Монгол төрийн цэнгэлийн манлай үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Эрийн гурван наадмаас үзэгч түмний хамгийн их шимтэн үздэг төрөл нь хурдан морины уралдаан. Уяач олон бүтэн жилийн турш хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж наадмын хэдэн өдөрт үр дүнг нь хардаг.

Энэ жилийн тухайд хаа газар зуншлага сайтай, морь малын тарга тэвээрэг ч сайн байлаа. Наадмын өмнөхөн болсон сунгаануудын үеэр уяачидтай уулзахад “Морь уяж байхаар их сайхан жил болж байна. Гантай жил хэцүү шүү. Өнөтэй сайхан жил хурдан адуу уралдах тамир тэнхээгээ үржил шимт газрын хөрснөөс авдаг” гэлцэж байлаа. Сайныг ерөөсөн бэлгэ дэмбэрэлтэй иймэрхүү ярианаас гадна “Монгол адууны цусыг сэлбэж удмыг сайжруулан эрлийзжүүлж буй нь сайн. Гэсэн хэдий ч ялгаж салгаад уралдуулж чадахгүй бөөн хэрүүл болдог боллоо. Өвгөн уяач ур ухаан, чадал чансаагаа шавхан уясан жижигхэн монгол мориороо өндөр үнэтэй эрлийз морьдыг дийлж уралдана гэдэг ямар ч ган гачгаас илүү хэцүү болж” гэх мэтийн хөөрөлдөөн ихэнх гал дээр өрнөж байв. Үнэхээр л тийм юм. Айл саахалт болж хэдэн гэрээрээ хөдөө хээр нүүдэллэн амьдардаг эгэл жирийн монгол уяач сүүлийн хэдэн жилийн наадамд морио түрүүлгэх нь бүү хэл айрагдуулж чадсангүй. Энд зөвхөн улсын наадмыг яриагүй юм шүү. Бүс, аймаг, сум, уул овооны тахилгын наадмуудыг хэлж байна. Тэнд зэгзийсэн, зэгзийсэн эрлийз адуунууд л түрүүлж хамаг бай шагналыг хамаад байдаг. Сүүлийн хэдэн жилийн наадам болгон дээр харагдах энэ дүр зураг өнөө жилийн улсын их баяр наадмаар мөн л давтагдлаа. Шүдлэн, хязаалангийн уралдаанаас эхлээд л Морины комиссынхныг муучилсан үгс ихэнх галын уяанаас сонсогдож байв. Комиссынхон эрлийз, монголоор ялгахдаа үүлдэрлэг байдлыг бус зөвхөн сэрвээний өндрийг голлон харгалздаг. Энэ шалгуураар яалт ч үгүй монгол морьд эрлийз гэж хасагдаад, үүлдэр угсаа нь тодорхой эрлийз морьд монголд тооцогдоод байгаа юм. Ингэж уяачдын хөлс, унаачдын горьдлогыг талаар болгоод байна. Нэгэнт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбарынхан эрлийз, монгол морийг хэрүүл маргаангүйгээр ялгаж салгаж чадахгүй байгаа юм чинь өөр нэг арга хэрэглэдэг болъё. Яаж вэ гэхээр хурдан морийг эрлийз, монголоор нь биш мэргэжлийн, сонирхогчийн гэж ялгадаг болъё. Яг л мэргэжлийн эсхүл сонирхогчийн бокс гэдэг шиг. Тэгвэл хүч хөдөлмөрөө зарцуулан уясан уяачдын дунд хэрүүл маргаан гарахгүй. Харин ингэж ялгахдаа улс, бүс, аймгийн наадамд тогтмол уралддаг. Тэгэхдээ бүр түрүүлж, айрагдаж байсан хурдан морийг мэргэжлийнх гэж ангилъя. Харин сумын төвөөс өвгөн уяачийн хөтлөөд ирсэн морийг чинийх эрлийз, минийх монгол гэсэн хэл ам гаргалгүйгээр сонирхогчийн түвшинд уралдуулмаар байгаа юм. Мэдээж хэрэг мэргэжлийн ангилалд уралдах морьдод тодорхой хэмжээний шалгуур тавих хэрэгтэй. Тэр нь сэрвээний өндөр, үүлдэрлэг байдал биш. Гаргасан амжилттай шууд холбоотой байг л дээ. Ингэж ялгаад сурчихвал буян заяат хурдан морь дагасан хэрүүл, маргаан багасах боломжтой юм. Тэгэхгүй бол ойрын таван жилийн бүхий л наадамд түрүүлээд ирсэн ажнай хүлгийг монгол ч бай, эрлийз ч бай “Энэ муу өндөр үнэтэй эрлийз адуу” гэх муухай хандлага бий болчихлоо. Бас тухайн жилд сонгогдсон Морины комиссынхонд луйвар булхай хийх боломж гаргаад байгаа юм. Гэхдээ тэд хэн нэгний үгэнд автдаггүй байлаа ч гэлээ наадамчин олны дунд хардах сэтгэл байгаад байна. Учир нь өнөө жилийн азарганы уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн харьяат Т.Болдбаатарын халиун азарга өнгөрсөн жил улсын наадмаас эрлийз гээд хасагдаад байсан. Гэтэл аваад үлдсэн адууг хэн ч юм араас нь тавьж уралдуулаад айрагдуулж байлаа. Өнгөрсөн жил эрлийз гэх үндэслэлээр хасагдаж байсан адуу энэ жил түрүүлчихээд зогсож байгаад учир мэдэх олон хүн эгдүүцэж байна. Тэгэхээр нэг ёсондоо өнгөрсөн жил хасагдсан адуу энэ жил яагаад уралдах болов гэдэг л сонин байгаа юм. Бас энэ жилийн хэд хэдэн насанд түрүүлж, айрагдсан морьд эрлийз байсан гэх яриа олон гарсан даа. Эзэн нь хахуулийн мөнгөө зохих ёсны хүнд нь атгуулчихсан байхад баараггүй байдаг юм гэж уяачид ярих юм билээ. Уг нь Хурдан морины салбар хорооныхон үнэн зөв, шударга ажиллаад сурчихвал түрүүлээд ирсэн хурдан буянг наадамчин олон хардсан, сонжсон нүдээр хараад байхгүй л дээ.

