​"Цаг төр” сэтгүүл энэ удаа хавтасны сэдвээрээ стрессийг сонголоо. Англи хэлнээс дарамт гэх маягаар буудаг энэ үгийг монголчууд бид стресс гэдгээр нь төвөггүйхэн ойлгох болоод удаж байгаа. Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн их стресстэй хот гэж нэрлэх нь ч дуулдах болсон. Чухам яагаад ингэж хэлэх болов.

Стресс гэж чухам юу вэ, түүнийг хэн, хаанаас ингэж ихээр үүсгээд байна вэ? Стрессээс гарахын тулд хүмүүс юу хийдэг вэ? Хариу эрлээ. Хамгийн түрүүнд үзэг цаас бариад хотын гудмаар алхаж, хүмүүсээс асуув. Таны амьдралд сөрөг стресс байна уу гэж. Жар, далан хүнтэй уулзаж, нэгэн адил асуулт тавилаа. Миний амьдралд стресс байхгүй, би тайван амгалан, аз жаргалтай амьдарч байна гэж хэлэх нэг ч хүн надтай таарсангүй. Би ч өөрөө стресст орж байна. Түгжирч, бөглөрөн сүлжилдэх автомашинууд, микроавтобусны кондукторын “Зах явлаа, зах явлаа, ганц хүн аваад хөдөллөө” гэж чихэн дээр хашгирах, бэлчиж яваа мал шиг гарцгүй газраар сүрэглэх хүмүүс, хаа сайгүй сэндийлээд хаячихсан сул шороо, хоёр алхаад л таарах барилгын ажил, өргөгч кран. Хүмүүсийн царай баргар, харц доогуур. Гудманд нэг хүн нөгөөгөөсөө юм асуувал айж, сэжиглэсэн харцаар хараад бушуухан холдоод явчихна. Өнөө стресс гэдэг нийслэлийн гудманд нуугдаж байна уу. Тэгээд хүмүүс ийм айсан, сэжиглэсэн байдалтай амьдарч байгаа байх. Тэгэхээр нь гэрт чинь стресс байна уу гэж асуулаа. Бас байна гэнэ ээ. Ажил дээр ч , автобусанд ч, ар гэрт ч, гудманд ч тэр стресс гэгч “аймшигт мангаа” араа шүдээ ангайлгаад байж байгаа байх нь. Бид хүмүүстэй уулзан стрессийн тухай асуухдаа тусгайлан бэлтгэсэн асуулт бүхий цаас аялуулж бичил судалгаа хийх маягаар ажилласан. Харин доорхи хүмүүс бидэнд өөрийн амьдралд тохиолдоод байгаа стрессийн тухай илэн далангүй ярисан юм. Сэтгэлээ нээж, сэтгүүлийн минь шинэ дугаарыг хамтран бүтээсэн та бүхэнд дахин талархаж байгаагаа илэрхийлье.

Хашгирч тайвширдаг  

З.Отгонболд 34 настай, эдийн засагч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхэлдэг. 

- Миний хувьд стресс гэр бүлээс үүдэж байна. Хүн ханиа сонгохдоо удам угсаа, зан суртахуун, боловсрол гээд бүх л зүйлийг нь маш сайн судалж байж сая хамтран амьдрах тухайгаа шийдэх хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө хайртай бүсгүйтэй гэрлэсэн л дээ. Гэтэл “Амьдрал гэдэг нэг сарын хайр, гурван сарын хэрүүл, гучин жилийн тэсвэр” гэдэг үнэн үг бололтой. Амьдралын явцад бие биетэйгээ ойлголцохгүй, ойлгое гээд хүссэн ч цаанаасаа төлөвшсөн зан суртахуун зөрчилдөх нь их юм байна. Ийм байдлаас болоод бид хоёр өмнө нь гурав, дөрвөн ч удаа салж нийлж байсан. Олон удаа эргэж буцаад байхаар хаа хаанаа нэр хүндээ ч бардаг юм байна. Одоо ч бас жаахан хашраах санаатай тусдаа амьдарч байна. Үр хүүхэд байлгүй яахав. Гэхдээ эцэг эх хоёр санаа сэтгэл нэгдэхгүй, таарч нийлэхгүй орчинд хүүхэд өсөх яаж сайн байхав. Бүр салъя гэж бодож чадахгүй ч, нийлье гэхээр болж өгөхгүй энэ амьдрал л намайг хамгийн их стресст оруулж байна даа. Би стрессээ тайлахын тулд замын ачаалал бага байх үед машинаа унаад сэнгэнэтэл сайхан давхидаг байлаа. Харин одоо караокед дуулж, сайн гэгч нь хашгирч байж тайвширдаг болсон.

Секс - миний стресс  

С.Мөнхцэцэг 33 настай. Тэр ажлаа хэлэхийг хүсээгүй.

