Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10 өдрийн хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Харин бусад буюу үлдсэн агентлагийн дарга нарыг хэзээ томилох вэ гэсэн хүлээлт олны дунд бий боллоо.


Учир нь дарга, цэрэг нь солигдох сургаар төрийн албан хаагчид "Би хэзээ халагдах бол, танил тал юу билээ" гэж ийшээ, тийшээ утас цохин ажилтайгаа үлдэх бүхий л арга замыг сүвэгчлэх болсон нь нууц биш. Тэгвэл иргэдийн хамгийн их анхаарлаа хандуулж буй нэг газар нь ШШГЕГ. Өнгөрсөн хугацаанд тус газар маш олон даргын нүүрийг үзэж, алба хаагчид ирсэн дарга бүрийнхээ арга эвийг олох гэж хэрдээ хичээсэн ч эв эеийг олж чадалгүй олон ч хүн ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж байсан удаатай.


Тиймээс тус газарт одоо л жинхэнэ тогоон дотроо чанагдсан алба хаагчдынхаа ахуй амьдралыг сайн ойлгодог, хэн нэгний цуу яриагаар ажлаа явуулдаггүй даргатай болох юмсан гэсэн хүслийг алба хаагчид тээж буй нь нууц биш. Ямартай ч тус газрын даргаар дотор нь ажиллаж байгаа мэргэжлийн хүнийг тавина гэсэн зарчмыг МАН-ынхан баримталж буй юм билээ.


Бидэнд олдсон мэдээлэлээр АТГ-ын дарга асан Т.Ганболдыг тус газрын даргаар томилогдож магадгүй гэх яриа байгаа юм. Мэдээж хаа газрын агентлагийн даргаар олон хүн яригддаг ч тус газрын даргаар Т.Ганболдыг болох магадлалтай тухай МАН-ынхан өөр хоорондоо яриад эхэлжээ. Уг нь тэрбээр бүрэн эрхийн хугацаа нь дуусахад бүтэн нэг жил дутуу байхад Ерөнхийлөгчид өргөдлөө өгч УИХ-ын чуулганаар түүнийг ажлаас нь чөлөөлж байсан юм. Чөлөөлөгдөх болсон шалтгаан нь "Энэ жил 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тухайгаа чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Тухайн үед АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Та тэтгэвэртээ гарсан ч гэсэн цаашдаа ямар нэгэн зөвлөх ч юм уу, өөр ажил хийх үү" гэж байсан. Хариуд нь АТГ-ын дарга асан Н.Ганболд "Би дахиж төрийн ямар ч албанд ажиллахгүй" гэх хариултыг өгч байв. Хэдийгээр тэрбээр энэ үгийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн ч гэлээ ШШГЕГ-ын даргаар очиход нэг их гайхаад байх зүйлгүй бололтой. Гэхдээ л тус газрын даргаар томилогдох хүн нь дотор нь ажиллаж байгаа энэ мэргэжилдээ гаршсан олон боловсон хүчин байгааг бас дурдахгүй өнгөрч болохгүй байх. Мэдээж тус газрын даргаар өмнө нь маш олон хүн яригдаж байгаа ч тэднийг МАН-ын удирдлагууд хүлээж авахгүй гэдэг үгээ шулуухан хэлсэн гэдэг.
Яг үнэндээ ШШГЕГ өнгөрсөн хугацаанд хөл толгойгоо олохоо байж цол, албан тушаалыг хоёрыг хайр найргүй өгдөг болсон нь нууц биш. Энэ бүхнийг цэгцлэх мэргэжлийн хүмүүс нь дотор нь байгаа учраас ийн хэлсэн хэрэг. Тус газрын алба хаагчид яагаад дотроо ажиллаж байгаа хүнийг даргаар тавих хүсэлтэй байна вэ. Хэрвээ гадна дотноос хэн нэгэн дарга ирлээ гэхэд өнгөрсөн хугацаанд болж байсан бүх л зүйл дахин давтагдах учраас тэд мэргэжлийн гэх даргыг хүссэн хэрэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын 12 хүний асуудал шүүхийн шатанд явж байгаа. Ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн гэх 12 алба хаагч шүүхэд хандаж асуудлаа шийдүүлж эдгээрээс найман хүнийх нь асуудлыг шүүх шийдэж хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг нь тогтоосон ч тэд одоог хүртэл ажилдаа орж чадахгүй хэвээр байгаа. Яг үнэндээ дээрх 12 хүний тушаал шийдвэр нь хууль зүйн тал дээрээ хэр үндэслэлтэй байсан эсэхийг тус газрын нэр бүхий дарга хянаж газрын даргадаа оруулах ёстой ч тэгээгүй. Тиймээс л өнөөдөр ШШГЕГ-т алба хаагчдынхаа ахуй амьдрал, зовлонг нь мэддэг дарга нар нь дотор нь ажиллаж байгаа учраас ийнхүү дахин дахин нуршаад буй юм. Эцэст нь хэлэхэд МАН уяад давхихгүй, уралдаад шалихгүй улиг, домог болсон нөхдөө албан тушаалд томилдог байдлаа зогсоож мэргэжлийн хүнийг тус газарт томилох нь зүйн хэрэг байх. Ямартай ч ирэх долоо хоногоос эхэлж ШШГЕГ-ын дарга хэн болох вэ гэдэг марафон эхэлж байна.