Бөхчүүдээс нууцаар санал хураах ч үр дүн нь "шилэн" байна
2017/02/14
-Бөхчүүдийн дунд нууц санал асуулга явуулж, хамгийн өндөр саналыг авсан 16 нөхрөөс допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ нь нөгөө талаасаа хэзээнээс хагаралтай гэгддэг бөхчүүдэд өрсөлдөгчөө "намнах", цаашлаад саналаа худалдах, худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй байж мэдэх-
Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаар 07, 08 тоот тогтоолыг гаргажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан энэхүү тогтоолд нь үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох зорилготой аж. Өөрөөр хэлбэл, бөхчүүдийг барилдааны үеэр бус энгийн бэлтгэлтэй үедээ сэргээш хэрэглэсэн эсэхийг түүвэрчилсэн аргаар хянаж, хорт бодисын нийлбэрийг хэрэглэсэн бөхөд хариуцлага тооцох үүднээс дээрх тогтоолыг гаргажээ. Дэлхий нийтээрээ сэргээш буюу допингийн эсрэг тэмцэж буй өнөө үед энэхүү тогтоол нь цаг үеэ олсон байж болох ч түүнийг хэрэгжүүлэх арга, механизм нь анхаарал татаж байна.
Учир нь, саяхнаас Монголын Үндэсний бөхийн холбооны дэргэдэх "Допинггүй Монгол бөхийн төлөө" гэх холбооноос дээрх тогтоол, журмыг хэрэгжүүлэхдээ сэргээшийн шинжилгээнд хамруулах шаардлагатай 16 бөхийн нэрийг тодруулах нууц санал хураалтыг авч эхэлсэн юм. Тодруулбал, энэ сарын 6-нд Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээ болон "Алдар" спорт хороо дээр бэлтгэл хийж байсан бөхчүүдээс нууц санал асуулгаа авсан бол маргааш нь "Ховд", "Их шавь" дэвжээ, "Хилчин" спорт хороо болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгийн нийт 300 гаруй бөхөөс саналыг нь авчээ. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн ням гарагт "Монгол бөхийн өргөө"-нд болсон барилдаанд оролцож байсан бөхчүүдээс нууц санал хураалтыг авсан төдийгүй тэрхүү барилцааныг үзэхээр ирсэн бөх сонирхогчдоос хүртэл саналыг нь авсан байна.
Хэдийгээр Монголын Үндэсний бөхийн холбооноос тогтоол, шийдвэрийг гаргаж допинг буюу сэргээшийн эсрэг хүчтэй тэмцэж эхэлсэн нь сайшаалтай ч нөгөө талаасаа бүгдээс нь бус ингэж түүвэрлэж, нууц санал асуулгаар тодорсон бөхчүүдээс допингийн шинжилгээг авахаар болж байгаа бөх сонирхогчдын дунд янз бүрийн хардлагыг төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, хэзээнээс хагаралтай, эв түнжин муутай гэгддэг бөхчүүдэд тэрхүү нууц санал асуулга нь өрсөлдөгчөө "намнах", цаашлаад саналаа худалдах, тэдний саналыг нь худалдаж авах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх вий гэх айдас, хардлага бөх сонирхогчдийн дунд байна.
Тэгвэл энэ талаар бөхчүүд ямар бодолтой байгааг сонирхсон юм. Тухайлбал, Улсын гарьд Н.Ганбаатараас бөхчүүдээс санал хурааж, допингийн шинжилгээ авах шийдвэрийн талаар байр суурийг асуухад “Бөхчүүдийн санал бодлоос үл хамааран холбооноос гаргасан шийдвэрийг бүр нийтээрээ дагах ёстой” гэсэн бол нөгөө хэсэг нь "Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг үйл явц олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй.
Хамгийн гол нь, хяналт тавьж, шинжилгээнд хэн хэн, хаана яаж авдаг зэрэг нь тодорхой мэдээлж байж үр дүнгээ өгөх байх. Тэгэхгүй бол мөнгөтэй бөхчүүд нь аргалаад нэрээ цэвэрлэчихдэг гэж яригдаад байдаг. Мөн шинээр төрж байгаа бөхчүүдэд анхнаас нь зөвөөр ойлгуулж, допингийн талаар мэдээлэлтэй болгох нь чухал байгаа юм. Учир нь хүмүүсийн буруу заавар зөвлөмжөөр эсвэл хэн нэгнийг даган дуурайж янз бүрийн уураг хэрэглэх нь их байдаг" гэдгийг ч хэлж байна. Харин Улсын гарьд И.Доржсамбуу "Допингийн шинжилгээ авах нь зөв. Гэхдээ бүх бөхөөс авахгүй байх. Тодорхой шат дарааллын дагуу эхний удаад нууц санал хураалтаар авна" гэх тайлбарыг өглөө. Ямартай ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан 07, 08 тогтоол буюу "Допингийн эсрэг журам, тогтоол"-ын талаах мэдээллийг хүргэе.
Ямар тохиолдолд сэргээшийн шинжилгээнд хамруулах вэ
"Допингийн эсрэг журам, тогтоол"-ын нэгдүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт дараах бөхчүүдэд допингийн шинжилгээг хийхээр заажээ.
Үүнд:
1. Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх.
2. Бөхчүүд болон бөх үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх.
3. Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх.
4. Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх.
5. Сугалаагаар сонгосон бөх.
6. Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд... гэж тодотгожээ. Харин сэргээш хэрэглэсэн бөхчүүд үр дүнгээ өөрсдөө бүрэн хариуцахаар журамд тусгасан байна.