Харин сексийн харилцаа түүний хувьд стресс үүсгэх гол шалтгаан болдог гэдгийг байнга мэдэрдэг гэлээ. Нөхөртэй, хүүхэдтэй түүний хувьд сексийн асуудлаас болж стресст ордгийг нь тэр бүр хүн ойлгохгүй гэж боддог гэнэ. Нөхөр нь ч түүнийг ойлгодоггүй болохоор өөр хүнд яриад нэмэргүй гэж боддог гэсэн. Уг нь тэр хоёр амьдралын элдэв асуудлын тухайд таарч тохироод байдаг. Боловсролын хол зөрүүгүй, бие биенийхээ мэргэжлийг ойлгож хүндэтгэлтэй ханддаг, амьдралд хандах хандлага адил төстэй, хоёулаа боломжийн цалинтай ажилтай, хүүхэд нь өсөж, амьдрал тогтож, ёстой л хүссэн амьдралаа цогцлоож яваа хоёр гэсэн. Гэхдээ “Зөвхөн гаднаас нь харвал шүү дээ” гэж тэр тодотгосон юм. Харин дотоод сэтгэлийн гүнд нэг л жаахан тиймхэн мэдрэмж төрсөөр удаж байгаа. Учир нь тэр сексийн амьдралын хувьд тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Мөнхцэцэг уг нь өөрийгөө сексийн хувьд харьцангуй нээлттэй, илэн далангүй бүсгүй гэж боддог байсан. Харин нөхөрт гарснаасаа хойш энэ бодол нь өөрчлөгдөхөд хүрч, одоо бүр сексийн амьдрал нь тун гунигт нэгэн болчихоод байгаа. Тэр сексийн тухай хэнтэй ч илэн далангүй, халуун яриа өрнүүлж чаддаг боловч ганцхан нөхөртэйгээ энэ тухай ам ангайж ч чаддаггүй. Нөхөр нь энэ сэдвээр яриа эхлэх л юм бол буруу харчихна, эсвэл гараад явчих жишээтэй. Гэрлээд долоо, найман жил болоход тэр хоёр энэ сэдвээр ганц ч удаа ярилцаж үзээгүй гэнэ. Ярилцаж ч чаддаггүй хоёрын хооронд хийх үйлдэл ямархуу байх нь ойлгомжтой. Тэр нөхөртөө хайртай, нөхрийнх нь зан ааш, бие, эрхтэн бүх зүйл таалагддаг ч сексийн дараа ямагт нэг л сэтгэл дундуур үлддэг. Нөхрийгөө өөрчилье, илэн далангүй байя, сексийн харилцаагаа сайжруулъя гэж хэрэндээ хичээсэн боловч ямар ч үр дүн гараагүй гэж тэр ярилаа. Тэр хоёрын сексийн харилцаа өдөр ирэх тутам муудаж, бүр давтамж нь холдсоор байгаа гэж хэлж болно. Гэтэл энэ тухай нөхөртэйгөө ярилцаж чаддаггүй. Оролдоод ч нэмэргүй гэдэг нь тодорхой болсон гэж Мөнхцэцэг хэлсэн. Магадгүй, байдал нэгэнт ийм болохоор нөхрөөсөө гадуур сексийн хамтрагч хайх хэрэгтэй ч юм бил үү. Гэхдээ би хэнийг, хаанаас хайгаад явах юм, олсон ч нөхрөө мэхэлж чадахгүйгээ мэддэг. Тиймээс л би байнга стресстэй явах болсон. Сексийн ханамж авч чадахгүй удахаар бие организм хүртэл хямраад, гар хөл ч бадайраад байх шиг санагддаг. Би чинь одоо дөнгөж л 33 настай шүү дээ гэж тэр ярилаа.

Зодож тайлдаг стресс  

Х.Баатаржав 38 настай. Цагаан утасны үйлчилгээ үзүүлж амьдралаа залгуулдаг.

Хүний нүүр лүү эгцэлж харах тун дургүй, хэн нэгэнтэй ярилцахыг ч хүсдэггүй. Хэдэн жилийн өмнө тэр ийм хүн байгаагүй гэнэ. Эхнэртэй болж хоёр хөөрхөн охинтой ч ы болж ирээдүйн сайхан амьдралд итгэж явсан үе түүнд бий. Гэвч тэр одоо амьдралд “ хонзогнодог” нэгэн болж хувирсан. Ганц бие залуу халуун явсан үе нь нэгэнт өнгөрч, өөрөөсөө гадна гурвын гурван хүнийг авч явах их үүрэг хариуцлага түүний нуруун дээр ирэв. Боловсролгүй, ажил хийе гэхээр хаана очихоо мэдэхгүй түүний хувьд энэ ачааг яаж авч явахаа мэдэхгүй самгардах болжээ. Эхнэр нь бас ажилгүй. Хоногийн хоолны мөнгөнөөс болж бухимдах, хоорондоо муудалцах явдал өдөр ирэх тутам нэмэгдсээр нэг л өдөр эхнэр нь хоёр охиноо түүнд даатгачихаад хэн нэгнийг дагаад алга болжээ. Харин одоо Х.Баатаржавын амьдрал өөрийнх нь хэлснээр “ там” болж хувирсан. Ижийгээ хаашаа ч юм вэ явуулчихаад бэтгэрсэн хоёр бүлтгэр жаахан охин хоол нэхнэ. Том охин нь энэ жил хоёрдугаар анги. Хувцас хунар, хичээлийн хэрэглэл... юм юм л хэрэгтэй. Угийн бүдүүн баараг, нунж дорой эр хүнд хүн муутай ээж нь хаяад явчихсан охидоо тэжээж тэтгэх нь яах аргагүй насны ял гэлтэй санагдана. Цагаан утсаа бариад гадагшаа гарна. Яах вэ, хоосонгүй, хэд гурван төгрөг хийнэ. Хаа ч гэж өнгөтэй өөдтэй явах үедээ аз болж хоёр өрөө байртай болсон нь одоо тэр гурвын хувьд санаа амар толгой хоргодох газар нь. Галын өрөөгөө оролцуулаад хоёр өрөөгөө айлд түрээслүүллээ. Хоногийн хоолоо олоод байх боломж нэмэгдсээн. Гэхдээ л түүнд амьдрал гэдэг бөөн хар бараан үүл. Тэр бараан үүлэн дундаас гарах зам түүнд ер харагдахгүй. Тарчиг дундуур амьдрал, өөрийн жаргалаа бодоод бусдыг дагаад явчихсан эхнэр, бүлтийтэл хоцорсон хоёр жаахан охин... бодохоос л бүхнийг үзэн ядаж, болдог бол өөрийнх нь уур бухимдалыг төрүүлээд байгаа бүхнийг “алаад хаячихмаар” санагдах үе олон. Түүнээс ч болдог уу өдөр ирэх тусам уур бухимдалаа хоёр үрдээ гаргах болсон. Халамцсан үедээ, заримдаа бүр зүв зүгээр байж байхнээ уур хүрээд хоёр охиноо барьж аваад зодох болсон. Бүр ороолгох сур бэлтгэж авсан гэж байгаа. Тэр хоёр жаахан амьтны хаа таарсан газар нь ороолгож ороолгож, өөрөө сульдаж ядарсан хойноо сая нэг болих. Тэгснээ өнөө хоёроо учиргүй өрөвдөж, тэвэрч аваад орь дуу тавин уйлах. Хөөрхий, хоёр бяцхан охин яах вэ дээ. Одоо аавыгаа хэзээ орж ирээд ороолгож эхлэх бол гэхээс бүх бие нь дагжтал чичирдэг болсон байх даа.

