УИХ-ын гишүүн Н.Учрал: Багшийн хөгжлийн асуудал бол Монголын хөгжлийн асуудал
2017/05/30
УИХ-ын гишүүн Н.Учралтай багш нарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэх гарц болон “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль”-ийн төслийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу та. Тантай Боловсролын салбарын талаар ярилцахаар болсондоо тун таатай байна. Энэ салбарын хүн болохоор чинь сүүлийн асуултыг бус эхний асуултыг өөрт тань үлдээгээд ярилцлагынхаа зүг чигийг ольё гэвэл та дургүйцэхгүй биз дээ?
-Сонирхолтой санаа байна. Би өөрөөсөө асуулт асуугаад түүндээ хариул гэвэл надад нэг л асуулт байна. Тэр нь Монголын боловсрол хаашаа явж байна вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулдаг. Уг нь багш нар, төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, цаашлаад төрийн түшээ, яамны сайд ч гэсэн нэг л хариулт хэлдэг байх шаардлагатай. Гэтэл өнөөдөр бүгд өөр өөрийнхөөрөө түмэн янзаар хариулаад байна. Яагаад гэвэл бид мэдэхгүй байгаа юм. Дөрвөн жил тутам нэг сайд гарч ирэхээрээ л Японы боловсрол, дараагийн дөрвөн жилд нь Кембридж яриад байх жишээтэй. Энэ нь өөрөө боловсролын маш том гажуудал. Ер нь боловсролын салбараараа бодлогогүй оролдоно гэдэг бол Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус хохирч байгаа юм.
Финлянд улс боловсролын салбараараа дэлхийд сүүлийн 10 жил тэргүүлж байна. Дунд сургуулийн сурагчдаасаа РISA буюу мэдлэгийг амьдралд хэрэглэх талаар өндөр стандарттай шалгалт авдаг. Энэ шалгалтад сурагчид нь нэгэн жигд амжилт үзүүлдэг.
Хөгжлийн гарц болсон багш нараа хөгжүүлэхгүйгээр, тэдэнд сэтгэл, цаг, мөнгө гаргахгүйгээр бид урагш алхахгүй. “Багшийн хөгжил, Нийгмийн баталгааны тухай хууль”-ийг санаачлаад, хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод уламжилсан, УИХ дарга сайшаан дэмжиж байгаа.
-“Багшийн хөгжил, Нийгмийн баталгааны тухай хууль”- ийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Багшийн хөгжлийн тухай хуулийг нийгмийн захиалга гэж хэлж болно. Багш нарын цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Мөн багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын хөтөлбөрт багшийн мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд суралцах явцдаа дадлагажигч багшаар ажиллах боломжийг олгох, цаашлаад бага дунд, их дээд сургуулиудад туслах багшийн орон тоог бий болгох саналыг тусгасан.
МАН-ын мөрийн хөтөлбөрт залуу багш нарыг дэмжих, цалин хөлс болон урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, үр дүнгээрээ буюу сурагчид болоод эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжид тулгуурлан цалин хөлсний системийг нь шинэчлэх, багш нарын хөгжих бололцоог нь олгох, давтан сургах зэрэг олон асуудлыг тусгасан. Багш нарын болон боловсролын чиглэлийн олон санал, санаачлагыг МАН-ын бүлэг хүлээн аваад, энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш нарыг дэмжих асуудал бодитойгоор ороод явж байна.
-Туслах багшийн ажлын байрны талаарх ойлголтыг тодруулахгүй юу?
Өнөөдөр манай боловсролын салбарт туслах багшийн хэрэгцээ шаардлага их байна. Тухайлбал, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 45-60 сурагч байна. Нэг багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа учраас туслах багшийг мөн бэлтгэх шаардлагатай.
Үндсэн багш бол чиглүүлэгч буюу удирдаач хийдэг бол туслах багш нь хүүхэд бүртэй тулж ажилладаг систем юм. Энэ тогтолцоо боловсролын салбарт хэдийн нэвтрээд эхэлсэн. Тухайлбал, Америкт асуудалд суурилсан хичээлийн хөтөлбөрт шилжиж байна. Энэ нь оюутан, сурагчдыг өөрсдөөр нь бие даан суралцуулах хооронд нь ярилцуулаад эцэст нь багш дүгнэдэг тогтолцоо байна.
