Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

УЛААНБААТАР, 2017-07-20 10:18, ESAХ. НАРАНГЭРЭЛ


Манай улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний салбарт үүсээд байсан уналт сүүлийн жил гаруйн хугацаанд харьцангуй тогтворжиж сэргэлт ажиглагдаж эхлээд байгааг шинжээчид онцолсоор байна. Тодруулбал энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улс 19,1 сая тонн нүүрс экспортолж,  1,3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнө байгаагүй түүхэн дээд хэмжээний үзүүлэлт юм.  Гэсэн ч нүүрсний зах зээлийн энэхүү сэргэлт хэр хугацаанд үргэлжлэх, Монгол улс цаашид нүүрсний салбарт  ямар бодлого явуулж  арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


 

- Нүүрсний зах зээлийн энэ сэргэлт хэр бодитой, хэр урт хугацаанд үргэлжилнэ гэж та харж байна вэ?

 

 

Манай улсын экспортод гаргаж байсан нүүрсний хэмжээний дээд рекордыг эвдэх болов уу гэж таамаглаж байна

 


- Сүүлийн үед хэрэгжүүлсэн төрийн бодлогийн нөлөөллөөр нүүрсний үнэ сүүлийн жил гаруйн хугацаанд харьцангуй тогтвортой боломжийн байлаа. Мэдээж нүүрсний үнэ өссөн учраас түүнийгээ дагаад үйлдвэрлэлийн хэмжээ нэлээд нэмэгдэж байх шиг байна. Энэ оны эхний хагас жилд л гэхэд 19,1 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ байдлаараа жилийн эцэс гэхэд 40 орчим сая тонн нүүрс экспотрлох боломжтой. Энэ нь манай улсын экспортод гаргаж байсан нүүрсний хэмжээний дээд рекордыг эвдэх болов уу гэсэн таамалалыг бий болгож байна. Учир нь   өмнөх онд манай улс  25,8 сая тонн нүүрс экспортод гаргасан нь дээд хэмжээ байсан.  Түүнээс гадна нүүрсний зах зээл сэргэсэнтэй холбоотой нүүрсний уурхайнууд ч шинээр байгуулагдсаар байна. Статистик мэдээллээс харахад коксжих нүүрсний олборлолт явуулж байгаа том жижиг нийлсэн 20 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж байна. 

 

 

 Mongolian mining corporation-ий хувьцаа ганцхан хоногийн дотор 5,8 хувиар өслөө 

 

 

- Ихэнхдээ Өмнөговь аймагт хилийн ойролцоо үйл ажиллагаа явуулж байна.  Энэ бүхнээс ажиглахад сүүлийн үед нүүрсний зах зээлд багагүй хэмжээний сэргэлт бий болж байгааг харж болно. Компаниудын ашиг орлого ч тодорхой хувиар өсч байна. Тухайлбал өчигдөр ММC буюу “Mongolian mining corporation” гэх “Ухаа худаг”-т үйл ажиллагаа явуулдаг дотоодын компани үйл ажиллагааныхаа тайланг мэдээлсэн. Уг мэдээлэлд тус компанийн олборлолт нь өмнөх оноосоо 480 хувиар, борлуулалтын хэмжээ нь 380 хувиар өссөн гэх мэдээллийг өгч байна.  Энэ мэдээлэл өчигдөр /2017.07.18/ зарлагдмагц тус компанийн хувьцаа ганцхан хоногийн дотор 5,8 хувиар өслөө. 

 

-    Нүүрсний зах зээлийн дээд амжилтыг та боломжийн гэж тодорхойллоо. Яг л дундаж гэж байгаатай ижил сонсогдож байна? 

