Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэгтэй уулзахаар цаг болзлоо. “Дүрэлзсэн гал цогоо дэлгэцний цаанаас ч “цацаж” чаддаг байсан тэр бүсгүй хэр өөрчлөгдсөн бол... Учир нь, түүнийг залуухан, халуухан бүсгүйн дүрээр харалгүй арав гаруй жил өнгөрчихөж...”. Иймэрхүү бодолд ээрүүлсээр нэг л мэдэхэд түүний хаалгыг тогшиж зогсов.

Хаалга нээгдлээ... Хэзээний танил, жижигхэн очир эрдэнэ шиг гялалзсан нүд инээмсэглэл тодруулсаар угтаж авав. Царай төрх, бие хаа, бүүр арьсных нь ширхэгээс хүртэл он цагийн үлдээсэн ормыг хайлаа... Түүний гадаад төрхөнд он цаг ормоо үлдээж зүрхлээгүй бололтой. Тэгвэл... Тэгвэл он цаг түүний дотоод сэтгэлд ямархан ором үлдээсэн бол? Дахиад л асуулт. Асуултандаа хариулт авч л байж санаа амардаг нь сэтгүүлч хүний л зан юм даа.


-Та хамгийн сүүлд “Өвлийн тууж” кинонд тогложээ. Найруулагч Б.Тулгаа “Манай кино тэр чигээрээ таавар” гэж хэлэхэд магадгүй, тэр таавруудын нэг нь таныг юм болов уу гэж бодогдсон. Тиймээс ч тантай холбоотой таавруудын хариултыг олохоор ярилцахыг хүссэн юм?

-Уран бүтээлч хүн амьдралынхаа цонхыг цэлийтэл нээчихээд сууж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч өөрөө ч бас таавар шиг байх ёстой. Хийж байгаа болон хийсэн ажлаа л олонд тайлагнах учиртай болохоос бус хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьж, хүссэн бүхэнд тайлбар өгөөд байх шаардлагагүй гэж боддог.

-Таны талаар бараг л кино зохиол болчих хэмжээний дуулианууд олны ам дамжин яригддаг шүү дээ. Магадгүй, энэ бүхэнд үнэн бодит хариултыг нь өгөх цаг болсон ч юм бил үү?

-Жишээлбэл, ямар дуулиан бэ.

-Хоёр, гурван ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн, нөхрөөсөө салсанаасаа хойш урлагаа орхисон гэх мэт...?

- 2000 оны үед шар хэвлэлүүдээр нэлээд бичигдэж байсан байх. Түүнээс хойш өөрийгөө их нам гүм амьдарч байгаа гэж бодоод байгаа ш дээ.

-Таны үеийн урлагийнхан ч шар мэдээлэлд их эмзэг ханддаг байлаа шүү дээ?

-Тухайн үедээ надад сэрдхиймээр л санагдаж байсан мэдээллүүд дуулдаж л байсан. Гэвч араас нь эрэн сурвалжлаад, хэл ам хийж, тэмцэлдээд байхыг хүсээгүй. Магадгүй, сониноо борлуулах гэсэн нэг арга юм байлгүй дээ гээд л өнгөрөөж байсан. Ойр дотны хүмүүс маань л миний өмнөөс шаналдаг байсан болов уу.

-Та одоо хэн, хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Хүүтэйгээ хамт амьдарч байна.

-Шинэ нөхөртэй болчихсон гэж сонссон юм, худлаа байжээ?

-Тийм зүйл байхгүй ээ.

