Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд
2016/06/07
Ам.доллар олдог гол бүтээгдэхүүн гэвэл уул уурхайд л бий. Тэр дундаа зэс, нүүрс дэлхийн зах зээлээс дажгүй валют олж ирдэг. Ганц худалдан авагч маань Хятад. Хятадын зах зээлтэй холбоотой, Монголд эерэгээр нөлөөлж мэдэх хоёр сайн мэдээг онцолъё. Зэсийн баяжмалаа зарж олсон мөнгө Монголд орж ирэх валютын урсгалын 30 орчим хувийг эзэлдэг. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ таагүй байгаа ч Хятадын зэсийн импорт 30 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Нүүрсний хувьд үнэ нь түүхэнд байгаагүйгээр шалдаа унаж, хэрэглээ нь хумигдсан учраас нүүрс импортлогч компаниуд хэцүүхэн байдалд байгаа. Сүүлийн үед харин нүүрсний зах зээлтэй холбоотой эерэг мэдээ дуулдаж эхэлсэн. Хамгийн сайн нь Хятадын нүүрсний эрэлт 2030 онд оргил цэгтээ хүрнэ гэсэн таамаг.
Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ
Дэлхийн зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг урд хөршийн зэсийн хэрэглээ оны эхний дөрвөн сарын байдлаар ингэж өссөн ч үнийн дүнгийн хувьд 300 сая ам.доллараар буугаад байгаа юм. Хятадууд 4.7 тэрбум ам.доллараар зэсийн баяжмал худалдан авчээ. Хятадад нийлүүлдэг зэсийн баяжмалын 10 орчим хувь Монголынх. Экспортын хэмжээгээрээ илүүрхэж байгаа нь мэдээж Оюу толгой. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад нийлүүлэх зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик бий. Гүний уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна, 2027 онд гүний уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн мэдээг “Рио”-гоос саявтар өгсөн. Оюу толгойн гарц ингэж нэмэгдэх үед Хятадын зэсийн хэрэглээ нэмэгдэхээс гадна, үнэ нь ч давгүй байна гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цагаан суварга тэр үед ажиллаад эхэлнэ, Эрдэнэтээс гарах баяжмал нэмэгдэнэ гээд тооцохоор манай улс Хятадад зэс нийлүүлж буй голлох улсуудтай тоглолт хийх хэмжээнд хүрэх нь тодорхой байгаа. Одоогоор өмнөд хөршийн зах зээл дээр голлох тоглогч болох Чили, Перу гэх мэт улсууд энэ металлын үнийг тогтоож байгаа юм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусангуут бид дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ тогтоогч тоглогчдын нэг болно гэсэн үг. Чили улс оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 сая тонн зэсийн баяжмал БНХАУ-д нийлүүлсэн бол Перу 1.3 сая тонн зэсийн баяжмалыг урд хөршийн зах зээлд борлуулаад байна.
Хятадууд зэсийн үнийн сэргэлтэд эргэлзэхгүй явааг нотолсон нэг үйл явдал болоод удаагүй байна. АНУ-ын “Freeport McMoran”-ий Конгод орших Tэнгэ зэсний уурхайн хувь эзэмшлийг Хятадын “China Molybdenum “компани 2.65 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоод буй. Америкийн зэс олборлолтын том компани өрийн дарамтад орсон учраас ийм шийдвэр гаргажээ. “Freeport” Тэнгэ уурхайн 56 хувийг эзэмшдэг юм. Шинжээчдийн хувьд зэсийн үнэ тааруухан үед хийсэн Хятадын компанийн энэ алхмыг “Зэсийн үнэ урт хугацаандаа өөдрөг байхын шинж” хэмээн тайлбарлаж байна.
Манай улс энэ жилийн төсөвтөө нэг тонн зэсийн үнийг 5137.7 ам.доллараар төсөөлсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийг 4600 орчим ам.доллараар арилжаалж байна. Металлын ханш савлагаатай үед зэсийн үнийн талаар барим тавим тоо дуулдахгүй байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд өмнө байгаагүйгээр үнэ нь уруудсан зэсийн үнэ цаашдаа яах бол? Зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гурван шалтгаан бий гэж шинжээчид дүгнэдэг. Гурван шалтгааны хоёр нь эерэг зүг рүүгээ эргэсэн учраас шаргал металлын үнэ өсөөд шалихгүй юм аа гэхэд унаад сүйд болохгүй, тогтворжино гэсэн таамаг голлож байна.