 

 


Ерөнхийлөгч хөрөнгө оруулагчдыг цочирдохуйц мэдэгдэл хийсэн, тэд үүнийг анхааралтай ажиглах болов уу

 


Богино хугацаанд нүүрсний салбарт гарч байгаа  өөрчлөлтүүдийг харвал хурдацтай сэргэлт явагдаж байна гэж дүгнэж хэлж болно. 
Гэвч цаашдаа,  урт хугацаандаа энэ салбарт ямар өөрчлөлт явагдах нь биднээс ихээхэн шалтгаална. Тухайлбал саяхан шинээр сонгогдсон төрийн тэргүүн маань нүүрсний салбарыг дэмжиж ажиллах эсэх,  ямар бодлого явуулахаас шалтгаалаад энэ салбарын ирээдүй  тодорхой болно гэж харж байна. Учир нь сая болсон сонгуулийн өмнөхөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хөрөнгө оруулагчдыг цочирдохуйц мэдэгдлийг хийж, хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Тэр нь юу вэ гэхээр хувийн өмчид байгаа үйлдвэр уурхайн газруудыг төрд авах тухай шийдвэрийг гаргаж ажиллана гэх мэдэгдлийг хийсэн. Энэ бодлого цаашид явах уу, үгүй юу гэдгийг л хөрөнгө оруулагчид цаашид анхааралтай ажиглах болов уу. Нэг үгээр зах зээл нь харьцангуй өсөлттэй байгаа энэ үед шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань энэ салбарт чиглэсэн  ямар бодлого баримталж ямар алхам хийхээс их зүйл хамаарна. Хөрөнгө оруулагчид ч үүнийг чухалчлан харж байгаа. 

 

 

Энэ бол богино хугацааны өсөлтийг дагасан хөөс 

 

 

Бидний шүүмжилсээр ирсэн Эрдэнэс Тавантолгой компани маань ч багагүй хэмжээний ашигтай ажиллаж байх шиг байна.  Зөвхөн энэ оны эхний улиралд л гэхэд 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх мэдээ гарсан. Хагас жилийн тайлангаар бол нэлээд боломжийн ашгтай байх болов уу гэж бодож байна. Тавантолгойн орчим ажиллаж байгаа компаниудыг харахад ч нэлээд ашигтай байх болов уу. Гэхдээ энэ бол зөвхөн богино хугацааны үнийн өсөлтийг дагасан хөөс гэдгийг сайн анзаарч харах хэрэгтэй. Урт хугацаандаа бид үнийн өсөлтийг дагасан цикл үедээ хөтлөгдөх бус урт хугацааны эдийн засгийн үр ашигтай бодлогийг барьж хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэй. 


- Тавантолгойгоос гарч байгаа коксжих нүүрсний чанарыг сайн гэлцдэг. Гэтэл зах зээл дээрх үнэ нь хэтэрхий хямд байна гэх шүүмжлэл байнга гардаг.  Мэдээж боловсруулах, тээвэрлэх зардлаа шингээх юм бол арай өөр тоо гарах байх л даа. Ижил төвшний Австрали коксжих нүүрсний хажууд арай л хямд үнээр зарагдаад байх шиг санагддаг. Үнэ нь нэмэгдэх боломж бий юу? 

 

Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компани уурхайн аман дээрээсээ 62,5 ам.доллараар түүхий нүүрсээ зарж байгаа бол  “Энержи Ресурс” ХХК угааж боловсруулсан нүүрсээ 130 гаруй ам.доллараар зарж байна


 
- Австрали бол дэлхийн зах зээл дээрх нүүрсний салбартаа том тоглогч. Нүүрсний боловсруулалтаа ч сайн хийдэг. Өртөг шингээж зарах боломжоо өөртөө хангалттай гаргаж чаддаг том тоглогч.  Австралийн зүүн эрэг, Хятадын зүүн эргүүдийн боомтууд дээрх нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнийг тогтоож байдаг гэхэд болно. Гэхдээ нүүрсний үнийг нэг жишгээр харах бус нутгийн үнийг илүүд чухалчилж харах ёстой. Монголын хувьд 100 хувь БНХАУ-д коксжих нүүрсээ зарж байгаа. Гэхдээ бидний харж байгаа зах зээл бол ӨМӨЗО-ны Бугатын аж үйлдвэрийн район,  Тань Шинь бүс нутаг. Энэ бүс нутагт нүүрсний үнэ ямар байгаагаас хамаараад тийшээ зөөх тээврийн зардал, угаах буюу боловсруулах зардал гэх мэт зардлуудыг тооцоолоод уурхайн амны үнэ тогтдог. Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компани уурхайн аман дээрээсээ 62,5 ам.доллараар түүхий нүүрсээ зарж байгаа бол  “Энержи Ресурс” ХХК угааж боловсруулсан нүүрсээ 130 гаруй ам.доллараар зарж байна. Тэгэхээр 62-130 ам.долларын хооронд байгаа үнийн зөрүү үйл ажиллагааны зардлаасаа шууд хамаарч байна гэсэн үг. Үүнээс харахад Монгол улс төрийн өмчийн уурхайгаасаа гарч байгаа нүүрсээ үнэд хүргэж зарахын тулд ядаж л угааж баяжуулаад,  нэмүү өртөг шингээгээд зарах хэрэгтэй байна. Тэгэж байж хоёр дахин өндөр үнээр зарах боломж бүрдэнэ. 

