Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний 3 сар дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж нэрлэнэ. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр/найз залуу, ээж, аав, хамт олон ,найз нөхөд нь анхаарал халамж тавьж туслаж дэмждэг байх нь чухал.

Жирэмсний хяналтад орохын ач холбогдол:
· Жирэмсний хугацаа, жирэмсний чөлөө авах, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтооно.
· Янз бүрийн халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдана.
· Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл мэндээ эрт мэднэ.
· Ямар нэг өвчин илэрвэл шуурхай эмчлүүлэн эрүүлжинэ. Үүнд:
-Бэлгийн замын халдвар болон үрэвсэлт өвчин.
-Хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтийг хянах
-Жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах
-Жирэмсэн үеийн дэглэм, төрөлтөд бэлтгэх, нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болох.

Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?


} Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт, үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлт, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх
} Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээсний замын эмгэг, жирэмсний үеийн бөөрний хүндрэлийг илрүүлэх
} Цээж гэрэлд харах шинжилгээ: Амьсгалын замын эмгэгүүдийг илрүүлэх
} Үтрээний наацын шинжилгээ: Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдварыг илрүүлэх
} Тэмбүүгийн сорил: Тэмбүү өвчнийг илрүүлэх
} ХДХВ илрүүлэх сорил: ДОХ-ын халдварыг илрүүлэх
} Хэт авиан шинжилгээ: Ургийн өсөлт, хөгжил, удамшлын болон олдмол гажиг, эхэсийн байдал, ургийн усны талаар мэдээлэлтэй болох
} Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: шаардлагатай тохиолдолд хийгдэнэ.

Сэргийлж болох гурван хожимдол:
} Хожимдол 1:
- Эмчид хандахгүй, эмнэлгийн тусламж хайхгүй буруу зан үйлийн хожимдол
} Хожимдол 2:
- Эмнэлэгт очихоо хойшлуулж, алгуурлаж цаг алдах хожимдол
} Хожимдол 3:
- Эмнэлэгт шаардлагатай тусламжийг яаралтай, чанартай үзүүлэхгүй хожимдол үүсэх зэрэг юм.

 

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн