Сумын банкны “ангууч”
2016/12/25
Сумын банкаар ихэнхдээ малчны зээл хөөцөлдсөн, оюутан хүүхэддээ хэдэн төгрөг шилжүүлэх гэсэн, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө эргүүлдсэн хүмүүс орж гарна. Эдний ихэнх нь орлогоо өдөр тутмын амьдралдаа хэрхэн хүргэх талаар л боддог гэхэд хол зөрөхгүй. Өдөрт хэдэн “өнгөөр” сүлжилдэх тэдгээр хүмүүсийн дунд ганцхан балчир үйлчлүүлэгч байдгийг банкны теллер бүсгүйгээс хэдэн жилийн өмнө сонсч байв. Сүүлд банкаар үйлчлүүлж байгаад санамсаргүй байдлаар тэр хүүтэй таарсан юм. Бяцхан гартаа цөөхөн хэдэн төгрөг атгаад хэнээс ч бишүүрхэж санаа зовсон шинжгүй дугаарлаж зогсох нь тухайн үедээ сонин санагдаж байсныг нуух юун. Ойролцоогоор 5-6 дугаар ангийн хүүхэд болов уу гэлтэй. 10 гаруй л настай байх. Банкны эгч “Энэ хүү долоон хоногт хэдэн удаа ирнэ. 500, 1000 төгрөг бариад л дансандаа хийх гэсэн юм гээд зогсчихно. Өвлийн хүйтэнд огт төвөгшөөхгүй. Өөрийнх нь яриа болон гаднах байдлыг нь ажиглавал аав, ээждээ хэлдэггүй юм шиг байна лээ. Үйлчлүүлэгчдийн зарим нь гайхаж бүр аав, ээжийг нь хүртэл муу хэлдэг л юм. Үнэнийг хэлэхэд бид нарт хүртэл анхандаа төвөгтэй санагддаг байлаа” гэж байсан удаатай. Энэ бол одоогоос 7-8 жилийн өмнөх бодит түүх. Түүнээс хойш банкны буюу төрлийнхөө эгчтэй таарах бүртээ нөгөө хүүгийн талаар асууна. Төрлийн хүмүүсийн хүрээнд тэр хүүгийн талаарх яриа өрнөх бүрт л бидний хэсэг нөхөд бодол болдог байсансан. Хааяа гэрт хадгаламжийн талаар яриа өрнөхөөр аав, ээж минь тэр Дүгэрийн хүүхдээс үлгэр жишээ ав. Хар багаасаа банкинд мөнгө хадгалуулаад сүрхий амьдралын ухаантай гээд зэмлэнгүй хэлнэ.
Тэр хүүг сүүлдээ банкныхан манай хадгаламжийн ангууч гэж нэрлэдэг болсон тухай сонсогдсон. Бодвол үеийнхэн дундаа бараг сумын хүмүүс дунд ганцаараа хуримтлал үүсгэсэн ч байж магадгүй. Тухайн үед хуримтлал үүсгэх ухаан байтугай хичээлээ ойлгохгүй явсан арван настангууд дундаа ирээдүйг цоо шинээр харсан онцгой хүүхэд байсан нь мэдээж. Лав түүнээс хойш гурван жил болоход хадгаламжиндаа мөнгө хийсээр л байсан юм. Харин нэг удаадаа хадгалуулах мөнгөний хэмжээ нь хамаагүй өссөн гэсэн. Учир нь тэр хүү есдүгээр ангиа төгсөөд зэргэлдээ сум руу алт ухахаар явах, хавар ямааны ноолуур, хонины ноосны мөнгө, зун ан хийсэн мөнгө, барилга дээр ажилласан цалин гээд сардаа хэдэн зуун мянган төгрөгөөр хадгаламжаа сэлбэдэг болжээ.
Сумын нэг онцлог нь хүн ам цөөтэй буйдхан учраас бараг бүгд нэгийгээ танина. Тэдний хүүхэд гээд хэлэх юм бол бүр сайн мэднэ. Тиймээс сумын банкийг ангуучилдаг тэр нөхрийн гэр бүлийг удам угсаагаар нь биш ч тодорхой хэмжээнд таньдаг байлаа. Тэднийх ам бүл 11-үүлээ. Айлын хамгийн бага хүүхэд. Ар гэр нь элбэг хангалуун биш ч бүгд л өөрсдийн амьдралыг зохиосон. Олон хүүхэдтэй болоод ч тэрүү охидуудаа сургуульд явуулж, хөвгүүд нь мал маллаж, хажуугаар нь аймаг, зэргэлдээ сум руу явж барилгаас эхлээд ажил голохгүй хийдэг, ингэж л аж төрдөг айл байсан.
Үндэсний хуримтлалын талаар бодох үед тэр хүү буюу нийтлэлийн маань баатар Д.Түмэндэмбэрэл эрхгүй санаанд буусан юм. Тиймээс үүнийг бичихдээ хоёрхон хоногийн өмнө түүнтэй утсаар холбогдов. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багт өдгөө маллаж байгаа түүнтэй зориг гарган үнэн учраа хэлэн холбогдов. Тэр утсаар бас сайн таньдаггүй хүнтэйгээ дэлгэрэнгүй ярина гэж үгүй. Угийн даруу зантайн дээр багаасаа мал малласан болоод ч тэр үү цөөн үгтэй, бишүүрхүү. Ихэнхдээ утас нь сүлжээгүй байдаг түүнтэй үдэш өндөрлөг газар гарсан үед нь холбогдож доорх хариултыг авахын тулд эхлээд цаг агаар, мал маллах арга ухаан, ангийнх нь найзуудын талаар яриа өрнүүлж “найрсан” юм.
