УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр болсон билээ. Уг хуралдаанаар сөрөг хүчний зүгээс асуулт асууж, Засгийн газраас хариултаа авсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баруун таван аймагт очиж ажиллласнаа хэлээд УИХ Засгийн газар, Бүсийн нэмэгдлийг ярьж байна. Үүнийг Ерөнхий сайд өнгөрсөн жил баруун аймгийн иргэдэд амласан юм билээ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Бүсийн нэмэгдлийг амласан. Ойлголтоо цэгцэлье гэж уг нь бид тохирсон шүү дээ. Дээр үеийнх шиг шууд юм өгдөг байдлаар шийдвэрлэхгүй ээ. Бусад улс орнууд дээр ямар байдлаар шийдвэрлэдгийг судалсан. Эдийн засгийн нөхцөл боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр шийдвэрлэдэг юм билээ. Жишээлбэл, баруун гурван аймагт битүү зах барьж байгаа. Түүний түрээс нь м.кв нь 10 мянган төгрөг орчим байна. Тээврийн зардал өндөр гэдэг ч түрээс бага байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурахад нөлөөлж бүсийн нэмэгдэл болж байгаа юм

Баруун аймгуудад тариалсан улаанбуудайн урамшууллыг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ хэрэгжсэнээр тариалалт нэмэгдэх юм. Баруун аймгуудад гурилын үйлдвэрүүд нь байгаа юм билээ. Одоо улаан буудай л хэрэгтэй. Ингээд гурилын үнэ нь буурна. Оношилгооны төвүүдийг байгуулж байгаа. Наашаа эмчлүүлэх гэж ирэхдээ их зардал гаргадаг байсан. Одоо биеэ эмчлүүлэхдээ аймагтаа хямд зардлаар биеэ эмчлүүлж болж байна. Цемент бас үнэтэй байдаг. Баян-Өлгий аймагт санаачлаад ажил эхлүүлсэн. Сагсай суманд цементийн үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Жаахан дэмжлэг үзүүлээд тэндээ цементээ хангах юм.

Аймгийн засаг дарга нар маань Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрт хамрагдаад, аж ахуйн нэгжүүдтэйгээ тохироод шатахууны үнээ хямдруулж байгаа. Жишээлбэл, Увс аймаг 80 төгрөгөөр хямдруулсан. Одоо баян-Өлгий Ховд аймаг материалаа бүрдүүлээд явж байна. Овсгоотой сэргэлэн аймгууд шатахууны үнээ хямдруулж чадаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2008 оны сонгуулиар 1.5 сая болон сая төгрөгийн амлалт өгсөн. МАН засаг барих үедээ тодорхой асуудлыг шийлдвэрлэж явсан. Хүний хөгжил сангийн дэвтэр дээр бичсэн нэг сая төгрөгийн хувьцааны асуудлыг яах гэж байгаа юм. Амлалт хэзээ биелэх вэ?
 

Н.Алтанхуяг: Мөнгө төгрөгийн амлалт одоо яриад яахав дээ. Зээлээр мөнгө авч тараах шаардлага байхгүй. Бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихээ одоо болих хэрэгтэй. 21 аймгаас 18 аймагт би айлчилж, иргэдтэй уулзсан. Бизнес эрхлэгчидтэй хүртэл уулзсан. 20 мянган төгрөг авья гэсэн явдал бол түүх болсон. Бэлэн мөнгө авья гэж байгаа хүн бараг байхгүй байна. Ажилтай орлоготой, ажлын байртай болгоё гэж бид зорьж байгаа. Одоо бэлэн мөнгө тараая гэсэн ч мөнгө алга.

С.Бямбацогт: Сурагчийн дүрэмт хувцсыг нэлээд өндөр үнэтэй нийлүүлсэн. Бараг шахсан юм билээ. Багш, захирлууд дээр нэлээд дарамт шахалт үүссэн юм билээ. Тэрийг хэрхэн шийдвэрлэх талаар иргэд асууж байна?
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал: 1-5 дугаар ангийн дүрэмт хувцас оёж дуусах шатандаа явж байна. Бэлнээр 2.8 тэрбум төгрөгийн хувцас борлуулсан. Хөдөө орон нутаг 5.1 тэрбум төгрөгийн борлуулалттай байна. Одоо үлдэгдэл 7 тэрбум төгрөгийн хувцас үйлдвэрлэгдэж байна. Үнийн хувьд тавдугаар сард зарласан. 7-14 мянган төгрөг л үнэ өссөн шүү дээ. Нэмэлт иж бүрдлийн үнийг тооцвол жаахан нэмэгдэнэ.

БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг: БСШУЯ-наас санаачилж хийж байгаа ажил биш. Хуулийг л хэрэгжүүлж байгаа юм. Эх орондоо үйлдвэрлэгдсэн үнэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталж байгаа учраас бодит байдал нийт хүчин чадлын 65 хувь нь нэгдэж хийж байна. Гэхдээ хүчин чадал богино хугацаанд хийж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид бүсийн нэмэгдлийн тухай хууль боловсруулж, өргөн барьсан. Одоо хүртэл хэлэлцэхгүй байгаа шүү дээ?
 

Н.Алтанхуяг: Би түрүүнд их тодорхой тайлбарласан. Хууль батлаад л болчихдог зүйл биш. Бид алслагдсан бүсийн иргэдэд бэлэн мөнгө тараах байдлаар бүсийн нэмэгдэл олгохгүй. Эдийн засгийн аргаар бүсийн нэмэгдлийг олгоно. Жишбээлбэл, автозамаар холбож өгөх. 1111 төвд ирсэн нэгэн дуудлагаар Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл нэг тонн ачааг 350 мянган төгрөгөөр зөөдөг байсан тухай ярьсан. Одоо 150 мянган төгрөгөөр зөөдөг болсон гэж байна лээ. Яг үүнтэй ижил баруун аймгуудыг хатуу хучилттай замаар холбочихвол тээврийн зардал буурна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой.

Хуралдаанаар гишүүд Ерөнхий сайдаас дөрвөн аймгийн Засаг дарга нарыг яагаад томилохгүй байгаа талаар асуулаа. Ерөнхий сайд үүнд “Засгийн газарт хамааралгүй, шүүхийн асуудлаас болж хүлээгдэж гацсан зүйл байгаа” гэсэн нэгэн хэвийн хариултыг өгсөөр байна.

Түүний уг асуултад МАН-ын бүлгийнхэн шүүмжлэлтэй хандсан юм.

Х.Даваа