болсон байна.

 

Мөн УИХ-ын гишүүн, МоАХ-ы дэд дарга Л.Эрдэнэчимэг : "МоАХ-ны квоттой дөрвөн сайд байдаг. Энэ баривчилгаа нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Тэгэхээр цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн газрын хийж байгаа хууль бус ажиллагааг зогсоохгүй бол дөрвөн сайдаа татна гэсэн шаардлага тавьсан.Цагдаагийн ерөнхий газрын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг. Гэтэл томилсон хүмүүс нь эргээд Ерөнхий сайдын удирдлагад орохоо больчихсон юм шиг байгаа юм. Бидэнд цагдаагийн байгууллагын асуудлыг анхаарна гэж хэлдэг атал шийдэгдэхгүй байсаар хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Тэр битгий хэл эмэгтэйчүүд рүү хандсан баривчилгаа ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд цагдаагийн хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна." хэмээсэн юм.

 

П.Мандах