МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

 

-МАХН-ын Бага хурал наадмын өмнөхөн хуралдсан. Хурлаар ямар асуудал хэлэлцэж цаашид хэрхэн ажиллах шийдвэрт хүрэв?

-Бага хурлаар үндсэн нэг гол асуудлыг тойрч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнгийн талаар ярилцаж, сонгуулийн штаб тайлангаа тавьсан. Цаашид хэрхэн ажиллах талаараа зөвлөлдлөө.Сонгуулийн дараа наадмын амралт үргэлжилдэг учраас цаг хугацаа алдахгүйн тулд тайлангийн хурлаа энэ сарын 9-нд буюу сонгуулийн дараахан хийсэн. Тайлан сонсоод манай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай сайн оролцлоо гэж дүгнэсэн. МАН, АН гэж хоёр улс төрийн хүчин байсан бол одоо МАН, АН, МАХН гэсэн гурван том нам байгаа гэдэг нь ард түмэнд хүлээн зөвшөөрөгдлөө. Хэдийгээр хоёр ноёны бөх түрүүлсэн ч  асар их мөнгөний эсрэг, төрийн бүх байгууллага, тэр дотроо хууль шүүхийнхэн МАХН-ыг онилж ажилласан нөхцөлд эрх баригч намтай эн тэнцүү үр дүн үзүүллээ. Сонгуулийн сүүлийн мөчид ямархуу луйвар болсныг олон түмэн мэдэж байгаа учраас нуршаад яахав.

 

-Сонгуулийн үйл явц, онцлогийг Бага хурлын гишүүд хэрхэн дүгнэв?

-Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь урьд урьдны сонгуулиудаар гардаг байсан луйвар, булхай, хар пиар хэрээс хэтэрсэн. МАН, АН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд л ялахгүй бол амь нас нь дээсэн дөрөөн дээр, ахуй амьдрал нь бүр мөсөн сүйдэх гэж байгаа юм шиг ажиллалаа. Хэчнээн ч тэрбум төгрөг тараав. Нэг аймагт тараасан мөнгө л гэхэд тэрбумаар хэмжигдлээ. Энэ мэтээр хоёр намын олон хууль бус үйлдлийг баримтжуулж шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн ч харамсалтай нь хүлээж аваагүй. Сонгогчдыг худалдан авах чиглэлд урд өмнөх сонгуулиудаас илүү ажиллалаа. Гэхдээ ард түмэн мөнгийг нь аваад цагаан хуудас өгч, сонголтдоо үнэнч байлаа. Бас нэг сайн үр дүн нь хэчнээн ч мөнгө тараасан  ард түмний санал үлэмж хэмжээгээр өөрчлөгдөхгүй байх соёл, мөнгийг нь авчихаад өөр хүнд санал өгсөн ч болох юм байна гэдэг итгэл үнэмшлийг ард түмэн авлаа. Нэг талаар пиарын чиглэлээр анхнаасаа хоёр нам нэг нэгэн рүүгээ дайрч эхэллээ. Аль аль нь ортой зүйл яриад байх шиг байгаа юм. Энд нэг зүйл гайхшрал төрүүлээд байгаа нь тэд үнэн зүйл яриад байгаа юм бол яагаад хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэхгүй байгаа юм бэ. Нэгнийхээ тэрбум ам.долларын оффшор дансыг илрүүллээ гээд УИХ-ын гишүүд нь мэдээлж байхад яагаад шалгахгүй, СЕХ-нд хандахгүй, СЕХ авч хэлэлцэхгүй  байсаар Ерөнхийлөгчийн сонгуулийг дуусгав. Нэг бол эрх барьж байгаа нам худлаа ярьсан. Эсвэл өнөөдрийн Ерөнхийлөгч худал ярьсан. Энэ хоёрын нэг. Төрийн бүхэл бүтэн хоёр институци хоорондоо өрсөлдлөө. Үүний учрыг Монголчууд заавал олох ёстой.