-Нэгэн үе телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчийн сургалт явуулдаг “Stage” төвийг ажиллуулж байсан. Дараа нь их сургуульд багшилж байна гэж дуулдсан. Та ингэхэд одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Ар гэрийн асуудалтай холбоотойгоор сургалтын төвөө хаасан. Нөгөөтэйгүүр, дөрвөн жил сургаж байж олгодог мэргэжлийг би хэдхэн сарын дотор эзэмшүүлээд, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгээд байгаа юм болов уу гэж бодсон юм. Нэгэн үе Үндэсний их сургуульд сэтгэл судлал, хүний хөгжлийн хичээл зааж байсан. Энэ жилээс “Зохиомж” дээд сургуулийн жүжигчний нэгдүгээр курсийн ангийг дааж аваад, багшилж байна.

-Сэтгэл судлал, хүний хөгжлийн хичээл заадаг байсан гэж бодсонгүй. Магадгүй, жүжигчин хүн өөрөө сэтгэл судлаач байдаг гэдэг утгаараа амархан хөрвөсөн байх даа?

-Би Украйнд жүжигчний мэргэжил эзэмшиж төгссөн шүү дээ. Мөн 2003 онд гадаад худалдааны менежер мэргэжил эзэмшсэн. Энэ хоёр мэргэжлийн маань түлхүү үзэх ёстой хичээлүүдийн нэг нь сэтгэл судлал. Хүн өөрөө нийгэмд амьдарч оршин тогтнохын тулд өрөөлийн болоод өөрийнхөө сэтгэлийг ойлгох учиртай гэдэг утгаараа мэргэжил бүхэнд сэтгэл судлал хэрэгтэй л дээ.

-Өөрийнхөө сэтгэлийг таньж чадав уу?

-Бид хүмүүсийг хөндлөнгөөс харж байгаа болохоор өрөөлийг таних амархан юм шиг санагддаг юм. Харин хөндлөнгөөс харж чаддаггүй болохоор өөрийгөө нээж чадахгүй байсаар л дуусдаг бололтой. Учир нь, бид өөрөөсөө цаг үргэлж шинэ нээлт олж илрүүлж байдаг шүү дээ.

-Таныг хөндлөнгөөс ажигладаг хүмүүсийн дийлэнх нь гал цогтой, дүрэлзсэн эмэгтэй гэж боддог байх аа?

-Тийм гэж үү? Би тун амгалан хүн шүү дээ. Тийм гал цогтой байж чаддаг юм болов уу.

-Найруулагчид таны гал цогийг олж харсан учраас л тийм дүрд хуваарилдаг байлгүй?

-Магадгүй, тийм санагддаг байх. Харин сүүлийн жилүүдэд дийлэнхдээ л ээжийн дүрүүд санал болгож байна. Гэвч бас нурмайсан, бууж өгсөн эмэгтэй бус хүүхдийнхээ хайр дурлалыг эсэргүүцсэн, хорьж цагдсан, бүхнийг эрхшээсэн ээжийн дүр санал болгоод байгааг бодоход тийм ч юм болов уу.

-Та одоо ямар ч ээжийн дүрд тоглоход бэлэн байна уу?

-Тийм ээ, бүх зүйлийг туршиж үзье л бодож байгаа.

-Хүүгээ хэр хорьж цагддаг вэ?

-Хүүдээ их зөөлхөн. Залуудаа төрүүлсэн болохоор найз шиг л харилцдаг. Бараг өөрөө хүүгээсээ зөвлөгөө аваад л явж байна.

-Ээж гэдэг хүн зөөлөн ч байсан, хатуу ч байсан бурууддаг юм шиг ээ?

-Хүн үр хүүхдээ болон аав, ээжээ өөрөө сонгож төрдөггүй шүү дээ. Би хангалттай сайн ээж байж чадаагүй болов уу гэж боддог. Дийлэнхдээ л зөөлөн ханддаг. Харин миний ээж хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ухаалаг, мундаг хүн байсан юм. Би хүүдээ заримдаа хатуурхахыг хичээдэг юм. Гэвч бууж өгөөд л дуусдаг. Ер нь, ээж хүн заавал тийм байх ёстой гэсэн албан ёсны шалгуур, шаардлага байдаггүй байх аа.

