Д.ОТГОНБАЯР

Улс төрийн сонгууль гэхээр хийрхлээр дүүрч, энэ нь эргээд олон түмэн чих тавьж, энэ сонголтын дараа эгэл бидэнд наалдах юу байх бол хэмээн нүд бэлчээхээ ч болив бололтой. Ардчилал хэмээх торгон нөмрөгөөр хулдаж, агуу их үйл бүтээж байна, дэлхийн түмэн олон биднээс суралцаж байна ч гэж хөөрөн цээжээ дэлдээд нэмэргүй бололтой. Ингэж хэлэхийн учир сонгуулиас сонгуульд саналаа өгөгчдийн тоо буурч байгаа тухай албан ёсны мэдээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль сүр дуулиантай эхэлж, тогтсон жишгээрээ УИХ-д суудалтай гурван нам дор дорын “лидер”-ээ тодруулсан.

Энэ бол МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар байсан гэдгийг бүгд мэднэ. Сурталчилгааны ажил хэл үгтэй, хэрүүл маргаантай өрнөж, мөнгө төгрөг ёстой л цацах шиг боллоо. Энд тэндээс сонгогчдод тараах гэж авч явсан гэх их тоотой мөнгөний сураг тасраагүй байна. Нэр дэвшигчид “Өөр гарц байна. Бидэнд итгэ”, “Монгол ялна”, “Эвтэй Монгол Ээлтэй төр” гэсэн өөлж буруутгахын аргагүй уриа барин хөдөө, хотгүй хойно урдаа орон давхицгаасан. Харж байхад очсон газар болгонд хийсэн уулзалт цуглаан дээр ирсэн гишүүд дэмжигчид “бид зуун хувь Таныхаа л төлөө саналаа өгнө” гэж амлацгааж байсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэр болгоныг нь хичээнгүй цацсаар зургадугаар сарын 26-ны өдөртэй золгосон. Санал өгч эхэлсэн. Сонгогчдын ирц өмнөх сонгуулиас илүү сайн байна гэж байсан. Тэгснээ төдөлгүй Сонгуулийн Ерөнхий хорооныхон саналаа өгөхийг уриалж эхэлсэн. Гар утас, сошиал сүлжээгээр ч цуварсан. Харин үр дүн нь... нийт сонгогчдын 68,27 хувь нь оролцож, үүнээс М.Энхболдын төлөө 30,32; Х.Баттулгын төлөө 38,11; С.Ганбаатарын төлөө 30,19 хувь нь тус тус санал өгсөн дүн гарлаа. Өнөөх гурван нэр дэвшигчийг очсон газарт болгонд 100 хувь дэмжээд гаргах тухай амлалт байхгүй.  Сонгууль гэж олон түмнийг жишим ч үгүй худал хэлүүлж сургадаг ажил юм уу гэж асуумаар. “Төрийн минь сүлд өршөө” гэж бишрэн залбирсаар ирсэн монгол түмний минь ёс жудаг үгүй болж байгаа юм биш биз? Монгол түмний, монгол хүний үнэт зүйлийн чухал нэг хэсэг энэ биш гэж үү? Яагаад ийм юм болоод байна? 

Хамгийн их санал авсан Х.Баттулгын саналыг нийт сонгогчдын тоонд эзлэх хувьд шилжүүлбэл 1/3 орчим болох учраас бүх ард түмнээс сонгогдсон гэж хэлж болохгүй. Тиймээс үнэндээ энэ удаа ЕРӨНХИЙЛӨГЧ буюу “лидер”-ээ тодруулаагүй юм чинь гэж сэтгэлээ тайвшруулж болох л доо. Тэгээд юу болоод “хоёр дахь шатны сонгууль” хийх болоод байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна.

Гурван нэр дэвшигчийн авсан саналыг харъя. Нэг нь гуч гаруй, хоёр нь гуч гаруйхан хувийн санал авчээ. Бараг л ялгараад байх юмгүй. Адилхан шахуу санал авсан өнөөх хоёрыг нь “лидер” гээд удаах шатны сонгуульд оруулаад “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэх маягаар шийдэх гэж байна. 