Компаний захирлын стресс  

- Өнөөдөр таныг юу хамгийн ихээр стресст оруулж байна вэ?  

- Компанийн захирлын хувьд би төрийн байгууллага болон шүүх, яам тамгын газартай холбоотой ажлын тухайд хамгийн ихээр стресст орж байна. Монголын шүүх өнөөдөр бидний ажилд гай тарьж, бүх юмны саад тээг, шавар намаг болж байна. Тэднийг харахаар өөрийн эрхгүй нүд хорсдог болсон. Манай компанийн ажил үйлсийг дүүргийн хэдэн шүүгч хонзонтойгоор сүйтгэж байна гэж хэлмээр байна. Ажлын шаардлагаар яах ч аргагүй дүүргийн шүүхэд очих хэрэг байнга гарах юм. Ямар сайндаа би саяхан тэд нарт “ Та нар үхэж далд орвол таарна” гэж хэлэхэв дээ. Шүүгч нар надад улам ч зэвүүрхэж, алуурчны хувцас шиг хар нөмрөгөө өмсөж байгаад төрийн өмнөөс гээд минь олон удаа “нэр төртэйгээр бодийг минь хөтөлсөн дөө. Ийм хүмүүст ямар ч өчиггүйгээр “алуулаад” байхаар стресстдэг юм. Шүүхийн байгууллагын нэр хүнд өнөөдөр ард түмний дунд улам бүр унаад байхад эрхэм шүүгчид түүнийг огтхон ч мэдрэхгүй байх шиг. Яаж ч болохгүй ийм асуудалд хүн хамгийн ихээр стресстдэг бололтой.

 - Та ч аймаар стресст орсон шиг байна. Тэгээд яаж түүнээсээ гардаг юм бэ?

 - Би их стресст ороод ирэхээрээ найз нөхөдтэйгөө дэмий ярьж пиводэх, сайн унтаж амрах, бүх юмаа орхиод гэр бүлээрээ хөдөө гадаа явж, эсвэл шилж цуглуулсан киногоо үзэх зэргээр тайлдаг. Манай төр манийгаа ингэж стресстүүлдэг болохоор ийм маягаар стресст орсон хүн түүнийгээ тайлахын тулд өөрөө төрийн ажил руу зүтгэх нь цөөнгүй байна уу гэж бодох боллоо. Сүүлийн нэг жилд төрийн байгууллагын ажилтаны тоо хоёр дахин нэмэгдсэн гэх статистик ч үүнийг нотолж байна. Энэ нь шинэ цэрэг хуучрахаараа дараагийн шинэ цэргээр стрессээ тайлдагтай агаар нэг юм.

 - Тэгэхээр стресс өс хонзон болж хувирдаг гэсэн үг үү?

 - Ийм байдалд орсон хүн нэг бол төрийн хүнд сурталтнуудыг аялдан дагах, авлигадах, бүр болохгүй бол зөнд нь орхихоос аргагүй байдалд ордог. Харин үүнээс өөр зам бол ганцхан цөхрөлтгүй тэмцэх. Би үүнийг иргэн бүрт байх ёстой эрхэм чанар гэж ойлгодог. Цөхрөөд “За яршиг, заяагаараа л болог” гээд л орхичих юм бол нөгөө хүнд суртлын хүүдийнүүд танд маш ихээр баярлаад л нөгөө байрандаа үлдэх болно. Нэмж хэлэхэд сая болж өнгөрсөн НИТХ-ын сонгуулийн үйл явц, үр дүнг зурагтаар харж суухад стресс үүсэхээс аргагүй байгаа биз дээ.

 - Муухай л юм болж байх шиг байна лээ. За танд баярлалаа.

Баяр баясгаланг мэдэрч байвал...

Мэргэжлийн онцлогоос болж бий болох стрессийн талаар ярилцахаар НЭМГ-ын харъяа, Баянзүрх дүүргийн Хүүхдийн 40 дүгээр Сувилалын сувилагч /хүмүүс багш аа гэх/ Ц.Цэрэннадмидтай уулзлаа.  

