Сүүлийн өдрүүдэд гэмт хэрэг, осол гэмтэл цөөнгүй гарч байна. Өчигдөр буюу есдүгээр сарын дөрөвний өдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 1 дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 

Тэрчлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр таазны хэсэг шатаж байсныг унтраажээ.

Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжины гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж байсныг  унтраажээ. Харамсалтай нь уг галд 3 настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тухайн гэр шатахад хаалга гаднаасаа цоожтой байсан ба эцэг, эхчүүд нь хүүхдээ гэр нь цоожлоод явсан байсан нь тогтоогджээ.

Ийнхүү онц ноцтой хэргүүд ар араасаа гарсаар байгаа тул иргэд, олон нийтийг гэр,  орон сууцныхаа галын аюулгүй байдлыг шалган, аюлгүй байдлыг хангаж байхыг холбогдох албанаас анхааруулж байгаа юм. Түүнчлэн бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь түгжиж орхихгүй байхыг ч мөн сануулж байна.

Б.Хорлоо