 


- БНХАУ-ын хувьд нүүрсний хэрэглээгээ бууруулах төрийн бодлогийг барьж байгаа. Гэтэл бидний цорын ганц худалдан авагч БНХАУ шүү дээ. Тэгэхээр цаашид манай улсын нүүрсний зах зээл, ашиг орлогод хэрхэн нөлөөлөх бол?

 

 

БНХАУ-ын эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр аж үйлдвэрлэлээ хэт шүтэж, хэт их үйлдвэрлэлийг бий болгосон нь аж үйлдвэрлэлийн илүүдэл бий болж эхэлсэн

 

 

- БНХАУ-ын эдийн засгийн бодлого нь маш тодорхой. Тэд эдийн засгийн өндөр өсөлтийг чухалчлахгүй,  урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгоно гэж зарласан. Нэг үгээр хэдэн жилийн өмнөх шиг эдийн засгийн өндөр өсөлт нь эргээд нийгэм эдийн засагтаа сөрөг нөлөө авчирч болзошгүй юм байна гэдгийг олж хараад эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тухайлбал БНХАУ-ын эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр аж үйлдвэрлэлээ хэт шүтэж, хэт их үйлдвэрлэлийг бий болгосон. Цемент, гангийн үйлдвэрүүд гэх мэт. Гэтэл маш ихээр үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнүүдийнх нь гол худалдан авагч болох Европийн ихэнх улс орнуудад санхүүгийн хүндрэл үүсч эхэлмэгц БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн зах зээл хумигдаж аж үйлдвэрлэлийн илүүдэл бий болж эхэлсэн. Улмаар түүнийгээ дагаад эдийн засгийн, нийгмийн хямрал үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэхэд болно. Тэр ч утгаараа хэт хурдацтай бус тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохыг Хятад улс баримталж байгаа. Энэ нь ч нүүрсний салбарт тодорхой нөлөөллийг үзүүлж эхэлсэн. 

 

 

БНХАУ жилдээ 4 орчим тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэглэдэг байсан бол үүний 3 орчим тэрбум нь байхгүй болно гэсэн үг

 

 

- Тухайлбал БНХАУ эрчим хүчний  нүүрсний хэрэглээгээ танах шийдвэрийг гаргачихсан байгаа. Тэд 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг уран, байгалийн хий, нар салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрдүүлнэ гээд төлөвлөчихсөн.  Ингээд бодохоор БНХАУ жилдээ 4 орчим тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэглэдэг байсан бол үүний 3 орчим тэрбум нь байхгүй болно гэсэн үг. Энэ нь эрчим хүчний нүүрсний компаниудад ихээхэн хүнд тусна. Харин коксжих нүүрсний хувьд энэ байдал тийм ч хүндээр нөлөөлөхгүй. Хятадын эдийн засгийн өсөлт унахгүй тогтвортой байна гэдэг нь кокжих нүүрсний хэрэглээ буурахгүй байсаар байна гэсэн үг. Харин БНХАУ-ын төрийн бодлого нь хуучин үйлдвэрүүдээсээ эдийн засгийн аргаар салж дамдууруулах тал дээр ажиллаж байгаа гэхэд болно. Нүүрсний үнэ зарим тохиолдолд хэт өндөр байгаа нь хэт хуучирсан үйлдвэрүүдийн эдийн засгийн орчныг нь хааж харин шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа шинэ үйлдвэрүүдэд нь шинэ боломж, шинэ зах зээлийг бий болгодог гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлдэг юм билээ. 
Харин манай Монголчуудын хувьд түүхий эдийн дэлхийн эдийн засгийн чиг хандлага ямар байгааг, БНХАУ-ын төрийн бодлого хаашаа явж байгааг сайтар харж түүнд нь тохирсон эдийн засгийн урт болон дунд хугацааны төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага л зүй ёсоор тулгараад байна. 

 


- Ашигт малтмалын, тэр дундаа голлох байр эзлэж байгаа нүүрсний салбарт урт хугацааны төрийн бодлого дутагдаж байгааг олон жил ярилаа. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал байна шүү дээ?

 

 

Бид үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа экспорт хийж чадахгүй байна

 


- Үүнийг дан ганц ЗГ өөрийн эрх үүргийн хүрээнд хийчих тийм ч амар ажил биш шүү дээ. Бид бүгд хамтарч хийх ёстой.  Бид ирэх есдүгээр сард “Coal Mongiolia 2017”  чуулганыг Улаанбаатар хотод долоо дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Гэхдээ энэ жилийн чуулганыг өмнөх жилүүдийнхээс арай өөрөөр хийхээр төлөвлөсөн. Учир нь бид өмнөх зургаан жилийн туршид энэ чуулганыг хөрөнгө оруулагчдыг татах, шинэ техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр түлхүү анхаарч зохион байгуулдаг байсан. Энэ үүрэг маань өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хангалттай сайн биелсэн гэж харж байна. Хангалттай биелсэн нь юугаар хэмжигдэж вэ... Монгол улсын нүүрс үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал нь  жилдээ 50 сая тонн байдаг. Гэтэл экспортлож чадаж байгаа хэмжээ нь хамгийн ихдээ 40 сая тн руу дөхөж очих гэж байна. Энэ жилийн таамаг мэдээллээр шүү дээ. Өнгөрсөн жил бол 25,8 сая тн-д  л хүрсэн. Ингээд бодохоор бид үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа экспорт хийж чадахгүй байна гэдгийг харуулж байна.  Энэ нь манай улсын тээврийн дэд бүтэц, хил гаалийн зохион байгуулалт тааруухан байгааг л харуулж байна. Тэр ч утгаараа “Coal Mongiolia 2017” наадмыг  худалдаагаа дэмжих,  тээвэр ложистикийг сайжруулах чиглэлээр илүү түлхүү анхаарч зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

 


- Нүүрс тээвэрлэх төмөр замын асуудлыг бид олон жил ярьж байна. Магадгүй ахиад ч сөхөгдөх байх. Та ч мөн шинэ Ерөнхийлөгч  Тавантолгойн төмөр замын асуудалд ямар байр суурьтай хандах бол гэдгийг харж ажиглаж л байгаа байлгүй?

 

 

Төмөр зам баригдаагүйгээс сүүлийн 5 жил 10 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бид алдчихсан 

 

 

- Уг нь энэ төмөр зам 2012 онд ашиглалтад орчих боломжтой байсан.  Хэрэв тухайн үед төмөр зам  ашиглалтад орчихсон байсан бол  жилд 20 сая тн нүүрсийг тээвэрлэх боломж бүрдэнэ. Алдсан таван жилээ нөхөөд бодох юм бол 100 сая тн нүүрс. Угааж баяжуулсан нүүрсний үнийг хамгийн багадаа 100 ам.доллар гэж тооцохоор 10 орчим тэрбум ам.долларын борлуулалтын орлогийг бид өнгөрсөн таван жилийн хугацаанд алдчихсан гэсэн үг.

 

 

Гэр хорооллын 250 мянган айл өрхийг нэгийг нь ч үлдээлгүй орон сууцанд оруулчих хэмжээний мөнгө

 

 