Зэсийн үнэд муугаар нөлөөлсөн эхний шалтгаан нь Хятадын эдийн засгийн идэвхжил буурсан явдал. Гэхдээ урд хөрш үйлдвэрлэлээс үйлчилгээ, хэрэглээг шүтсэн эдийн засаг руу шилжих бодлогоо эргэж харахаар болсон, хүнд үйлдвэрлэлдээ анхаарч эхэлсэн гэх эерэг мэдээ сүүлийн үед хүчтэй дуулдаж эхэлснийг онцлох учиртай.
Зэсийн үнэд сөргөөр нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь ам.долларын ханшийн чангаралт. Ноён ногооны ханшийн чангаралт өнгөрсөн оны сүүлээр гарсан Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 нэгжээр өсгөсөн нь ам.долларын чангаралд нөлөөлсөн юм. Энэ жил АНУ эдийн засгаасаа хамаараад бодлогын хүүгээ гурваас дөрвөн удаа өсгөнө гэсэн хүлээлт байгаа. Хэрвээ энэ хүлээлт амьдрал дээр биеллээ олбол зэсийн үнэ өсөхөд саад болно гэсэн таамаг бий.
Зэсийн үнэ өсөхгүй байгаа гурав дахь шалтгааныг газрын тос, эрчим хүчний үнэ буурсантай холбодог.Эрчим хүч бол зэсийн үйлдвэрлэлийн гол зардал, зардал нь буурангуут дагаж буух бүтээгдэхүүн нь мэдээж зэс. Гэвч гуч гаруй ам.доллар болж уруудсан газрын тосны үнэ 50 ам.доллар болж сэргээд байна. Ирэх жил бүр 60 ам.доллар хүрч өснө гэж шинжээчид таамаглаад эхэллээ. Тэгэхээр зэсийн үнэ өсдөггүй юм аа гэхэд тогтворжино гэсэн таамаг улам батжиж байна.
Хятадын нүүрсний эрэлт 2027 онд оргилдоо хүрнэ
Газрын тос, эрчим хүчний дэлхийн томоохон компаниудын нэг “BP Group” Хятадын эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн таамаг гаргасныг судалгааны “Эгүлэ капитал” компани цахим хуудсандаа онцолжээ. Тэдний таамгаар 2032 он гэхэд Хятад шингэн түлшний хэрэглээгээрээ АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том хэрэглэгч болох гэнэ. 2035 онд Хятад дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг бүрдүүлэх нь. Нийт эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жин буурахаар байгаа ч Хятад дэлхийн нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг хэрэглэхээр байна гэж “BP Group” тооцоолжээ. Тус компанийн таамаглалаар 2027 онд дэлхийн нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэх юм байна. Харин 2035 он хүртэл жил тутам 0.3 хувиар буурахаар аж. Хятад эрчим хүчнийхээ эх үүсвэрт хийг онцгойлж авч үзэх ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч хэвээр байна гэсэн таамаг бидний хувьд сайн мэдээ. 2035 он гэхэд нүүрсний нийт нийлүүлэлтийн бараг тал хувийг Хятад улс хэрэглэнэ гэсэн таамгийг “BP Group” гаргажээ. Мөн тэдний таамгаар 2035 онд Хятадын эрчим хүчний импортын хэмжээ Европыг гүйцэж дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болох нь. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн ч нүүрс мөддөө моодноос гарахгүй гэдгийг Хятадаас гадна Японы жишээнээс ч харж болохоор байгаа юм.
Японы Байгаль орчны яамнаас ирэх 12 жилийн хугацаанд 43 ширхэг нүүрсний цахилгаан станц нэмж барих төлөвлөгөөг дэмжээд буй. Арлын оронд өнөөдрийн байдлаар 40.5 гегаваттын хүчин чадалтай 90 нүүрсний цахилгаан станц ажилладаг гэсэн статистик бий. Япон нүүрсний станцаа 2028 он гэхэд 50-иар нэмэгдүүлж 61 гегаваттын хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ. Тэгэхээр нүүрсээ дэлхийн зах зээлд хямд зардлаар хүргэх төмөр замын асуудлаа шийдэж, Таван толгой гэх мэт том ордуудаа улс төрөөс хол, бизнесийн зарчмаар нь хөдөлгөж чадвал бидэнд өчнөөн боломж бийг сая хэлсэн хоёр жишээнээс харчихаж болно.