Нөгөө талаар өнгөрсөн жил манай намаас гаргаж тавьсан 60 тэрбум төгрөгийн асуудал сонгуулийн гол сэдвийн нэг байлаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга олон улсын шинжээчдээр дүгнэлт гаргуулж эвлүүлэг биш гэдгийг зарласан. УИХ-ын дарга М.Энхболд үгүй гэж гүрийсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр 60 тэрбумын асуудал дээр хайнаа хагалж таарах нь. Яг хэн нь худлаа ярьж, яриулав гэдгээ ард түмэнд хэлэх ёстой. Монгол Улсад асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэдэг хууль байгаа эсэх болон цаашид Монголд шударга ёс гэж байх хэрэгтэй юу гэдгийг харуулсан маш чухал учраас заавал шийдэгдэх ёстой.

Пиарын төвшинд нэгийгээ гарал үүслээр нь гадуурхаж, гэр бүлээр нь оролдсон хүний ёсонд  нийцэхгүй асуудлыг улс төр, цаашлаад олон улсын асуудал болголоо. Цаашид сонгуулийг тал бүрээс нь бодолцож соёлтой хийхгүй бол манай улс дотроо хятад хүн удирдах гэж байна гэх мэтээр хуваагдах нь хүсээд байх зүйл биш. Хөндлөнгийн улсаас биднийг дотор нь янз бүрийн байдлаар хувааж хэлэхээргүй хэмжээнд дархлаагаа бий болгочихоод албан тушаалын төлөө өрсөлдөхдөө улс орон дотроо Хятад, Монгол гэж хоёр хуваагдсан мэтээр сурталчилж байгаа нь улс төрийн хортой өнцөг.

 

-Гишүүд ялсантай адил сонгууль боллоо гэж дүгнэсэн гэлээ. Тэгвэл МАХН-д энэ сонгуулиас ямар хожил ирэв?

-Оюутолгой, Тавантолгойн асуудал МАХН-ын баримталдаг байр суурийг АН дандаа эсэргүүцдэг байсан. Энэ удаа АН болон тэдний нэр дэвшигч Тавантолгойг ард түмэнд өгнө, Оюутолгойг хураана гэж амласан. Үндсэндээ АН байгалийн баялгийн асуудал дээр МАХН-ын үзэл санааг дагалаа гэж ойлгож болно. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх ёстой гэж бид шүүмжилсэн. Би өнгөрсөн намар арав гаруй хоног Эрдэнэтэд амьдарч ард түмний гарын үсгийг авч ажилласан. Эрдэнэтийн 49 хувь буруу шийдэгдлээ гэдгийг хамгийн түрүүнд ард түмэнд мэдэгдэж тууштай явж ирсэн улс төрийн нам бол ганцхан МАХН байсан. Нөгөө намуудын ганц нэг улстөрчид дуугардаг болхоос намын байр суурь албан ёсоор гардаггүй. Энэ удаад хоёр нам байр сууриа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын тавьсан шаардлагын дагуу Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөхөөр боллоо. Энэ бол бидний том ялалт.

Мөн манай намынхан хүүхдийн мөнгийг тэгш олгож, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой, татварыг нэмж болохгүй гэж өнгөрсөн намраас хойш албан бичгээр хэд хэдэн удаа шаардаж, уриалга гаргасан. Үүний үр дүнд явсаар байгаад сонгуулийн өдөр хүүхдийн  мөнгийг тэгш олгож, нэмсэн татваруудаа буулгахаар боллоо. Энэ бол нэр дэвшигчээ сонгуульд ялуулж чадаагүй ч улс төрийн тавцан дээр үзэл суртлынхаа талбарт улс төрийн гол сэдвүүд дээр ялалт байгууллаа гэж дүгнэж байна. МАХН ялснаас өөрцгүйгээр сонгуульд оролцлоо гэж Бага чуулганы гишүүд үзсэн.

 

-Улс төрийн одоогийн нөхцөл байдалд МАХН ямар байр суурьтай, хэрхэн ажиллах вэ?