-Хүүгээсээ бусдад эрчүүдэд ч бас зөөлөн ханддаг уу?

-Үгүй шүү.

-Хатуурхсандаа харамсаж байв уу?

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн төлөө харамсдаггүй ээ.

-Амьдрал зөөлнийг хатууруулж, хатууг зөөлрүүлдэг юм болов уу?

-Тийм шүү. Тэр тусмаа жүжигчин хүн сэтгэл хөдлөл ихтэй, бодит амьдралаас төдийгүй уран бүтээлээсээ их зүйлийг ажиглаж, дүгнэж цэгнэдэг болохоор амархан хувьсаж өөрчлөгддөг юм болов уу. Би ч бас их өөрчлөгдсөн санагддаг.

-Амьдралынхаа хамгийн гал цогтой үеийг дурсаач?

-Уран бүтээлчийн хувьд хамгийн завгүй ажилласан үе бол 1993-2006 он.

-Уран бүтээл дээр гялалзлаа ч амьдрал дээр гялалзахгүй үе ч бас бий?

-Бодит амьдрал дээр би энгийн л байдаг. Хамгийн гол нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун. Хэтэрхий их оргилсон үе надад байгаагүй байх аа.

-Гал нь унтарчихсан мэт сүүмэлзэж байсан үеүд олон тохиолдов уу?

-Зовлонгүй, бэрхшээлгүй амьдрал гэж үгүй шүү дээ. Гэвч тэр бол нэгэн мөчлөг л байдаг. Тиймээс тухайн үед хүн өөрийгөө зоригжуулаад, урагшаа зүтгэх хүчээ өөрөөсөө олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн агшнийг хүн өөрөө ямар өнцгөөс харж, хэрхэн үнэлэхээс л бүх зүйл шалтгаалдаг. Миний хувьд тиймэрхүү үед өөрийгөө хянаж, удирдаж чаддаг.

-Амьдрал өөрөө хүний маш сайн багш шүү дээ. Гэвч амьдрал танд маш сайн заасан боловч та өөрөө зөрүүдлээд сураагүй зүйл ч бас байна биз?

-Байна, байна. Хүн үхэн үхтэлээ сурдаг гэдэг шүү дээ. Ээж маань “Залуу нас, гоо сайхан гэдэг мөнх биш. Бүхнийг залуугаасаа амжуулж хийх л ёстой шүү” гэдэг байлаа. Тэр үед дөч, тавин нас хаа хол санагддаг байлаа. Хүүхдээрээ л байгаад байх шиг. Одоо тэр насны босгон дээр ирээд эргээд харахад юу ч хийж амжаагүй л байна шүү дээ.

-Бүх зүйл мөнх бус гэдгийг аав, ээж хоёр тань өөрийн биеэр мэдрүүлж одох тэр мөч хүнд туссан уу?

-Аав, ээж хоёр хажууд байхад хүн юу ч боддоггүй юм билээ, цаас шиг л салхины аясаар хийсэж явдаг юм билээ. Аав минь түрүүлж бурханы оронд одсон юм. Тэр үед газар байхгүй болчихсон юм шиг л санагдсан. Хаана гишгэж яваагаа ч мэдэхгүй болтолоо үймэрсэн. Араас нь ээж минь явахад, бүр газар, тэнгэр хоёр хоёулаа байхгүй болчихсон юм шиг санагдаж, би хаана оршин тогтнож байгаагаа ч мэдэхгүй болчихсон. Тэр хоёр маань жар жаахан гараад л одсон юм. “Дахиад хэдэн жил хамт амьдарсан бол...” гэж бодогддог. Гэвч бас дөчин жил шахам хамт амьдарсанаа бодоход би азтай хүн. Аав, ээжтэйгээ дөрвөн жил ч хамт амьдарч чадаагүй хүн цөөнгүй шүү дээ.

-Хоосорсон тэр орон зайг юугаар нөхөв?