- Энэ 10 тэрбум ам.долараар бид  юу хийж болох байсан бэ гээд тооцоолоод үзье.  УБ хотод байгаа 250 мянган гэр хорооллын айл өрхийг дунджаар 80 сая төгрөгийн өртөг бүхий орон сууцанд нэгийг нь ч үлдээлгүй улсаас бүх мөнгийг нь гаргаад оруулчих хэмжээний мөнгө. Цаана нь дахиад ч тэрбум гаруй ам.доллар үлдэнэ. Гэхдээ нэгэнт туулаад өнгөрсөн цаг хугацааг бид харамсаж өнгөрүүлээд хэрэггүй. Харин ирээдүйгээ харах нь чухал байна. Нүүрсний салбар дээр алдсан, унагаасан улстөрийн хэрүүл тэмцлээ одоо зогсоогоод улс төрийн намууд нэгдэж бодлого явуулах хэрэгтэй байна. Угааж баяжуулсан нүүрсээ зөвхөн БНХАУ-ын зах зээл дээр бус Япон,  Солонгосын зах зээл дээр ч үнэд хүргэж зардаг тийм ирээдүй рүү л хамтдаа явмаар байна. 

 


Одоо ч манай эдийн засаг тийм дархлаатай болж чадаагүй байна. Тэгэхээр одоогоор харьцангуй өсөлттэй байгаа нүүрсний салбарт дахиад уналтад орох эрсдэл хэр байна вэ? 

 

 

Энэтхэг болон АСЕМ-ийн орнуудын эдийн засгийн өсөлт коксжих нүүрсний эрэлтийг бууруулахгүй 

 

 

 

- БНХАУ нүүрснийхээ хэрэглээг хумих бодлого баримталж байна. Харин БНЭУ-ын нүүрсний хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна.  Учир нь БНЭУ-ын Ерөнхий сайд олон улсын чуулган дээр мэдэгдэхдээ Энэтхэг улс ойрын жилүүдэд гангын үйлдвэрлэлээрээ БНХАУ-ыг давах зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн.  Тэгэхээр гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрсний хэрэглээ Энэтхэгт улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ч коксжих нүүрсээ Энэтхэгт нийлүүлэх сонирхол нь нэмэгдэх учраас төвийн хэсгийнхээ коксжих нүүрсийг Энэтхэг рүү экспортолж эхлэнэ гэсэн үг.  Улмаар Хятадын хойд хэсгээр байрлах гангийн үйлдвэрүүд болоод бусад аж үйлдвэрүүдэд нь коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх учраас бидэнд зах зээл байна гэсэн үг. Мөн АСЕМ-ийн орнуудын эдийн засгийн өсөлт нэлээд тогтвортой байгаа учраас коксжих нүүрсний хэрэглээ ч багагүй өсөлттэй байх болов уу. Хэдийгээр БНХАУ-д нүүрсний хэрэглээ тийм ч өндөр бус байгаа ч Энэтхэг болон АСЕМ-ийн орнуудын эдийн засгийн өсөлт коксжих нүүрсний эрэлтийг бууруулахгүй гэж хэлж болно. Үүнийгээ дагаад манай улсын коксжих нүүрсний зах зээл ч тогтвортой байх болов уу. 

 

 

Ашигтай өсөлттэй байгаа үедээ бид нүүрсний уурхайнуудаа өрсөлдөх чадвартай болгомоор байна. Төмөр  замаа ч  барьж ашиглалтад оруулмаар байна

 

 


 Гэхдээ таны хэлдэг зөв. Бид одоохондоо үнэхээр арчаагүй байдалтай байна. Нүүрсний үнэ өсөхөөр л баярладаг. Түүнээсээ олсон жаахан ашгаа энд тэнд халамж болгоод тараачихдаг. Өөр ямар ч бүтээн байгуулалт байхгүй, юу ч  хйидэггүй. Тийм л арчаагүй байдалтай байна.  Гэтэл энэ ашигтай өсөлттэй байгаа үедээ бид нүүрсний уурхайнуудаа өрсөлдөх чадвартай болгомоор байна.  Хил гаалийн зохион байгуулалтаа сайжруулж, баяжуулах үйлдвэр,  төмөр  замаа ч  барьж ашиглалтад оруулмаар байна.  Гэтэл ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй байна шүү дээ.  Нүүрсний үнэ нь унахаар эдийн засаг нь дагаад уначихдаг. Иим байдал дан ганц нүүрс ч бус бусад ашигт малтмалын салбаруудад ч байгаа. Ийм байдлаар бид хөгжихгүй. Харин ч эсрэгээрээ мөчлөг сөрсөн бодлогыг бид явуулах ёстой. 

