Эйнштейний тархи шид домгийн обьект болсон нь хачирхалтай үр дүнд хүргэв. Өөрөөр хэлбэл, аугаа их ухаантныг онцгой нарийн төвөгтэй механизм байдалтай болгож орхив.

 

Оюун сэтгэхүйг нь дэндүү хүчирхэгээр төсөөлсөн энэ хүнийг мэдрэмж сэтгэлээс ангид чөлөөтэй болгоод робот төхөөрөмжийн ертөнцөд хамаарууллаа.

Шинжлэх ухаан-уран сэтгэмжийн романуудад төгс дээд хүнийг зарим талаараа эд юмтай илэрхий адилтгадаг билээ. Эйнштейний хувьд ч тийм юм боллоо. Түүний тухай ярихдаа ерөесөө тархийг нь онцлох болцгоов. Энэ нь нэвтэрхий толийн шинжтэй эрхтэн, музейн жинхэнэ үзмэр болж таарав. Математикийн салбарт нарийн мэргэшснийхээ ачаар Эйнштэйн хэмээх төгс дээд хүн ямар ч ид шидийн үүтгэлээс ангид байсан нь мэдээж хэрэг, түүний биед таньж ядаад байх ямар ч идийн хүч байхгүй, ямар ч нууц байхгүй, зөвхөн ганц механик л бий.

Эйнштейн хэмээх эрхэм бол ид шид бүтээх чадвартай төгс төгөлдөр эрхтэн юм, гэхдээ тэр өөрөө тунчиг бодитой, тэр ч байтугай, физиологийн үйл ажиллагаатай. Домогзүйн байр сууринаас авч үзэхэд, Эйнштейн бол ердөө л матери юм, түүний сэтгэхүйн хүч чадал нь дангаараа оюуны ямар ч өндөрлөгт, дотоод төгөлдөршилд хүрч ирэх чадваргүй, ийм учраас, түүнд гаднаас үзүүлэх ёс суртахууны дэмжлэг хэрэггэй байв, эрдэмтэн хүний “ухамсар” руу хандах хэрэгтэй байв (нэгэнтээ хэн нэг этгээд ухамсар үгүй мэдлэг гэж хэлсэн шиг).

Шинжлэх ухаанд тархиа гэрээсэлснээр, өөрийнх нь тухай домог зохиогдоход Эйнштейн багагүй дэм болсон аж, түүний тархины төлөө эдүгээ хоёр эмнэлэгийн байгууллага тэмцэлдэж байна, ерөөсөө л эд ангиар нь хэсэглэн задалж салгаж болох ямар нэг ер бусын механизмын тухай л яриад байна аа. Нэг зураг дээр Эйнштейнийг хэвтэж буй байдлаар дүрслэхдээ толгойд цахилгаан гүйдэл дамжуулах утас холбон зуржээ, өөрөөр хэлбэл, түүнээс “харьцангуйн онолын тухай бодохыг” хүсэцгээгээд, үүнийхээ сацуу түүний тархинаас гарах импульс хүчийг бүртгэж байгаа ажээ (харин "... тухай бодох” гэдэг үгсийн оновчтой утга ямар вэ?).

 

Багаж нь чичирхийллийн жинхэнэ бичлэгийг харуулж өгнө гэдэгт эргэлзэлгүй итгэхийг биднээс хүсэцгээж байна, “харьцангуй чанар” гэдэг эргэцүүлж бодоход маш ярвигтай зүйл шүү дээ. Тийм учраас, сэтгэлгээ өөрөө эрчмээр цэнэгжсэн матери төрхтэй болж байна, тархины мөн чанарыг эрчим хүч рүү өөрчлөн хувиргаж буй ямар нэг нарийн төвөгтэй (арай л цахилгаан биш) төхөөрөмжийн хэмжиж болохуйц бүтээгдэхүүн төрхтэй болж байна. Домогт Эйнштейний аугаа суу билигт илбэ домын ид шидийн гэмээр зүйл бараг үгүй, тэгтэл, түүний сэтгэхүйн тухайд аливаа бүтээмжит хөдөлмөрийн тухай ярьцгаах мэт л хэлэлцэцгээх юм, яг л зайдсыг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх машинт үйлдвэр шиг, яг л үр тариа цайруулах, эсвэл, хүдэр бутлах тээрэм шиг ярих авай.

Гурилыг тасралтгүй савлах гурилын үйлдвэр лугаа Эйнштэйн бөөн бөөн санааг байнга үйлдвэрлэж байв, тэгэхээр, түүний үхэл нь, юуны өмнө, тодорхой терлийн ажил зогслоо гэсэн үг юм, тодруулбал, “ертөнцийн хамгийн хүчирхэг тархи бодох сэтгэхээ болилоо.”

Энэ суу билигт механизм, юун түрүүнд, тэгшитгэлүүдийг үйлдвэрлэх ёстой байсан хэмээн санацгааж буй хэрэг. Бүх хүн төрөлхтний томоохон таашаал болоход, Эйнштейний тухай домог нь бүхэлдээ томьёололд агуулагдаж илэрхийлэгдсэн мэдлэгийн дүр төрхийг бүтээхэд тус болов. Түүний суу билиг тархиных нь үйл ажиллагааны бүтээгдхүүнүүд байдлаар материалжиж биежих тусам нээлт бүтээлийнх нь үр шим хачирхалтай байдлаар, шинжлэх ухааны хуучин эзотерик төрхийг өөртөө шингээн илбэ домын шинжтэй болж байлаа.