Бас нэг асуудал байгаа нь, нас насны хурдан морины уралдааныг дагах уяачид. Уг нь дагах машины тоог жилээс жилд цөөлөөд байх шиг харагддаг. Дагаж буй машин нь цөөрөөд телевизийн машин нэмэгдэж байгаа. Гэтэл өнөөх телевизийн машинд нэг, нэг алдартай уяач суучихсан явах жишээтэй. Тэд яг л сунгаанд уралдаж байгаа мэт мориныхоо дэргэдүүр давхиад унаач хүүхдэдээ заавар зөвлөгөө өгөөд хашгирч явдаг. Телевизийн тайлбарлагчид ааг амьсгаагүй морио тайлбарлаж байгаад хэсэгхэн хугацаанд чимээгүй болчихдог доо. Тэр үед орилоод авдаг шиг байгаа юм. Ингэж гарааны зурхайгаас хөдөлсөн хурдан морины уралдаанд будлиан тариад байдаг. Уг нь тэртэй тэргүй уяа сойлго нь жигдэрсэн хурдан хүлэг, унаач хүүхдийнхээ эрдэм чадалд бүхнийг даатгаад орхих байлтай. Гэвч ингэж чадалгүй дэргэдээс нь орилж бусдадаа төвөг болоод байдаг. Тиймээс дараа дараагийн наадмыг нисдэг камераар шууд дамжуулдаг болмоор байгаа юм. Тайлбарлагч нь тэртэй тэргүй камерынхаа бичлэгийг үзээд явчихна шүү дээ. Энэ жил иймэрхүү нисдэг камераар хэд хэдэн дүрс авсан байх. Ямар ч байсан их насны морьдыг гарааны зурхайд хэрхэн орж ирж байгаа, нэгэн зэрэг яаж хөдөлж байна вэ гэдгийг нисдэг камерын бичлэгээр үзүүлсэн. Тэр бичлэг үзэгч олонд их таалагдсан юм билээ. Уулзсан хүн бүр л тэр үеийн бичлэгийг ярьж байв. “Юм хөгжинө гэж сайхан юм. Нисдэг камераар бичсэн хурдан морины уралдааны эхлэлийг үзэв үү” гэж. Тэгэхээр ирэх жилээс гэлтгүй энэ жилийн бүсийн уралдаануудыг дроноор шууд дамжуулан үзмээр байна. Ер нь наадам зохион байгуулах комиссынхон ч гэсэн шууд сурвалжлага бэлтгэх телевизүүдэд ийм шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол хурдан морины уралдаан эхлэхийнхээ өмнө ч, эхэлсэн хойноо ч бөөн будлианаас салахгүй нь ээ.

С.АЛТАН