- Та энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Таны ажлын онцлог юу вэ?

 - Би улсад 34 жил ажиллаж байна. Одоо миний хариуцаж байгаа анги нэг нас нэг сартайгаас хоёр нас гурван сартай 35 хүүхэдтэй. Тэд бүгд 36 дугаар маягтын дагуу ирдэг суурь эмчилгээтэй хүүхдүүд болохоор хоолон, бариа, усан гэх зэрэг төрөл бүрийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Түүнээс гадна нялх хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор хооллох, бие засуулахаас эхлээд бүх зүйлийг гардаж хийдэг онцлогтой. Ачаалал нэлээд их дээ.

 - Ийм жаахан хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор байнга стресстэй байдаг уу?

 - Хүүхэдтэй ажиллана гэдэг үнэхээр гоё. Би хэчнээн ядарсан ч хүүхдүүдээ хармагц баярлаж тайвширдаг. Харин хүүхэд өвдөхөөр би стресст орчихдог юм. Энэ нялх зулзаганууд чинь уйлаад, халуураад, зовиурлах нь үнэхээр хэцүү. Тэгэхэд нь би юун дээр алдаа гаргав, яавал хүүхдээ эдгээх вэ гэж бодож, сэтгэл өвддөг юм. Бас эцэг эхчүүд хүүхдээ өөрсдөө ирж авахгүй, хэн нэгнийг явуулах нь их хэцүү. Жишээлбэл, охин хүүхдийг авахаар таньж мэдэхгүй эсрэг хүйсийн хүн ирэхэд өгөх хэцүү, байх хэцүү болдог. Тиймээс эцэг эхчүүд нялх үрээ өөрсдөө л ирж авч байх, үнэхээр боломжгүй бол өөр хүн ирнэ гэдгийг урьдчилж мэдэгдэж байх ёстой гэж л эцэг эхчүүдэд анхааруулмаар байна.

 - Танд мэргэжлээс үүдэлтэй хууч өвчин бий юу?

 - Байлгүй яахав. Миний хоолой таг сөөчихдөг. Энэ ч олон жил хийсэн ажлын үр дүн байх л даа.

 - Стрессээ яаж тайлдаг вэ?

 - Хүүхдүүдээ тараачихаад урд өрөөндөө орж сторыг нь бөглөж суухдаа өдөр болсон бүх зүйлээ бодож тайвширдаг. Тэгээд гэртээ харьж сайхан амардаг. Мэргэжил нэгт залууст хэлэхэд “Би өдөржин олон хүүхэдтэй ачаалал ихтэй ажилладаг” гэж бодон өөрийгөө стресст оруулаад байлгүй, харин миний ажил сайхан, хүүхэдтэй ажиллах хамгийн гоё ажил гэж бодож өөдрөг байвал стресст ордоггүй юм шүү. Хамгийн гол нь ажлаасаа баяр баясгаланг мэдэрч байх хэрэгтэй.

Сэтгэлийн шовхоор хорт хавдар эдгээсэн

Б.Эрдэнэцэцэг “Эдгэрэл” эмнэлгийн захирал, тэргүүлэх зэрэгтэй их эмч

 - Би таныг стрессээс үүдэлтэй хүнд өвчин тусаад түүнийгээ сэтгэлийн тэнхээгээр даван туулж чадсан гэж сонсоод зорьж ирлээ?

 - Хүний сэтгэл гэдэг хүнийг үхүүлж, бас сэхээж чаддагийн амьд жишээ гэж намайг хэлж болох байх. Би 1975 онд АУДС төгсөөд Сэтгэцийн клиникийн төв эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Шар хадны гэж нэршсэн энэ эмнэлэгт Ядаргааны тасгийн эрхлэгч, МАХН-ын намын үүрийн дарга зэрэг ажлыг хийсээр Шар хадны Эрдэнэцэцэг нэрээр хүмүүст танигдах болсон. 1980-аад оны үед би ханиа, 20-иод настай охиноо зуурдаар алдсан юм. Гэтэл энэ үеэр Шар хадны эмч нарын хэрэг гэж гарч би түүнд холбогдлоо. 160 төгрөгийн хээл хахууль авсан хэргээр шоронд хоригдоход хүрсэн юм. Хайртай дотно хүмүүсээ цаг бусаар алдаад, шорон оронд хоригдоод ирэхээр сэтгэл зүйн хувьд тун хүнд байдалд ордог юм билээ. 1999 онд жолооны курст сууж байх үед нуруугаар өвдөх зовиур ымэдрэгдэх болсон юм. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт хамт ажиллаж байсан найз дээрээ очиж эхо-д харуулахдаа “ За ямар нэгэн өвчин байвал найздаа үнэнээр нь л хэлж үзээрэй” гэсэн. Ингээд л бөөрний хорт хавдартай болсон гэдгээ тодорхой мэдсэн дээ. Эхлээд ч сэтгэл санаагаар унасаан. Гэхдээ би үхлээс айгаагүй. Үзэх юм аа үзэж, хайртай хүмүүсээ ч алдаж, сайн муугаар хэлэгдэж явсан надад үхнэ гээд айгаад байх юм байгаагүй. Гэвч би дахиад жаахан амьдармаар байсан. Амьдрах хүсэл надад байсан юм. Мэс засалд орж, өрөөсөн бөөрөө авахууллаа. Химийн тарианд үс унаж, нүд халтирмаар болсон ч би амьд явах ёстой гэж нэг ёсондоо өөрийгөө шаардаж байлаа. Ингээд ирэхээр хүн шовхордог юм билээ. Өөрийнхөө сэтгэлийг хурцалж байна гэсэн үг л дээ. Гэр бүлийнхэн, найз нөхөд, шар хадны эмч нар гээд ойр дотныхон маань сэтгэлийн асар их дэм өгч байсан. Мэс засалд орчихоод эмчилгээгээ шаргуу хийлгэж, өдөр болгон Хавдрын эмнэлэг дээр очдог байлаа. Нэг өдөр эмч маань надад “Та дахиад наашаа гүйгээд байх шаардлага алга. Сайхан болчихож” гэж хэлсэн ганцхан өгүүлбэр намайг бараг эдгээсэн дээ. Энэ үгийг сонссоноос хойш тун удалгүй би ажилдаа орсон. Хамт олон минь ч намайг ажлаа хий, юугаа хийгээд гэртээ байгад байгаа юм гээд л... Халзан толгойдоо парик хийчихээд л ажилдаа гүйж эхэлсэн. Өвчнийхөө тухай, өрөөсөн бөөрнийхөө тухай бараг мартсан. Тэгье ч гэж маш их зориг гаргасан юм. Түүнээс хойш найман жил өнгөрч, би энэ хугацаанд Европт хүртэл очиж ажиллалаа. Одоо хэдийнэ нас 60 гарсан ч сэтгэл зүйн эмнэлэг ажиллуулж, олондоо тустай зүйл хийж, бас өөрийгөө шовхолж, өрөөлийг ч хурцалж явна даа.

