​Монголчууд сайн яваа нэгнийгээ “Буурлын буяныг эдэлж явна” гэж хэлэх нь бий. Гэвч энэ нь макро түвшинд бол тийм ч оновчтой үг биш бололтой. Төрийн хэмжээнд бол өмнөх засгийнхаа хийсэн лай ланчгийг шинэ засаг нь үүрч явдаг аж.

Үүний хамгийн тод жишээ нь С.Батболдоос Н.Алтанхуягт шилжсэн Засгийн газар юм. Монгол Улс баялагтай, монголчууд баян байх боломж бий. Гэвч тэр боломжийг нь УИХ-ын сон­гуульд  ялалт  бай­гуулахын тулд баруун сол­гойгүй цацчихсан бололтой. Өмнөх Засгийн газрын үед гаргасан бэлэн мөнгөний амлалтууд үүний нэг илрэл нь болж байна. Харин түүнийх нь горыг энэ засаг амсаж байх юм. Анх 2004 онд Ардчилсан намынхан хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөхөөр амлаж байв.

Гэтэл өрсөлдөгчдөөсөө давж гарахын тулд Ардын намынхан /тухайн үеийн МАХН/ хүүхдэд 100 мянган төгрөг, шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөг өгнө хэмээн том дуугарсан. Чухамдаа энэ мөнгийг улстөрчид өөрийн халааснаас гаргаагүй нь лавтай. Харин бүтээн байгуулалтад зориулагдах ёстой төсвийн хөрөнгөнөөс нэлээд хувийг нь үүнд зарцуулсан юм.

Ингэж байтал УИХ-ын 2008 оны сонгууль боллоо. Ард түмэнд таалагдах гэсэн улстөрчдийн тоглолт нь сүүлдээ бие биетэйгээ мөчөөрхсөн үзүүлбэр болж хувирах нь тэр. Тухайн үед Ардчилсан нам иргэн бүрт нэг сая төгрөг өгөхөөр амлаж, харин Ардын нам энэ “ханш”-ийг нэмж, 1.5 сая төгрөг болгосон юмдаг. Дөрвөн жилийн дараах сонгуулиар ард түмэнтэйгээ улаан нүүрээрээ дахиж уулзахаас хойш энэ амлалтаа биелүүлэхгүй бол болохгүй. Ингээд эрх баригчид төрийн мэдэлд байгаа баялгаа барьцаанд тавьж, “Чалко”-гоос зээл авав. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн дангаараа засгийн эрхийг барьж байсан МАН-ынхан Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн “Чалко”-д нийлүүлэх ам өчгөө өгч, гэрээ үзэглэсний үндсэн дээр Хятадын төрийн мэдлийн энэхүү компаниас 350 сая ам.долларын зээл бэлнээр нь авсан. Зүй нь бол Тавантолгойн нүүрсийг олборлож, экспортолсныхоо хариуд тэндээс нь цэвэр ашиг олоод сууж байх ёстой монголчууд энэ мөнгөөрөө өрөө төлсөөр байгаад дуусгасан юм. Ийнхүү зээл авсан цагаасаа хойш “Чалко”-гийн өрийг төлсөөр энэ оны эцэс гэхэд сая нэг юм дуусах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн намар олон улсын зах зээл дээр нүүрсний ханш унаснаас болж “Чалко”-д өгөх өрөө барагдуулах нь битгий хэл, дээр нь нэмж алдагдал хүлээх болсон учраас Н.Алтанхуягийн Засгийн газар гэрээгээ дахин шинэчлэх тухай яриа хэлэлцээрийг олон удаа өрнүүлсэн. Монголын баялгийг гадныханд зүгээр шахам бэлэглэчихсэн энэхүү гэрээний алдагдлыг ард түмэн нуруун дээрээ үүрч явна гэхэд хилсдэхгүй. Бэлэн мөнгөний амлалт гэдэг ийм л хортой байгаа юм.

УИХ-ын 2012 оны сонгуулиар хувийн тоглолт хийж, “Чалко”-гоос зээлсэн мөнгөөр тойргийнхоо сонгогчдыг баярлуулсан улстөрчдийг мартах аргагүй. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан НХХЯ-ны дэд сайд асан Н.Номтойбаяр, Сангийн сайд асан Д.Хаянхярваа нар эрх мэдлээ ашиглан эх орны хувь хишиг болгон тойрогтоо тараасан юм. Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа л гэхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 330 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойргийн иргэддээ тараасан байдаг. Бусад тойргийн сонгогчид мөнгөө авч чадаагүй байхад тэрбээр тойргийнхоо өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт 670 мянган төгрөг тараасан нь илэрч, шүүх прокурорын байгууллагаар шалгуулж байв. Н.Номтойбаярыг ч Дорнодын сонгогчдод мөнгө тараасан гэдгийг нэг бус хүн нотолсон.  Энэ мэтчилэн бэлэн мөнгө хэлбэрээр тараасан хөрөнгө улсын төсөвт байсан бол юу хийж чадах байсан бол. Өдгөө барьж босгохоор ярьж буй V цахилгаан станцыг барихад, металлургийн цогцолбор барихад ийм хэмжээний мөнгө орно. Энэ бүхэн бол өнөөдөр байтугай маргааш, тэрний маргааш ч хэрэгтэй хөрөнгө оруулалт. Ирээдүйдээ үлдээх өв хөрөнгө.  Хэрвээ өмнөх Засгийн газар Туулын мөсийг долоох шахам хөрөнгө хураасан Итгэлт баян шиг байсансан бол өнөөдөр бид “Эдийн засаг хямарч байна. Төсөв алдагдалтай гарч байна” гэж бухимдацгаахгүй л байх байсан. Өмнөх Засгийн газар уул уурхайн салбарт ашиггүй гэрээ хийснээс болоод нүүрсээ зөөж чадахаа байсан, цахилгаан станцын асуудлыг шийдвэрлээгүй, их өр тавьсан, газрын тосны үйлдвэр бариагүй, мөнгийг хавтгайруулж тараасан, зүтгүүрээ барьцаалж зээл авсан, Хятадаас их хэмжээний мөнгө зээлсэн. Энэ бүхэн үнэний хувьтай.  Асар их өртэй, хасах оноотой Засгийн газрыг хүлээж авсан Н.Алтанхуягийн танхим үйл ажиллагаагаа жигд, үр бүтээлтэй явуулахаар чармайж байна.  Үйл ажиллагаа нь доголдож, өрөнд баригдсан “Эрдэнэс Тавантолгой” мэтийн олон компанийг хөл дээр нь босгох гэж зүдэрч явна. 

 

Б.Оюунгэрэл