Монгол Улс ОУВС-тай түншлэхээр болж, итгэл дагуулсан энэ мэдээ түгэж байх зуур өмнөд Европын Грек улс хэлэлцээ нь саатсан тухайгаа урамгүйхэн зарлаж байна. 

Гацаанд орсон Грекийг урагшлуулахаар Евро бүсийн Сангийн сайд нар өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссельд чуулж, бүтэн найман цаг хэлэлцжээ. Гэвч бараг хагас өдөр хэлэлцээд ч шийдэлд хүрэлгүй, саатав.

Уг нь өрөнд хүлэгдэж, хямралд чирэгдсэн энэ улс Европын зээлдэгчдээс дахин санхүүжилт авах хүсэлтэй. Гэвч тус улсын өрийн дарамтыг хөнгөлөх талаар Герман, Грек, ОУВС-гийн төлөөллийн хооронд маргаан гарсан тул яриа хэлэлцээ гацсан юм. Грекийн төрийн түшээд ийнхүү хэлэлцээрийн ширээний ард хүндхэн үеийг өнгөрүүлж байхад тус улсын иргэд “бүсээ чангалах” бодлогыг эсэргүүцэн жагсаж байлаа. Тус улсын Засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцсэн 12 мянган иргэн нийслэл Афин хотод жагсчээ. Мөн эдгээр иргэний тэн хагастай тэнцэх тооны грекчүүд тус улсын Салоники хотод жагсаал хийсэн байна.

Монгол Улс Грекийн араас мөшгсөөр

Сүүлийн таван жил эдийн засагт нь улаан гэрэл асаж буй Грекийн нөхцөл байдал өдгөө ч хүнд хэвээр.

Өр дагасан хямрал эдийн засагт нь нүүрлээд зогсохгүй улам даамжирч, нийгмийн тогтворгүй байдлыг өдөөсөөр байна. Нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийг түүчээлж байсан энэ улс өдгөө өр, төсвийн бодлогын хамгийн бараан жишээ болж, хувирсан.

Тэгвэл Европ тивийн өмнөд хэсэгт орших энэ улс бидэнтэй юугаараа төстэй вэ. Мэдээж, хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа төдийлэн нягт биш. Гэхдээ энэ улсын хямралд ороод буй замналыг харвал Монголтой төстэй тал олон бий. Цаг хугацааны хувьд биднээс арай өмнө буюу түрүүлж яваа тэдний замнал бидэнд танил сонсогддог.

Грек улс 2008 онд өрийн гүн хямралд орсноо зарласнаас хойш есөн жил өнгөрсөн ч өнөөг хүртэл эдийн засаг нь улам хумигдсаар. 2016 оны нэгдүгээр улиралд 1.2 хувиар агшиж байсан тус улсын ДНБ энэ оны мөн үед 0.1 хувиар буурчээ. Грекийн нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 179 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа. Дээрээс нь энэ оны долдугаар сард төлөх ёстой 7.5 тэрбум еврогийн зээл нь хоног, хоногоор ойртсоор буй юм. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг дахин танаж, орлогын албан татвараа нэмэгдүүлэхэд хүрчээ. Тэгвэл өрийн хэмжээ тэлж, зээлээ төлөх хугацаа ойртсон, татвар нэмнэ гээд Монгол Улсын өнгөрсөн, одоогийн олон үйл явдалтай адил буй за.

Бас өрөнд орсон, хямралд өртсөн түүх нь бидэнтэй төстэй. Тус улс төсвийг хэт данхайлгаж, өрийг өрөөр нөхсөн нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэчихээд байгаа.

Ихэнх шинжээчид 2004 оны Зуны олимпийн наадам зохион байгуулсан нь Грекийн өрийг нэмэгдүүлж, төсвийг хүндрүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч төсөв, өрөөс үүдэлтэй “эмгэг” нь бүр эртнээс ужгирчээ. Грекийн Засгийн газар 1980-аад оны үед төсвийн зардлаа үлэмж хэмжээгээр тэлж, хэрэглээ дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн юм. Эдгээр нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжсэн ч алсдаа инфляцийг хөөрөгдөж, төсвийн алдагдлыг өсгөсөн байдаг. Ингээд төсвийн “цоорхой”-г нөхөхийн тулд зээл авч, халамжийн ДЭЛХИЙД бодлогыг хавтгайруулсан. Тухайлбал, 1990-ээд оны эхэн үеийн Засгийн газар нь зээл авч, төсвийн алдагдлаа нөхсөн бол удаах буюу 1996 оны шинэ засаг нь өрөө үргэлжүүлж аваад, мөнгөөр нь зам, нисэх буудал, метро зэрэг дэд бүтцийн төслийг санхүүжүүлжээ. Энэ зуур Грекийн өр тэлсээр байлаа.

Тус улсын иргэд "бүсээ чангалах" бодлогыг эсэргүүцэн жагсаж байлаа

Гэхдээ 2001 онд тус улс Европын холбоонд нэгдэж, олон улсаас хямд санхүүжилт татах боломж нээгдсэн юм. Үүнийгээ ч тэд сурсан зангаараа ашиглаж, их хэмжээний санхүүжилт татаж, төсвийн зардлаа тэлж, халамжийн бодлогыг хавтгайруулсан билээ. Бас ийм эдийн засгийн чадавх муутай атлаа 2004 онд зуны олимпийн наадам зохион байгуулж, “наргисан” нь нэмэр бус нэрмээс болов.

Хажуугаар төрийн данхайсан алба нь төсвийн дарамтыг нэмэгдүүлжээ. 2009 оны байдлаар тус улсын Засгийн газрын зардлын ДНБ- д эзлэх хувь 50 хувьд хүрчээ. Гэтэл үүний 75 хувийг төрийн албан хаагчдын цалин болон халамжид зарцуулсан юм. Грек бүр 1980-аад оноос төсөв, мөнгөний замбараагүй бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулснаар эдийн засгийн гүн хямралд өртөж, элгээрээ хэвтсэн. Хэт үрэлгэн төсөв, хавтгайруулсан халамжийн бодлого нь өнөөгийн хямралын үндсэн шалтгаан яах аргагүй мөн. Грекийн хямралын шалтгаан танд танил сонсогдож байна уу. Хэдийгээр он цагийн хувьд Монголоос арай өмнө байж мэдэх ч хийж, хэрэгжүүлсэн бодлого, арга зам нь адил байгаа биз.

Түүгээр ч барахгүй тус улс 2010 онд ОУВС, Европын төв банктай хамтран гурван жилийн хугацаатай 110 тэрбум еврогийн зээлийн багц авч байсан. Улмаар Олон улсын валютын сантай хамтарснаас үүдэн татварын хувь хэмжээг дахин нэмж, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг бууруулж байжээ. Гэвч үр дүнд хүрээгүй нь өнөөгийн нөхцөл байдлаар илэрч байна.

Харамсалтай нь, аюулын харанга дэгдэж буй Гректэй бид ч ойрхон байгаа гэдгийг мартаж болохгүй. Манай улсын өр жилээс жилд тэлсээр 2018 он гэхэд ДНБ-ий 98 хувьтай тэнцэхээр байгааг олон улсын үнэлгээний байгууллага тооцоолж байна. Үүнээс гадна, чанаргүй зээл, ажилгүйдэл, ядуурал гээд эдийн засгийн тулгуур үзүүлэлтүүд Грекийн араас мөшгөсөөр. Тиймээс бид улам муудаж буй эдийн засгийнхаа үзүүлэлтүүдийг яаралтай хазаарлахгүй бол Монголын маргааш өнөөдрийн Грек болоход ойрхон байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