Ер нь сонгогч бид чухам яагаад ингэж ижилхэн шахуу санал хуваагдав. Энэ гурван нэр дэвшигчийн улстөрчийн нэр нөлөө, чадвар ийм адилхан юм болов уу. Нам нь тодруулсан бол хэн ч байсан яахав гэж бид яагаад бодохоо болиод байгаа юм бол. Энэ асуултын хариуг өнгөрсөн “ардчилал, зах зээлийн” бүр “жам ёсны” гэх хөгжлийн 27 жилээс эрэх ёстой санагдана. Тодруулбал монголчууд дийлэнх олонхийн ахуй амьдрал хоосон хонохгүй хоёр идэхгүй маягтай явж ирсэн. Харин санхүүгийн луйврын бүсэд сая саяар тоологдох хөрөнгөтэй, амьжиргааны өртөг өндөртэй улс оронд нэг биш хэд хэдэн орд харштай хэсэгхэн улс бий болоод байгааг, тэр бүү хэл “төрөөс төрсөн тэрбумтан” гэх нэр томъёо хүртэл гараад байгааг олон нийт мэдэж байгаа болохоор эргэлзэж байна.

Мэдээ, мэдээллийн урсгал их болсон өнөө үед бусад улс орны хөгжлийн хурд ахиж дэвжиж байгааг бид харж байна. Уух ундны усгүй улс орон ч зөв удирдлагатай бол маш богино хугацаанд бусдын манлайд цойлон хүрч болж байгааг олон жишээгээр харж байна. Нийгмийн сахилга бат, дэг журам сайн бол буу агссан олон дайсагнагч орнуудын хүрээллийг давж хөгжиж болдогийг ч харж л байна. Тийм учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх төрийн тэргүүнээ сонгохдоо долоо хэмжих гэж ядаад байна байгаа юм.

Монгол Улсад бусдаас дутахгүй, бүр оройлж хөгжих боломж бий. Тэр бол эцэг өвгөдийн маань хадгалж үлдээсэн байгалийн үүц. Дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа уул уурхайн хэдхэн түүхий эд бий. Тэр бол нүүрс, нефть, төмөр, зэс, хайлуур жонш, алт, мөнгө. Харин ухаад л эрдэс баялгаар нь гаргаад байвал эцэст ухсан нүх, сураг алдарсан уул л хоцрох юм байна гэдгийг бид сүүлийн хэдэн жилд бишгүй харлаа.

Албан ёсны статистик мэдээгээр, манай улсын гол нэрийн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямар байгааг алт, хайлуур жонш, нүүрсний  жишээн дээр авч үзвэл дараахь тоо баримтууд гарч ирж байна.

Энд зэсийн баяжмал, газрын тос хоёрыг оруулсангүй.

Алт:

2010 онд       6037

2011               5702

2012               5995

2013               8904

2014               11503,8

2015               14556

2016                  18435,7 кг

 

Төмрийн хүдэр:

2010 онд    3203,2 мян/тн

2011             5678,3,

2012             7561,4

2013             6011,2

2014             10260,5

2015             6173,4

2016             2209,9 мян/тн

 

Хайлуур жонш:

2010 онд    140,7 мян/тн

2011             116,4,

2012             157,2

2013             76,4

2014             374,9

2015             230,8

2016             34,1 мян/т

 

Экспортолсон нүүрс:

2010 онд    18241 мян/тн

2011             22526

2012             20470

2013             18188

2014             19513

2015             14468

2016             20561,9

2017           15085,7 мян/тн оны эхний таван сард

Харин одоо дэлхийн зах зээлд эдгээр бүтээгдэхүүн энэ хугацаанд ямар дундаж үнэтэй байсныг авч үзье. Унци (29,8 гр) алт-1160,1 -1411 ам.доллар; зэс тонн нь-5501-7325,8; төмрийн хүдэр (58 хувийн агуулгатай) тн- 49,82-125; жоншны баяжмал, ФФ-97, тн-260-349,4; жоншны баяжмал, ФК-85, тн-240-294; эрчим хүчний нүүрс, тн-40,4-85,4; коксжих нүүрс, тн-106,2-150 ам.долларын үнэтэй байжээ.