-Чи яагаад банкинд мөнгө хадгалуулъя гэж шийдсэн юм бэ. Тухайн үед жаахан хүүхэд байсан биздээ?
-Амралтын өдөр хөдөө гэр рүүгээ явах гээд хөршийн ахаас мотоциклийг нь гуйж авчирсан аавыгаа хараад мөнгөтэй бол гэж бодсон. Тэгээд хөдөөнөөс ирсэн хүмүүс юмуу аав, ээж хааяа мөнгө өгөхөөр нь хадгалдаг байсан. Хадгалсан мөнгөө найзуудтайгаа гарахдаа үрчихдэг байсан учраас найдвартай буюу дуртай үедээ аваад хэрэглэж чадахгүй газар хайж эхэлсэн. Аав, ээждээ хадгалуулж үзсэн ч бас л мөнгөтэй болохоороо нэмчихье гээд хэрэглэчихээд байсан. Тэгээд нэг удаа эмээ тэтгэвэрээ авах гээд банк орохдоо намайг дагуулж явсан юм. Мөнгөө аваад надад 1000 төгрөг өгсөн. Гэтэл банкны эгч “Ямар их мөнгөтэй хүү вэ” гэсэн чинь эмээ “Миний хүү мөнгөө үрдэггүй сайн хүү. Аав,ээж нь үрчихээд байгаа болохоос” гэсэн чинь тэр эгч “Манай банкинд хадгалуулах юмуу” гэсэн. Хэд хоногийн дараа аав, ээжийг мөнгөтэй болохоор нь хадгалуулсан 5000 төгрөгөө аваад банкин дээр ирсэн. Банкны эгч үнэхээр хүрээд ирж байгаамуу гээд надад данс нээж өгсөн.
-Үүнээс хойш олдсон мөнгөө л хийгээд байсан уу. Хадгалуулсан мөнгөөрөө юу авахаар төлөвлөж байгаа вэ?
-1000, 2000 гээд олдсон мөнгөө тэр дор нь банкны эгчид аваачаад өгчихдөг байсан. Үйлчлүүлэгч олон байвал завтай болохоороо хадгаламжинд чинь нэмчихье гээд аваад ширээн дээрээ тавьчихна. Сүүлд аав, ээж, эмээ намайг магтаж хадгаламжинд хааяа мөнгө нэмж өгдөг болсон. Өнгөрсөн жил би мөнгөө аваад өөртөө мотоцикль авсан. Минийх 800 мянган төгрөг болсон байсан. Одоо бол ажил хийгээд 200-300 мянган төгрөгийг нэг дор хийдэг. Хурим хийх мөнгөө хадгалж эхэлсэн. Манайх олуулаа болохоор гэрийн мод, тавилгынхаа мөнгийг хуримтлуулж байгаа. /инээв/
-Мөнгө хадгалаагүй байсан бол гэж боддог уу?
-Хааяа боддог. Хэрэв би мөнгө хадгалаагүй байсан бол мотоцикль авч чадахгүй. Эсвэл аав, ээжийнхээ бүтэн жилийн ноолуурын мөнгөөр унаа авахуулах байсан байх. Тухайн үед тэр болгон мөнгө олдохгүй учраас бага багаар мөнгө хадгалдаг байсан бол одоо нэг удаа банк орохдоо овоо ихийг хийнэ. Бас хүү нь өсөөд 2-3 жилийн дотор гэр авах мөнгө цуглуулчихна гэж бодож байгаа.
Бидний яриа нэг иймэрхүү маягаар өрнөсөн юм. Нээрэн л бид их мөнгөтэй болохоороо хадгаламж нээлгэнэ гэж өдөр хоногийг өнгөрүүлэхийн оронд бага гэлтгүй хуримтлал үүсгэвэл ямар дүнд хүрдгийг дээрх хүүгийн жишээнээс харж болно. Тиймээс та хуримтлал үүсгэж амжаагүй бол яг одоо өөрт байгаа мөнгөө, магадгүй 5000 төгрөг байсан ч хамаагүй аваад банк яваарай. Бас үр хүүхэддээ багаас нь хуримтлалын үнэ цэнэ, ашиг тусыг таниулах нь чухал юм. Монголчууд бидний 83 хувийнх нь дансан дахь мөнгө сая төгрөг хүрэхгүй байна гэсэн албан ёсны мэдээлэл бий. Гэтэл хөдөөгийн буйдхан тосгонд буй 20 нас хүрээгүй хүүхэд 2-3 сая төгрөгийн хадгаламжтай байх жишээтэй. Монгол Улсын нийт 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ бий. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, Монгол Улс 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох судалгаа бий. Тиймээс яг одоо өөрт байгаа мөнгөөрөө хуримтлал үүсгэж ирээдүйд тохиолдох эрсдэлд бэлэн байцгаая.
Эх сурвалж: www.polit.mn