Орчлонгийн нууц ердөө л ганцхан агаад цор ганц үгэнд багтжээ. Орчлон бол хүн төрөлхтөн шифр түлхүүрийг нь олохыг оролдож буй мөнгөний сейф авдар юм, Эйнштэйн ч тэр шифрийг нь бараг олжээ, үүнд л Эйнштейний тухай миф домгийн бүх утга учир байна. Бид танин мэдэх үзлийн бүх суурь санааг түүнээс л олж харж байна, тэдгээр нь, байгалийн нэгдмэл байдал, туйлын хүслэндээ бүх ертөнцийг хэдхэн үндсэн мөнчанар руу оруулах боломж, үгийн танин мэдэх хүч, орчлонгийн цор ганц нууц ба цор ганц үг хоёрын хоорондын мөнхийн тэмцэл, түгжээг нь гаргах гэж урт удаан хугацаагаар амжилтгүй оролдсоны дараа гэнэт нээгддэг цоож шиг үнэн нь бүхий л бүрэн дүүрэн байдлаараа чухам нэг амьсгаагаар олдож болох тухай санаа юм.

Е=тс2 хэмээх түүхэн тэгшитгэл нь ер бусын эгэл шинжийнхээ ачаар ямар нэг дэгээ түлхүүр, нэгэн металлаар цутгасан өө сэвгүй гол оршин байдаг тухай яруу санааг еөртөө бараг бүрэн хэмжээгээр илэрхийлж байна. Олон зууны турш нээх гэж уйгагүй махруу оролдоцгоосон хаалганы түгжээг тэр түлхүүр гайхалтай хялбар гаргана. Эйнштейний дүрсзүй үүнийг гайхамшигтай зураглан харуулдаг, жишээлбэл, ер нь түүний гэрэл зургуудыг харахад адармаатай гэдэг нь нүднээ шууд тусах математикийн томьёо тэмдгээр дүүрсэн самбарын дэргэд зогсож байдаг, харин бусад зураг дээр бид хэдийнээ домог болсон Эйнштейнийг харж байна, энд, тэрбээр гартаа жижиг шохой барин, орчлонгийн илбэ шидийн томьёогямар ч бэлтгэл гаргалгаагүйгээр дөнгөж сая бичсэн цэвэр самбарын дэргэд зогсож харагдана.

Тийм болохоор, домогзүйд шинжлэх ухааны үйл ажиллагааны хоёр төрлийнх нь уг чанар ялгарч байна, өөрөөр хэлбэл, жинхэнэ шинжпэх ухаанч эрэл хайгуул нь ямар нэгэн хүрдэт механизмыг хөдөлгөөнд оруулдаг, энэ эрэл хайгуул нь чухам залуурзүйн нарийн төвөгтэй зохион байгуулалтаараа гайхашруулдаг бүрнээ материаллаг эрхтний тусламжаар хэрэгжих бөлгөө. Харин нээлт бол, мөн чанартаа, ид шидийн үйл юм. Түүний эгэл байдал нь элементари биет, анхдагч бодос, алхимичдын философийн чулуу, Берклийн давирхайн ханд, Шеллингийн хүчилтөрөгчийн эгэл байдал лугаа төстэй.

Гэхдээ ертөнц үргэлжлэн оршин байгаа болохоор, шинжлэх ухааны судалгаа ч өдөр бүр өргөжиж байдаг, тийнхүү ямар нэг орон зайг Эрхт тэнгэрт ч оноож өгөх хэрэггэй болохоор Эйнштейнд ч зарим бүтэлгүй явдал тохиолдох нь зайлшгүй.

Ийм ч учраас, “орчлонгийн нууцыг агуулсан тэгшитгэлийг” Эйнштейн тэгээд л шалгаж завдалгүй нас барсан хэмээн ярьцгаадаг. Эцсийн эцэст ертөнц үл бөхөлзөн босоо чигээрээ тэсэж хоцров. Түүний нууц руу нэвтэрцгээх төдийд л энэ нууц дахин цоожтой болж таарлаа. Тийм учраас, аливаа зөрчлийгтаягдан хаяж, гагцхүү аюулгүй байдлын амар амгалангийн мэдрэмжийг хүсэх миф домгийн шаардлагуудыг Эйнштейн бүрэн дүүрэн хангаж байна, өөрөөр хэлбэл, нэгэн зэрэг илбэ шидтэн бөгөөд механизм болж буй Эйнштейн мөнхийн эрэл хайгуулд орж ирэн нээлтэд ханамж үл олж, хамгийн сайнд нь, бас, адгийн мууд нь хүсэл зоригийг өген, тархи хийгээд ухамсрыг өөрөөрөө харуулж, хамгийн эсрэг тэсрэг мөрөөдлүүдийг хангаж байна, байгалийг эрхшээх хүний засаглалыг түр зууртаа түүний үгүй хийж үл чадах дагшин сүсгийн “зайлшгүй тавилантай” шидэт домгийн байдлаар эвлэрүүлж байна.

Ж.Отгонбаяр
Философич
Эх сурвалж: "Оpen door" сонин