Эндээс манай улсын валютын орлогын хэмжээний талаар тодорхой төсөөлөл уншигч танд бууж байгаа байх. Өнгөрсөнтэйгөө холбохгүй өнөөдрийг дүгнэх аргагүй. Манай улс мөнгөгүйн зовлонд баригдан эдийн засгаа сэргээж чадаагүй гэдэгт эргэлзэх үндэс л эндээс харагдаж байгаа юм. Дэлхийн зах зээлд манай гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ тийм ч их савлаагүй, бас манай улсын валютын орлого дундраад байхаар олборлолт, экспортлолт хэлбэлзээгүйг албан ёсны статистик хэлж байна. Тэгвэл бид яагаад монгол төгрөгийн бусад валюттай харьцах ханш энэ хугацаанд ингэж унав гэж асууж болохгүй гэж? Нийтлэг хэрэглэгддэгээр нь ам.доллар, юань хоёрын төгрөгтэй харьцах ханшийг Монголбанкны албан ханштай харьцуулан авч үзэхээр дараах дүр зураг гарч ирж байна.

 

Төгрөгийн доллартай харьцах ханш

1999             916-1074₮,

2000             1080-1097

2005              1188-1226,

2011              1246-1384,

2012              1390-1396,

2013             1392-1674

2014             1714-1883

2015             1932-1995

2017.7.4        2358

 

Төгрөгийн юаньтай харьцах ханш

1999         100-129

2005         187-213

2011         186-208

2012         208-224,

2013         223-284

2014         283-306₮,

2015         306-318

2016         304,75-314,47₮

Монгол төгрөгөөр Монголоос өөр газар арилжаа хийдэггүй. Өөр бусад газар оронд манай төгрөг хөрвөдөггүй. Валют гэж тэгшитгэх коэффициент гэдэг. Тэр тэнцэтгэх үүргийг хэн гүйцэтгэж, хэн хянаж байдаг юм? Хатуу валютаар зарахаа зарж, доллар байна уу, юань байна уу оруулж ирчихээд хэрэгтэй аж ахуйн нэгж, хувь хүнд зарахдаа өсгөж үндэсний валютаа үнэгүйдүүлж зарах боломж гагцхүү төр, засгаас өөр газар бий бил үү?... Ингээд бодвол өнөөгийн манай улсын хямрал бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал.

Энэ хямралаас гарах ажлыг МОНГОЛ хэмээх айлын тэргүүн ЕРӨНХИЙЛӨГЧ маань оройлж, удирдаж хийгээсэй гэдэг хүлээлт монголчуудад байна. Тийм л хүн гарч ирээсэй гэж монгол түмэн хүсч байна. Шударга нийгэм, цэгцтэй тууштай бодлоготой хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байна. Хүчтэй төр, засаг гэж ажил үйлс нь гайгүй яваа нэг хэсгээсээ татвар нэрээр хураан авч, уруу дорой байгаа нөгөө хэсэгт нь өглөгч буянтны дүрээр хуваарилж суухыг хэлж байгаа юм биш.

АНУ, Япон хоёр автомашин үйлдвэрлэлд тэргүүлэгч байр суурьтай явж ирсэн улс. Гэтэл хэдэн жилийн өмнөөс Хятад улсын автомашин үйлдвэрлэл энэ хоёрыг нийлүүлснээс ч давж гарчихаад явж байна. Энэ бол манайхаас гадагшилж өмнөд хөрш рүү урсах болсон төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жоншны ид шид яаж гарч байгааг хэлж байгаа хэрэг. Энэ бол будилуухан зүйрлэхэд аалзны шүлс хөвж торго хэмээх дэлхийг бүрхсэн бүтээгдэхүүн хийх тэвчээртэй, ажилсаг хүн ардын биднээс ялгарч байгаа ажлын үр дүн.