-Бид Ерөнхийлөгчийн сонгуульд бас нэг том амжилтыг үзүүлсэн. Өмнөх бүх сонгуулиудаас илүү олон сонгогчийн саналыг авлаа. Луйвардуулж, дарагдаагүй бол 500 мянга орчим санал авсан гэж тооцсон. УИХ-ын сонгуулиар авсан саналаас 3.5 дахин илүү, 2012 онд эвслээрээ ороод авснаас хоёр дахин илүү санал авсан нь ард түмэн манай намын үзэл бодлыг хүндэтгэж, нэр дэвшигчдийг маань ойлгодог дэмжигчид нэмэгдэж байгааг харуулж байна. 2020 онд бид энэ тооноос илүү олон сонгогчийн дэмжлэгийг авч ажиллахын тулд хичээж, ард түмний төлөө тууштай ажиллана. Манай нэр дэвшигч С.Ганбаатар намынхаа хамт олны итгэлийг дааж, сонгуульд амжилттай ороход хүчин зүтгэсэн. Мөн намын бодлого, зорилтод тууштай зүтгэнэ гэж байгаа учраас бид МАХН-ын дэд даргаар сонгосон. Ингэснээр Шадар сайд асан Ц.Оюунбаатар гээд хоёр дэд даргатай боллоо. Мөн Бага хурлаар зохион байгуулалтын асуудал яригдсан. Манай намд шүүмжлэлтэй асуудал байгааг дотроо ярилцсан. Сонгуулийн үеэр ажил­ладаггүй, эсвэл нэр дэвшигчээ дэмждэггүй, намын бодлого шийд­вэрээ биелүүлдэггүй хүмүүст Хяналт ёсзүйн хо­рооныхон хатуу сануулга өгсөн. Анхан шатны байгууллагын Хяналт ёсзүйн хороо­ныхон зарим хүмүүсийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн.

 

-Танай нам СЕХ-ыг татан буулгах асуудлаар шат шатны байгууллагад хандсан.  Энэ асуудал юу болсон бэ?

-Уучлаарай, боломжгүй байна гэсэн хариу  л ирдэг юм. Бид хуулийн 10, 20 заалт эшилж байгаад өгдөг ч хуульд тийм зүйл байхгүй байна гэсэн ганцхан үгээр л хариулдаг. Эндээс хууль биелүүлдэг байгууллага биш гэдэг нь туйлын тодорхой боллоо. Хууль биелүүлдэг байсан бол М.Энхболдыг мөнгө тараасан гэж, Х.Баттулгыг тэрбум төгрөг авч явсан, оффшороо нуусан гээд нэрийг нь татуулах л байлаа. АН-ынхны гаргаж тавьсан Аархал гэж нэвтрүүлэг дээр гардаг шиг хэдхэн дарга, цэрэг нарт үйлчилж, хор найруулдаг байгууллага болсон. Ард түмний нэрийн өмнөөс төр байгуулах биш гутаан доромжилдог байгууллага болсон. Тиймээс нэн даруй хариуцлага тооцож, татан буулгах цаг болсон.

Шүүх, цагдаад хандахаар хэтэрхий нэг талыг барьдаг нь тодорхой боллоо. СЕХ шударга ажиллаж чадахгүй байна. УИХ татвар, тэтгэврийг нэмнэ, нэмэхгүй гэх мэтээр ултөржсөн шийдвэр гаргаж байна. Эрх мэдэлтэй үлдэхийн тулд хаанаас ч мөнгө зээлж юу ч хийхээс буцахгүй увайгүй байгууллага боллоо. Тиймээс Бага хурлаараа хэлэлцээд УИХ-ыг татан буулгах ёстой гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч одоо хуулийн дагуу ажиллахгүй, хэтэрхий нэг талыг барьж тангаргаасаа няцсан төрийн байгууллагуудад эхнээс нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хамгийн эхнийх нь УИХ байх ёстой. Олон ёсзүйн зөрчил гарлаа. Энэ УИХ ямар аргаар яаж байгуулагдсан гэдгийг бид харлаа. СЕХ луйвар хийж өгсөн, 60 тэрбумын асуудал хөрөнгө мөнгөө цуглуулахад нэмэр болсон байна. Анхнаасаа луйврын аргаар байгуулагдаж одоо ч луйвар хийж байгаа учраас татан буулгахаас өөр аргагүй. УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ гэж бодож байгаа.

 

-Сонгуулийн үеэр танай нэр дэвшигчтэй холбоотой 50 сая воннын асуудлыг үнэн гэж О.Баасанхүү гишүүн ярьсан байсан. Бага хур­лаар энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-О.Баасанхүү гэдэг хүн намынхаа хуралд ирж суугаад гишүүдээсээ мэдээлэл авах хэрэгтэй. Ядаж сонсчихоод ярих хэрэгтэй. Ховоор хоол хийх хэрэггүй. 50 сая воннын асуудлыг хэн зохион байгуулсныг бид анхнаасаа мэдэж байсан. Харин хууль зөрчиж хандив аваагүй гэдгээ 100 хувь баталгаатай хэлж байгаа. МАХН болон нэр дэвшигч тийм хандив аваагүй. Явуулга явуулсан хүмүүсийг илрүүлж хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Манай намын тайланд ч энэ тухай орсон.