 

 

БНХАУ-ын зарим хилийн боомтуудаар нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг ЗГ-аас нь гаргасан гэх мэдээлэл гарсан?

 

 

Далай ламыг урьснаас геополитикийн хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг

 

 

 

- Өнгөрсөн 2016 оны  парламентийн сонгуулийн дараахан манай улс Далай ламыг нутагтаа урьсан шүү дээ. Би бодохдоо манай шинэ Ерөнхийлөгч урьсан юм болов уу гэж бодсон. Далай ламын айлчлалын дараа хил гааль дээр ямар дарамт ирж байсныг эргээд санах хэрэгтэй.  Далай ламыг Монголд айлчилсны дараа монголын зэс нүүрс гардаг хилийн боомтууд дээр өндөр хэмжээний татвар ногдуулах шийдвэрийг Хятадууд гаргасан. Энэ бол геополитикийн хариу үйлдэл үзүүлж байгаа явдал шүү дээ. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч сонгуулийн өмнө мэдэгдсэн шигээ гадаадын хөрөнгө оруулалтад хатуу хандаж бодлого явуулах юм бол уул уурхайн салбарт ихээхэн эрсдэл учирч мэднэ. Учир нь манай уул уурхайн салбарын дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадууд байдаг. Тэр утгаараа тэр компаниудын эрх ашиг хөндөгдөж эхлэх учраас хил гаалын татвар нэмдэгээс ч илүү том эрсдэл үүсч мэднэ.  Тэр ч утгаараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг арай ч ийм алхам хийхгүй байх гэж найдаж байна. Ер нь гадаад дотоодын олон хөрөнгө оруулагч компаниуд шинэ Ерөнхийлөгчийн ямар бодлого явуулахыг анхааралтай ажиглаж байгаа. 

 


- Өнгөрсөн хугацаанд манайд дотоодын нүүрс олборлогч, экспортлогч компаниуд төрийн болон хувийн гэлтгүй хамтарч ажилласан бол эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй байх байсан талаар ярьдаг. Тодорхой санаачлагууд ч гарч байсан. Гэсэн ч хараахан ажил хэрэг болоогүй. Ер нь боломж нь хэр байв?

 

 

Үүнийг нүүрсний салбар дахь Каннибализм буюу нэг нэгнийгээ барьж идэх үзэгдэл гэж нэрлэдэг  

 

 

 

- Мэдээж манай дотоодын компаниуд, үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад  хамтарч ажиллах шаардлага ус агаар мэт хэрэгтэй байна. Тавантолгойгоос олборлосон нүүрсийг томоор нь харах юм бол төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-гоос  нийтдээ 20 гаруй сая тн нүүрсийг угааж баяжуулалгүйгээр буюу шууд түүхийгээр нь зарчихсан байдаг. Гэтэл энэ нь хажууханд нь угааж баяжуулсан нүүрсээ зарж байгаа “Энержи Ресурс”-ийн нүүрсний үнийг унагаачихаж байгаа хэрэг.  Нэг үгээр төрийн болон хувийн хоёр компани маш тодорхой зах зээл дээр үнээрээ өрсөлдөөд эхлэхээр дундаас нь бид биш худалдан авч байгаа Хятадын компаниуд л хожиж байна. Харин бид төсвөөрөө, экспортын орлогоороо хохироод хэн нь ч хожихгүй байна. Үүнийг нүүрсний салбар дахь  Каннибализм буюу нэг нэгнийгээ барьж идэх үзэгдэл гэж нэрлээд байгаа юм.  Энэ үзэгдэл зөвхөн Тавантолгойн ор дээр ч биш төмрийн хүдрийн ордууд дээр ч ажиглагдаад байгаа.  Тэрч утгаараа бидэнд экспортын нэг бодлого ус агаар шиг хэрэгтэй байна.  Хоорондоо нэгдэж нийлж ажиллах хэрэгтэй байна.  Жишээ нь Тавантолгой дээр ажиллаж байгаа “MMC”-ийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 45-50 хувьтай байна. Цаана нь 50  орчим хувийн хүчин чадлаа ашиглахгүй байна гэсэн үг. Харин үүнийг ЭТТ ашиглаад нүүрсээ угааж баяжуулаад нэмүү өртөг шингээгээд MMC-тэй адилхан үнээр буюу 130-150 ам.доллараар зарж болно шүү дээ. Ингээд нэгдчих юм бол нөгөө түүхий нүүрсийг чинь 30 доллараар зардаг асуудал байхгүй болно. Хятадын талд худалдан авагчид олон байгаа учраас үнэ хаялцуулаад зарах боломж ч байгаа гэж хэлж болно.  