-Жүжигт тоглохоо больчихсоны дараа болсон болохоор мэргэжлээ золиослох хэрэг гарсангүй. Сургалтын төвөө хаагаад, гадагшаа явж, ээжийгээ эмчлүүлсэн. Бурхан болсных нь дараа буцаад ажилдаа орох тэнхээ хүрэлцээгүй. Өөрийгөө зоригжуулж чадахгүй хэрнээ хэний ч үгийг сонсож хүлээн авахад хэцүү болчихсон байлаа. Тэгээд “Хүмүүс ийм үеийг хэрхэн даван туулдаг юм бол...” гэж бодсон л доо. Тэр үед хүү маань Италид сурч байсан. Бүхнээ орхиод хүү дээрээ очсон. Хүү маань л тэр хоосон орон зайг нөхсөн.

-Италид тийм ч удаан амьдраагүй байх, тийм үү?

-Тийм ээ. Тэнд би юу хийх вэ дээ. Хэсэгхэн зуурын сэтгэл уналтаа давчихаад л эргээд ирсэн. Тэгээд бүхнийг шинээр эхлэхийг хичээсэн дээ.

-Б.Эрдэнэчимэг гэдэг хүнийг юунд ч бууж өгдөггүй эмэгтэй гэж боддог байлаа. Гэвч та бүгдэд бууж өгөөд явсан мэт яриад, бүр эргэлзүүлчихлээ?

-Уучлах, өршөөх, бууж өгөх гэдэг зүйл миний амьдралд олон бий.

-Гэхдээ бууж өгдөггүй чанар ч бас танд байдаг байх аа?

-Хүн амьдарч байна гэдэг маань л бууж өгөөгүйн шинж шүү дээ. Ээж, аав хоёр үгүй болоход тэр чигээрээ нураад унавал унахаар л байлаа. Бууж өгдөг бол тэр үед буугаад л өгөх байсан биз. Ер нь хүн шантарч, бууж өгдөггүйдээ л амьдарсаар байдаг юм болов уу.

-Хамгийн сүүлд тоглосон “Өвлийн тууж” кинондоо бас амьдралд буугаад өгчихсөн эмэгтэйн дүрийг бүтээжээ. Таны хувьд огт төсөөлөгдөөгүй дүр байна?

-Тийм ээ. Энэ дүрд тоглоход багагүй бэрхшээлтэй санагдаж байсан. Яагаад гэвэл би харгис хэрцгий, хүнийг туйлдуулсан амьдралаас холхон байхыг хичээдэг хүн.

-Тэр эмэгтэй бас өөрийнхөөрөө л тэмцээд байгаа юм. Ингэхэд та амьдрал дээрээ энэ дүр шигээ авир гаргаж байв уу?

-Хааяа бухимдана аа. Жүжигчин хүн өдөр бүр илрээд байдаггүй ч өөрт хадгалагдаж байдаг, эсвэл үзэж харсан зүйлээ өврийн дэвтэр гэдэг шиг чанадаасаа гаргаж ирж дүр бүтээдэг байх л даа.

-“Уйлах эрхгүй хайр” кинон дээр гардаг шиг гал халуунаар дурлаж үзсэн л биз дээ?

-Хүн дурлахаараа өөрөөсөө ч тэс өөр болдог, хэзээ ч хийхгүй үйлдлүүдээ ч хийдэг. Энэ ч утгаараа хайр дурлал гэдэг зүйл хүнийг урагшлахад хийгээд ухрахад их чухал үүрэг гүйцэтгэдэг юм болов уу. Би дурлахаараа их уйламхай болчихдог юм. Гэвч түүнийгээ хайртай хүндээ харуулалгүй, зөвхөн өөрөө өөртөө л шаналдаг. Сэтгэл хөдлөлөө тэр хүндээ илэрхийлэлгүй, өөртөө хав дарчихдаг. Ингээд бодохоор харгис ч юм шиг.

-Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй эмэгтэйчүүд дийлэнхдээ хайртай хүнээ алдаад явуулчихдаг шүү дээ?

-Би ч бас тэгсэн л байх. Магадгүй, тохироо нь бүрдээгүй гэр бүл байсан ч байж болно. Хүмүүсийн ярьдаг шиг олон хүнтэй амьдрал зохиогоогүй болохоор олон шалтаг шалтгаан тоочиж чадахгүй л байна.

-Аз жаргалтай мөчөө ямар өнгөөр төлөөлүүлдэг вэ?

-Цагаан өнгөнд дуртай. Би өөрөө өвлийн хүн л дээ.

-Цагаан хувцас тань толботчихвол харамсах уу?

-Их дуртай хувцас маань толботчихвол харамсалгүй яах вэ. Толбыг нь арилгах гээд л үзнэ дээ.

-Яг үүнтэй адил бид ч бас энэ орчлон дээр цав цагаан л ирдэг байх. Гэвч биднийг толботуулдаг зүйл даанч олон юм?

-Өөрөө толботсон үедээ өөрийгөө хүчээр тайвшруулахыг л хичээдэг. Хүнийг болон амьдралыг дандаа баяр баясгалантайгаар харна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс өөртэйгээ ярьж, өөрийгөө л дасгалжуулдаг. Хүүдээ ч бас “дараагийн боломжийн эрэлд гар” гэж л захидаг. Хаях ёстой зүйлийг хаях хэрэгтэй. Гэвч бусдыг хэзээ ч арилшгүйгээр толботуулж болохгүй. Тэр хар толбоны сүүдэр эргээд над дээр тусна шүү дээ. Ер нь, цаг хугацаа л бүхнийг уяруулдаг даа.

-Та ханилсан ханиа толботуулсан гэж боддог уу?

-Миний мэдэхгүй зүйлс амьдралд олон шүү дээ. Тиймээс толботуулсан эсэхийг тэр хүн л мэдэж байгаа болов уу. Миний хувьд бүтэх ёсгүй л зүйл байж гэж бодсон. Хэн нэгэнд гомдож, түүнийгээ өөртөө тээгээд явахыг хүсдэггүй юм.

-Та “Цаг хугацаа их хурдан юм” гэж дээр хэлсэн. Энэ цаг хугацаатай уралдаж амжуулахыг хүсэж байгаа зүйл тань юу вэ?

-Уран бүтээлээ олон жил орхижээ. Одоо уран бүтээлдээ идэвхтэй оролцохыг хүсэж байна. Суралцах ёстой гэж бодсоор явтал юу ч сураагүй хэрнээ их олон зүйлийг сонирхоод орхичихож. Тэр бүхнээ гүнзгийрүүлэхийг хүсэж байна.

-Хувийн амьдралын тухайд?

-Их л амгалан хандаад байна л даа.

-Амьдралаас ямар нэгэн зүйл хүлээгээд байгаа юм уу?

- Хүлээлт, мөрөөдөл байна аа. Хүн хүлээлтгүй, хүсэл мөрөөдөлгүй болчихвол, амьдрал тэр үедээ л дуусах байх. Хүмүүс нөхөрт гарахаараа л жаргалтай амьдрах юм шиг ярьдаг л даа. Гэтэл бас нөхөр нь зовлон болбол яана. Миний хувьд хамгийн дээд жаргал бол сэтгэл амгалан байх явдал. Тиймээс ч хүлээж байгаа зүйл маань зовлон битгий болчихоосой гэж бодох юм.

-Заяаны хань зам дээр гэдэг халз зам дээр тань хэн нэгэн гараад ирэхгүй л бол дахиж амьдрал зохиохгүй нь ээ?

-инээв.сурв. Энэ бол хүссэнээр болдог зүйл биш шүү дээ. Зураг төөргөө л дагах байх даа.


Эх сурвалж: Өдрийн сонин.