Стрессийн загалмайлсан эцэг-хүнд суртал

Бид стрессийн тухай бичихийн тулд нийгмийн янз бүрийн давхаргын төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэднээс таныхаар стресс гэж юу вэ, таны амьдралд сөрөг стресс байна уу, та чухам юунаас болж стресст орж байна вэ, стрессээс хэрхэн гардаг вэ гэсэн асуултад хариу авсан юм. 70 гаруй хүнийг хамруулж чадсан энэ бичил судалгаа хэдийгээр мэргэжлийн төвшинд болж чадаагүй ч гэлээ өнөөдөр манай нийгмийг сөрөг стресс бүрхээд байгааг, стрессийн эргэн тойрны муу нөлөөллийг ямар нэгэн хэмжээгээр харуулж чадсан болов уу. Судалгаандаа бид насны хязгаар тавихыг хүсээгүй. Тиймээс 18-80 насны иргэд хамрагдаж чадсан. Тэдний дунд “Би стрессгүй амьдарч байна” гэж хэлэх нэг л хүн таарсангүй бөгөөд стресс гэдгийг амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг давж туулах явцад үүсэх сэтгэл зүйн дарамт гэсэн маягаар тайлбарлах хүн олон байлаа. За мөн сэтгэл санааны ядаргаа, нийгмийн хүчин зүйлүүдийн хүнд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл гэсэн тайлбарлах хүмүүс байхад, “стресс гэж юуг хэлээд байгааг сайн мэдэхгүй байна” гэж судалгаанд хамрагдагсдын гуравны нэг орчим хувь нь хариулсан. Зураач, хөгжимчин, эдийн засагч, сэтгүүлч, гэрэл зурагчин, оюутан, орчуулагч, малын эмч, инженер, багш, малчин, дизайнер, жолооч, тогооч зэрэг маш олон төрлийн ажил мэргэжлийн онцлог бүхий хүмүүс судалгаанд хамрагдаж чадсан нь нийгэмд байгаа стрессийн өнгө аясыг тодруулахад дөхөм болж өглөө. Онцлоход, судалгаанд оролцогсдын 90 хувь нь төрийн албан хаагчдын хүнд суртал хамгийн ихээр стресс үүсгэж байна гэж хариулсан. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ийнхүү хүнд суртлыг “үзэн ядах” болсон нь өнөөгийн төрийн албан хаагчдын ажилдаа хандах дүр зургийг тод томруунаар дүрсэлж байгаа хэрэг юм. За мөн мөнгөний гачаал стресс үүсгэж байна гэж хариулах хүний тоо зууны 80 хувь байсан нь мөн л нэгийг хэлж байна. Судалгаанд оролцогч нэг эрхэм “Би өнөөдөр орон байрны асуудлаас болж маш их стресст байна” гэж халагласан бол хүмүүсийн олонхи нь ажлын ачаалал, гаднын элдэв дуу шуугиан, агаар орчны бохирдол, өдөр ирэх тутам бохирдож байгаа улс төрчдийн хэтэрсэн хэрүүл тэмцэл гэх зэрэг нийгмийн хүчин зүйлийн нөлөөллөөс стресст орж байна гэж хариуллаа. Харин гэр бүлийн элдэв асуудлаас болж стресст ороод байна гэж хариулах хүний тоо харьцангуй бага байсан нь өнөөгийн монгол стресс гэрийн гаднаас голдуу эхтэй байна уу гэх бодол төрүүллээ. Гэхдээ бас гэр бүлд стресс байна. Энэ нь хүмүүсийн хоорондын үл ойлголцол, өвчин зовлон, үхэл хагацал, архи дарснаас үүдэлтэй байх аж.

