“Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар” олон ангит кинонуудаар та бидний танил болсон залуу жүжигчин О.Долгор дөнгөж саяхан нээлтээ хийсэн “Хөлтрөг сэтгэхүйн драм төрлөөр хийгдсэн кинонд амжилттай тоглоод байна. Тэрээр тус киноны нээлтийн үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгасан юм. Ингээд түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

-Хэдхэн хоногийн өмнө СТА цол тэмдгээр шагнууллаа. Баяр хүргэе?

-Баярлалаа. “Хөлтрөг” киноныхоо нээлтийн үеэр энэ эрхэм хүндтэй шагналыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатараас гардаж авсан. Үнэхээр баяртай байгаа.

-“Хөлтрөг” кинонд бүтээсэн дүрийнхээ тухай яриач. Их зоригтой бүсгүйн дүрд тоглосон шиг байсан?

-Киноны гол дүр Замилан гээд эмэгтэйн дүрд тоглосон. Миний өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс их онцлогтой, дотоод хүч сайтай, эрэмгийн, шийдэмгий эмэгтэйн дүр. Уран бүтээлч хүний хувьд өөрийгөө өөр өнцгөөс харуулах, ур чадвар шаардсан бүтээл дээр ажилласан маань нэр төрийн хэрэг. Бас боломж. Энэ кинонд тоглосоноороо ур чадварын хувьд нэг шат ахисан гэж бодож байна.

-Урьд нь С.Болд-Эрдэнэтэй кинонд хамтрагч болж байсан шүү дээ. Найруулсан кинонд нь тоглох ямар санагдав?

-Урд нь хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч хосуудын дүр бүтээж байсан. Энэ удаа найруулагч, жүжигчний үүднээс ажиллалаа. С.Болд-Эрдэнэ ахын хувьд өөрөө жүжигчин хүн учраас ажиллаж байгаа жүжигчдээ мэдэрдэг, хэтрүүлэхгүй, дутаахгүйгээр тоглохыг сануулж ажилласан. Энэ мэт нарийн нюансуудыг маш сайн мэдэрч, гар нийлж ажиллалаа.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна вэ?

-Сүүлийн үед нэлээд уран бүтээл ихтэй, завгүй яваад байна. Тун удахгүй Шүүдэрцэцэгийн зохиол “Сувдан даруулга” нэртэй олон ангит түүхэн сериалыг “SBN” телевизийнхэн бүтээх гэж байгаа. Тэр кинонд тоглох бэлтгэл ажилдаа орсон. Богд хаан олноо өргөгдсөн автономит төр байгуулагдахын өмнөх Монгол орны байдал, язгууртан айлын амьдралыг харуулсан кинонд Хулангоо охины дүрд тоглоно. Түүхэн киноны гол дүрд анх удаа тоглох гэж байгаа учраас сонирхолтой санагдаж байна.

-Ер нь их эрэлттэй жүжигчин юм аа. Киноны урилгад их дарагдаж байна уу?

-Хавраас хойш нэлээд киноны санал ирсэн. Цаг хугацааг нь бодолцоод хоёр уран бүтээлийн ард гарчихлаа. Одоо энэ жилийн дөрөв дэхь төсөлдөө орох гээд байна.

-Хүүхэддээ хэр цаг зав гаргаж байна даа, их ажиллаж байгаа юм байна?

-Би хавар нярайлсан. Хүү маань одоо долоон сартай, бор хоолонд орчихсон. Ажлаа амжуулаад л явж байна даа.

-Дүрээ хэрхэн сонгодог вэ, найруулагч нар санал тавьдаг уу эсвэл өөрөө пробонд ирж ордог уу?

-Янз бүр л байдаг. Заримдаа кино уран бүтээлчид манай пробонд орно уу гэдэг эсвэл би өөрөө очоод орох үе ч байна. Миний ихэнх дүр сонгон шалгаруулалтаар гарч ирдэг. Яахав надад зориулж бичсэн ганц нэг уран бүтээл байдаг.

-Таныг хүнд өвчнөө даван туулсан гэж ярьдаг юм билээ?

