УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүд хуулийн үг өгүүлбэр,  заалт тус бүрийг  нарийн судлаж, боловсруулж батлах ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл нийгэмд хүлээлт үүсээд байгаа энэхүү хуулийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зайлшгүй шаардлагатай хууль учир батлагдан гарах ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ зөвхөн энэ хуулийг гаргахын тулд гаргаж болохгүй. Энэ хууль бодит амьдралд хэрэгждэг хууль байх ёстой. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тоо, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл давамгайлах хандлага ажиглагдаж байна нь энэ хуулийг зайлшгүй яаралтай батлах ёстойг харуулж байгаа юм. Энэхүү хууль нь хувь хүний, гэр бүлийн цаашлаад улс орны хувь заяатай холбоотой учраас хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Хуулийн хувьд өмнөх хуультай харьцуулахад маш чухал чухал заалтууд орсон. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиас бараг 50-аад хувь нь шинэчлэгдсэн. Тухайлбал, хохирогчийг хамгаалах тухайн заалт цогцоороо орж ирж байгаа. Мөн мэдээллийг нууцлахтай холбоотой гээд засаг дарга, цагдаа нийгмийн ажилтан юу хийх ёстой зэрэг бүх зүйлийг нарийн зааж өгсөн. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нарийн заалтууд энд бас тусгагдсан.

 

Ц.Нямдорж: Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргах хэрэгтэй

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Энэ хууль хөдөөний амьдрал дээр яаж буух вэ гэдгийг бодолцож хийх ёстой. Захиргааны зөрчил гаргасан ч гомдлыг үл харгалзан заавал шүүхээр шийддэг юм руу явах болж байна. Ингэсэн нөхцөлд шүүхийн ачаалал нэмэгдэнэ, ялихгүй шалтгаанаар малчид аймаг руугаа дуудагдах болох нь. Монгол бол нүүдлийн болоод суурьшмал амьдралтай орон. Суурьшмал амьдралтай орны хуулийг аваад хэрэглэхээр нүүдлийн амьдралтай иргэдийн эрх ашиг хөндөгдөх болдог. Жишээлбэл, 310 гаруй сум шүүхгүй, хэрвээ энэ заалт дэмжлэг хүлээх юм бол хөдөөний малчин ялих, шалихгүй шалтгаанаар аймаг руугаа шүүхэд дуудагдаж, цаана нь таван хүүхэдтэй эмэгтэй л үлдэх болж байна. Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол гэр бүлийн нарийн ширийн асуудал Эрүүгийн хууль руу татагдан орох болж байна.

 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 100 гаруй саналын 80 хувь нь редакцын чанартай саналууд. Хуулийн агуулга хэвээрээ байгаа. Болохгүй байна гээд буцаагаад авсан хууль тэр чигээрээ буцаж орж ирсэн. Энэ хуулийн ач холбогдлыг нийгэм маш их хүлээж байгаа үед яаралтай батлах ёстой.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.

 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна. Гэр бүлийн хамааралтай хүнийг зодож гэмтээсэн бол эхний ээлжинд захиргааны хариуцлага хүлээнэ. Удаа дараа давтагдвал шат дараалсан эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 2005 оноос мөрдөгдөж эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт сайн байхад өрнөдийн хуулийг Монголын хөрсөнд суулгаж батлах гэж зүтгэх хэрэг байна уу, шинэчлэн найруулаад өргөн бариад байгаа хууль дорнын заншилтай манай оронд тохирохгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй цаг юм уу, хайртай морио хазаар амгайтай нь хослуулж болохгүй болсон цаг юм уу? Тэрийг би ойлгохгүй байна. Гадны төсөл авсан байгууллагууд олон нийтийн сүлжээгээр “балбаад” өгөхөөр бид бүхэн хууль батлах ёстой юм уу? Амьдралаас хол энэ хууль батлагдаад хэн эргэж харах юм?Өрнөдийн хууль орж ирнэ гэдэг нь буутай хууль орж ирэхийн шинж. Орой 10:00 цагаас хойш манай хаалгыг хүн тогшвол буудах эрхтэй гэсэн үг. Энэ хуулиар ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ, гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй.

 

24tsag.mn