Юаны ханшийн өсөлт иргэдийн “халаас”-нд шууд нөлөөлж байна
2016/12/06
Далай ламын айлчлалын дараахан Хятадын Засгийн газар Манай улсад таагүй хандаж эхлэсэн талаарх мэдээлэл сүүлийн үед ар араасаа хөврөх болов.
Үүний нэг нь энэ сарын 4-ны өдрөөс эхлэн БНХАУ Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна.
Тодруулбал, Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргалаа. Урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна.
Монголбанк анхааралдаа авах ёстой хоёрхон валют бий. Нэг ам.доллар, нөгөө нь юань. Монголчууд ам.долларын ханшийг л гайхаад байхаас юанийн ханшийг тоодоггүй. Та бид импортын 10 бараа тутмын долоог нь Хятадаас юаниар авч байгаа.
Ам.долларын ханш өсөхөд төсөвт хүндрэл учирч, юанийн ханш нэмэгдэхэд аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусна. Мэдээж урд хөршөөс бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхи хувийг импортолдог манай улсын хувьд энэ нь хэрэглээний үнэ нэмэгдэх шалтаан болох нь тодорхой юм. Энэ хэрээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш болохыг зарим эдийн засагч хэлдэг.
Эдийн засагч О.Алтансаруул: “Монголбанк анхааралдаа авах ёстой хоёрхон валют бий. Нэг ам.доллар, нөгөө нь юань. Монголчууд ам.долларын ханшийг л гайхаад байхаас юанийн ханшийг тоодоггүй. Та бид импортын 10 бараа тутмын долоог нь Хятадаас юаниар авч байгаа. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь юанийн ханшийн өсөлт” гэжээ.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв болон жижиглэн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг урдаас авдаг. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр 248 төгрөгөөр юань авч урд хөршийг зориод хоёр хоногийн дараа эх орондоо иртэл юанийн ханш 355 төгрөг болоод өсчихсөн байсан аж.
Валютын ханш ийн хоногоор өсөж байгаа тул өнгөрсөн онд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байсан цамцаа 30-35 мянган төгрөгөөр зарах болсноо учирлав. Үүнээс үзэхэд юанийн ханш иргэдийн халаасанд илүү нөлөөлдгийг харж болно. Тиймээс юанийн өсөлт худалдаачид цаашлаад иргэдэд дарамт болдог. Түүнчлэн гол нэрийн барааны үнэ ч тодорхой хувиар нэмэгдсэнийг анзаарч байгаа биз ээ.
Тэгвэл ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2477 төгрөгтэй тэнцэж байгаа бол юанийг “Уран уургач” арилжааны төвд 358 төгрөгөөр авч 359 төгрөгөөр зарж байна.
Удахгүй импортын барааг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй. Үүнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн “халаас”-нд нь шууд нөлөөлж эдийн засагчдын урьдчилан таамаглаад буй инфляци өсөх дүр зураг харагдаж байна.
24tsag.mn