Архи стрессийг тайлдаггүй

Бид хүмүүсээс нэгэнт үүссэн стрессийг хэрхэн тайлдаг вэ гэж асуусан. Хариулт нь олон янз. Ганцаараа юм бодож, хөгжим сонсож, найз нөхөд, ойр дотныхонтойгоо ярьж, амарч унтаж, юм угааж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, хоол хийж, ертөнцийн эзэнтэй ярьж, их идэж, тамхи татаж, театрт очиж, усанд орж гэх мэтээр маш олон янзаар хариулж байлаа. Эмэгтэйчүүд голдуу найз хүүхнүүдтэйгээ ярьж, вино ууж, юм угааж, хөгжим сонсож, театрт очиж гэж хариулж байсан. Кино үзэх нь стресс тайлах сайн аргын нэг бололтой. Судалгааны явцад ном уншиж стрессээ тайлдаг гэж хариулах хүн ганц ч олдоогүй шүү. Эрчүүд машинаа унаад хаа нэг тийшээ цэвэр агаарт гарахыг стресс тайлах хамгийн сайн арга гэж байна. Сүүлийн үед саунд суух болсон тухайгаа хэлэх хүний тоо бас нэлээд байлаа. За мөн архи уухыг стресс тайлах хамгийн сайн арга гэж үздэг тухайгаа олон эр хэлсэн. Архи ууснаар үнэхээр стресс тайлагддаг эсэхийг мэргэжлийн эмчээс асуухад “Архи ууснаар төв мэдрэлийн системийг хүчээр дарамталж, хэсэг хугацаанд сааталд оруулж байгаа хэрэг юм. Харин дараа нь эргээд л стресс сэргэж ирдэг. Хүмүүс уурлаж бухимдах үедээ тамхи татахыг чухалчилдаг нь мөн л архитай адил түр зуурын саатал үүсгэж байгаа юм. Стрессийг архи уухаас бусад аргаар /гэхдээ хэн нэгэнд гэм хортой биш/ тайлж байх хэрэгтэй. Стрессээс гарч чадалгүй удаан хугацаагаар явснаас элдэв өвчин үүсэх нөхцөл шалтгаан болдог” гэлээ. Өнөөдөр стресс гэдэг зөвхөн нийслэлийн хүн амын асуудал биш. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд ч стресст оруулах олон олон асуудал нүүрлээд байгаа. Малын хулгай, цас зудны аюулаас болж хэдэн малаа бараад стресст орж, түүнээсээ гарч чадалгүй амиа хорлосон тохиолдолууд ч бий.

Монголд амиа хорлох нь дэлхийн дунджаас 2 дахин илүү

Стрессийн тухай ингэж яриад ер нь яах гэж байгаа юм бэ гэж үү. Өнөөдөр дэлхийн таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан хоёр тохиолдлын нэг нь сэтгэцийн эмгэгээс болж байна. Дэлхийн хэмжээнд 1998 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 11 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж, 2015 он гэхэд энэ тоо 15 хувь болж өсөх магадлалтай юм байна. Манай орны хүн амын өвчлөлд сэтгэцийн эмгэгийн нөлөөлөл харьцангуй их гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ. Сэтгэл гутрал нь 2020 он гэхэд хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэгч дээрээсээ хоёр дахь гол хүчин зүйл болно гэдгийг судлаачид хэлээд байна. Хувь хүн, айл гэр бүлд байгаа стресс бүхэлдээ Монгол орныг нөмөрчээ. Сөрөг стресс ихэссэнээс хүн амын эрүүл мэнд муудаж, улс орны хөгжилд ч муу нөлөө үзүүлдэг нь ойлгомжтой. Энгийнээр бодоод үзэхэд өөртөө бөөн сөрөг стресстэй хүн яаж бусадтай зөв харилцаж, яаж үр бүтээлтэй ажиллаж чадах билээ. Сэтгэл эмзэглүүлсэн ганцхан жишээ хэлэхэд монголчууд амиа хорлох нь 1989-2000 оны хооронд 5 дахин ихэсч, 100 мянган хүн амд 17 тохиолдол байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааны дүн. Байдал нэгэнт ийм байгаа болохоор “Цаг төр” сэтгүүл энэ сэдвийг гарган тавьж байгаа юм. Зөвхөн хөндөөд орхих биш уншигч тантай, төр засгийн бодлого тодорхойлогчидтой хамтран нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр сэтгэл зориг шулуудаад байна.