-2006 онд КУДС-ийг төгсөөд охиноо төрүүлсэн. Тэгээд гурван жилийн хугацаанд уран бүтээл хийгээгүй. Бие маань өвдөөд. Тухайн үед нэлээд хүнд өвчин туссан ч түүнийгээ ялан дийлээд өдгөө хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа нь өөрийгөө энэ амьдралд ялагч байж чадсан. Хамгийн гол нь өвдсөнөө яриад бахархаад байгаа биш тэр өвчнийг ялж чадсан нь миний хувьд бахархал. Анхны уран бүтээлүүд маань алдаа оноотой янз бүр л байсан. Тэр бүрт нь шантралгүй алдаан дээрээсээ суралцан ахмад жүжигчдид, шүүмжлэгч, багш нарынхаа заавар зөвлөгөөг даган аль болох чанартай уран бүтээл гаргахын төлөө ажиллаж байна.

-Таныг их даруухан бүсгүй байх гэж боддог. Кинонд бүтээсэн дүрүүдээр тань тэгж дүнэдэг болсон гэж хэлж болно. Миний бодол зөв үү?

-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэлт өгөх байх. Миний хувьд ямартаа ч хэлэх гэсэн үгээ хэлэх цагт нь хэлчихдэг, тэр нь заавал сөрөг байх албагүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд хийх ёстой ажлаа хийгээд л явж байна. Даруухан гэж ямар, даруухан биш гэхээр ямар гэдгийг хүн бүр өөрөөр ойлгоно.

-Өөрийгөө хэр сайн жүжигчин болсон гэж дүгнэж байна?

-Өөрийгөө дүгнэх арай эрт байна. Нөгөө талаас үзэгчид миний хийж буй уран бүтээлээр дамжуулаад дүгнэлт өгөх байх. Хийсэн уран бүтээл бүхнийхээ алдаа, оноон дээрээс туршлага хуримтлуулаад өгсөж явна гэхээс биш уруудана гэж үгүй. Би баг хамт олон туршлагатай ахмадуудаас, мэргэжил нэгт нөхдөөсөө туршлага хуримтлуулан өсч яваа л нэгэн жүжигчин.

-Уран бүтээлчийн хувьд үлгэр дуурайлал авдаг хүн?

-Байлгүй яахав. Ахмад үеэсээ суралцахын сацуу зэрэгцэж яваа залуу уран бүтээлчдээс суралцах зүйл надад олон байдаг. Тухайн үедээ энэ хүнд ийм давуу тал байна үүнийг би өөртөө зөвөөр тусгах хэрэгтэй гэж боддог.

-Хэт их уур бухимдалтай үедээ хэрхэн тавширдаг вэ?

-Хүн л юм чинь тийм үе байна. Надад их сул тал байдаг. Бухимдсан үедээ түүнийхээ тухай ургуулаад л бүр төсөөлөөд л байна. Тэгээд өөрөө өөртэйгөө ярьж эхэлдэг. Ер нь би их дотогшоо хүн шиг байгаа юм.

-Амьдралын зорилго хэтийн төлөвлөгөө чинь яг юу юм бэ?

-Урсгалаараа амьдрахыг хүсдэггүй. Тийм амьдралаар ч амьдраагүй байх. Одоо л миний хөдөлмөрлөх, гаялалзах цаг үе. Энэ үедээ л сайн хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулж чадвал миний амьдрал шат шатаар ахиж, хүсэж тэмүүлж байсан бүхэн маань аяндаа л бүтэх болно. Өнөөдөр хэтийн юмны төлөө шаналж явахаар зүгээр л сайн хөдөлмөрлөх ёстой. Хүсэж мөрөөдөж байсан бүхэн чинь алхам алхамаар чиний гарт ороод ирнэ гэж өөртөө хэлдэг.

Хэзээнээс жүжигчин болохоор шийдсэн бэ. Багадаа жүжигчин болж тоглодог байв уу?

-Хүүхдүүд том болоод тийм хүн болно, ийм ажил хийнэ гэж мөрөөддөг. Харин би тэгж ярьдаггүй байсан. Гадаад харилцааны чиглэлээр сурахаар төлөвлөж байсан ч төгсөлтийн шалгалт өгөх үедээ жүжигчин болохоор шийдсэн. Ийм сайхан мэргэжил сонгосондоо одоо баярладаг.

- Шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Бэрхшээл мэр сэр тохиолдоно оо. Ажлын ачаалал ихтэй үед хүүхэд өвдөх үнэхээр хэцүү. Тийм үед хүүхдээ орхиод л ажлаа сонгодог доо. Харин өөрөө даарч хөрч, нойр хоолгүй ажиллах сонин биш.

-Энэ их ажлын хажуугаар гэрийн эзэгтэйн үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?

-Өөрийгөө сайн ээж, эхнэр гэж бодож байна. Урлагийн буянд бурхан тэнгэр харж үзээд ажил амьдралаа амжуулаад л байна. Киноны зурагтай үед чөлөөт цагийн тухай бодоод ч хэрэггүй. Харин зав гарвал алдагдсан эрч хүчээ нөхөж, гэртээ витаминжуулалтын аян өрнүүлдэг дээ.

-“Өдөр өдрийн нар” кинонд тоглож байхдаа нөхөртэйгээ танилцсан гэсэн үнэн үү?

-Манай нөхрийг Чинзориг гэдэг. Бид хоёр хоёулаа өсч яваа уран бүтээлчид. Ажил дээр ч амьдрал дээр ч бие биенээ маш сайн ойлгодог. Тийм ч учраас бидний амьдрал маш амттай юм шиг санагддаг. Мэдээж уран бүтээлээрээ дамжуулж танилцсан. Гэхдээ нэгээр тогтохгүй бүтээл дээр тааралдаж байж дотноссон. Энэ миний хань болно гэж шууд мэдэхгүй шүү дээ. Эхлээд хэд хэдэн чанар нь таалагдаж, сүүлдээ хань болох хэмжээнд хайрласан. Миний хань намайгүргэлж дэмжин ойлгодогт нь баярлаж явдаг. Бид хоёр хоёулаа хоёр дахь амьдралаа зохиосон. Хүний амьдрал сайн, муу ээлжилдэг учир анхны гэрлэлт, одоогийн амьдрал аль аль нь эрээнтэй, бараантай. Гэхдээ хоёр дахь гэрлэлтэд сайн нь илүү давамгайлж байна. Нэгэнт амьдрал зохиохоор шийдсэн бол сонголтоо зөв хийж, салж сарнихгүй зөв амьдрах хэрэгтэй.

-Таны талаарх элдэв мэдээллийг яаж хүлээж авч байна?

-Өөрийнхөө талаарх мэдээллийн хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг сонирхож үздэг. Миний тухай надаас илүү мэддэг юм шиг л бичдэг юм билээ. Намайг хурцлах, үнэхээр үнэн шүүмж байвал баяртайгаар хүлээж авна. Гэтэл тийм зүйл огт харагдаагүй учир ач холбогдол өгөхөө больсон.

-Таныг эрчүүдийн хамгийн хүсэмжит бүсгүйгээр шалгарсан гэсэн яриа тархаад байгаа. Ер нь баян эрчүүд ихэвчлэн олны танил бүсгүйчүүдийг их эргүүлдэг гэдэг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

-Миний амьдралд ийм зүйл тохиолдоогүй. Харин эргэн тойрны найз нөхдөд маань ийм санал ирж байсан тухай сонссон юм байна.

-Анхны хайр, анхны үнсэлт, анхны болзоо…

-10 жилд байхад л болсон. Сэтгэлд тод үлдээгүй ч гэсэн сайхан дурсамж байсан санагдаж байна.

-Гоо сайхандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Би арьс арчилгаандаа Beauty collagen гэсэн Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин дотроосоо эрүүл байхын тулд мөнгөн аяганд хонуулсан усыг хэрэглээд хэвшиж байна. Хонуулсан усныхаа талыг ууж, үлдсэн талаар нь нүүрээ савандахгүй угаадаг. Монгол хатад маань энэ аргыг хэрэглэж байсан түүхтэй юм билээ. Үр дүнгээ ч сайн өгч байгаа байх.

-Харин гоёл чимэглэлийн хувьд?

- Урлагийн хүнд тодорхой хэмжээний чамин үнэтэй зүйл байх ёстой гэж боддог. Миний акссесорууд 3-4 тоонд л эргэлдэж байдаг. Би ийм зүйлд төдийлөн сонирхолгүй.
 

Б.Цовоо