ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн талаар Сангийн яам, ОУВС, Монголбанкнаас мэдээлэл хийв. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн эхний ээлжийн санхүүжилт манай улсад хэзээ орж ирэх вэ?

 

-Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас ОУВС-гийн ажлын хэсэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх, өрийн дарамтыг бууруулах чиглэлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээнд хүрсэн талаар өнгөрсөн хугацаанд тухай бүрт нь мэдээлэл өгч ирсэн.

 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл  хуралдаж манай улсад хэрэгжүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг эцэслэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь гурван  жилийн хугацаатай хэрэгжинэ. ОУВС-гаас 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ. Хөтөлбөрийг олон улсын түншүүд дэмжиж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Солонгос улсаас урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлттэй төслийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын төв банкны хэлэлцээрийн дүнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдэнэ. Ингэснээр эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах орчин бүрдэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөрийн хэрэгжилтэнд голлох дэмжлэг үзүүлнэ.

 

-Хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр цаашид эдийн засгийг сэргээх чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тогтворжуулж, сэргээх орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа.Мөн төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн зарлагын үр ашгийг  сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.

 

Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн 2017 оны төсвийн тодотгол болон бусад шаардлагатай төсвийн арга хэмжээнүүдийг өргөн барьж, УИХ баталсан. Цаашид хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын төрийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын үр ашгийг сайжруулах үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, ипотекийн хөтөлбөр болон төсвийн гадуур хэрэгжиж байсан төсвийн шинж чанартай бусад төсөл, хөтөлбөрүүдийг зохистой хэлбэрт шилжүүлэх ажлуудыг тус тус эхлүүлж урьдач нөхцлийг бүрдүүлсэн.

 

Засгийн газар, Монголбанк “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаарх хэлэлцээрийг амжилттай хийснээс хойш Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг шийдвэрлэж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн дунд хугацааны төлөв тогтвортой буюу “Саа1, тогтвортой” болон сайжирч олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж эдийн засагт ногоон гэрэл аслаа. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, Монголбанк, ОУВС хамтран улирал тутамд үнэлгээ өгч ажиллана.

 

-Эдийн засагт авчир­сан нааштай алхмууд юу вэ?

 

-Энэ оны хоёрдугаар сарын 16-нд ОУВС-гийн ажлын хэсэгтэй хөтөлбөр тохирсон талаар мэдээлэл өгч байсан. Түүний дараа хоёрдугаар сарын 27, 28  гуравдугаар сарын 1, 2-нд олон улсын санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольсон. 476 орчим сая ам.долларыг нь хуучин бонд эзэмшигчдэд нь Засгийн газрын бондоор сольж үлдсэн 120 орчим сая ам.долларыг нь шинээр Хуралдай бонд гаргах үед 124 сая ам.долларын бонд гаргах саналд хөрөнгө оруулагчид эхний ээлжинд 3.3 тэрбум ам.доллараар Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдаж авах санал тавьсан. Хоёрдугаарт, гурван сарын сүүлчээр Канадын Тронто хотод уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болсон. Энэ үед Монгол Улс валютын сантай хөтөлбөрт тохирсон, санхүүгийн сахилга баттай болсон, хөгжлийн замд гарсан байдлаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн байсан. Энэ мэт цөөнгүй жишээг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрмээр улаан гэрэл ассаныг шар гэрэл рүү оруулж одоо ногоон гэрэл рүү шилжих мөч тохиож байна.

 

-Төсвийн алдагдлыг бууруулах талаар ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

 

-2016 оны төсвийн алдагдлыг 18.2 хувиар батлуулаад гүйцэтгэлээр 15.3 хувьтай гарсан. 2017 оны төсвийн алдагдлыг тодотголоор 10.4 хувиар тооцож батлуулсан. Үүнээс илүү хурдтайгаар огцом бууруулах юм бол эдийн засгийн өсөлт хангагдахгүй байх магадлалтай учраас ОУВС-тай хөтөлбөр тохирох тооцооллын хүрээнд баталсан. Ирэх жил төсвийн алдагдлыг бууруулж 9.5, түүний дараа жилээс 7.5, 5.5 зэргээр бууруулж 2021 он гэхэд хоёр хувиас бага хэмжээтэй болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу?

 

-Одоогоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулна гэсэн төлөвлөгөө байхгүй. УИХ-ын сонгууль дөрвөн жилийн мөчлөгтэй 48 сар байдаг. Засгийн газар байгуулагдаад арван сар өнгөрч байна. УИХ-ын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ны 71 дүгээр тогтоолоор эхний 18 сарыг эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулаад өсөлтийн суурийг тавих хугацааг зарцуулах бодлогын хүрээнд ОУВС-тай хөтөлбөр тохирсон. Энэ тооцооллоор энэ оныг эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийн суурийг тавихад зарцуулна. Үлдсэн 30 орчим сард мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд УИХ, Засгийн газар маш эрчимтэй ажиллах шаардлагатай. Статистикийн мэдээллээр 2017 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан нь муугүй үзүүлэлт гэж тооцож байгаа. Ийм байдлаар ажиллавал мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой.

 

-Татварын бодлогын хүрээнд цаашид ямар нэг өөрчлөлт хийгдэх үү?

 

-Татварыг аль болох өөрчлөхгүй байх бодлого барина. Гэхдээ ОУВС-тай хийсэн тохиролцооны хүрээнд татварын орчны давхацсан хөнгөлөлтүүдийг янзлах, бусад улс орны татварын системийн жишигт ойртуулах өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн. Татварын ерөнхий газар дээр ОУВС-гийн төлөөлөгчид ажиллаж байна. Хуулийн өөрчлөлтүүдийг намрын болон 2018 оны хаврын чуулганаар батлуулах байх. Засгийн газар татварын хувь хэмжээг аль болох өөрчлөхгүй байх байр суурьтай байгаа. 

 

-Төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдэх үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд ямар салбарт хэчнээн ажлын байр нэмэгдэнэ гэж тооцож байгаа вэ?

 

-Төрийн байгууллага дээр бүтцийн өөрчлөлтийг байнга хийж байх ёстой. Төр хэтэрхий данхар байна гэх шүүмжлэл байдаг. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах юм бол нөхөн томилгоо хийхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч нар бүтцийн өөрчлөлт хийж байхаар валютын сантай тохирсон. Эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал, цагдаа гэх мэт салбаруудад хоёр хүн тэтгэвэрт гарах юм бол нэг хүн нөхөн томилно. Төрийн аппаратыг аль болох ухаалаг цомхон болгох.  Хувийн хэвшил иргэдэд илүү өгөөжтэй байх бодлогыг барина.

 

Ажлын байрыг нэмэгдүүлэх талаар олон төсөл хөтөлбөр  ярьж болно. УИХ-д эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  өргөн барьсан. 11.4 хувьтай байсан ажилгүйдлын төвшинг энэ зорилтод найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан.

 

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт сүүлийн хурлын үеэр ямар нэг өөрчлөлт орсон болов уу?

 

-Энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр валютын сангийн ажлын хэсэг, Монголбанктай хамтран хөтөлбөрийг урьдчилан тохирсон байдлаар танилцуулсан. Тэр үед тохирсноос хойш юу ч өөрчлөгдөөгүй.

 

С.Уянга