Одоо л хүнээ бодъё доо

Өнөөгийн Монголын нийгмийг сөрөг стресс нөмрөөд байхад үүнийг өөртөө хамаатуулан анхаарал тавьдаг яам тамгын газар, албаныхан гэж байдаг юм болов уу. Байдаг бол тэд юу хийдэг юм бол гэсэн асуулт тээсээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг зорьлоо. Санасныг бодвол тэнд найрсаг угтан авч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газрын даргынхаа өрөөнд оруулсан юм. Тус газрын даргын ширээнээ сууж байгаа эмэгтэйг хармагц сэтгүүлч надад итгэл найдварын оч улалзаад явчихлаа. Монголын цөөхөн нэртэй сэтгэл судлаачдын нэг, сэтгэлзүйн ухааны доктор Ц.Нацагдолгор энэ ажлыг аваад байгаа юм байна. Түүнтэй ярилцахад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны зүгээс хүн амын сэтгэлзүйд хандсан, тухайлбал нийгмийн стресс, түүнтэй хамаатай асуудлаар урьд өмнө нь ямар нэгэн ажил бүү хэл судалгаа ч хийж байсан зүйл үгүй гэдэг нь тодорхой боллоо. Өнгөрсөн 8 дугаар сараас энэ ажлыг хүлээж авсан тэрбээр сэтгэл судлаачийн хувьд бидний хөндөж байгаа асуудлын тухай бодохгүй биш бодож, зарим нэгэн талаар ярьж эхэлсэн гэлээ. Харин одоогоор яг тийм ийм зүйл хийчихье гэж төлөвлөгөө гаргасан зүйл алга, гэхдээ хүн амын бодлогоо хүүхэд, ахмадууд руугаа илүү сайн хандуулж чадвал нийгмийн сэтгэлзүй тайван байх үндэс суурь нь болдог гэж боддог гэлээ. Хүүхэд эцэг эхээсээ сайн сайхан зан чанарыг өвлөж өсч өндийвөл, ахмадууд өөрсдийн тааваар налайж суувал нийгмийн амьдрал ч тэгшрээд явчихна. Манай нийгэмд хүний сэтгэлзүй рүү хандах ёстой гэсэн хэрэгцээ зайлшгүй байна гэдгийг хаа хаанаа одоо л мэдэж эхэлж байна. Тиймээс хувь хүн бүрт хүрч ажиллах хамгийн ойрын хүн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2002 оноос эхлэн гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа гэсэн. Тэрээр нийгмийн сэтгэлзүйд хүрэх ажил хийхийн тулд нийтийг хамарсан хэлэлцүүлэг байнга хийх ёстой гэж үздэгээ хэлж байсан. Нийгмийг хамгаалах ёстой Нийгмийн хамгааллын яам одоо л хүн рүүгээ, сэтгэлзүй рүү хандсан алхмыг ямар нэгэн хэмжээгээр хийж эхлэхээр бодож эхэлж байгаа бололтой.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн ч хүмүүст хүрсэн үү

Бид дараа нь Эрүүл мэндийн яамыг зорьсон. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ёстой энэ газар хүн ам нь стресдсээр байгаад сүүлдээ амиа хорлолтоор дэлхийн дунджаас хоёр дахин дээгүүр үзүүлэлттэй болчихоод байхад юу хийж байгаа тухай сонирхох гэж тэр. Энд Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах асуудал хариуцсан тусгай алба сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцдаг юм байна. Тус албаны асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Г.Цэцэгдарь: - Нийгмийн хөгжилд хүн амын сэтгэцийн эрүүл мэнд зайлшгүй чухал нөлөөтэй гэдгийг мэдэрсний үндсэн дээр 2000 оны зургаадугаар сараас “ Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 2002 оноос “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо дуусч байна. Хөтөлбөрийн хүрээнд Сэтгэцийн клиникийн төв эмнэлгийг /Шар хадны эмнэлэг/ Сэтгэц наркологийн үндэсний төв болгон өргөжүүлж, зөвхөн солиорсон хүмүүс биш сэтгэцийн ямар нэгэн асуудалд орсон хэн боловч зорьж очоод мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, сургалтад хамрагдах боломжтой болгосон. Хүн бүрт хамгийн ойр гэдэг утгаар нь өрхийн эмнэлэг бүрт сэтгэцийн болон наркологийн эмчийг ажиллуулах болсон. Ингэснээр хүмүүс сэтгэцийн эмчид хандаж эхэлж байгаа. Цаашдаа байгууллага бүрийг сэтгэл засалчтай байлгахаас эхлээд иргэдийг сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаг, стрессээ тайлж чаддаг болгох гээд олон асуудал руу анхаарч, хийж эхэлж байгаа гэж ярьлаа. Ямартаа ч ийнхүү хамаарах яамдын зүгээс нийгмийн сэтгэлзүйг анхаарах болж, чиглэсэн ажил хийж эхэлж, /эхлэх гэж/ байгаа бололтой. “Стресстэй байна аа” гээд баргар царайлан, бие биедээ бухимдлаа гаргаж яваа иргэдэд хэр хүрч чаддаг юм гэхээс. Гэхдээ хүмүүс бид төр засгийн эрх баригчдаас хэн нэгэн “шидтэн” гарч ирээд стрессийг минь тайлаад өгнө гэж хүлээлгүй, үүссэн бэрхшээл зовлонгоо харилцан ярилцаж, хамтдаа даван туулж, сөрөг стрессийг үлдэн хөөж, инээмсэглэл дүүрэн, өөдрөг амьдрая л даа.

Ё.Мөнхтуяа

Стрессээс хамгаалах аргууд

  • Аливааг эерэгээр бодож, зөв хүмүүстэй нөхөрлөх
  • Хэт өндөр зорилго тавихгүй байх /Нэгэнт тавьсан бол бусдаас тусламж хүсэх/
  • Бүхий л үйл хэргийг та ганцаараа хянаж чадахгүй гэдгийг ойлгож, нөхцөл байдалдаа тохирч ажилла
  • Өглөөнөөс эхлээд амжуулах ёстой ажлаа дарааллаар бич.
  • Хамгийн түрүүнд юу хийх ёстойгоо ч төлөвлө.
  • Том ажлыг бага хэсгүүдэд хуваа
  • Төрөл бүрийн хүнс хэрэглэ
  • Өдөр бүр сайн унтаж амарч бай
  • Өдөр бүр фиттнес завсарлага хийж, эрч хүч, сэтгэл санаагаа сэргээхийг хичээ
  • Унших, зугаалах, хөгжим сонсох зав гарга
  • Элдэв эм тан, архи тамхинаас холдохыг хичээ
  • Ялагдлыг надад туршлага нэмж байна гэж хүлээж авч сур
  • Заримдаа үгүй гэж хэлж сур
  • Найз нөхөдтэйгээ амжилт, алдаагаа ярьж сур
  • Буруугаа хүлээж сур
  • Эмх замбараагүй байдал, чанга хөгжим стресс үүсгэдэг гэдгийг сана
  • Таван секунд амьсгалж, дөрвөн секунд амьсгаагаа барьж, дархиад таван секунд гарга
  • Удаан суух нь стрессийг үүсгэдэг.
  • Ажил дээрээ утсаар ярихдаа босч яв.
  • Цахилгаан шатаар биш, явган шатаар гарч бай.
  • Инээ. Хөгжилтэй сайхан зүйлд цагаа бүү харамла.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ

Б.Эрдэнэцэцэг “Эдгэрэл” эмнэлгийн захирал, тэргүүлэх зэрэгтэй их эмч

Стрессийг тайлахгүй бол...

