Үндэсний их баяр наадамд цол авсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулж, сорьцыг нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлдэг болоод удаж байна. Жил бүр л цол авсан бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байдаг. Гэвч Монгол Үндэсний бөхийн холбоо энэ асуудалд нэг л хойрго хандаад байх шиг.

 

Авлигатай тэмцэх газраас хэн нэгнийг шалгаж байна хэмээн сардаа нэг удаа мэдээлэл цацаж, синсааци тарьдаг шиг Үндэсний бөхийн холбооноос жилд нэг удаа "Цол авсан бөхчүүдээс допинг илэрсэн. Гэвч нэрсийг нь зарлах боломжгүй” гээд бөөрөнхийлөөд орхичихдог жишиг тогтлоо.

Яа ч гээд байгаа юм, бүү мэд. Уг нь допинг буюу сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн нэрсийг Үндэсний бөхийн холбооноос албан ёсоор зарлах учиртай. Гэвч дээрх бүрхэг тайлбартайгаар заавал ч үгүй цаг хожих гээд байдаг болж.

 

Энэ жилийн хувьд цол авсан хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээлэл бий. Гэвч "Нэрсийг нь зарлах болоогүй байна. Албан ёсоор зарлана” гэсэн мэдээллээс болоод нийгэмд олон хардлага үүсчихлээ. "Маргаантай давж цол авсан тэр юм болов уу, эсвэл тэр ч байж мэднэ” гээд л олон нийт таамгаа дэвшүүлж эхэллээ. Уг нь ийм байдал үүсгэхгүйн тулд мөн дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох гэж л МҮБХ үйл ажиллагаа явуулдаг байлтай.

Гэвч цаанаа ямар нэг тохироо хийгээд байгаа ч юм шиг, сэргээш илэрсэн бөхөөс авлига, хээл хахууль авах гээд цаг хугацаа хожоод байгаа ч юм шиг, эсвэл бүр допин нэрээр бөхчүүдээ шантаачладаг ч юм уу гэмээр үйл ажиллагааг МҮБХ явуулаад байх юм.

Нэгэнтээ БНСУ-ын Допингийн лабораторид шинжлүүлээд гараад ирсэн хариуг бөөрөнхийлөлгүйгээр зарлачихад асуудал юу байна. Эсвэл хариу нь эргэлзээтэй байдаг юм бол өөр лабораторид өгчихөөд дараа нь албан ёсоор хариугаа зарлахад ч болохгүй юм байхгүй. Гэтэл "БНСУ-аас шинжилгээний хариу ирсэн. Цол авсан хоёр бөхөөс сэргээш илэрсэн. Гэхдээ нэрийг зарлах боломжгүй” гээд бүрхэг мэдээлэл нийгэмд цацчихаад л нам гүм болчих юм. Энэ нам гүм байдлыг яавч сайнаар хүлээн авч болохгүй юм. Үндэсний бөхийн холбооны удирдлагуудаас яаралтай тайлбар хүсье.

 

 

Үндэстэн агентлаг