 

 

Хоёр баяжуулах үйлдвэр ойрхон зах зээл дээр өрсөлдөх нөхцөл байдал үүснэ

 

 

- Одоо бол “Эрдэнэс Тавантолгой”  өөрсдөө баяжуулах үйлдвэрээ барих шийдвэр гаргаад ТЭЗҮ-ээ боловсруулаад явж байгаа юм бил ээ. Гэхдээ үүнийг барьж ашиглалтад оруулахад дахиад 700-800 сая ам.доллар хэрэгтэй болно. Гэтэл энэ компани өөрөө нэлээд өртэй явж байгаа компани учраас эрсдэлтэй гэж харж байна. Дээр нь хоёр баяжуулах үйлдвэр ойрхон зах зээл дээр өрсөлдөх нөхцөл байдал үүснэ. MMC-ийн баяжуулах үйлдвэр бол ашиглалтад ороод удчихсан зардлаа нөхөх талруугаа хандчихсан болохоор харьцангуй тогтвортой байж мэднэ. Санхүүгийн хувьд харьцангуй өрсөлдөх чадвартай болчихсон компанитай төр өрсөлдөх тохиолдолд ард нь л хоцрох байх. Тэрний оронд хоорондоо зохицоод ажиллах нь илүү үр дүнтэй болов уу. 

 


- Тавантолгойн нүүрсийг илүү хямд өртгөөр тээвэрлэхийн тулд төмөр замын асуудлыг шийдвэрлэхээс өө арга байхгүй шүү дээ. Гэтэл тавантолгойн төмөр замыг хэрхэн барьж ашиглалтад оруулах талаар ямар ч шинэ мэдээлэл гарахгүй байна. Танд олж сонссон зүйл байна уу?

 

 

Төмөр замынхаа дийлэнх хувьцааг “Шин Хуа”-д өгөх яриа гарсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хамгийн муу хувилбар луугаа л явж байна

 

 

- Надад ч мөн шинээр олж сонссон мэдээлэд алга байна. Гэхдээ нэг зүйлийг маш сайн мэдэж байна. Тавантолгойн төмөр замын төсөл анхлан яригдаж байснаасаа улам бүр дордсоор өнөөг хүрсэн. Анх энэ төмөр замыг 2009 онд “Энержи Ресурс”  ХХК барих тусгай зөвшөөрлөө авч санхүүжилтээ босгоод бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байсан. Гэтэл АН засгийн эрхэнд гармагцаа энэ ажлыг төр хийх ёстой гэж үзээд  МТЗ-д шилжүүлсэн.  “Энержи Ресурс” тухайн үед 695 сая доллараар 285 км төмөр замыг барьж байгуулах төсөвтэй ажиллаж байсан юм билээ. Гэтэл тухайн үеийн зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийхний тооцоолсноор энэ төмөр замын төсөв 1,3 тэрбум ам.доллар болж өссөн. Бүтэн нэг дахин шүү. Эцэстээ энэ төсөл хэрэгжсэн ч юмгүй 280 гаруй сая ам.доллараар шороо овоолоод л дууссаныг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл тухайн үед “Энержи Ресурс” ХХК төмөр замаа бариад ашиглалтад оруулчихсан байсан бол төсөвт ямар ч дарамт ирэхгүйгээр ашгаа хүртээд явж байх байлаа. Энэ мэтээр төмөр замын төсөл улам л муу хувилбар луу шилжээд байгаа. Сүүлд хэвлэлээр гарсан мэдээллээр бол  төмөр замынхаа дийлэнх хувьцааг “Шин Хуа”-д өгөх яриа гарсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хамгийн муу хувилбар луугаа л явж байна гэж харахаас өөр арга байхгүй.