-Багшийн цалинг нэмэх болон тэдний нийгмийн асуудлыг шийдэх талаар хуульд хэрхэн тусгасан бол?
-Багш нар сардаа 480 мянган төгрөг аваад, амьдарлаа залгуулаад явна гэдэг хүнд. Дэлхийн стандарт юу байдаг вэ гэхээр 1 сая төгрөг байлаа гэхэд сайн ажилласанд нь 800 мянган төгрөг, мууд нь 200 мянган төгрөг өгдөг тийм л тогтолцоотой. Ингээд ирэхээр багш нар 800 мянган төгрөг авахын тулд тийм хэмжээний үр дүн гаргадаг. Хүний нөөцөд шударга байдлын онол гэж бий. Ажлын байрандаа оруулж буй хувь нэмэр болон авч байгаа цалин хоёр тэнцэж байх ёстой. Тиймээс ажлын гүйцэтгэлийг нь үнэлдэг болъё, KPI нэвтрүүлье гэж байгаа юм. Ингэж чадвал цалингийн систем өөр төвшинд очно. Энэ хуульд багшийн ур чадвараас хамаарч цалин урамшуулал тооцдог системд шилжихээр зааж өгсөн.
-Багш мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд нэмэгдүүлнэ гэлээ. Тэгвэл үүний тулд юу хийх ёстой вэ?
-Багш мэргэжлийн үнэ цэнийг унаснаар манай улс ирээдүйд багшгүй болох аюулд ойрхон байна. Багшгүй болно гэдэг бол Монгол Улсын ирээдүй тун бүрхэг байна гэсэн үг. Энэ хуулийн хүрээнд бид дунд сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан юм. Судалгаанд 1852 хүүхэд хамрагдсанаас ердөө 2.9 хувь нь л багш болно гэж хариулсан байна. Гэтэл урлаг соёлын мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүд 27 хувийг эзэлж байх жишээтэй. Үүнээс юу харагдаж байна гэхээр хүүхдүүдийн дунд Яг түүн шиг шоуны оролцогч Бархүү шиг болбол би гурван сая төгрөг авах юм байна гэж ойлгоод харин багшийн мэргэжилтэй болвол бага цалинтай, сайнгүй амьдрах юм байна гэдэг ойлголт суучихаж. Хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудад үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байгаа юм. Ер нь багш гэдэг мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх асуудал төр Засгийн бодлогын төвд байх асуудал.
-Багшийг дэмжих тал дээр өөр ямар бодит ажлыг хийх вэ?
-Энэ хуулиар их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Ерөнхий боловсролын сургуулиуд бүгдээрээ багш хөгжлийн төвтэй болно. Багш нарыг мэдээлэл, судлагдахуун, материал тоног төхөөрөмж бүхий баазаар хангадаг тийм төв байх юм. Тэнд мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрөөр хангах, сургалтыг зохион байгуулах ажлыг багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь хийдэг багш хөгжлийн төвдөө давтан сурдаг тийм тогтолцоо. Хөгжсөн багш л өөрөө хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг ойлгох ёстой.
Бид өндөр өндөр сургууль бариад байж болно. Гэхдээ тэнд ажиллах чадварлаг багш байхгүй бол тэр сургууль ямар ч өрсөлдөх чадваргүй. Сайн багш нар сургууль тойроод л багшлаад байдаг. Байр нь өөр мөртлөө нэг л юм заагаад байна. Энэ бол өрсөлдөөн биш. Харин бид төрөл бүрийн чадвартай мундаг багш нарыг олноор нь төрүүлэх шаардлагатай. Гадны хөтөлбөр стандарт орж ирэхэд бид нээлттэй байх ёстой. Гэхдээ хамгийн чухал нь Монгол онцлогоо шингээж чадвал бид дэлхийд өрсөлдөж чадна.
-Ярилцсанд баярлалаа.