- Стресс гэж чухам юу вэ? Өвчин үү, эсвэл өөр зүйл үү?

- Стрессийг сэтгэл гэмтэл гэж ойлгож болно. Хүмүүсийн хоорондын харилцаа, ажил, амьдралын сэтгэлд тааламжгүй зүйлсээс болж хүний сэтгэл гэмтэж байгаа хэрэг юм. Тухайн сэтгэл цохилтыг хэн, хэрхэн хүлээж авч байгаатай холбоотойгоор хүчтэй, эсвэл хөнгөн маягаар үүсдэг. Жишээлэхэд хүн ойр дотнын хэн нэг нь гэнэтийн ослоор нас барсан үед хүчтэй стресст орж болно. За мөн өвчтэй хүнийг удаан хугацаагаар сахиж байгаад өнгөрүүлсэн хоёр хүн хоёр өөр стресст орсон байдаг. Энэ нь хүний төв мэдрэлийн системийн хүлээж авах чадвартай холбоотой. Нэг нь өвчтэй хүнийг сахих явцдаа сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй болсон байхад нөгөө нь тэгж чадаагүйгээс хүчтэй цочролд орж болно. Стрессийг яг өвчин гэж хэлж болохгүй. Хүн бүрт ямар нэгэн байдлаар эерэг болон сөрөг стресс үүсч байдаг. Харин стрессийг гадагшлуулахгүй удаан явах юм бол тэр нь невроз буюу ядаргаа болж хувирдаг.

- Хүн стресст ороод тэр нь ядаргаа болж даамжирсныг яаж мэдэх вэ?

- Ядаргаанд орно гэдэг бол өвчин туссан гэсэн үг. Хүн төв мэдрэлийн системдээ үүссэн цочролыг тайлж чадахгүй байна гэдэг бол тэнд сэрэмжлүүлэх улаан гэрэл асчихлаа гэсэн үг. Улаан гэрэл асчихаад байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй яваад байвал тархи буюу төв мэдрэлд үүссэн цочрол доошилж бүх биед нөлөөлж эхэлнэ. Ингээд хүний дотоод эрхтэн хямрах, өвчлөх зэрэг үндэс тавигддаг. Хүмүүс ядраад, сульдаад, нойргүйдээд, нэг л сэтгэл дүүрэн биш оргиод байхад дотрын эмч, лам хуврагаар яваад байдаг. Ингэсээр аргаа бараад сая нэг сэтгэцээ эмчлэх шаардлагатайг /аз болж ухаарвал/ сэтгэцийн эмчид ханддаг. Ингэж хандаж байгаа хүмүүсийн ихэнхи нь ядаргаа /невроз/-ны зовиуртай болсон хойноо ирдэг.

- Ядаргаа даамжирч солиорол болох уу?

- Солиорол болно гэж байхгүй. Харин сэтгэлийн цочролоос үүдэж нууц байсан сэтгэцийн өвчин илэрч гарах нь бий.

- Танай эмнэлэг неврозын шинжтэй ирсэн хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

- Сэтгэл заслын ганцаарчилсан болон бүлгийн эмчилгээ, гэр бүлийн эмчилгээ хийдэг. Нөгөө хэрээний хэлийг мэддэг хүн хэцүү гэдэг шиг хүний сэтгэлийг харж чаддаг эмч нарт хэцүү байдаг юм. Эмч хүн өвчтөнөө нүдний харцаар, дууны өнгөөр, яриагаар нь оношилж эмчилдэг. Хэлгүй, дүлий хүнийг ч мэдэрч ойлгож, эмчилж чаддаг гэсэн үг. Хэрэв өвчтөн надад итгэх юм бол эмч, өвчтөн хоёр сэтгэлийн хүчээр өвчнийг эдгээж чадна. Сэтгэл заслын эмчилгээ авахгүй өвчтөн гэж байдаггүй.

- Та сэтгэцийн эмчийн хувьд стресст ороод байгаа нийт хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

- Өнөө ардын дуунд байдаг шүү дээ. Тулаад ирсэн үйлийн үрийг Туулаад гарна уу гэхээс Тойроод гарна гэж үгүй гэж... Тийм болохоор хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхнийг сэтгэлийн хатаар даван туулж, зовлонг зовлон гэж зоволгүй, жаргалыг жаргал гэж хөөрөхгүй, байдлыг бодитоор үнэлж, стрессээ ямар нэг байдлаар тайлж сураарай. Хэрэв өөрөө тайлж чадахгүй бол мэргэжлийн эмчид хандаж байгаарай. Манай “Эдгэрэл” эмнэлэг Хатагтай эмнэлгийн дөрвөн тоотод байрлаж байгаа. 99285825 дугаарын утсаар хандаж болно.

 

Соён Гэгээрлийн ЦАГТӨР сэтгүүлийн архиваас