Монгол Улс өнөө жил 20 сая төл хүлээн авч, 70 сая толгой малтай болох тухай ярьж байгаа. Гэтэл тэр олон малынхаа тоог л ярихаас биш ашиг шимийг нь яах тухай ярьж ажил болгож байгаа юмгүй өдий хүрлээ. Ядаж хүн ардаа сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй, гаднаас хуурай сүү зөөсөөр л. Өвөрмонголын Өөртөө заах орон манайхтай ойролцоо толгой малтай гэдэг. Гэтэл 1,3 тэрбум хүн амтай БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний ихэнх буюу 80 хувийг хангадаг гэдэг тоог харахаар “бид яагаад...” асуулт аман дээр гарч ирнэ.

Монгол Улс ямааны ноолуур бэлддэг хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог. Гэтэл нэгдүгээрт ордог БНХАУ руу бэлдсэн ихэнх ноолуураа түүхийгээр нь явуулчихаад сэтгэл хангалуун суусаар. Гэтэл ямааны ноолуураар хийсэн тансаг бүтээгдэхүүнд ордог ноолуурын хэмжээ 200-300 грамм байх хэрнээ хэдэн зуун ам.долларын үнэд хүрч байгааг бид мэдээд хараад суусаар өдий хүрч байна. Дэлхийн хүн ардын чухалчилдаг хүнсний бүтээгдэхүүний нэг бол бяслаг. Өнөөдөр бидний ярих дуртай болоод байгаа Чингисийн үеийн байлдан дагууллын үед Европ дахинд хүргэж таниулсан гэдгийг бас мэднэ. Монгол бяслаг гэдэг брэндээ дэлхийд таниулах гаргах боломж байна гэсэн үг. Махны экспортын талаар бараг 20 жил ярьсан, дарга нар хойшоо урагшаагаа айлчлахдаа, бас манай улсад ирсэн гадаадын томчуудтай гэрээ хэлцэл хийхдээ махны экспортын асуудал хөндөөгүй өнгөрсөн нь цөөхөн ч үр дүн гэж үзэгдэж харагдах зүйлгүй хэвээрээ. Ийм боломжууд байхад бид алдаад, өвөр зуураа хэмлэлдэж, өндийх гэснээ татан унагаж, хөгжлөөрөө лойдор царайлсаар 20 гаруй жилийг үдлээ.

Эдийн засгийн өрсөлдөх чадварын 2016 оны үнэлгээгээр дэлхийн 61 орныг жагсаахад Монгол сүүлээсээ хоёрт орсон. Гэтэл байгаа баялаг боломж нөхцөлөө харахаар бид хөлөө олохгүй бужигнаж, дайн тулаандаа хүрээд байгаа Өмнөд Америкийн Венесуэл, Европын Украинтай эн зэрэгцэж байх учиргүй. Харин богинохон хугацаанд хөгжлийн манлайд хүрсэн арлын Сингапураас дутахааргүй нөөц бололцоо бий. Монгол Улс дэлхийн улс орнуудын дунд сүүл барин салгалахгүй, сүр үзүүлэн “манлайлагч” гэж цээж дэлдэлгүй толгой хавьд намдуухан явах урагшлах бололцоо боломж бүрэн бий. Гагцхүү оройлох удирдагч, олныг дагуулах ухаалаг хамт олон л хэрэгтэй байна. Энэ сонгуулийн дүн ингэж л хэлээд байгаа санагдана.

Ардчилсан нийгэмд төрийн хүч олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгдэх учиртай. Олон түмний итгэл дааж, хүндлэл хүлээж чадах төр, төрийн зүтгэлтэн л хүчтэй. Сонгогч түмэн нийгмийн шударга ёс, тэгш хуваарилалтыг л нэхэж байна.