Барилдах эрхийг нь хоёр жилээр хасна
Харин хариуцлагын тогтолцоог ийнхүү заажээ. Өөрөөр хэлбэл, "Допингийн эсрэг журам, тогтоол"-ын дөрөвдүгээр зүйлд тусгаснаар бол тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдох аваас уг бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ. Түүнчлэн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчих аваас уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг нь төлүүлнэ гэж уг журам, тогтоолын 4.2 дахь хэсэгт тусгаж өгчээ. Хамгийн сүүлд, бусад этгээдийн буруугаас бөх гомдлоо хуулийн байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх эрхийг нь хүртэл оруулж өгсөн байна.
Цугласан мөнгийг зөвхөн сэргээшийн шинжилгээнд зориулна
Монголын Үндэсний бөхийн холбооноос "Допингийн эсрэг эв нэгдлийн сан"-г байгуулж, хандив цуглуулаад эхэлсэн байна. Үүнийгээ ч "Допингийн эсрэг журам, тогтоол"-доо шигтгэж өгчээ. Тухайлбал, дээрх сангийн эх үүсвэрийг дараах аргаар бүрдүүлэх аж.
1. Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүр 10 сая төгрөг.
2. Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг.
3. Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс нэг сая төгрөг.
4. Бөхчүүдийн "Допинггүй Монгол бөхийн төлөө" эв санааны нэгдлийн хандив.
5. Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив.
6. Бөх үзэгч, дэмжигчид, байгууллага хамт олны допингийн эсрэг эв нэгдлийн хандив.
7. Бусад хандив, хөрөнгө... гэсэн аргаар санхүүг бүрдүүлэх бөгөөд хэзээ, хаана, юунд зарцуулсан нь олон нийтэд нээлттэй байхаар тогтжээ.
Б.Цогтбаатар: Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг жилд 2-3 удаа авна
Монголын Үндэсний бөхийн холбооноос улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болсон. Тус холбооны дэргэдэх "Допинггүй монгол бөхийн төлөө" холбооноос ойрын өдрүүдэд допингийн шинжилгээнд хамруулах шаардлагатай 16 бөхийн нэрийг тодруулах нууц санал аваад байгаа билээ. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны Нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас дараах зүйлийг тодруулсан юм.
-Нууцаар санал хурааж хамгийн их санал авсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болжээ. Яагаад заавал нууцаар санал авах аргыг хэрэглэж байгаа юм бэ?
-Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдаж, журам гаргасан. Тэрхүү журмынхаа хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна.
-Нууцаар санал хураалт явуулж байгаа нь олон хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, бөхчүүд өрсөлдөгчөө "намнах"-аас эхлүүлээд саналаа худалдах, үр дүнд нь бөхчүүдийг хагаралдуулах зэрэг сөрөг үр дагавартай юм биш үү?
-Тэгж харахгүй байна.
-Гэхдээ бөх сонирхогчид ингэж хардаж байна?
-Ганц санал асуулга биш л дээ. Нууц санал асуулгыг жилд ганц л удаа авах юм. Түүнээс гадна бөхчүүд маань шинжилгээ хийлгэх хүсэлтээ өөрөө гаргаж болно. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон болон улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах юм.
-Жилд хэдэн удаа сэргээшийн шинжилгээ авах вэ?
-Ер нь 2-3 удаа гэж тооцоолж байна.
-Цаг хугацааны хувьд ямар байх вэ?
-Тэр нь нууц.
-Өөрөөр хэлбэл, бөхчүүдээс түүврийн аргаар гэнэтийн шинжилгээг авна гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Танайх допингийн эсрэг сан байгуулжээ. Тэрхүү мөнгийг юунд зарцуулах вэ?
-Цугласан мөнгийг зөвхөн домпингийн шинжилгээнд зарцуулна.
-Тэгвэл яг допингийн шинжилгээнд зарцуулсныг нь яаж мэдэх вэ?
-Бүх зүйл шилэн байна. Өөрөөр хэлбэл, шилэн данстай байх болохоор иргэд хянах бүрэн боломжтой.
-Хэрэв шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөхөд ямар арга хэмжээ авах вэ?
-“Допингийн эсрэг журам”-д зааны дагуу шууд барилдах эрхийг нь хоёр жилээр хасна.
-Цолыг нь хураах уу?
-Наадмаас бусад үед авч байгаа шинжилгээ учраас цолыг хурааж авахгүй. Цолыг наадмаар барилдаж авдаг бөгөөд Ерөнхийлөгч өгдөг учраас бидний эрх мэдлийн хүрээнд яригдах асуудал биш. Тиймээс бид цолтой ярихгүй.
-Нууц санал хураалтын дүнд сэргээш хэрэглээгүй бөхийн нэр орсон байвал яах вэ?
-Би сая хэлсэн. Ямар бөхчүүдээс шинжилгээ авах вэ гэдэг талаар “Допингийн эсрэг журам”-д заасан. Зөвхөн санал хураалтын дүнд гарсан нэрээр биш барилдаанд шөвгөрсөн, мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар, өөрөө хүсэлт гаргасан бөхөөс авна. Хамгийн эхэнд санал хураалтаар 16 бөхөөс шинжилгээ авна.
-Гэхдээ гайгүй сайн барилдаж байгаа бөхөө худлаа хардах тохиолдол байж болно шүү дээ?
-Тийм ээ, бас наадмын үеэр бөхчүүдээс допинг илрээд байгаа учраас манай бөхчүүд огт хэрэглэддэггүй биш. Хэн нь хэрэглээд байгааг ялгаж салгана.
-Өнгөрсөн ням гарагийн барилдааны үеэр үзэгчдээс нууц санал авсан. Нийт хэчнээн иргэд саналаа өгсөн бэ?
-Санал хураасан хайрцагийг одоогоор задлаагүй байна. Үзэгчдийн дунд саналын хуудас тарааж тусгай хайрцаганд битүүмжилсэн байгаа.