 

-АН-ын бүлгийн гишүүд иргэдийн зээлийг тэглэх талаар хууль санаачлахаар боллоо. Шинэ Ерөнхийлөгч дэмжихээ мэдэгдсэн. Энэ шийдвэр эдийн засаг хүндрэлтэй үед хэрэгжих хэр үндэслэлтэй бол?

-Уг нь ийм зүйл амлахыг хориглосон хуультай. Манай намын зарим бодлогын шинжтэй асуудлуудыг мөрийн хөтөлбөрт огт суулгуулдаггүй. Аудитын байгууллага нь хянаад үүнийгээ зас болохгүй гэдэг.

Олон тэрбумын офф­шор данстай хүмүүсийг Ардын нам өршөөсөн. Гэтэл яагаад цалин, тэтгэвэр, малчны зээлтэй хүмүүсийг нэг удаа өршөөж болохгүй гэж. Банкны тооцооллоор бодох юм бол таван их наяд төгрөгийн тэтгэвэр, малчин, цалингийн зээл байгаа юм. Үүнийг улс орноо дампууруулахгүйгээр төлчих хэрэгтэй. Өрийг төлөх олон арга боломж бий.

 

-Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ажлаа юунаас эхлэх бол хэрхэн улс орноо хөгжүүлэх бол гэж харж байна вэ?

-МАХН-д боломж нь олддог бол Үндсэн хуулийг өөрчлөхийг хүсч байна. 2012 оноос эхэлж ярьж төсөл дээрээ маш олон эрдэмтэн судлаачдыг оролцуулж 21 аймгаар ажиллаж малчин хөдөлмөрчдийн дунд хэлэлцүүллээ. Энэ том төслөө удахгүй бүх сумуудад хэлэлцүүлнэ. Бид энэ төслөө БНМАУ-ын Дээд Үндсэн хууль гэж нэрлэсэн. Олон асуудлыг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн төслөө наймдугаар сарын 4-нээс Завхан аймгаас эхэлж хэлэлцүүлнэ. МАХН санаачилсан нь хамаагүй Ерөнхийлөгч бидний Үндсэн хуулийн төслийг дэмжээсэй. УИХ, Ардын нам бас дэмжээсэй. Ерөнхийлөгч, УИХ, МАН-ын хууль болог. Ард түмний хууль болоосой гэж хүсч байна. Гол нь нэгийгээ шүүмжилж гоочилж гацаадаг чөтгөрийн тойргоосоо  гарах хэрэгтэй.

Ард түмэн олигтой цалин орлогогүй, бизнесийн байгууллага нь ашиг олдоггүй, төр засаг нь өрнөөс гардаггүй ийм л дүр төрхтэй улс болсон. Асар том боломж байгааг тогтолцооны гажуудлаас болж эвдээд байгаа юм. Үүнийгээ Үндсэн хуулиараа засчих юм бол боловсрол, эрүүл мэндийн салбараа үнэгүй болгох зэргээр хөгжих бүрэн боломж байна. Оюуны төвшингөөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдчихөөд байна.  Нөөц бололцоо, зах зээл нь байна. Улс төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Байгаа мөнгөө цуглуулаад төсвийг нь хулгайлдаг тогтолцоотой болчихлоо. Бүтээдэг хүмүүст нь эрхийг өгч хулгайч нараа буулгая. Хамгийн харамсалтай нь сонгуулийн тогтолцоо төрийн байгууллага өөрсдөө хулгайч болчихоод адилхан хулгайч нартайгаа хуйвалдаж, үйлчлээд байна. Одоо цэг тавих цаг болсон. Шинэ Үндсэн хуулиар бүхнийг шинээр эхэлье. Хулгайлсан хөрөнгөө хураалгахаас үхтлээ айж байна. Өөрсдийн хүрээллийн хулгайч нараа эцсээ хүр­тэл хамгаалахаар тэмцэж байна. Ард нийтээрээ үүнийг засах ёстой.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин